Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 207/МА2018/00065

 

 

 

Этачмэн ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ж.Туяад холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2018/00242 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Этачмэн ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж.Туяад холбогдох,

169.342.671 төгрөг гаргуулах, эхо суурин аппаратны 2 датчикийг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Этачмэн ХХК-ийн захирал Г.Ганболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Этачмэн ХХК-ийн захирал Г.Ганболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Галцацрах, хариуцагч Ж.Туяа, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Этачмэн ХХК-ийн захирал Г.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие эхнэр Ж.Туяатай 1984 онд гэрлэлтээ батлуулж хамт амьдраад өнөөдрийг хүрсэн. Би Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн РМЗ-д ажиллаж байгаад 2017 онд өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Би ажлынхаа хажуугаар 2005.11.22-ны өдөр ЭТАЧМЭН ХХК-ийг 1 гишүүнтэйгээр байгуулсан юм. Эхнэр маань тус компанид өөрийнхөө нэрийг оруулах хүсэл тавьсныг би хүлээн зөвшөөрч 2010 онд 2 хүний гишүүнтэй компани болсон байдаг. Тэгээд тус компанийн хувьцааг би 50,1%-ийг эхнэр Ж.Туяа 49,9%-ийг эзэмших эрхтэй болсон болно. Гэтэл компанийн үйл ажиллагаанаас олсон ашгаасаа би 50,1%-ийн эзэмшдэгийн хувьд 2010 оноос 2017 он хүртэл нэг ч төгрөгний ашиг хүртэж байгаагүй, 2017.02 дугаар сард эхнэр Ж.Туяа нь компаниасаа тусгаарлаж дур мэдэн гарахдаа манай компаний үйл ажиллагаа явуулдаг ЭХО аппаратны 2 датичик авч яваад өгөхгүй байгаа юм. ЭХО-ны аппарат бусад тоног төхөөрөмжийг би компанийхаа үл хөдлөх хөрөнгийг барьцаалж банкнаас зээл авч тоног төхөөрөмжүүдийг худалдан авч байсан ба эхнэр маань үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүргэсэн юм. Иймд Компанийн дүрмийн 3.11, 5.2.1-д заасныг үндэслэн 2010 оноос 2017 он хүртэл компанийн ашгаас ногдох ашиг болох 169,342,671 төгрөгийг, ЭХО суурин аппаратны 2 датичикийг Ж.Туяагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Туяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би 2002 онд өөрийн мэргэжил болох ЭХО оношлогооны тусгай зөвшөөрлийг Эрүүл мэндийн газраас авч Энхжин эмнэлгийн нэг өрөөг түрээслэн ажпын бус цагаар ажиллаж байгаад төсвийн цалин бага, ажлын ачаалал их, мөн гэр бүлийн гишүүдийн хэрэгцээ шаардлага өссөн, мөн хүүхдүүд оюутан болсон тул ажпаасаа гарч өөрөө бие даан үйл ажиллагаа явуулая гэж шийдээд үүнийгээ гэр бүлийн гишүүн нөхөр Г.Ганболдтой ярилцаад, 2005 оны 11 сарын 22-нд ЭТАЧМЭН ХХК-ныг байгуулж, өрхийн тэргүүн эр нөхрөө компанийн удирдлага захирал болгосон. Г.Ганболд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд түүнд компани байгуулах шаардлага байгаагүй.

2005 онд компанид байсан эхлэлийн хөрөнгө 10.950.000 / төгрөгийн эд хөрөнгө гэсэн боловч 5.000.000 төгрөгийн үнэтэй зөөврийн Эхо аппарат авч иргэдэд үйлчилж байсан. Зарим үед нөхөр Г.Ганболд нь миний оруулсан хөрөнгө гэж, агсам тавьдаг байсан тул би өөрийн нэрээр Голомт банкнаас хөрөнгө оруулалтын зээл болох 30,000,000 /гучин сая/ төгрөг авсан. Энэ мөнгөөрөө Алока 530-3500 маркын эхо суурин аппаратыг авч, Этачмэн компанид хөрөнгө оруулалт хийн, 2 гишүүнтэй компани болж улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Г.Ганболд Эхоны аппаратны зээл аваагүй, би 2010 оны 07 сарын 01-нд өөрийн үйл ажиллагаа, мэргэжлийн лиценц, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эмнэлгийн тоног төхөөрөмж оруулдаг эрхтэй СИ-АЙ-ТИ компаниар зуучлуулан 27.500.000 төгрөгийн урьдчилгаатай /Үүнийг өөрт байсан хуримтлал, найз нөхөд бусад хүмүүсийн тусламжтайгаар бүрдүүлсэн./ дээр нь нэмж Голомт банкнаас хөрөнгө оруулалтын зээл болох 30.000.000 төгрөгийг 2010 оны 07 сарын 01-нээс 2015 оны 07 сарын 01-ны хооронд буюу 5 жилийн хугацаатай авсан. Ийнхүү нийт 57.500.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Дээрх зээлийн хугацаанд Г.Ганболдоос нэг ч төгрөгний зээл төлүүлж байгаагүй. Би эхо оношлогооны үйл ажиллагаанаас орсон орлогоор зээлээ төлж дуусгасан.

Надаас 169.342.671 төгрөгийг нэхэмжилжээ. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Далай ван аудитын дүгнэлтээр Эхо оношлогооны : цэвэр ашиг нь 101.000.000 төгрөг гэж гарсан боловч энэ ашгаас Г.Ганболд хангалттай хүртсэн.

1.2007 оны 07 сар-Челленжэр Машин 10.000.000 сая төгрөг, 2005-2007 оны орлогын хуримтлалаас

2.2011 оны 10 сар- Ланд Крузер-80 машин, 20.000.000 Хүү 9.000.000 сая төгрөг /2011 оны 07 сард Челлэнжир машинаа ажлын газрынхаа хүнд 8.000.000 төгрөгөөр зарж, би хөрөнгө оруулалт нэрээр Голомт банкнаас 20.000.000 төгрөгний зээл авч Ланд Крузер-80 машиныг авч 3.000.000 төгрөгөөр ажлын байрны өргөтгөл хийсэн/

3.2013 оны 02 сар-Ажилласан тосны машин оруулж ирэхэд-6.500.000 сая төгрөг, /ХХБанкинд байсан компаний эхо орлогын хуримтлал үүсгэсэн. Г.Ганболдын нэр дээрх хадгаламжийг барьцаалж авсан боловч би уг зээлийг эхо орлогоосоо төлсөн/

4.2013 оны 05 сар-Вольтз машин-14.000.000 сая төгрөг /Улаанбаатарын дугаартай хүүгийн нэр дээр боловч өдөр тутмын хэрэгцээнд байнга унадаг/

5.2014 оны 03 сар-3 тонны багтаамжтай бензин хөдөлгүүртэй Маяти машин-3.000.000 төгрөг /Хүнээс зээлдэж өгөөд, би дараа нь төлсөн/ Нийт дүн 62.500.000 төгрөг

2010 оноос хойш ажилласан тосны үйл ажиллагааны орлогыг би мэддэггүй, тайланд тусгаддаггүй байсан. Үүнийг саяны аудитын шалгалтаар 59.947.310 төгрөгний ашигтай болохыг мэдлээ. Одоо дээр нь 57,5 сая төгрөгний үнэтэй АЛОКА 53Р-3500 маркын аппаратыг ах дүүстэйгээ нийлж булааж авчихаад байна.

Одоо надад 170,0 /зуун далан/ сая байтугай 6 сая хүрэхгүй тэтгэврийн үлдэгдэлтэй байна. Ажилласан тосны үйл ажиллагаанаас олсон орлого ашгийг надад мэдэгддэггүй бөгөөд харин Ганболдын өөрийнх нь хүсэлтийн дагуу хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр 59.947.310 төгрөгний ашиг олжээ. Тэгвэл компаний гишүүний хувьд үүнээс ч би хувь хүртэх ёстой гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2018/00242 дугаар шийдвэрээр:

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3., 46.10.-д заасныг баримтлан Этачмэн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.004.663 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Этачмэн ХХК-ийн захирал Г.Ганболд давж заалдсан гомдолдоо:

Шүүх шийдвэртээ ЭТАЧМЭН ХХК нь Компаний тухай хууль болон дүрэмд заасныхаа дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж байсан болон ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэж байсан баримт хавтаст хэрэгт байхгүй. Хувьцаа эзэмшигчдийн хурал хийж ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргаж байгаагүй. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д болон дүрэмд зааснаар гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулахаар заасан боловч энэ үүргээ гүйцэтгээгүй байна. Хариуцагч Ж.Туяа нь компанийн эрх мэдлийг хэрэгжүүлж бүх орлого ашгийг дур мэдэн захиран зарцуулж байсан гэдэг талаар нэхэмжлэгч нотлох баримтаар нотлож чадахгүй байна. Суурин эхо аппаратны 2 датчикийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй, ногдол ашиг хуваарилж байсан эсэх нь тодорхойгүй, хариуцагч нь нэхэмжпэгчид нэхэмжлэлийн үнийн дүнг төлөх ёстой болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна гэж тус тус үзэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг няцааж чадахгүй байна гэж үзэж байна.

Хавтаст хэргийн материалд нэхэмжлэгч нь компаний хурал зарлах тухайгаа үйл ажиллагаа явуулдаг ажлын байранд очиж мэдэгдэж үйлчлүүлэгчид амаар болон бичгээр зарлал гарган түр хаасан тухайгаа мэдэгдэн, хариуцагч Ж.Туяад уламжилахад цагдаагийн байгууллагад удаа дараа гомдол гарган баривчлуулж саатуулан торгуулийн арга хэмжээ авахуулж байсан нь хэргийг хэлэлцэх явцад зохигчид мэдүүлдэг. Цагдаагийн байгууллагын зөрчлийн хуудсаар нотлогддог. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Туяа нь энэ тухай ярьдаг.

Хариуцагч Туяа нь Ультра Эхо оношлогооны төвийг анх үүсгэн байгуулсан цагаас өөрийн тусгай мэдлэг мэргэжлийн дагуу үйл ажиллагааг удирдан зохион байгуулж олсон орлогоо өөрийн нэрийн харилцах данс болон дотоод бүртгэлийн кассаар хүлээн авч захиран зарцуулах эрхээ эдэлж байсан. 2010 оноос өмнө захирал Г.Ганболдод орлогоо тайлагнаж байгаад хувь эзэмшигч болох хүсэлт гарган хувьцаа эзэмшигч болсоноос хойш гэр бүлийн харилцаагаа хөндийрүүлж-элдэв ааш гарган үндэслэлгүй хардаж зайгаа барьж байгаад 2017 оны хавар орон гэрээсээ явж одоогийн байдлаар гэр бүлээ цуцлуулж, дундын хөрөнгө хуваалгах талаар шүүхэд маргах болсон. Хариуцагч Туяагийн дээрх байдал эд хөрөнгө, мөнгө, орлогын сонирхол давамгайлж өндөр насны тэтгэвэрт гарсан намайг орох оронгүй, үр хүүхэдгүй болгох зорилго мэт Г.Ганболд надад ойлгогдох болсон. Хэдийгээр Г.Ганболд би ЭТАЧМЭНХХК-ийн гүйцэтгэх захирал гэсэн бүртгэлтэй боловч данс тооцоо тайлан блансийг хянаж, үйл ажиллагаанд оролцох эрх 2010 оноос хойш үгүй болсон компаний цахим гарын үсгийг өөрийн дураар татварын байгууллагаас гаргуулан хариуцагч Туяа нь эзэмшиж байгаад 2017 оноос энэ үйл ажиллагаа, хөрөнгөн дээр өөр компани үүсгэн байгуулж нэхэмжлэгч надад хамааралгүй мэт болгож хуулиас гадуур аашилж байгаад туйлын гомдолтой байна. Иймд Ж.Туяагийн энэ үйлдлийг тогтоож шүүхэд нэхэмжилсэн ногдол ашгийг гаргуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Этачмен ХХКомпаний захиал Г.Ганболд ногдол ашиг 168 төгрөг, суурин эхо аппаратны 2 датчикийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч Туяа суурин эхо аппаратны 2 датчик гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, ногдол ашиг гаргуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Этачмен ХХКомпани эхо оношлогоо, гадаад, дотоод худалдаа зуучлал, программ хангамж, зураг төсөл эрхлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр 2005 онд байгуулагдаж улмаар 2017 он хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа компаний гишүүнийг 2 болгож, хаягдал тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг шинээр нэмж, дүрмийн санг нэмэгдүүлэх зэргээр компаний дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж зохих журмын дагуу бүртгүүлснээр тус компаний нийт хувьцааны 50.1 хувийг нэхэмжлэгч Г.Ганболд, хариуцагч Туяа 49,9 хувийг эзэмшдэг ба 2010 оноос хойш хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, ногдол ашиг хувиарлах эсэх тухай шийдвэрийг гаргаж байгаагүй болох нь тогтоогдсон байна.

Хэдийгээр тус компаний өөрийн дүрэмд заасан үйл ажиллагаа явуулахдаа тус компаний дансаар санхүүгийн гүйлгээ хийж байгаагүй боловч тус компани 2010-2016 он хүртэл хугацаанд 101.207.900 төгрөгийн ашигтай ажилласан талаар Далай ван аудит ХХКомпаний шинжээчийн дүгнэлт гаргасан ба талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч тус компаний захирал Г.Ганболд нь хариуцагч Туяагийн шүүхэд гаргасан ...компаний ашигаас Г.Ганболд хангалттай хүртэж байсан, компаний ашгаар банкны зээл төлж, гэр бүлийн хэрэгцээ болон компаний хэвийн үйл ажиллагаа явуулах, дүрмийн санг нэмэгдүүлэх, өргөтгөхөд зарцуулж байсан.. гэх тайлбар татгазлалыг үгүйсгэж чадаагүй ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Харин тус компаний хөрөнгө болох суурин эхо аппарат нь нэхэмжлэгч Г.Ганболдод байгаа ба эхо аппаратын 2 датчик гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбараар батлагдаж байх тул хариуцагчийн татгалзлалыг хуульд зааснаар шийдвэрлэх боломжтой.

Хариуцагч тус компаний захирал Г.Ганболдын гаргасан ... миний шүүхэд нэхэмжилсэн ногдол ашгийг гаргуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд хянаж улмаар хариуцагчийн татгалзлалыг баталж улмаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2018/00242 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3., 46.10.-д заасныг баримтлан Этачмэн ХХК-ийн 169.342.671 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ж.Туяа эхо суурин аппаратны 2 датчикийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Г.Ганболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.074.863 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

 

Б.ОЮУНЦЭЦЭГ