| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2331000000125 |
| Дугаар | 2025/ДШМ/77 |
| Огноо | 2025-07-01 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/77
Н.Б*******, Б.Ч*******, Л.Б******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,
Прокурор А.Э*******
Шүүгдэгч Н.Б*******
Шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч Г.А*******
Шүүгдэгч Б.Ч*******ын өмгөөлөгч Э.О*******, О.О******* /цахим/
Шүүгдэгч Л.Б*******ын өмгөөлөгч Б.Б******* /цахим/ нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлээр Н.Б*******, Б.Ч*******, Л.Б******* нарт холбогдох эрүүгийн ************* дугаартай, ************************** индекстэй, 4 хавтас хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Ө******* т овогт Н Б*******, Монгол улсын иргэн, ***** оны **** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, **** настай, *****, ***** боловсролтой, ********* мэргэжилтэй, ************* хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот дүүрэг ****** хороо ********* дүгээр хэсэг ******** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай (РД: ********)
2.Ч овогт Бийн Ч*******, Монгол улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, **** настай, *****, ******* боловсролтой,******мэргэжилтэй, *******ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ***** баг **** хэсэг **** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас Нэгдсэн Үндэсний байгууллагын энхийн төлөө тэмдэг, Онц хилчин, Хилчний алдар 1,2,3 дугаар тэмдэг, Монгол залуучуудын холбооны алтан медаль, хэрэг хариуцах чадвартай (РД: *********)
3.М овогт Лын Б*******, Монгол улсын иргэн, ***** оны ***** дугаар сарын ****** өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ***** настай, *****, ****** боловсролтой, ******* мэргэжилтэй, ******** ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн *********** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас Онц хилчин, Хилчний алдар 1,2,3 дугаар тэмдэг, Монгол залуучуудын холбооны алтан медаль, хэрэг хариуцах чадвартай, (РД: *********)
Шүүгдэгч Б.Ч******* нь Хил хамгаалах ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн дугаар ангийн дүгээр салбарын жагсаалын дарга буюу Төрийн тусгай албаны гүйцэтгэх алба тушаалтан /нийтийн албан тушаалтан/-аар ажиллах хугацаандаа Н Бийн Сэлэнгэ аймгийн сум 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн дугаар анги, Хилийн цэргийн дүгээр салбарын хариуцсан Монгол улсын хилийн зурваст байрлах Сарьдаг нэртэй ууланд хууль бусаар, зөвшөөрөлгүй бэлтгэсэн байсан гэх самар очиж авахын тулд Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтрэх ашиг сонирхлын үүднээс хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй Улсын хилийн бүсэд нэвтэрч ажил, үйлдвэрлэл явуулах Улсын хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл аваагүй болохыг мэдсээр байж Н.Бийг Л.Б*******той танилцуулан, зөвшөөрөл олгохыг санаачлан, Л.Б*******той санаатай нэгдэж зөвшөөрөл олгуулсны хариуд Н.Б*******эс 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Төрийн банкны дугаартай дансаар 1,000,000 төгрөгийн хахууль авч, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Л.Б*******ын Хаан банкны дугаарын дансанд 400,000 төгрөгийг шилжүүлж, бүлэглэн хахууль авах гэмт хэргийг зохион байгуулж, хамтран үйлдсэн гүйцэтгэгчээр оролцсон,
Шүүгдэгч Н.Б******* нь Сэлэнгэ аймгийн сум 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн дугаар анги, Хилийн цэргийн дүгээр салбарын хариуцсан Монгол улсын хилийн зурваст байрлах Сарьдаг нэртэй ууланд хууль бусаар, зөвшөөрөлгүй бэлтгэн нуусан гэх самраа очиж авахын тулд Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтрэх ашиг сонирхлын үүднээс өөртөө самар зарж ашиг олох давуу байдал бий болгох зорилгоор Хилийн цэргийн дугаар ангийн дүгээр салбарын Заставын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Б*******, тус салбарын жагсаалын дарга Б.Ч******* нарын хяналт тавих албаны чиг үүрэг, Заставын даргын бүрэн эрхтэй нь холбогдуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Б.Ч*******ын Төрийн банкны дугаартай данс руу 2023 оны 03 дугаар сарын 10-н өдөр 1,000,000 төгрөг шилжүүлэн хахууль өгөх гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Л.Б******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Б.Ч*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Н.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч М ургийн овгийн Лын Б*******, Ч ургийн овгийн Бийн Ч******* нарыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч Ө******* т ургийн овгийн Н Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон,
Шүүгдэгч М ургийн овгийн Лын Б*******, Ч ургийн овгийн Бийн Ч******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял,
-Шүүгдэгч Ө******* т ургийн овгийн Н Б*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б*******, Б.Ч*******, Н.Б******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгч тус бүр хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б*******, Б.Ч******* нарт оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Б*******д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 16 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцон,
Авлигатай тэмцэх газрын дансанд тушаасан 1.000.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсвийн орлогод оруулан,
Шүүгдэгч Л.Б*******, Б.Ч******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурьдан,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалган,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:
...Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 4-р сарын 25-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолтой Н.Б******* нарт холбогдох хэргийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Шийтгэх тогтоолд “...тус хэргийн 181 дүгээр хуудас дутсан талаар зохих шалгалтын ажиллагааг явуулж хавтаст хэрэгт хавсаргасан байна. Харин аль шатанд алга болсон талаар тогтоогдоогүй ба сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн мэдүүлэг дангаар нотлох баримт болохгүй ба бусад баримтуудтай харьцуулан судлах замаар түүний мэдүүлгийг үнэлнэ. Энэ утгаараа яллагдагчийн мэдүүлэг нь чухал ач холбогдол бүхий баримт биш юм. Шүүх Н.Бийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг, шүүгдэгчээр шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийг бусад баримттай харьцуулах замаар хэргийн бодит байдлыг тогтоосон болно” гэжээ.
Шүүхийн энэ дүгнэлтээр бол хүний эрхийг зөрчиж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “...яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 12 цагийн дотор явуулна” гэж заасан байна. Энэ хуульд заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд яллагдагчаар ял сонсгож мэдүүлэг авах боломжгүй гэж ойлгож байна. Хууль тогтоогч яллагдагчид ял сонсгох хугацааг тодорхой заасан байна.
Хэргээс Н.Б*******д ял сонсгосон мэдүүлгээс: 181-р хуудас авлигатай тэмцэх газар, прокурор, шүүхийн аль шатанд алдагдсан талаар шалгаж тогтоож 181-р хуудсыг хэрэгт хавсаргасны дараа энэ хэргийг шийдвэрлэх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Э*******ийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №18 дугаартай эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
...Шийтгэх тогтоолыг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичиж байна.
Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Л.Б*******, Б.Ч*******, Н.Б******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичиж байна.
Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б*******, Б.Ч******* нарт 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Н.Бэт-Эрдэнэд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан болно.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан шүүх... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заажээ. Уг зохицуулалтаар тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л шүүх уг заалтыг хэрэглэж болохоор хуульчлагдсан байна.
Өөрөөр хэлбэл, тухайн этгээд уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа нөхцөлд шүүх дээр дурдсан зүйл, хэсэгт тодорхойлсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж болохоор заасан.
Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаас хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй байгааг ойлгодог.
Шүүгдэгч Л.Б*******, Б.Ч*******, Н.Б******* нар нь хэргийн үйл баримт, гэм буруугийн хэлбэрийн талаар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маргаж, цагаатгах байр суурь илэрхийлж оролцсон байхад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн нь буруу бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдалд хамаарч байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанд улсын яллагч оролцох хүсэлтээ гаргаж байна гэжээ.
Шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч Г.А*******ий шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
...Миний үйлчлүүлэгчийн тухайд бүхий л үе шатуудад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин Туяа өмгөөлөгчийн зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж сүүлд нь санал гаргасан байгаа юм. Өмгөөлөгч Туяагийн санал гаргасныг хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэж прокурорын эсэргүүцэл бичсэн байгаа нь үндэслэлгүй. Гэмт хэрэг үйлдсэн хүн л гэм буруугаа хүлээн зөвшөөрөх нь чухал. Туяа өмгөөлөгчөөс хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү гэж гомдол гаргасан учраас өмгөөлөгчөөсөө татгалзсан байгаа. Харин миний үйлчлүүлэгчийн эмчилгээтэй холбоотой баримтуудыг харгалзаж, түүнд оногдуулсан хорих ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү. Бусад асуудлаар ямар нэгэн маргаан байхгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд даралт ихэсдэг. Энэ байдлыг харгалзан үлдсэн хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Ч*******ын өмгөөлөгч Э.О*******ийн шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон...” гэж заасан. Прокурорын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байсан гэдэг. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн талаар шүүх тогтоодог. Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзана гэж заасан. Б.Ч*******ын хувьд нийт 600,000 төгрөгийн хохирол учруулсан. Уг хохирол, төлбөрийг төлсөн байгаа. Хохирол, хор уршгийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ч хүрэхгүй бага байна гэх зүйлийг ярьдаг. Анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгч Б.Ч*******ын хувьд эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь дөнгөж төрсөн, нярай хүүхэдтэй гэх нөхцөл байдлуудыг харгалзан, мөн прокурорын саналыг үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар буруутгах үндэслэлгүй. Тийм учраас Б.Ч*******ад холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Ч*******ын өмгөөлөгч О.О*******ийн шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
...Э.О******* өмгөөлөгчийн саналтай санал нэг байна. Анхан шатны шүүхийн шатанд мэтгэлцэхдээ хүсэлт гаргасан. Манай үйлчлүүлэгч ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байгаа учраас хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Л.Б*******ын өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно” гэж заасан. Тийм учраас анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Миний үйлчлүүлэгч Л.Б*******ын хувьд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруудаа маргаагүй. Хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлын тухайд миний үйлчлүүлэгчээс 400,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч хохирол төлөх 5 хоногийн завсарлага авч төлж барагдуулсан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан хуулийг шаардлагыг хангасан гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ямар нэгэн гомдол гаргаагүй. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ:
... Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэм буруудаа маргаж, цагаатгах байр суурийг илэрхийлж оролцдог. Прокурорын хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж эсэргүүцэл бичсэнээ дэмжих байр суурьтай оролцож байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Н.Б*******, Б.Ч*******, Л.Б******* нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
3.Шүүгдэгч Л.Б******* нь Хил хамгаалах ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн дугаар ангийн дүгээр салбарын Заставын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу Төрийн тусгай албаны удирдах алба тушаалтан /нийтийн албан тушаалтан/-аар ажиллах хугацаандаа Н Бийн Сэлэнгэ аймгийн сум 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн дугаар анги, Хилийн цэргийн дүгээр салбарын хариуцсан Монгол улсын хилийн зурваст байрлах Сарьдаг нэртэй ууланд хууль бусаар, зөвшөөрөлгүй бэлтгэн нуусан байсан самраа очиж авахын тулд Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтрэх ашиг сонирхлын үүднээс хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй Улсын хилийн бүсэд нэвтэрч ажил, үйлдвэрлэл явуулах Улсын хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл аваагүй болохыг мэдсээр байж Хилийн цэрийн дүгээр салбарыг төлөөлөн Заставын дарга албан тушаалын нэрийн өмнөөс зөвшөөрөл олгосны хариуд Н.Б*******эс 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б.Ч*******аар дамжуулан 1,000,000 төгрөгийн хахууль авч, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б.Ч*******аас өөрийн Хаан банкны дугаарын дансаар 400,000 төгрөг авсан нь бүлэглэн хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч Б.Ч******* нь Хил хамгаалах ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн дугаар ангийн дүгээр салбарын жагсаалын дарга буюу Төрийн тусгай албаны гүйцэтгэх алба тушаалтан /нийтийн албан тушаалтан/-аар ажиллах хугацаандаа Н Бийн Сэлэнгэ аймгийн сум 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн дугаар анги, Хилийн цэргийн дүгээр салбарын хариуцсан Монгол улсын хилийн зурваст байрлах Сарьдаг нэртэй ууланд хууль бусаар, зөвшөөрөлгүй бэлтгэсэн байсан гэх самар очиж авахын тулд Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтрэх ашиг сонирхлын үүднээс хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй Улсын хилийн бүсэд нэвтэрч ажил, үйлдвэрлэл явуулах Улсын хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл аваагүй болохыг мэдсээр байж Н.Бийг Л.Б*******той танилцуулан, зөвшөөрөл олгохыг санаачлан, Л.Б*******той санаатай нэгдэж зөвшөөрөл олгуулсны хариуд Н.Б*******эс 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Төрийн банкны дугаартай дансаар 1,000,000 төгрөгийн хахууль авч, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Л.Б*******ын Хаан банкны дугаарын дансанд 400,000 төгрөгийг шилжүүлж, бүлэглэн хахууль авах гэмт хэргийг зохион байгуулж, хамтран үйлдсэн гүйцэтгэгчээр оролцсон,
Шүүгдэгч Н.Б******* нь Сэлэнгэ аймгийн сум 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн дугаар анги, Хилийн цэргийн дүгээр салбарын хариуцсан Монгол улсын хилийн зурваст байрлах Сарьдаг нэртэй ууланд хууль бусаар, зөвшөөрөлгүй бэлтгэн нуусан гэх самраа очиж авахын тулд Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтрэх ашиг сонирхлын үүднээс өөртөө самар зарж ашиг олох давуу байдал бий болгох зорилгоор Хилийн цэргийн дугаар ангийн дүгээр салбарын Заставын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Б*******, тус салбарын жагсаалын дарга Б.Ч******* нарын хяналт тавих албаны чиг үүрэг, Заставын даргын бүрэн эрхтэй нь холбогдуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Б.Ч*******ын Төрийн банкны дугаартай данс руу 2023 оны 03 дугаар сарын 10-н өдөр 1,000,000 төгрөг шилжүүлэн хахууль өгөх гэх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:
-Гэрч Д.Шын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Заставын дарга Л.Б*******той очиж уулзаад Н.Б******* өөртэй чинь утсаар ярих гээд болохгүй байна гэж байна, бид нар хэзээ ирэх бэ, нөгөө самраа авах гэсэн юм гэхэд Л.Б******* "хүрээд ирээ" гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөртөө буцаад Сэлэнгэ аймагт ирээд Н.Б*******д Л.Б*******ын хэлснийг дамжуулахад маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Н.Бат- Эрдэнэ надаас гадна самар ачиж, сайруулах 6 хүнтэй хамт 2 өдрийн хоол хүнс, шатахуун бэлтгэж аваад сум руу Л.Б******* даргатай застав руу явуулсан. Н.Б******* араас чинь 5 морь аваад очно, ууланд ороод самраа сайруулаад байж бай гэж хэлсэн. Тэгээд би 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр застав дээр очиж Л.Б*******той уулзаж заставынх нь урдуур гарч Сарьдаг уул руу чиглэж явсан. Л.Б******* хэлэхдээ 2 өдрийн дотор самраа аваад уулнаас бууж ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би өөрөөсөө гадна 6 хүний хамт 2 өдрийн хоол хүнстэй Сарьдаг уул руу явсан. Сарьдаг уулан дээр 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр очоод дээшээ машин гарахгүй, алхаад очих боломжгүй хол байсан учир араас авч ирэх морио хүлээж 2 хон. 2 хонохдоо Редум гар утсаар Б*******тэй холбогдож ирэх, морь авч ирж байгааг асууж байсан. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр морь машинтай байгаа хүмүүс ирэхгүй, хоол хүнс дуус ч таараад сарын 25-ны байтал байгууллагын хүмүүст баригдаад уулнаас бууж ирсэн...” гэх /1-р хх-ийн 26-28-р тал, 80-81-р тал/
-Гэрч Л.Бийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Давхисаар байгаад Зэлтэр ороод цааш хилийн 1 дүгээр заставд 2023.03.23-ны 04.00 цагт Ш застав руу орж Л.Б*******той уулзаад цааш Сарьдаг руу яваад хилийн 542 дугаар тэмдэг дээр отоглосон. Маргааш нь морь ирэх байх гэж хүлээгээд 1 хон тэгээд ирэхгүй болохоор нь 2023.3.25-ны орой 21.00 цагийн үед 3 автомашинтай цэргийн ангийнхантай таарч буцаж отог дээрээ ирсэн. 2023.3.26-ны өглөө 06.00 цагт цэргийн, энгийн хүмүүс нийлсэн 11 хүн Бага Сарьдаг дээр очиход бэлдсэн боргоцойг цайруулан авсан байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 31-33-р тал/,
-Гэрч Ц.Өын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дараа нь буюу 2023.03.22-ны өдөр Б******* ах утсаар ярьж ахын дүү ажилд явах уу? гэхэд тэгье гэж эхнэрийн хамт Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймагт ирж, 2023 оны 3 дугаар сарын 22-ны орой 23:00 цагт Ланд-80 маркийн автомашинтай явсан. 2023 оны 3 дугаар сарын 23-ны шөнийн 02.00. 03.00 цаг орчимд хилийн 1-р заставын үүдэнд ирсэн зогсож, Ш ах застав руу орсон. Тэгээд удалгүй хилийн 542 дугаар тэмдгийн чиглэлд Сарьдаг гэх газрын чиглэлд хөдөлсөн. Сарьдаг гэх газар 2023.3.23-ны 09.00 цагийн үед очиж отоглон морин араас ирж байгаа гээд 2 хон. Тэгээд удалгүй та нарт саатуулагдсан. Би зуухгүй очсон тул зуух хайгаад өгсөн байтал 1 бүтэн шуудай, 1 тал шуудай цайруулсан самар байсныг олж авчирсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37-р тал/,
-Гэрч Г.Мын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хилийн 1 дүгээр заставд 2023.3.23-ны үүрээр 04.00 цагийн орчимд очсон. Ш бууж застав орж, заставын дарга, Л.Б*******той уулзаж дуусаад машинд орж ирээд биднийг яв гэж байна гэж хэлээд цааш явсан. 2023 оны 3 дугаар сарын 23-ны 09:00 цагийн үед Сарьдаг гэх газар очиж отоглосон, бид тэнд 2 хон боловч машин уул руу гарахгүй доор та нарын ирсэн газар отоглосон. Морь ирж байгаа гэж Ш хэлж морь ачсан машин маань төөрсөн юм шиг байна гэж бууя гэж шийдэж бууж яваад та хэдтэй таарсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41, 2-р хх-ийн 82-84-р тал/,
-Гэрч М.Эийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид нар Сэлэнгэ аймагт 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр долуулаа цуглаж, Ланд-80 маркийн автомашинтай урьд өмнө самар түүсэн уул руугаа 2023.3.23-ны үүрээр очиж отогоо барьсан. Хоол унд хийж идэх зуух байхгүй байсан болохоор манай нөхөр дээшээ явж, зуух олж ирсэн. Тэгэхдээ 1 шуудай, 1 тал шуудай самар олоод үүрч ирсэн. тэгээд ер бууя гэж шийдээд л бууж байгаад та нарт баригдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45-р тал/,
-Гэрч Т.Эгийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймагт хүрээд ир ажил байна гэхэд за тэгье гээд 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймагт ирж, тэр оройдоо Ланд-80 маркийн автомашинтай нийт 7 хүний хамт, урьд самар түүсэн газар луугаа явсан. Бид нар сүүлд самар түүж чадаагүй. 2023 оны 3 дугаар сарын 23-ны үүрээр очиж отоглосон. Цайгаа чанаж хоол унд хийж идээд зуух байхгүй байсан болохоор манай нөхөр дээшээ явж, зуух олж ирсэн. Тэгэхдээ 1 шуудай, 1 тал шуудай самар олоод үүрч ирсэн. Тэгээд ер бууя гэж шийдээд л бууж байгаад та нарт баригдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-р тал/,
-Гэрч Б.Мгийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Тэгээд 2023.03.25-ны өдөр хоол ундгүй болоод буцаад явж байгаад хилийн цэргийн хувцастай хүмүүстэй тааралдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53-р тал/,
-Гэрч Б.Бийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ингээд тухайн иргэд сумын чиглэлд хөдлөх гэж байх үед заставын жагсаалын дарга а/а Б.Ч*******, заставын дарга х/ч Л.Б*******од хандаж “би энэ хүнийг сайн таних хүмүүс байна. Энэ хүмүүсээр заставын бэлтгэсэн модоо татуулъя” гэсэн бөгөөд заставын дарга зөвшөөрч модоо татуулж эхэлсэн. Нийт 5-6 удаа мод татсан бөгөөд дахиад 4-5 явах дутуу байхад машин нь эвдэрсэн. Мод татаж байх явцад Б******* нь жагсаалын даргад “бид самраа буулгаж чадахгүй байна. Тэр самрыг татаж авмаар байна. танай заставд модыг чинь татаж өгөхөөс гадна принтер авч өгье” гэж санал тавьсан гэсэн ба Ч******* нь заставын дарга х/ч Л.Б*******од дамжуулж хэлж тохиролцсон....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-р тал/,
-Гэрч Л.Эын 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай эхнэр 2 дугаар сарын 26-ны өдөр амаржаад эхнэрээ аваад заставаас явсан. Тэгээд даавууны 10 хоног, орлогч нарын цугларалт, тэмцээн уралдаан гээд 03 дугаар сарын 21 хүртэл заставын байрлалд байгаагүй. Намайг явахаас өмнө застав түлшний модоо ууланд бэлтгэж байсан бөгөөд татаж эхлээгүй байсан. Намайг байх үед 2 дугаар сарын сүүлээр застав дээр ямар нэгэн гадны машин ирээгүй. Би 3 дугаар сарын 20-нд Хашаат БХХаруул дээр модны машинд дайгдаж ирсэн бөгөөд 21-ний өглөө заставын машинаар застав дээр ирсэн. Намайг ирсний дараа заставын даргыг түр орлон гүйцэтгэгч х/ч Л.Б******* орлогч Б******* бид 3 улирлын шалгалт эхлэх гэж байгаатай холбоотойгоор хуралдсан ба тухайн яриагаар ойрын хугацаанд үлдсэн 8 машин модоо татуулах, заставд трактортай болох зэрэг ажлууд байна гэж ярьж байсан ба өөр онцын зүйл яриагүй. Би 22-ны орой 02 цаг хүртэл ажиллаж байгаад амраад өглөө 7 цагт ирсэн ба 23-ны 09:00 цагт жижүүр хүлээлцүүлсэн. Хүлээлцүүлэх үедээ хөдөлгөөн ажиллагаа юу байна гэж асуухад заставын жижүүр байхгүй гэж хариулсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-р тал/,
-Гэрч Р.гийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Зуслангийн газарт байсан айлын 2 амбаарын тэнд нэг эрээн хувцастай ах бидэнд дээр ирж, тэр үед Б******* ах aqua маркийн автомашинтай явж байсан тул эрээн хувцастай ах Б******* ахтай уулзаад явсан. Б******* ах ч гэсэн буугаад явсан. Айлын зуслан дээр морио буулгаад мордоод баруун урагшаа ташаад заставын урд тал руу уулын ам руу явсан. Газараа мэдэхгүй төөрөөд заставын ард талд ууланд нэг хон. Маргааш нь шууд машин руугаа явж, машиндаа морьдоо ачаад 2023 оны 03 дугаар сарын 25-нд та нартай таарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57-р тал/,
-Гэрч Э.Мийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр хүн Б******* ахтай 10-20 минут уулзаад буцсан ба түүний дараагаар Б******* ах бид 3-т явах замыг зааж өгсөн ба заставд харагдаж болохгүй гэж анхааруулж байсан. Бид 3 самар түүнэ гэж бодож явсан бөгөөд ууланд явах замдаа төөрсөн. Хаана яваагаа мэдэхгүй төөрсөн бөгөөд замдаа ууланд 1 хоноод замаа олохгүй болохоороо буцаж машин дээрээ ирсэн. Бид машиндаа морио ачаад буцаж явж байгаад машинтай хүмүүстэй таарч саатуулагдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57-р тал/,
-Гэрч Ц.Цийн 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ээлжийн амралтаа эдлээд 2023 оны 03 дугаар сарын 21-нд ажилд орсон. Жижүүрийн хуваарийн дагуу 21-ний 09 цагаас заставын жижүүрээр томилогдсон бөгөөд тухайн өдөр заставын дарга х/ч Л.Б******* хамт Хандгайтаас байшин буулгахаар явсан. Миний оронд заставын жижүүрээр Бийг түр байлгасан. Ингээд байшин буулгаж байх үед хоёулхнаа байхад х/ч Б******* нь надад хандаж “өнөө шөнө 542 дугаар тэмдгийн чиглэлд машин гарах бөгөөд тэнд үлдээсэн самраа авах зорилготой хүмүүс, тэр машиныг шууд гаргаад явуулчхаарай” гэсэн тэгэхэд нь би тэтгэвэрт гарах хугацаа ойртсон янз бүрийн юманд орооцолдмооргүй байна, чадахгүй” гэж хэлээд шууд татгалзсан. Намайг жижүүрээс буулган Бийг үргэлжлүүлэн үүрэг гүйцэтгүүлсэн. Өөрөөр надад янз бүрийн зүйл яриагүй бөгөөд 23-ны өглөө усанд явж байтал а/б Баас “гол дээгүүр юун машин явсан бэ” гэж асуухад “үүрээр машин явсан мөр байна” гэсэн Би урьд өдөр нь гол дээгүүр мөр үзэхэд ямар нэгэн мөр байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-р тал/,
-Гэрч М.Бийн 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 22-ны 09 цаг 00 минутаас 2023.03.23-ны өдрийн 03 цаг 00 минут хүртэл заставын жижүүрээр үүрэг гүйцэтгэсэн. Уг нь хуваарийн дагуу би жижүүр биш байсан бөгөөд а/а Цогоо Хандгайт чиглэлээс торх буулгах ажилтай байсан тул оронд нь үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд өдрийн цагаар застав дээр ямар нэгэн гадны хөдөлгөөн байгаагүй. 23-ны үүрийн 04-06 цагийн хооронд сумын чиглэлээс нутгийн зүгээс машин заставын байрлалд ирсэн. Машин замын хаалтын орчим зогссон бөгөөд би яваад очиход өөдөөс 1 хүн гарч ирсэн бөгөөд дунд зэргийн биетэй, дунд зэргийн махтай бараан өнгийн хувцастай хүн байсан. тухайн хүн даргаа дууд гээд намайг мэдэж байгаа гэсэн бөгөөд би даргыг заставын буудлаас амарч байхад нь дуудаж уулзуулсан бөгөөд тэр 2 гадаа 10-15 минут орчим уулзсан. Тухайн машин зам чиглэлд явсан бөгөөд аль чиглэл рүү явсныг мэдээгүй. Уг үйлдлийг заставын дарга х/ч Б******* бид 2-оос өөр хүн мэдээгүй бөгөөд жижүүрийн рапортын дэвтэрт болон заставд гаднаас ирсэн дэвтэрт бүртгээгүй. Хөдөлгөөний талаар заставын орлогч нарт танилцуулаагүй, мэдэхгүй байгаа. Тухайн үед даргатай уулзаад явсан болохоор ач холбогдол өгөөгүй бөгөөд жижүүрийн рапортын дэвтэр болон заставын дээр ирсэн хөдөлгөөний бүртгэлд бүртгээгүй орхисон....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-р тал/,
-Гэрч Л.Бн 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...3 дугаар сарын 22-нд орой 17 цагийн үед адуугаа бөөгнүүлээд заставын хажуу талын гармаас услахад тухайн хэсэгт ямар нэгэн автомашины мөр байгаагүй. Маргааш өглөө 09-10 цагийн үед морьдоо хураагаад услахаар гарам дээр очиход мөсөн дээгүүр явсан автомашины шинэ мөр байсан. Би аль чиглэлд явсныг нь тогтоож чадахгүй бөгөөд Тарвагатай хилийн харуулын зүг явсан байх магадлалтай гэж үзсэн. Би заставын байрлалд ирэхэд а/а Цогоо нь гармаар машин чирч явсан байна уу гэж асууж байсан. Би өөр хэн нэгэнд хэлээгүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-р тал/,
-Гэрч Ё.Эн 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ярьж байх үедээ Б******* нь би заставын наад тал хүртэл дагуулж явна. Заставын даргатай ярьсан, тохирсон байгаа тул айлгүй зөрөөд яв. Чамтай хамт яваа 2 залуу цааш нь замаа мэднэ гэж хэлсэн. Тэгээд Бийн жижиг саарал машиныг дагаад сумаас зөрөөд застав хүрэхгүйгээр зуслангийн 2 байшинтай газар хүрсэн. Тэгээд Б******* нь “эндээс цааш энэ 2 залуу газар мэдэх ба 26-аас өмнө самраа амжиж буулгах ёстой. Би тэр үед нь ирж тосож авна” гэж хэлсэн. 23-аас 24-ийг шилжих шөнө 03-04 цагийн хооронд салаад явсан бөгөөд нөгөө 2 залуу зам буруу заагаад төөрсөн. Тэгээд зам алдаж төөрөөд 2 хоногийн дараа явсан мөрөөрөө буцаж яваад замаа олсон бөгөөд очих замаа мэдэхгүй байгаа юм чинь буцахаар шийдсэн. Б******* нь 24-ний өглөө хүртэл хамт байсан ба би 23-нд буцсан гэж андуурч хэлсэн байна. 24-ний өглөө 9 цагийн үед заставын дарга гэх хүн мотоциклтэй ирж Б*******тэй уулзсан. Уулзаад юу ярьсныг мэдэхгүй байна. Түүний дараагаар Б******* буцаж тэдний хэлснээр тухайн газар машинаа орхиж бид морио унаж заставын урд талаар тэдний заасан замаар явсан. Б******* ууланд 1 тонн орчим самар байгаа ба уулнаас жаахан буулгаад өг гэсэн. Бид 2 урьд нь Хүдэрт дээрх байдлаар ажиллаж байсан ба 1 моринд 100 кг орчим ачаа ачдаг ба 1 морь 1 удаа явахад газрын бартаа, замын холоос хамааран 30.000-40.000 төгрөг байдаг. Бид 2 үнэ ханш тохиролцоогүй ба тогтсон ханшаар хөлс өгөх байх гэж бодсон. 24-ний өдөр заставын урдуур гараад явсан ба ууланд гараад төөрсөн. Замдаа 1 хоноод 25-ны өглөө буцаж машинаа олж аваад буцахаар шийдсэн. Б*******тэй буцаж холбоо бариагүй ба буцах талаар хэн нэгэн зааварчилгаа өгөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-р тал/,
-Гэрч Д.Шын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би сая мэдүүлэгт хэлсэн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сарьдаг уулнаас Б гэж залуугийн урд нь бэлдчихсэн байсан гэх самрыг авах зорилгоор хилийн зурваст нэвтэрсэн. Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч байгаа гэж бодоогүй, Хилийн Заставын даргатай нь Н.Б******* уулзаад яваад байсан болохоор зөвшөөрөлтэй явж байгаа гэж бодоод явсан чинь зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэдгээ мэдсэн. 50 гаран шуудай бэлдчихсэн боргоцой байгаа гэж хэлж байсан. Тэр самар нь ойролцоогоор ханшнаасаа шалтгаална гэж байсан. Н.Б******* надад 1,800,000 төгрөгийн цалин өгнө гэж хэлж байсан. Самар нь байгаад ханш нь өндөр байвал 2,000,000 төгрөг өгнө гэж ярьж байсан. Н.Б******* надтай нарийн юм аа яриагүй, хүнтэй уулзах болохоороо машиндаа байж бай гээд байдаг байсан. Сүүлд Тагнуулд баригдсны дараа модыг нь татаж өгөөд, принтер авч өгнө гэсэн тохироотой байсан юм гэж хэлж байсан. Н.Б******* худлаа ярьсан байна. Би тэгж яваагүй, Би тэр Заставын даргынх нь зөвшөөрснөөр Сарьдаг уул руу өөрөөсөө гадна 6 хүнтэй 7-уулаа явсан. Би Булган аймгийн хилийн цэргийн алба хаагч нарт баригдаагүй, худал мэдүүлэг өгсөн байна. Н.Б******* урд нь 2023 оны 01 сард Булган аймгийн Хилийн цэрэгт баригдсан гэж ярьж байсан. Тэрийгээ хольж хутгаж ярьсан байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-99-р тал/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 01- тал/,
-Хилийн бүсэд нэвтэр самар түүж байгаа талаар эрх бүхий албан тушаалтны илтгэх хуудас /1-р хх-ийн 05-06-р тал/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 65-66-р тал/,
-Гэрч Д.Шын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р хх-ийн 67-69-р тал/
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бэлтгэсэн модыг татаж оруулан ирсэн байдал /1-р хх-ийн 78-95-р тал/
-Хилийн цэргийн дүгээр салбар ангийн Гаднаас ирсэн иргэдийн бүртгэлийн дэвтэр "2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б******* нэвтэрсэн талаар бүртгэл", /1-р хх-ийн 88-р тал/,
-Хилийн цэргийн дугаар ангийн захирагчийн 2021 оны 09 дүгээр сарын Б/138 дугаартай тушаалын хавсралтаар “Тусгай томилгоот бүлгийн даргаар Л.Б*******ыг томилсон” тушаал, /хх-ийн 119-124-р тал/
-Л.Б*******ын Хаан банкны тоот дансанд 400,000 төгрөгийн орлого орсон талаар дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 128-137-р тал/,
-Хилийн цэргийн дугаар ангийн захирагчийн 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/101 дугаартай “Б.Ч*******ыг ажилд томилох тухай” тушаал, /хх-ийн 145-149-р тал/,
-Б.Ч*******ын Төрийн банкны дугаартай дансны 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны хуулга /1-р хх-ийн 150-157-р тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Ч*******, Л.Б*******, Н.Б******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
Мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан шүүгдэгч Б.Ч*******, Л.Б*******, Н.Б******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ч*******, Л.Б******* нарт зүйлчилж ирүүлсэн тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээ буюу 02 жилийн хорих ялаас доош татаж тэдэнд 01 жил 01 сарын хорих, шүүгдэгч Н.Б*******д зүйлчилж ирүүлсэн тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээ буюу 01 жилийн ялаас доош татаж 06 сарын хорих ялыг тус тус хөнгөрүүлэн оногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Анхан шатны шүүх хуралдааны шатанд шүүгдэгч нарын зүгээс өөрсдийн гэм буруугийн талаар мараагүй оролцсон ба харин тэдний өмгөөлөгчдийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд цагаатгах байр суурийг баримтлан дүгнэлт гаргаж оролцсоныг шүүгдэгч нар гэм буруугаа хүлээгээгүй гэж үзэхэд учир дутагдалтай бөгөөд өмгөөлөгчдийг үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж чадаагүй, тэдний эрх зүйн байдлыг дордуулан оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсон байна.
4.Шүүгдэгч Н.Б******* түүний өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “.....Н.Бийн эрүүл мэндийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг торгуулийн ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлыг ханган шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Учир нь: Шүүгдэгч Н.Б******* нь ял эдэлж байх хугацаандаа эрүүл мэндийн байдал нь муудаж эмчилгээ хийлгэсэн болох нь холбогдох баримтуудаар нотлогдож байх тул түүний эрүүл мэндийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хор уршиг шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 06 сарын хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 4, 5 дахь заалтуудад өөрчлөлт оруулан шүүгдэгч Н.Б******* болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, прокурорын эсэргүүцлийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтыг:
“Шүүгдэгч М ургийн овгийн Лын Б*******, Ч ургийн овгийн Бийн Ч******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 01 сарын хорих ял,
Шүүгдэгч Ө******* т ургийн овгийн Н Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгж буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай” гэж,
4 дэх заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б*******, Б.Ч******* нарт оногдуулсан 01 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,
5 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5, 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 83 хоногийн нэг хоногийг 15 нэгж буюу 15,000 төгрөгөөр шилжүүлэн тооцож 1,245,000 төгрөгийг түүнд оногдуулсан 4,000,000 төгрөгийн торгох ялаас хасч түүний биечлэн эдлэх торгуулийн ялын хэмжээг 2,755,000 төгрөгөөр тогтоож, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б******* болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ