Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 316/шш2025/00895

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 316/ШШ2025/00895

Сэлэнгэ аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

  Нэхэмжлэгч: Э******* Р******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ө******* Б******* холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгч: Э.Р*******,

Хариуцагч: Ө.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Э.Р******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Б*******той цаашдаа амьдрахгүй гэж бодож байна. Яагаад гэвэл бүх юманд ганцаараа байдаг. Хүүхэд өвдсөн ч ганцаараа, өөрөө өвдсөн ч ганцаараа байдаг. Ө.Б*******ын хувьд гэртээ байхаасаа илүү, байхгүй нь их байдаг. Би ажилтай, надад зав байхгүй, мөнгө байхгүй гэж хэлдэг. Би гармаар байна гэхэд Мөнгө байхгүй, зав байхгүй л гэж хэлдэг. Цалин байхгүй өртэй, мөнгө байхгүй л гэж хэлдэг. Би юм авмаар байна цалингаа яачихдаг юм бэ гэхэд Чадахгүй, мөнгө байхгүй гэж хэлдэг. Миний бие өвдөөд, мөнгө хэрэгтэй байна гэхэд өгдөггүй. Дүү нартаа болохоор хэдэн саяар нь гаргаад өгчихдөг. 17 жил ганцаархнаа бүх юманд нь явлаа. Одоо бүр залхаад байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжилнэ гэв.

 

2. Хариуцагч Ө.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүл цуцлах шалтгаан нь гэр бүлээс гадуурх харилцаанаас болсон. Том охиныхоо хажууд дахиж тэр хүнтэйгээ явахгүй гэж надад амласан. Тухайн үед хашаандаа 10x8 харьцаатай байшин барьж байсан. Манай хүн ажилд оръё гэхээр нь 10 гаруй жил ажил хийгээгүй учраас ажилд орохыг хүлээн зөвшөөрсөн. Ажил хийж байхдаа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, хүзүү нь хөхөрчихсөн ирсэн. Яасан бэ, юу болов гэхэд манай хүн амиа хорлоно гэж байсан тул би цагдаад дуудлага өгсөн. Цагдаагаас эхнэрийн талынхныг дуудаж, гэр бүлд нь хүлээлгэж өгөөд явсан. Түүнээс хойш охины маань ч бие өвдөж, эмнэлгээр ч явсан. Тэр үед эхнэр маань Би дахиж тэгэхгүй гэж том охиныхоо хажууд хэлсэн. Би 2-3 удаа уучилсан. Миний өр болохоо байлаа хашаа, байшингаа заръя, өрнөөсөө гаръя гэж ярьсан. Одоо тэгээс нь эхэлье гэхэд манай эхнэр чадахгүй гэж хэлсэн. Нэгэнт ардчилсан нийгэм учраас хэнтэй амьдрах эрх нь нээлттэй учраас шийдвэрийг нь хүндэтгээд салах хүсэлтэй байна. 4 хүүхдээс 2 хүүхэд нь явсан. 2 хүүхэд аавтайгаа үлдэнэ гэж хэлээд байна. Би 4 хүүхдээ салгахыг хүсэхгүй байна. Тийм учраас ээжийгээ дагаад явсан дээр болов уу гэж бодож байна. Би хүүхдийн тэтгэлгээ төлөхийг бодно. Үнэхээр 4 хүүхэд үлдэнэ гэж байвал би цаашаа гэж чадахгүй. Би 2 тусдаа амьдраад 2 жил болж байна. Үр хүүхэдтэй болох гэж хүн гэр бүлтэй болдог. Үр хүүхдээ бодоод миний буруу гээд ирэх юм болов уу гэж хүлээсэн. Хүүхдүүд хүссэн үедээ ээжтэйгээ уулздаг, утсаар ярьдаг. Ирж, очихыг нь би хориглоогүй. Хүн алдаж болно, онож болно. Гол нь гэмээ ухаарах хэрэгтэй. Хүн боломж өгч байхад боломжийг алдахгүй байхыг илүүд үзэх байх гэж хүлээсэн. Одоо гаргасан шийдвэрийг нь хүндэтгэж үзээд, энэ хүний хүсэлтээр гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Р******* нь хариуцагч Ө.Б*******од холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс дараах дүгнэлтийг хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгч Э.Р*******, хариуцагч Ө.Б******* нар нь 2007 онд танилцаж, улмаар 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, тэдний дундаас 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Б.С*******, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.У, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Б.А, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.С нар төрсөн болох нь гэрлэгчдийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ болон зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах хэсгийн 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 231 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т зааснаар дуусгавар болгожээ.

 

Гэрлэгчид гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх талаар тодорхой арга хэмжээ аваагүй, хоорондын зан харилцаа таарамжгүй, цаашдаа хамтран амьдрахгүй гэж тайлбарлаж байгаа нь гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт ... Шүүгч гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргахдаа хүүхдийг цаашид хүмүүжүүлэх талаар гэрлэгчдийн хооронд хэлэлцэн тохирсон зүйл байхгүй бол хүүхдийг эцэг буюу эхийн хэний нь асрамжид үлдээх, ... асуудлыг нэхэмжлэлийг үндэслэн хянан шийдвэрлэнэ...,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дэх хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.

14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. гэж тус тус заажээ.

 

2.1 Хүүхдүүд одоо эх Э.Р******* асрамжид байгаа, хариуцагчаас хүүхдийг эхийн асрамжид үлдээхэд татгалзахгүй гэсэн тул хүүхдийг эцгийн асрамжид үлдээхээр талууд тохиролцсон гэж үзлээ.

 

2.2. Хүүхэд Э.Р******* асрамжид үлдсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 41.1 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2 дугаар зүйлийн 41.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан эцэг Ө.Б*******оос охин Б.С*******, хүү Б.У, охин Б.А, охин Б.С нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хашаа болон машиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй байна.

 

3. Нэхэмжлэлийг шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э******* Р******* /РД:*******/, хариуцагч Ө******* Б******* /РД:*******/ нарын 2008 оны 12 дугаар сарын ний 22-ны өдрийн 0004 дугаартай гэрлэлтийг цуцалсугай.

  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Б.С*******, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.У, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Б.А, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.С нарыг эх Э.Р******* асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41.1 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2 дугаар зүйлийн 41.2.1 дэх заалтад заасныг баримтлан эцэг Ө.Б*******оос охин Б*******ын С******* /РД:******/, хүү Б*******ын У /РД:*********/, охин Б*******ын А /РД:*******/, охин Б*******ын С /РД:********/ нарыг нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хашаа болон машиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАЯРСАЙХАН