Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2019/0878/З |
Дугаар | 131 |
Огноо | 2020-04-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 131
“А к э к” ХХК-ийн гомдолтой,
Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын
хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын
байцаагч А.З-д холбогдох
зөрчлийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Гомдлын шаардлага: Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0066561 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0040 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Ч.У,
Хариуцагч А.З,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0040 дүгээр шийдвэрээр: Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 10 дугаар зүйлийн 10.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.4, 12.7.1, 12.8, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0066561 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай “А к э к” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 135 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Удаанжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.Золзаяа нь өргөдөлд дурдаагүй үндэслэлээр хяналт шалгалт хийсэн, өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээс өөр чиг үүрэг буюу Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг хэрэгжүүлэн удирдамжгүйгээр хяналт шалгалтыг хийсэн.
4. Энэ асуудлыг анхан шатны шүүхээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар авах, эсхүл гэрчийн мэдүүлэг авах замаар тодруулах боломжтой байсан.
5. Түүнчлэн маргаан бүхий акт буюу улсын байцаагчийн дүгнэлт нь хэлбэрийн болон утга агуулгын шаардлагыг хангаагүй байсан бөгөөд энэ талаар шинжээч томилж, тодруулга авах ёстой байсан. Мөн тухайн үед Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаас тус хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч С.Д-ыг Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.Золзаяагийн хамтаар хяналт шалгалт хийх үүрэг чиглэлийг өгсөн байдаг боловч бодит байдал дээр хяналт шалгалт хийх эрхгүй улсын байцаагч ганцаараа хийсэн. Энэ талаар анхан шатны шүүхээс Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч С.Д-ыг гэрчээр асууж, гэрчийн мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай байсан.
6. Хариуцагч нь “А к э к” ХХК-д “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хуурамч шошго бүхий хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татаж аваагүй” гэсэн үндэслэлээр шийтгэл ногдуулсан боловч хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн эсэх талаарх лавлагааг Халдварт өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас авалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
7. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/94, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/228 тоот албан бичгүүдээр “Е.Соli-ийн зөвшөөрөгдөх хэмжээ ямар хэмжээтэй байдаг талаар, түүнээс хэтэрвэл хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө учрах талаарх тайлбар, нотлох баримт”-ыг шаардсан байдаг боловч тухайн тайлбар, баримтуудыг авалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.
8. Түүнчлэн “А к э к” ХХК нь анх 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тухайн гомдлыг тус шүүхийн шүүгч Ц.Мөнхзул хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/Ш32019/4351 дугаар захирамжаар Гомдлын бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШЗ2019/4701 дүгээр захирамжаар гомдлын бүрдүүлбэр хангаагүй гэсэн үндэслэлээр гомдлыг буцааж шийдвэрлэсэн байдаг. Гомдол гаргагч нь гомдлын бүрдүүлбэрийг хангаж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дахин гомдол гаргахад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна хүлээн авч, зөрчлийн хэрэг үүсгэн шийдвэрлэсэн байдаг. Дээрх үйлдэл нь Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар тогтоолоор баталсан Захиргааны хэргийн хөдөлгөөний стандартын 3.4 дүгээр зүйлийн 3.4.2-т “Бүрдүүлбэр хангаад ирсэн нэхэмжлэлийг ажилтан хүлээн авч, Бүртгэл №1-д тэмдэглэн, энэ аргачлалын 3.1.3-т заасны дагуу баталгаажуулж, нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангуулсан шүүгчид 1 хоногийн дотор шилжүүлнэ” гэж заасныг зөрчсөн. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулаагүй тул хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.
9. Анхан болон давж заалдах шатны шүүхээс зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай болон гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлага хууль зүйн үндэслэлтэй тухайд: Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.Золзаяа нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хяналт шалгалтыг хийж 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02-02-394/129 тоот актаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хуурамч шошго бүхий хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татаж аваагүй зөрчил гаргасан гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй.
10. Хариуцагч нь хяналт шалгалт хийх явцдаа манай байгууллагын мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехэд үйлдвэрлэсэн 3 нэрийн бүтээгдэхүүнээс дээж авч ХАБҮЛ лабораторид шинжлүүлэн тус лабораторийн АЭ19-2033 дугаартай сорилтын дүнг үндэслэн “Баярлалаа’' нэрийн буузанд Е.соli 9x102 буюу зөвшөөрөх хэмжээнээс их байгаа нь “Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага М1М8 5023:2001 стандартын шаардлага хангахгүй байна гэж үзсэн.
11. Гэтэл Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.Золзаяагийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02-02-394/129 тоот дүгнэлтэд дурдсан Е.соli нянг “Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага МЫ8 5023:2001 стандартын 8.2 “Бүтээгдэхүүний аюулгүй байдлын шаардлага” хэсгийн 8.2.3 дахь хэсэгт Мал, амьтны мах түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь эрүүл ахуйн аюулгүй байдлын хувьд 1 дүгээр хүснэгтэд заасан шаардлагыг хангасан байвал зохино. 1 дүгээр хүснэгтийн 5 дахь хэсэгт Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетийн аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээг МNS6308:2012 стандарттай харьцуулахаар, “Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетийн аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ МNS6308:2012” стандартын 2-р хүснэгт-Эрүүл ахуйн шалгуур үзүүлэлт-ийн 17-д Механик аргаар бэлтгэсэн маханд Е.Соli-ийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 5*102 байх. Шаардлага хангаагүй тохиолдолд авах арга хэмжээнд “үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг болон түүхий эдийн сонголтыг сайжруулах” гэж тус тус заасан.
12. Эрүүл ахуйн шалгуур гэдгийг МNS6308:2012 стандартын 3.4 дэх хэсэгт заасан Үйлдвэрлэлийн үйл явцын хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлыг тодорхойлох шалгуур нь зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүнд хамаарахгүй. Харин бохирдлын дээд хэмжээг заах ба энэхүү дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд эрүүл ахуйг хангахын тулд залруулах ажиллагаа шаардлагатайг заадаг. Тодруулбал, дулааны боловсруулалт хийгээгүй мах махан бүтээгдэхүүнд эрүүл ахуйн шалгуур үзүүлэлт буюу Е.Соli-г шинжлүүлэх шаардлагагүй бөгөөд олныг хамарсан хордлогот халдварын үед зөвхөн халдвар судлалын заалтаар үйлдвэрлэлийн процессын шат дамжлагын эрүүл ахуйн зохистой дадлыг үнэлэх зорилгоор шинжлүүлдэг бичил биетэн юм.
13. Эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “эрүүл ахуйн нөхцөл, шаардлага” гэж эрүүл ахуйн дүрэм, журам, заавар, стандартад заагдсан хэм хэмжээг хангасан байхыг” гэж заасан. Дулаан боловсруулалт хийгээгүй, түүхий мах махан бүтээгдэхүүнд эрүүл ахуйн шалгуур үзүүлэлт болох Е.Соli зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангаагүй гэж үзвэл үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг болон түүхий эдийн сонголтыг сайжруулах арга хэмжээний зааварчилгаа өгөх ёстой байсан.
14. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн гэжээ. Гэтэл манай бүтээгдэхүүнд бичил биетний аюулгүй байдлын шалгуур үзүүлэлт болох болох Salmonella, эмгэгтөрөгч Е.Соli 0157:Н7, Е.Соli 0111, L.monocytogenes зэрэг бичил биетнүүдийг илрээгүй байх тул хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн гэж үзэх боломжгүй байна.
15. Хүнсний бoтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 17.2.2-т “хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний нэмэлтэд агуулагдах бохирдуулагчийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн тогтоох” гэж заасан. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 384 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар “Хүнсний бүтээгдэхүүний нян судлалын аюулгүйн үзүүлэлт”-ийг баталсан. Уг хавсралтын 1.1.5 дахь хэсэгт заасан бичил биетэн илрээгүй байгаа нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн гэж үзэх боломжгүй.
16. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч А.Золзаяа нь манай байгууллагын үйлдвэрлэсэн 3 нэрийн хөлдөөсөн түүхий буузыг шинжлүүлэхдээ МNS6308:2012 стандартын 1-р хүснэгт-Аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийн 7, 11 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх аюулгүй байдлын шалгуур үзүүлэлт болох Salmonella, эмгэгтөрөгч Е.Соli 0157:Н7, Е.Соli 0111.1, L.monocytogenes зэрэг бичил биетнүүдийг шинжлүүлсэн эсэхийг 02-02-394/129 тоот улсын байцаагчийн дүгнэлтэд дурдаагүй, илрээгүй байхад дүгнэлтийн тодорхойлох хэсэгт “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн” гэж дүгнэсэн нь хууль бус юм.
17. Мөн 02-02-394/48 дугаартай актаар стандартын шаардлага хангаагүй 379,667 төгрөгийн үнэ бүхий “Баярлалаа” нэрийн 43,1 кг буузыг хураан авч устгахаар шийдвэрлэсний дагуу буузыг худалдаанаас татан авч, зөрчлөө арилгасан нөхцөл байдлыг хариуцагч нь дүгнээгүй.
18. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж. нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж зааснаас үзвэл эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагчийн зүгээс “А к э к” ХХК нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй бохирдуулагч агуулсан, хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүнийг дотоод хяналтаараа илрүүлж буцаан татах үүргээ хэрэгжүүлээгүй, дахин савлаж хадгалах хугацааг хуурамчаар шошго тавьж худалдаанд гаргасан гэдгийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлд заасан нотлох баримтаар нотлоогүй, манай бүтээгдэхүүнүүдэд хийсэн шинжилгээний АЭ19-2033 дугаартай сорилтын дүнгээр аюулгүйн үзүүлэлт болох Salmonella, эмгэгтөрөгч Е.Соli 0157:Н7, Е.Соli O111, L.monocytogenes зэрэг бичил биетүүд илрээгүй байгаа нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн буюу Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчил илэрсэн нь тогтоогдоогүй байхад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд тухайн шийтгэлийн хуудсыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль нийцээгүй юм.
19. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
20. Шүүхийн шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хэвээр үлдээлээ.
21. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0066561 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан “А к э к” ХХК-ийг 10,000,000 төгрөгөөр торгосон, тус компаниас шүүхэд анх “... шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, дотоод хяналтын дутагдалд тохирсон хариуцлага оногдуулах, ... улсын байцаагч А.З, NTV телевизийн шуурхай мэдээллийн албаны дарга Б.У нарт Зөрчлийн тухай хуулийн 6.21-т заасан хариуцлага оногдуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тус компанийн талаар залруулга хийх болон албан ёсоор уучлалт гуйх” гэх гомдлын шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар өөрчилж, үндэслэлээ “бүтээгдэхүүний хугацаа дуусаагүй байсан ба хууль зөрчөөгүй, стандартад заасан нянгийн үзүүлэлт нь дахин боловсруулах бүтээгдэхүүнд хамаарахгүй, хууль бус” гэж маргажээ.
22. И.С нарын 5 хүнээс “А к э к” ХХК-ийг “гарал үүсэл тодорхойгүй мах, удаан хадгалсан гахайн өөхөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүний шошго он сар өдрийг сольж тавьдаг” гэх мэтчилэн 10 асуудлыг шалгуулахаар Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэст өргөдөл гаргасны дагуу тус хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 52 дугаар зүйлийн 52.1-д заасан үндэслэлээр 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж, үйлдвэрлэсэн хугацаа нь тодорхойгүй 3 нэр төрлийн 116.9 кг хөлдөөсөн буузыг дахин савлаж, шинээр шошго наасныг илрүүлэн, зөрчлийн хэрэг нээсэн байна.
23. Зөрчлийн материалаас үзвэл, 2019 оны 2 дугаар сарын 26, 27, 29-ний өдрүүдэд үйлдвэрлэгдсэн гэх 3 нэр төрлийн 116.9 кг буузыг 2019 оны 5 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд дахин савлаж уутлахдаа савласан өдрийн буюу 5 дугаар сарын 19, 20-ны өдөр үйлдвэрлэсэн мэтээр хуурамч шошго наасныг тогтоосон, нянгийн шинжилгээгээр “баярлалаа” нэрийн буузанд E.coli 9*102 хэмжээтэй илэрсэн нь “Мах махан бүтээгдэхүүн эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага” MNS 5023:2001 стандартыг хангахгүй гэсэн улсын байцаагчийн дүгнэлт гарсан, 3 нэр төрлийн буузны аль алины гурилын шинэлэг байдал алдагдсан, гадаргуу нь хатсан, язарч гэмтсэн, биет байдал алдагдсан, жигнэхэд мах нь бага зэргийн хуршинга үнэртэй болсон талаар мэдрэхүйн шинжилгээний дүн гарчээ.
24. Мөн, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 3 нэр төрлийн 116.9 кг бууз нь 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр үйлдвэрлэгдсэн буузны үлдэгдэл болох үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
25. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзвэл тэдгээрийг хүнсний сүлжээнээс буцаан авна”, 8.2-т “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дараах тохиолдолд хяналтын байгууллагын шийдвэрээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүнсний сүлжээнээс татан авна: ...” гээд 3 тохиолдлыг хуульчилснаас үзвэл, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүхэнд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцан, хангах үүрэгтэйн хувьд дотоодын хяналтыг хэрэгжүүлж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзсэн бүтээгдэхүүнээ өөрөө буцаан авах, мөн эрх бүхий этгээдийн шийдвэрээр татан авах үүрэгтэй юм.
26. Уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзэх 7 тохиолдлыг нэрлэн заасан, “баярлалаа” нэрийн буузнаас илэрсэн “E.coli” нян /гэдэсний савханцар/-гийн хэмжээ нь 1г (мл)-д 5х102-с ихгүй байх зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн нь тогтоогдсоноос үзвэл, уг бүтээгдэхүүн нь мөн зүйлийн 11.1.1-д “зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан” бүтээгдэхүүн мөн; 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр үйлдвэрлэгдсэн бөгөөд технологийн горимд 90 хоног хадгалах нөхцөлтэй уг бүтээгдэхүүний “хадгалах хугацаа нь” 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэгэнт дууссан байхад “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй” уг бүтээгдэхүүнийг гомдол гаргагч нь худалдаанаас буцаан аваагүйг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4-т “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө ... үзүүлж болзошгүй, ... хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан аваагүй ...” зөрчлийг гаргасан гэж үзнэ.
27. Түүнчлэн, хугацаа дууссан, дуусах дөхсөн гэдгээс үл хамаарч “буузны” үйлдвэрлэсэн хугацааны худлаа мэдээлэл бүхий “шошго” шинээр наасан үйл баримттай гомдол гаргагч маргаагүй, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошго дараах мэдээллийг агуулсан байна: ... 12.4.4.үйлдвэрлэсэн он, сар, өдөр;”, 12.7-д “дараах тохиолдолд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буруу шошголсон гэж үзнэ: 12.7.1.шошго худал мэдээлэл агуулсан;” гэж тус тус зааснаас үзвэл, өмнө нь савлаж, шошголсон байсан 116.9 кг буузыг дахин савлаж, улмаар үйлдвэрлэсэн хугацааг өөр огноолж “шошголж” худалдаанд гаргасан нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дараах үйлдлийг хориглоно: 10.3.1 ... буруу шошголсон, ... бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх” гэснийг зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4-т заасан “...хуурамч, шошго бүхий ... бүтээгдэхүүнийг буцаан аваагүй,...” зөрчилд хамаарна.
28. Иймд, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн гэж дүгнэсэн нь хууль бус, ... дулааны боловсруулалт хийгээгүй мах махан бүтээгдэхүүнд E.coli-г шинжлүүлэх шаардлагагүй, ... компани, дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй, хуурамч шошго тавьж худалдаанд гаргасан гэдгийг нотлоогүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
29. Мөн, “А к э к” ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг шүүгч Ц.Мөнхзул хүлээн авч, улмаар 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4351 дүгээр захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон, шүүгчийн тогтоосон хугацаанд бүрдүүлбэр бүрэн хангаж ирүүлээгүй тул мөн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 4701 дүгээр захирамжаар гомдлын шаардлагыг буцаасан, тус компанийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ахин гаргасан гомдлын шаардлага шүүгч Д.Х-д хувиарлагдсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т заасанд нийцсэн, ахин гаргасан гомдлын шаардлагыг “бүрдүүлбэр хангаж ирүүлсэн”-д тооцож, уг гомдлын шаардлагыг буцаасан шүүгчид дахин хувиарлах үндэслэл болохгүй.
30. Иймд, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэл хувиарлах журмыг зөрчсөн, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн” гэх, мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргаж маргаагүй асуудлаар шүүхэд “... эрхгүй байцаагч ганцаараа шалгалт хийсэн, хамт шалгалт хийх ёстой байсан улсын байцаагч С.Д-ыг гэрчээр асуух зайлшгүй шаардлагатай, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.
31. Эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, “А к э к” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр 16-ны өдрийн 120/ШШ2020/0040 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдол гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ