Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 111

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Д.Цогжавхлан

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бод холбогдох эрүүгийн 1814001090068 дугаар хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хэцүү шар овогт Б.Б

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах “Хишиг” зоогийн газрын эзэн Ү.Нээс гаргасан тооцоогоо хийхгүй байна гэх дуудлагын дагуу тус багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Цагдаагийн газрын цагдаа, ахлагч Б.Б, Б.З нар нь дуудлага мэдээллийн дагуу очиж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, иргэн Б.Бын нүүр хэсэгт нь гараараа 3 удаа цохиж, хэл амаар доромжилсон, мөн иргэн Б.Зын энгэрийн камер болон мөрдөсийг урж хэл амаар доромжилсон гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн

... “ Хишиг” зоогийн газарт архи уусан, согтуугаар зоогийн газрын ажилтантай маргалдаж улмаар дуудлагаар ирсэн цагдаагийн 2 албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж нэг албан хаагчийн нүүрэн тус газарт нь цохиж, нэг албан хаагчийн мөрдөсийг нь авч газарт шидсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 /

Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн

... би 19 цагийн үед Цагдаагийн ахлагч Б.Зын хамт Номгон 1 дүгээр багт эргүүлийн үүрэг гүйцэтгэх үед жижүүрийн шуурхай албанаас “Хишиг” зоогийн газарт согтуу хүн бусдыг хэл амаар доромжлоод байна гэх дуудлагаар очоход бармен эмэгтэй Б.Б гэгчийг заагаад “энэ хүн намайг хэл амаар доромжлоод авсан зүйлийнхээ тооцоог хийхгүй байна” гэхээр нь ахлагч Б.З Б.Б гэгчид хандаж та төлбөр тооцоогоо хийгээд амраараа гэж хэлэхэд тооцоогоо хийж чадахгүй, та нарт огт хамаагүй пизда минь” гэж хэлэхээр нь уг хүнийг гаргаад бичиг баримтыг үзэж шалгах гэхэд та нарт шалгуулах шаардлага байхгүй гэж хэл амаар доромжлоод байсан. Тэгээд жижүүрийн шуурхай алба руу авто машин явуулах талаар хэлэхэд удалгүй Б.Отгоннаран ирээд Б.Бын машинд суулгах гэхэд Б.Зын нэг мөрдөсийг хуулаад энгэрийн камерын хамт газар унагаасан, миний нүүр хэсэг баруун талын шанаа руу гараараа 3 удаа цохисон. Миний шанаа хэсэг хавдсан байсан. Би эргүүлээс буугаад гэртээ амрахдаа шанаан дээр хүйтэн жингээр жин тавьж хоноод одоо хавдар нь буусан байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/

Хохирогч Б.Зын мөрдөн байцаалтад өгсөн

... 18 цагт Баянхонгор сумын Номгон 1-р багт оройн эргүүлийн үүргийг Цагдаагийн ахлагч Б.Бын хамт хариуцсан чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанаас “Хишиг” зоогийн газраас дуудлага ирлээ яаралтай оч гэснээр цагдаагийн ахлагч Б.Б, олон нийтийн цагдаагийн ажилтан Б.Номинчулуун нарын хамтаар очиж зоогийн газрын ажилтан С.Нтэй уулзахад манай зоогийн газарт хоёр согтуу хүн намайг хэл амаар доромжилж төлбөр тооцоогоо хийхгүй байна гэснээр тухайн 2 иргэнтэй Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасан стандартын дагуу харьцаж та бүхэн үйлчлүүлсэн төлбөр тооцоогоо хийгээд гэртэй харьж амар гэхэд сүүлд нь нэрийг нь мэдэж авсан Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, би төлбөр тооцоог чинь хийж чадахгүй, та нар муусайн юмнууд намайг төлбөрөө хийхгүй бол яадаг юм гээд байхаар нь тухайн иргэнээс та бичиг баримтаа шалгуулна уу гэхэд та нарт би бичиг баримтаа шалгуулах шаардлага байхгүй, би шалгуулахгүй хэлж байсан. Харин Б.Бтой хамт явсан залуу нь хэдийгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч биеэ хэвийн авч явж би төлбөр тооцоог нь хийчихнэ гэж байсан. Ингээд Б.Б нь тавьсан шаардлага биелүүлэхгүй бичиг баримтаа шалгуулахгүй хэл амаар доромжилж байсан учир жижүүрийн шуурхай албаны машиныг дуудаж, Цагдаагийн газарт авч ирж хаяг тодруулахаар зоогийн газраас дагуулж гарсан. Зоогийн газрын гадаа үүдэнд байхдаа та нар шиг юм гээд миний мөрдөсийг татаж аваад газарт шидсэн, энэ үед бас миний энгэрт байсан камер газарт унасан, жижүүрийн шуурхай албаны машинд суулгахаар оруулахад цагдаагийн ахлагч Б.Бын нүүрэн тус газарт нь 3 удаа цохисон. Тэгээд цагдаагийн газарт ирж саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Уг согтуу иргэнд Б.Б нь цохиулаад дараа нүд нь хавдсан хөхөрсөн харагдсан .... гэх мэдүүлэг /хх-н 26-29/

Гэр Ү.Нийн мөрдөн байцаалтад өгсөн          

...би “Хишиг” зоогийн газрыг ажиллуулдаг. 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад манай зоогийн газраар 2 эрэгтэй хүн орж ирж үйлчлүүлж 0,75 литрийн 1 архи авч суусан. Архи ууж сууж байх үедээ хоорондоо маргалдаад чанга чанга дуугараад байхаар нь та нар үйлчилгээний газар байна та 2 соёлтой үйлчүүлээч гэхэд сүүлд нь нэрийг нь мэдэж авсан Б.Б нь намайг хэл амаар доромжлоод янхан, гичий гээд бөгсөө худалдаж мөнгө олдог байлгүй гэх зэргээр дайраад байхаар нь би цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгч удалгүй 2 цагдаагийн албан хаагч орж ирсэн. Тэр 2 цагдаагийн албан хаагчийг та согтуу байна гэртээ хариад амарчих гэхэд өөдөөс нь та нар шиг юмнууд яадаг юм гэх зэргээр янз бүрээр цагдаагийн албан хаагч нарыг хэл амаар доромжилж байсан. Цагдаагийн 2 албан хаагч уг хүнийг манай зоогийн газраас аваад гарсан. Хамт явсан Түвшинбаяр гэгч залуу үлдээд авсан архиныхаа тооцоог хийгээд гараад явсан … гэх мэдүүлэг / хх-ийн 30-32/

Гэрч Б.Отгоннарангийн мөрдөн байцаалтад өгсөн

... цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны дуудлагын жолоочоор үүрэг гүйцэтгэсэн. Ингээд орой 19 цагийн үед “Хишиг” зоогийн газарт яаралтай дуудлагын машин хэрэгтэй байна гэж Цагдаагийн ахлагч Б.З станцаар хэлж миний бие уг газарт албаны 00-31 БНХ улсын дугаартай машинтай очиход Цагдаагийн ахлагч Б.З, Б.Б, бас олон нийтийн цагдаа Б.Номинчулуун нар нэг иргэний хамтаар “Хишиг” зоогийн газрын үүдэнд байсан. Тухайн иргэн Цагдаагийн ахлагч Б.Зын өөдөөс эсэргүүцэж машинд суухгүй хэл амаар доромжилж, та нарыг бүгдийг чинь ална, та нар амжихгүй гэх зэргээр янз бүрийн зүйл яриад ахлагч Б.Зын мөрдөсийг аваад газарт шидсэн. Цагдаагийн ахлагч Б.Бын нүүрэн тус газар цохисон. Хэдэн удаа цохиж авсныг мэдэхгүй дараа нь ахлагч Б.Б нь цохиулсаны дараа нүд нь хавдсан хөхөрсөн харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/

Гэрч Б.Түвшинбаярын мөрдөн байцаалтад өгсөн

... Б.Бтой хамт “Хишиг” зоогийн газарт орж хоол идэх гэж байхдаа нэг шил архи авч уусан. Тэнд Б.Б нь үйлчлэгчтэй маргалдаж улмаар үйлчлэгч эмэгтэй цагдаад дуудлага өгөөд цагдаагийн 2 албан хаагч орж ирээд Б.Быг аваад гарсан. Б.Б жоохон согтуу байсан над руу агсам тавиад байхад үйлчлэгч эмэгтэй чимээгүй бай гэж хэлэхэд нь үйлчлэгч эмэгтэйг чи муу янхан гэж хэлж маргаан эхэлсэн. Миний хувьд бол сүүлд нь үлдэж тооцоогоо хийгээд амарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 179 дугаар

1.Б.Бын биед баруун доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид еренхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 50-51/

 -Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, хураан авах тогтоол, тэмдэглэл / хх-ийн 19-22/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 77-81/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 85/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 86/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 87/, шүүгдэгч Б.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 69/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах “Хишиг” зоогийн газрын эзэн Ү.Нийн дуудлагын дагуу очсон үүрэг гүйцэтгэж байсан Цагдаагийн газрын цагдаа, ахлагч Б.Б, Б.З нарын тавьсан шаардлагыг эсэргүүцэн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн Б.Бын нүүр хэсэгт нь гараараа 3 удаа цохих, Б.Зын энгэрийн камер болон мөрдөсийг урсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

шүүгдэгч Б.Бын... дуудлагаар ирсэн цагдаагийн 2 албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж нэг албан хаагчийн нүүрэн тус газарт нь цохисон, нэг албан хаагчийн мөрдөсийг нь авч газарт шидсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 /

хохирогч Б.Бын ... миний баруун талын шанаа руу гараараа 3 удаа цохисон, шанаа хэсэг хавдсан байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/

хохирогч Б.Зын ... миний мөрдөсийг татаж аваад газарт шидсэн, энэ үед бас миний энгэрт байсан камер газарт унасан…, цагдаагийн ахлагч Б.Бын нүүрэн тус газарт нь 3 удаа цохисон, нүд нь хавдсан хөхөрсөн харагдсан... гэх мэдүүлэг /хх-н 26-29/

гэрч Ү.Нийн... дуудлага ирсэн 2 цагдаагийн албан хаагчийг янз бүрээр хэлээд хэл амаар доромжилж байсан … гэх мэдүүлэг

гэрч Б.Отгоннарангийн... Б.Зын мөрдөсийг аваад газарт шидсэн, Б.Бын нүүрэн тус газар цохисон. Хэдэн удаа цохиж авсныг мэдэхгүй дараа нь Б.Б нь цохиулсаны дараа нүд нь хавдсан хөхөрсөн харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 179 дугаар....Б.Бын биед баруун доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,…эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 50-51/ болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Бод Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Быг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэж биед нь хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Бод ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулсан болно.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй байх тул шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бод хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Б, Б.З нарт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор бүүний эзэмшлийн “... LG маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч Б.Бод буцаан олгож, уг хэргийн улмаас шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.5 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хэцүү шар овогт Б.Быг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэж биед нь хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Бод хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бод урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Б.Бын эзэмшлийн “... LG маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч Б.Бод буцаан олгосугай

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА