Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 39

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.Төрболд Шүүгдэгч У.Ня- Хохирогч А.Мө- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Ня-т холбогдох эрүүгийн 1823000000042 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Ачаа, вагон хүлээлцэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Завхан аймгийн Идэр сум Мануустай баг 3 гудамж 3 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Цэнгэн овогт У-ын Ня- Регистрийн дугаар: /ИЖ********/ У.Ня- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн А.Мө-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч У.Ня- нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн орчим Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” баарны гадна талбайд иргэн А.Мө-г “мөрлөж гарлаа” гэх шалтгааны улмаас зодсон болох нь энэ талаар мэдүүлсэн хохирогч А.Мө-гийн “... 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр найз Лундаагийн хамт “Өргөө” зоогийн газрын хажуугаар явж байхад хажууд хэдэн залуу зогсож байсан. Хажуугаар нь өнгөрөхөд нэг хар малгайтай залуу “юугаа хараад байгаа юм” гэхээр нь “ахын дүү зүгээр байгаарай” гэж хэлсэн. Тэгээд хажуугаар нь гараад цааш явж байсан чинь 2 нөхөр гарч ирээд шууд үг дуугүй цохиод авсан... Тэр хооронд надтай явсан залуу цагдаа дуудсан. Тэр залуу согтуу байсан... ” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Да-ын “... 4 найзын хамт Өргөөд орж сууж байгаад тамхи татах гэж гараад зогсож байсан. Тэгтэл нэг танихгүй залуу Р, Б хоёрын дундуур гараад явснаа эргээд хараад байхаар нь Р тухайн залууг “чи юугаа хараад байгаа юм” гэж хэлтэл тухайн залуу заамдалцаад авахаар нь боль, боль гээд салгах гэтэл хаанаас ч юм Ня- ах гарч ирснээ тухайн залуутай барьцалдаж аваад дээр, доороо ороод хоорондоо зодолдоод Ня- ах доор нь орчихсон байсан чинь наанаас нь Да очоод тухайн танихгүй залууг цохиод авсан. Тэгээд бид нар тэднийг салгатал удалгүй цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Лу-ийн “... Араас хоёр залуу хүрч ирээд манай найзтай нэг нь зодолдоод унасан. Тэгэхээр нь би хажуугаар цагдаагийн эргүүлийн машин явж байхаар нь дуудсан. Тэр хооронд зарим нь ирээд салгаад байсан. Тэгээд цагдаа нар хүрээд ирсэн. Мө- бид хоёр эрүүл байсан... Оройн 18-19 цагийн орчимд болсон...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдож байна. У.Ня-ын үйлдлийн улмаас хохирогч А.Мө-гийн биед хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 201820114 дугаартай “Иргэн А.Мө-гийн биед тархи доргилт, баруун чихний дээр толгойн үстэй хэсэгт шарх, хавдар, баруун хацрын дотор салстад язарсан шарх, баруун бугуйн үений гадна хэсэгт, баруун далны доод хэсэгт, хамрын нурууны баруун дээд хэсэгт, хамрын баруун угалзны хэсэгт, хүзүүний баруун урд хэсэгт зулгаралт, зүүн далны хэсэгт цус хуралт, хамрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн 8-10 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь 2018.05.01-ний өдөр үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. У.Ня-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэллээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч У.Ня- нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогчид 1000000 төгрөг төлсөн хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. У.Ня- нь иргэн А.Мө-гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “ халдашгүй, чөлөөтэй байх эрх”-ийг зөрчиж зодсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч У.Ня-ыг хохирогч А.Мө-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч У.Ня-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой. Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5, 1.6, 1.8, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Цэнгэн овогт У-ын Ня-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ня-ыг 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 455000/дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан У.Ня-т оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 455000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 /нэг /сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч У.Ня-т 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч У.Ня-ын хувьд ногдох эд хөрөнгөнөөс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 8 тоо тамгатай, бор зүсмийн 8 настай гүү, 800.000 /Найман зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 8 тоо тамгатай, хул зүсмийн 8 настай хурдан удмын морь тус бүр 1 тоог битүүмжилсэн поркурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч У.Ня- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧН.ДЭЛГЭРМАА