| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 101/2024/01146/И |
| Дугаар | 191/ШШ2025/08472 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/08472
2025 10 07 191/ШШ2025/08472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ........... тоотод оршин суух, Ч.Г /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............. тоотод оршин суух, Д.Б /РД:00000000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ч.Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.
(Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Д.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:
1.1....Бид эртний найзууд учраас би 2018 онд 30,000,000 төгрөгийг Д.Б-т 1 сарын хугацаатай хүүгүй зээлсэн. Энэ мөнгийг би 2018.06.25-нд 20,000,000 төгрөгийг дансаар нь шилжүүлж, үлдэх 10,000,000 төгрөгийг нь бэлнээр өгсөн бөгөөд Д.Б надад удахгүй өгнө гэж хэлдэг байсан
Зээлийн зориулалтын хувьд Баянзүрх дүүргийн эмнэлэгт орон сууц барих гэж байгаа учраас уг газрын төлбөрийг төлөхөд 30,000,000 төгрөг хэрэгтэй байна түр зээлээч гээд зээлж авсан.
Иймд Д.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
2.Хариуцагч Д.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.Г нь 2015 онд надаас миний 2008 онд үйлдвэрлэгдсэн 73-73 УНЗ улсын дугаартай шар өнгийн Lexus-570 маркийн автомашиныг худалдаж авсан. Ийнхүү тухайн автомашины мөнгийг 2018.06.25-ны өдөр төлж байсан. Тэрнээс биш би Ч.Г-аас мөнгө зээлсэн асуудал байхгүй.
Ч.Г нь автомашины мөнгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга нь дээр Зээл гэж бичсэнийг анзаарсангүй. Тухайн автомашиныг дараа нь би ээжийнх нь нэр дээр шилжүүлж өгсөн бөгөөд Ч.Г одоо ч гэсэн тухайн автомашиныг унаж байгаа.
Мөн Ч.Г 2018.06.25-ны өдөр автомашины мөнгө болох 20,000,000 төгрөгийг л миний эзэмшлийн Хаан банкны 000000000 дугаартай дансанд шилжүүлж байсан. Гэтэл дахин 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн гээд байгаа боловч тийм мөнгө надад шилжиж орж ирээгүй.
Тиймээс надад зээлүүлсэн гэх 30,000,000 төгрөгийг би төлөх ёсгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.01.23-ны өдөр 307,950 төгрөг төлсөн баримт /хх-ийн 2 х/
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 3 х/
-2024.01.19-ний өдрийн 0037 бүртгэлийн дугаартай С.Ц-аад олгосон итгэмжлэл /хх-ийн 4 х/
-Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 5 х/
-Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.10-ны өдрийн 184/ШШ2022/03548 дугаар шийдвэр /хх-ийн 6 х/
-Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023.04.25-ны өдрийн 283-2-3/2201 тоот Албан бичиг /хх-ийн 7 х/ зэрэг баримтуудыг,
4.Хариуцагч нь 2024.02.27-ны өдөр хариу тайлбар /хх-ийн 15 х/
-Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 16 х/
-2024.03.20-ны өдрийн 0139 бүртгэлийн дугаартай Ж.Б-д олгосон итгэмжлэл /хх-ийн 21 х/
-Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 38 х/ зэрэг баримтуудыг ирүүлжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.26-ны өдрийн 101/ШЗ2024/08542 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар Авто тээврийн үндэсний төвөөс 0000 ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 33-34 х/-г авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч Д.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Д.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. 2018.06.25-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээл авч, энэ өдрөө 20,000,000 төгрөгийг Д.Б-ийн Хаан банкны 0000000000 тоот данс руу шилжүүлж, 10,000,000 төгрөгийг нь бэлнээр өгсөн. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа учраас 30,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарласан.
3.Хариуцагч Д.Б нь 2018.06.25-ны өдөр автомашины мөнгө болох 20,000,000 төгрөгийг л Ч.Г миний эзэмшлийн Хаан банкны 00000000 дугаартай дансанд шилжүүлж байсан. Ч.Г нь 2015 онд миний 2008 онд үйлдвэрлэгдсэн 0000 ..... улсын дугаартай шар өнгийн Lexus-570 маркийн автомашиныг худалдаж авсан. Тухайн автомашины мөнгийг 2018.06.25-ны өдөр төлөхдөө гүйлгээний утга нь дээр Зээл гэж бичсэнийг анзаарсангүй. Гэтэл дахин 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн гээд байгаа боловч тийм мөнгө надад шилжиж орж ирээгүй. Энэ мөнгийг би зээлж аваагүй учраас төлөхгүй гэж маргасан.
4.Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй ч гэсэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан.
Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Д.Б-т 2018.06.25-ны өдөр дансаар нийт 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, Хаан банк дахь нэхэмжлэгчийн 000000000 тоот, хариуцагчийн 0000000000 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-уудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Ч.Г нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч Д.Б-ийн Хаан банкны 000000000 тоот дансанд 2018.06.25-ны өдөр 20,000,000 төгрөгийг зээл, Г-с гэх утгаар шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн байх ба зээлдэгч нь мөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.
5.Хариуцагч нь ...Ч.Г 2015 онд миний 0000 ..... улсын дугаартай шар өнгийн Lexus-570 маркийн автомашиныг худалдаж авсан. Тухайн автомашины мөнгийг 2018.06.25-ны өдөр төлөхдөө гүйлгээний утга нь дээр Зээл гэж бичсэнийг анзаарсангүй. 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн гээд байгаа боловч тийм мөнгө надад шилжиж орж ирээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан бөгөөд зээлдэгч нь гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй, нөгөө талаар гэрээний зүйл зээлдэгчид шилжсэн үеэс эхлэн тухайн эд хөрөнгийг эзэмших, захиран зарцуулах эрх зээлдэгчид үүсдэг.
Зээлдэгч, зээлдүүлэгчид мөнгийг шилжүүлснээр өмчлөх эрхийг ч мөн шилжүүлж байх тул өөрийн өмчлөлд авсан эд хөрөнгө, мөнгийг зээлдэгч эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй болдог.
Хариуцагч Д.Б-ийн Хаан банкны 00000000 тоот дансны хуулгаас харахад 20,000,000 шилжиж орсны дараа 18,685,290 төгрөгийн зарлага 2018.06.25-ны өдөр Д.Б 00000000 газрын төлбөр Б ХХК гэсэн утгаар гарсан байна. /хх-ийн 16 х/
Хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвийн Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (иргэн өмнө нь өмчилж байсан)-гаар хариуцагч нь Д.Б нь 2013.01.28-ны өдрөөс 2022.01.04-ний өдрийг хүртэл хугацаанд 0000 ..... улсын дугаартай, Lexus-LX 570 маркийн шар өнгийн тээврийн хэрэгслийг өмчилж байсан байх тул 2015 онд энэхүү тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Ч.Г-т худалдсан, үүнээс 20,000,000 төгрөгийн төлбөрийг 2018.06.25-ны өдөр хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасны дагуу хариуцагч 0000 ..... улсын дугаартай, Lexus-LX 570 маркийн шар өнгийн тээврийн хэрэгслийг худалдсан гэх тайлбар нь тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч Ч.Г нь 30,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг бэлнээр, 10,000,000 төгрөгийг дансаар тус тус өгсөн гэх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагч Д.Б-ээс 20,000,000 төгрөгийг шаардах эрхгүй.
Иймд хариуцагч Д.Б-ээс 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Г-с гэх утгаар шилжүүлсэн 10,000,000 төгрөг, бэлнээр өгсөн гэх 10,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-д өнөөдрийн шүүх хуралдааны товыг 2025.09.16-ны өдөр Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас-аар, мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдааны товыг лавлах үүргээ хэрэгжүүлээгүй, мөн өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.18-ны өдрийн Шүүх хуралдааныг хойшлуулах тухай 101/ШЗ2024/26044 дүгээр захирамжаар хариуцагчийн хүсэлтээр гэрчээр Д.Г-ийг оролцуулахаар шийдвэрлэсэн.
Гэтэл гэрч Д.Г нь хариуцагчийн тодорхойлсон хаягт оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2025.05.12, 2025.09.19-ний өдрүүдийн Д.Г .......... тоотод амьдардаггүй гэх тодорхойлолт, Монгол шуудан ХК-ийн шууданчийн Хаягт газар ийм хүн байхгүй гэх магадлагаа /хх-ийн 81, 133 хуудасны ар тал/-р тогтоогдсон тул түүнийг шүүх хуралдаанд дуудан ирүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хариуцагч нь гэрч Д.Г-ийн оршин суух хаягийг тодруулж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд энэхүү хэргийг шийдвэрлэсэн болно.
8.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан Д.Б-ээс 10,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж болох 174,950 төгрөгийг гаргуулан Ч.Г-т олгож, нэхэмжлэгчээс 2024.01.23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг баримтлан хариуцагч Д.Б-ээс 10,000,000 төгрөг /арван сая/-ийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөг /хорин сая/-ийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 601 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан Д.Б-ээс 174,950 төгрөг /зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/-ийг гаргуулан Ч.Г-т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА