Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0857/З |
Дугаар | 221/МА2018/0345 |
Огноо | 2018-06-13 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2018/0345
|
“У б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, өмгөөлөгч Т.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0250 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н давж заалдах гомдлоор, “У б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Нэхэмжлэгч “У б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2013 оны .... дугаар тушаалын “У б” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсчээ.
Хоёр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0250 дугаар шийдвэрээр:
“Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2, 22.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.12, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “У б” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2013 оны ....... дугаар тушаалын “У б” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Тухайлбал анхан шатны шүүхээс дүгнэхдээ “...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2-т тус тус зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдөл гаргахдаа тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлсөн байх шаардлагатай” гэж дүгнэсэн байх бөгөөд хуулийн дээрх заалтаас үзвэл урьд жилүүдэд төлбөр төлсөн баримтуудыг хавсаргахаар зохицуулсан зохицуулалт гэж үзэхээр байхын зэрэгцээ тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг бүртгэлээс хасч шийдвэрлэхдээ төлбөр төлөөгүй гэх үндэслэлийг огт дурдаагүй байгаагаас анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүй болох нь харагдаж байна.
Мөн “...Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т тус тус зааснаар жил бүрийн 1 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө ээлжит жилийн төлбөрийг төлөх үүрэгтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 6-499 дүгээр албан бичгээр “У б” ХХК-д ....... дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй тул цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэж байсан бөгөөд нэхэмжлэгч компани нь хариуцагчаас тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарах хүртэл буюу 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна” гэж дүгнэжээ.
Тэгвэл нэхэмжлэгч компани 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ....... дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар өргөдөл гаргасан үүнээс шалтгаалан сунгагдсан тохиолдолд цаашид тусгай зөвшөөрлөө эзэмшиж, дараа жилийн буюу 4 дэх жилийн төлбөрийг төлөх үүргийг хүлээх ёстой байтал төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсныхаа маргааш нь буюу 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр сунгах боломжгүй гэдэг хариуг гаргаж байгаа нь хуулийн логик дарааллыг алдагдуулж, төлбөрийг төлөх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад тэрхүү үндэслэлээр цуцалсныг зөвтгөж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн Нэхэмжлэгч “У б” ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу ....... дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 cap 10 хоногийн өмнө төрийн захиргааны байгууллагад сунгуулах өргөдлөө гаргасан байгаа болно.
Харин Ашигт малтмал газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөр багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасны дагуу өргөдлийн хуулийн хугацаанд шийдвэрлэж сунгах эсэх асуудлыг шийдвэрлээгүйн улмаас “У б” ХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгагдах эсэх нь тодорхойгүй болж, тусгай зөвшөөрлийн 4 дэх жилдээ эзэмших эрхтэй эсэх нь тодорхойгүй болж, түүнээс улбаалан 4 дэх жилийн төлбөр төлөх үүрэг “У б” ХХК-ийн өмнө хууль зүйн хувьд үүсээгүй байсан.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид анх 2010 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаагаар тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд 2013 онд энэ 3 жилийн хугацаа дууссан, нэхэмжлэгчийн хувьд 3 жилийн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг шийдвэрлээгүй мөртлөө тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг тусгай зөвшөөрлийг сунгуулах асуудлыг шийдвэрлэгдэхээс өмнө төлөх ёстой гэж үзэж, үүнийг төлөөгүй гэх шалтгаанаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байхгүй, илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байгааг анхан шатны шүүх буруу үнэлж дүгнэсэн байна.
Анхан шатны шүүхээс “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6 дахь заалт нь захиргааны байгууллага, албан тушаалтан нь хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид сөрөг нөлөөлөл бүхий акт гаргахдаа хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж, хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан тохиолдолд илт хууль бус болдог...” талаар дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хэдийгээр Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хариуцагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд цуцлах эрхтэй боловч төлбөр төлөх үүрэг үүссэн байгаа тохиолдолд цуцлах эрхээ хэрэгжүүлэхээр зохицуулсан байгааг буруу дүгнэсэн.
Түүнчлэн маргаж байгаа захиргааны актыг гаргах үед үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 163 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд хуулийн дээрх заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 37 дугаар тогтоолоор тайлбарлахдаа захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг 4 дэх жилийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр гаргасан илт хууль бус захиргааны актын шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0250 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 163 дугаар шийдвэрээр “У б” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын .......... тоот тусгай зөвшөөрлийг ээлжит жилийн төлбөрөө хуульд заасан хугацаанд урьдчилан төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдсан харилцаа төдийгүй хариуцагчийн чиг үүрэгт хамаарах асуудал байх тул маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр илт хууль бусад тооцох боломжгүй.
“У б” ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг эхний удаа 3 жилээр сунгуулах хүсэлтийг хариуцагч хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тул 4 дэх жилийн төлбөр төлөх үүрэг үүсээгүй, мөн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтэд сунгагдах жилийн төлбөрийг урьдчилан төлсөн байх шаардлага байхгүй гэж маргах боловч эдгээрийг үгүйсгэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.
Тухайлбал Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хувьд хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг хадгалахын тулд уг хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөх үүрэгтэй, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар энэхүү үүргээ буюу дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлөх ёстой.
Иймд уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлд тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн баримтыг хавсаргах” шаардлагад сунгагдах 3 жилийн эхнийх буюу “У б” ХХК-ийн тухайд хайгуулын тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг 2013 оны 1 дүгээр сарын 27-ны дотор төлсөн байх, цаашлаад ийнхүү төлсөн баримт нэгэн адил хамаарна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д тодорхойлсон захиргааны актыг илт хууль бусад тооцох нэг үндэслэл болох “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт маргаан бүхий захиргааны акт хамаарахгүй, өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцлах зохицуулалт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тодорхой тусгагдсан болно.
Угтаа “У б” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон ч үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар бус, харин хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбон маргаж буй нь Кадастрын хэлтсийн даргын 2013 оны шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэнтэй холбоотой гэж дүгнэхээр байна.
Тухайн үед “…тусгай төлбөрийн ээлжит жилийн төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцлагдсан гэдгийг мэдээгүй, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарах талбайд орж, түдгэлзсэн гэж ойлгож байсан…” гэдэг ч энэ тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл нь бүхэлдээ, эсхүл хэсэгчлэн давхацсанаас хамааран нөхөн олговор авах, магадгүй давхцаагүй талбайг үргэлжлүүлэн эзэмших зэргээр хуулиар олгогдсон эрхээ огт хэрэгжүүлээгүй, мөн нэхэмжлэлийн үндэслэлээс үзэхэд тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлт гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасны дагуу хавсаргах ёстой байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Өвөрхангай аймгийн Баруунбаян сумын Засаг даргаар батлуулж чадаагүйгээс баримт бичгийн бүрдэл дутуу байсан болохоо хүлээн зөвшөөрчээ.
Нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдөл нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй, мөн хариуцагчийн зүгээс бүрдэл дутуу өргөдөлд ямар нэгэн хариу өгөөгүйгээс зөвшөөрлийг сунгасан эсэх нь тодорхойгүй, эсхүл цаашид үйл ажиллагаа явуулах боломж эрх зүйн хувьд боломжгүй болсон тохиолдолд нөхөн олговрын асуудлаар хариуцагчтай ямар ч эрх зүйн харилцаа үүсгээгүй атлаа тусгай зөвшөөрөл цуцлагдсанаас хойш бараг 5 жил орчмын дараа хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой нэхэмжлэл гаргасан, ийнхүү гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах хугацаа хамаарахгүй шийдвэрийн төрөл болох илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан байна гэж үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсанаар одоогийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн шийдвэрийн талаар хариуцагчаас 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 6-2458 дугаар мэдэгдэл хүргүүлсэн болохыг үгүйсгээгүй, гэтэл уг мэдэгдэлд нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг 2013 оны 163 дугаар шийдвэрээр цуцалсан тул хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийн бүртгэлээс хасч шийдвэрлэсэн талаар тодорхой тусгажээ.
Дээрхээс дүгнэхэд маргаан бүхий актыг төдийгүй хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах тухайн өргөдлийг өргөдлийн бүртгэлээс хассан талаар тухайн үед нэхэмжлэгч мэдсэн, гэвч нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр “У б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн 2017 оны 5661 дүгээр захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 693 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүхийн тогтоол нь шийдвэрлэсэн асуудлаараа эцсийн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
Харин шүүхийн шийдвэрт Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгт хамаарал бүхий 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг мөн адил баримтлах шаардлагатай байх тул хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0250 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “…Ашигт малтмалын тухай хуулийн…” гэсний дараа “…31 дүгээр зүйлийн 31.1…” гэж нэмсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН