Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 109

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Зд холбогдох эрүүгийн 1814001790077 дугаар хэргийг 2018 оны 04 дүгээр 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Боржигон овогт Т.З

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Т.З нь 2018 оны 03 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 4-50 тоотод иргэн Г.Уын эзэмшлийн хүнд даацын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумлъяторыг хүч хэрэглэхгүй нууцаар хууль бусаар хулгайлж, 300000 төгрөгийн хохирол учруулсан,

 Мөн 2018 оны 03 дугаар сарын 26-27нд шилжих шөнө 4 ширхэг аккумлъяторыг хүч хэрэглэхгүй нууцаар хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлж 900000 төгрөг нийт 1200000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Т.Зын мөрдөн байцаалтад өгсөн

... Г.У ахын хашаанд байх том оврын тээврийн хэрэгслүүдийн 2 ширхэг 100 ампер цагтай жижиг аккумлъяторыг 2018 оны 03 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө хулгайлсан. Энэ айлыг сайн мэднэ учир би Г.У ахын хашаагаар хаяа орж гардаг байсан. 2018 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн шөнө 00 цагийн үед ганцаараа Г.У ахын ээжээс нь найзынхаа утасны дугаарыг асуух гээд гэрт нь очиход гэрийнх нь хаалга нь түгжээтэй дотроо унтаж байхаар нь буцаад гарахдаа Норд маркийн хүнд даацын машины 2 ширхэг 100 ампер цагтай аккумлъятор авсан. Маргааш өглөө нь 2 ширхэг аккумлятороо аваад зах дээр ирээд хөдөөний гэмээр цэнхэр өнгийн портер машинтай / улсын дугаарыг нь мэдэхгүй/ ахтай уулзаж аккумлъятораа нийлүүлээд 60000 төгрөгөөр зарсан. 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр буюу 3 хоногийн дараа ээжийнхээ 93-70 БНХ улсын дугаартай цагаан өнгийн Согollа маркийн машинтай орой 22 цагийн үед таксинд явж байгаад хулгай хийх гэж байгаа талаараа найз П.Данзанд хэлээгүй шууд явж Г.У ахын хашааны гадаа ирж зогсоод би ахындаа ороод гараад ирье гэж машинаасаа бууж хашаанд нь орох гэхэд хашааны хаалга нь түгжээтэй байхаар нь хашаанд нь давж ороод эхлээд 100 ампер цагийн 2 ширхэг жижиг аккумляторыг тээврийн хэрэгслээс нь салгаж аваад хашаа давуулж П.Данзанд өгсөн. П.Данзан нь надаас юун аккумлъятор гэхэд нь би зүгээр машиндаа хийчих гэж хэлээд өгсөн. Тэгээд буцаж Хово маркийн машины 150 ампер цагийн 2 ширхэг том акумляторыг нэг нэгээр нь аваад хашааны хаалгыг нь онгойлгож гаргаж өгөөд тэндээс хөдөлж таксинд аймгийн төвөөр явж хүн олдохгүй байхаар нь П.Данзанг гэрт нь хүргэж өгсөн. Маргааш нь би зах дээр Д.Батнасан гэх залууд 2 ширхэг 150 ампер цагтай том аккумляторыг нь 70000 төгрөгөөр зарсан. П.Батнасан надруу залгаж 2 ширхэг аккумлятороо зарсан уу энд хүн үзье гэж байна гэхээр нь би эхлээд Д.Батнасанд 2 ширхэг аккумлъятор зарахдаа 4 ширхэг аккумлятор байгаа авах уу гэхэд үзэе гээд 2 ширхэг 150 ампер цагтай акукмляторыг авсан байсан. Тэгээд Д.Батнасанг ярихад нь буцаж очиход нэг танихгүй залуу 2 ширхэг 100 ампер цагтай аккумляторыг үзээд нийлүүлээд 90000 төгрөгөөр зарсан…гэх мэдүүлэг / хх-ийн 66-69 /

Хохирогч Г.Уын мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 03 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд 2 ширхэг 100 ампер цагтай аккумлъятор алдагдсан. Тэгтэл 2018 оны 03 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 4 ширхэг аккумлъятор алдагдсан байхаар нь цагдаад мэдэгдсэн. Би аккумлъяторыг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Т.З нь бүрэн хохиролгүй болгосон. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие шүүх хуралд оролцохгүй...гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 13-14 /

Гэрч П.Данзангийн мөрдөн байцаалтад өгсөн

.... 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ байхад 23 цагийн үед Т.З нь таксинд явж байна гэхэд нь би хамт явъя гээд төвөөр таксинд 1 цаг орчим явж байгаад Доржсүрэн гэж найзтайгаа уулзахаар очиж Т.З нь би ахындаа ороод ирэе гээд машинаас бууж хашааны хаалга нь цоожтой байна гэснээ хашааг нь даваад орсон. Би машин дотор нь сууж байсан тэгтэл гарч ирэхгүй нилээн удаж багцаагаар 10 орчим минут болоод байж байхад намайг дуудаж би машинаас буугаад яваад очиход хашаан дээр нэг аккумлъятор гаргаад барьчихсан байхаар нь би яасан гэхэд надад энийг машины ар луу хийгээдэх гэхлээр нь би уг аккумляторыг нь аваад машиных нь ар луу хийсэн. Тэгэхэд дахин нэг аккумлъятор өгч бас машины арын багаажинд нь хийхэд Т.З цаашаа явснаа буцаад гарч ирэхдээ бүр том аккумлъятор нэгийг авч хашааны хаалгаар гаргаж өгөөд цааш явж тэр том аккумлятортой адилхан бас нэг аккумлъятор авч ирээд машиндаа суугаад хөдөлсөн. Би ахынх нь аккумлъятор юм байхдаа маргааш энд тэнд хүргэж өгөх гэж байгаа юм байлгүй гэж ямар учиртай аккумлъятор юм гэж асуугаагүй. Би тухайн үед Т.Зыг хулгай хийж байна гэж бодоогүй...гэх мэдүүлэг / хх-ийн 23-26 /

Гэрч Д.Батнасангийн мөрдөн байцаалтад өгсөн

... Есөн-эрдэн Зах дээр түүхий эдийн ченж хийдэг. 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 10 цагийн үед Т.З нь ганцаараа цагаан өнгийн жижиг суудлын машинтай ирээд 150 ампер цагтай аккумлъятор зарах хэрэг байна гэхээр нь хэдээр зарах уу гэхэд ханшаар нь өгье гээд хуучин аккумлъятор байгаа гэхэд би 150 ампер цагтай аккумляторыг нэг ширхэгийг нь 35000 төгрөгөөр авч байгаа гэхэд 2 ширхэг хуучин 150 ампер цагтай аккумлъятор өгсөн, 2 ширхэг аккумлъятороо машиных нь багаажнаас авахад цаана нь бас 2 ширхэг 100 ампер цагтай аккумлъятор байхаар нь энэ хоёрыг яах гэж байгаа гэхэд наад 2 аккумлъятор чинь сайн аккумлъятор байгаа зарах гэж байгаа чи хүнээс асууж байгаараа гэж байсан. Бид хоёр наймаа хийгээд байж байхад Т. Зын найз гэх П.Данзан ирж байсан. Т.З нь надаас 70000 төгрөг аваад П.Данзангийн хамтаар яваад өгсөн. Ингээд явсных нь дараа би найз Амгаабазартай /88058504/ уулзаж байхад надаас гайгүй аккумлъятор байна уу гэж асуухад нь саяхан нэг залуу 2 ширхэг гайгүй аккумлъятор зарна гэж байсан гээд Т. Зыг дуудаж Амгаабазартай уулзаад аккумлъяторыг машиндаа тавьж үзээд авахаар болж наймаа хийж байсан. Би хэдэн төгрөгөөр зарсан талаар нь мэдэхгүй байна. Т. З биллярьд тоглоё гээд тоглож байтал цагдаагаас хүн ирээд цагдаагийн газарт ирсэн. Тэгэхэд хулгайн аккумлъятор надад зарсныг нь мэдсэн. Т.З нь надад 70000 төгрөг буцаан өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 28-31 /

Гэрч Д..Наранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн

...Энэ машиныг би Г.Ариунболд гэх хүнээс 2018 оны 2 дугаар сард 1200000 төгрөгөөр худалдаж авахаар болж мөнгийг нь хавар ноолуурын үеэр өгөх байсан. Мөнгийг нь өгөөгүй учир гэрчилгээг нь өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй. Машиныг манай хүү Т.З нь хааяа унаж аймгийн төв ордог. Ингэж яваад хэрэгт холбогдсон байна...гэх мэдүүлэг / хх-ийн 45-47/

Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “... эд зүйлсийг 1200000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт / хх-ийн 57-58 /

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/, хураан авах тогтоол, тэмдэглэл / хх-ийн 19-22/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 5-7/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 74-79/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч Т.Зын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 85/, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018.04.13-ны өдрийн 112 тоот тодорхойлолт /хх-ийн 80/, шүүгдэгч Т.Зын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 91/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч,яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Шүүгдэгч Т.З нь 2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 4-50 тоотод иргэн Г.Уын эзэмшлийн хүнд даацын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумлъяторыг хүч хэрэглэхгүй нууцаар хууль бусаар хулгайлж, 300000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 03 дугаар сарын 26-27нд шилжих шөнө 4 ширхэг аккумлъяторыг хүч хэрэглэхгүй нууцаар хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин ашиглан хулгайлж 900000 төгрөгийн нийт 1200000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

шүүгдэгч Т.Зын ... Г.У ахын хашаанд байх том оврын тээврийн хэрэгслүүдийн 2 ширхэг 100 ампер цагтай жижиг аккумлъяторыг хулгайлсан, …3 хоногийн дараа ээжийнхээ 93-70 БНХ улсын дугаартай цагаан өнгийн Согollа маркийн машинтай очоод хашааны хаалга нь түгжээтэй байхаар нь хашаанд нь давж ороод эхлээд 100 ампер цагийн 2 ширхэг жижиг аккумляторыг тээврийн хэрэгслээс нь салгаж авсан, буцаж Хово маркийн машины 150 ампер цагийн 2 ширхэг том акумляторыг нэг нэгээр нь авсан…гэх мэдүүлэг / хх-ийн 66-69 /

хохирогч Г.Уын ... ширхэг 100 ампер цагтай аккумлъятор алдагдсан, .... дараа нь 4 ширхэг аккумлъятор алдагдсан байхаар нь цагдаад мэдэгдсэн Т.З нь бүрэн хохиролгүй болгосон…гэх мэдүүлэг / хх-ийн 13-22 /

гэрч П.Данзангийн.....З нь би ахындаа ороод ирье гээд машинаас бууж хашааны хаалга нь цоожтой даваад орсон, … нэг аккумлъятор гаргаад барьчихсан байхаар нь би аваад машиных нь багаажинд хийсэн, дахин нэг аккумлъятор өгч бас машины арын багаажинд нь хийхэд буцаад гарч ирэхдээ бүр том аккумлъятор нэгийг авч хашааны хаалгаар гаргаж өгөөд адилхан бас нэг аккумлъятор авчирсан....гэх мэдүүлэг / хх-ийн 23-26 /

гэрч Д.Батнасангийн ... 150 ампер цагтай 2 ширхэг аккумляторыг авсан, ...машиных нь багаажнаас авахад цаана нь бас 2 ширхэг 100 ампер цагтай аккумлъятор байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 28-31 /

Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тоонй бус комиссын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “... эд зүйлсийг 1200000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт / хх-ийн 57-58 / зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Т.Зыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нууцаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан , мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Зын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.Зд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Т.Зд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Т.Зын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2-т “.Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй...” гэж заасан ба шүүгдэгч Т.Зын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Зын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Toyota corolla маркийн 93-70 улсын дугаартай тээврийн хэрэгсэл Д.Наранцэцэгийн өмчлөлийнх байх тул 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрх эд зүйлсийг эзэмшигч Д.Наранцэцэгт буцаан олгож, уг хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Хохирогч Г.У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэх зүйлгүй, хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Т.З нь бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Т.Зыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Т.Зыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар шүүгдэгч Т.Зд оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг энгийн зэрэглэлтэй нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Т.З нь хэргийг учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар Д.Наранцэцэгийн эзэмшлийн “... 93-70 БНХ улсын дугаартай Toyota corolla маркийн автомашин...”-ыг битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг эзэмшигч Д.Наранцэцэгт буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Зд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тооцсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Зд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА