Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 316/шш2025/00928

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 316/ШШ2025/00928

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д******* Б*******, П******* Б******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П******* У******* холбогдох

 

2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: +

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч П.Б*******ий итгэмжлэгдсэн: Д.Б*******,

Хариуцагч: П.Уянга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч П.Б*******ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би одоо гэр хороололд ганцаараа амьдарч байгаа. Би 2013 онд охиндоо орон сууц өгсөн юм. Би тэр орон сууцандаа амьдрах гэсэн юм. Тэгээд охиндоо хэлтэл энэ жилийн хувьд боломжгүй жилээр нь хүнд түрээслээд түрээсийн мөнгийг нь авчихсан гэж хэлсэн. Хүүхдүүд түлээг минь бэлдэж өгдөг гэхдээ усаа би өөрөө авдаг. Би 70 гарсан хүн хэцүү. Өвлийн 5 сар өвөлжөөд буцаад гэртээ байя гэсэн ч охин тэгж алдаг оног түрээсэлдэг хүн байхгүй гэж хэлсэн. Энэ байр чинь бид нарын бэлэглэсэн байр юм чинь насны эцэст аятайхан гомдоох юм бол буцааж авч болдог гэж тайлбарласан учраас ийм нэхэмжлэл гаргасан гэв.

 

2. Хариуцагч П.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аав амьд байхдаа ээж, аав, дүү 3 надад тухайн байрыг бэлэглэж байсан ээж одоо энэ байраа авах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Ээжийн аргагүй байдлыг хүлээн зөвшөөрч байна өөр тайлбар байхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б*******, П.Б******* нараас хариуцагч П.У******* холбогдуулан 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

 

1. 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бэлэглэлийн гэрээ гэх гэрээг бэлэглэгч талаас Г.Пүрэвсүрэн, Д.Б*******, П.Б******* нар, бэлэг хүлээн авагч талаас П.Уянга нар байгуулж, хуучин хаягаар Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 3-р баг, Усны гудамж 18 тоот, 37,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг П.У******* шилжүүлж, уг гэрээг үндэслэн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллага П.Уянгаар бүртгэсэн, Г.Пүрэвсүрэн нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нас барсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаа, нар барсны бүртгэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

2. Нэхэмжлэгч нараас хариуцагч П.Уянгатай бэлэглэлийн гэрээ байгуулсан, улмаар Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Уянга нь бэлэглэгчийг гомдоосон тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж, хариуцагч П.Уянга нь үүнийг хүлээн зөвшөөрч байгаа боловч хэрэгт тогтоогдсон үйл баримтаар талуудын хооронд бэлэглэлийн гэрээ бус эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээг байгуулагдсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт бэлэглэлийн гэрээг Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж тодорхойлсон бөгөөд уг гэрээний зорилго нь тухайн хөрөнгийг хариу төлбөргүйгээр бүрэн мөсөн шилжүүлэх зорилготой байгуулагдсан байх ёстой байдаг.

 

Гэвч гэрээг байгуулж, тухайн орон сууцыг шилжүүлэх үед Хариуцагч П.У******* өөрийн орон сууцтай болсны дараа тухайн сууцыг буцааж өгөхөөр тохиролцсон болохоо нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх хуралдаан дээр тайлбарлав.

 

Иймд тухайн орон сууцыг хариуцагчид бүр мөсөн шилжүүлэхээр тохиролцоогүй байх тул бэлэглэлийн гэрээний шинжийг хангахгүй байна.

 

Харин талууд ямар нэгэн хариу төлбөргүй, тухайн орон сууцыг хариуцагч П.У******* ашиглуулсан нь Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээ талуудын хооронд байгуулагдсан байна.

 

Иймд Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1.2 дахь заалтад зааснаар тухайн эд хөрөнгө өөрт нь зайлшгүй шаардлагатай болсон байх тул гэрээг цуцлах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэж, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 3-р баг, Усны гудамж 18 тоот, 37,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг П.У өмчлөлийн бүртгэлээс Д.Б*******, П.Б******* нарын өмчлөлд шилжүүлж шийдвэрлэлээ.

 

3. Талууд хооронд бэлэглэлийн гэрээ гэх гэрээ байгуулагдаж, хариуцагч П.У******* улсын бүртгэлийн байгууллага өмчлөгчөөр бүртгэсэн боловч энэхүү бэлэглэлийн гэрээ бодиттой байгуулагдаагүй тул өмчлөх эрх П.У******* шилжсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 341 дүгээр зүйлийн 341.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ү-1317004344 улсын бүртгэлийн дугаартай, шинэ хаягаар Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, ** дугаар баг Ганзам ** дугаар хэсэг гудамж ** дугаар хэсэг, *-** айлын байрны ** тоот, **** м.кв талбайтай /хуучин хаягаар Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум **-р баг, Усны гудамж *** тоот, **** м.кв талбайтай/ орон сууцыг П******* Уянга /РД:********/-ын өмчлөлөөс Д******* Б******* /РД:******/, П******* Б******* /РД:********/ нарын өмчлөлд шилжүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БАЯРСАЙХАН