2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/08474

 

 

 

2025 10 07 191/ШШ2025/08474

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............ тоот хаягт оршин суух, С.И /РД:00000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............. байранд байрлах, М ХК /РД:0000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.И,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.И нь хариуцагч М ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ...Миний бие 1993.12 сараас эхлэн М ХК-ийн ........ дүүргийн даатгалын тасгийн аж ахуйн үйлчилгээний нягтлан бодогчоор ажиллаж, 1998.03.01-ний өдрөөс даатгалын менежер, 2002.04.01-ний өдрөөс тасгийн нягтлан бодогч, 2005.03.10-ны өдрөөс ....... салбарын захирлаар тус тус томилогдон ажиллаж 2024.04.26-ны өдрөөс Салбарын зөвлөх албан тушаалд ажиллаж байсан.

Ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Ажлаас үндэслэлгүй халсан тухайд М ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.01.06-ны өдрийн 04/06-А дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал мөн өдрийн 04/06-А дугаар Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож тушаалыг 2025.01.06-ны өдөр гардаж авсан.

М ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.01.06-ны өдрийн 04/06-А дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалт, тус компанийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 3.17.4.1 дэх заалт ажилтны бичгээр гаргасан өргөдлийг тус тус үндэслэн тушаах нь М ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.01.06-ны өдрийн 04/06-А дугаар Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тухай тушаалын үндэслэх хэсэгт Тус компанийн хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр хэсгийн 4.1 дэх заалт, Даатгалын удирдлагын газрын хөлсөөр ажиллах гэрээний дүгнэлтийг тус тус үндэслэн гэжээ. Миний бие ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг тухайн цаг хугацаанд өгч байгаагүй, ажилдаа үүрэг хариуцлагагүй хандаж байсан удаагүй. 2024.03.22-ны өдөр М ХК-ийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд гүйцэтгэх захирлын 01/271 дүгээр тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ......... захирлын орон тоо хасагдсан шалтгаанаар цуцалсан.

Гэвч 2024.04.25-ны өдөр ажил олгогчийн зүгээс өргөдөл бичиж өг, дараа нь гэрээ байгуулна гэж намайг дарамтлан хуучны өргөдөл бичүүлэн авч, М ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.04.26-ны өдрийн 04/148 дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тус өдөр буюу 2024.04.26-ны өдөр М ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Т-тэй №097-101-2404-302 тоот дугаар гэрээгээр надтай Салбарын зөвлөх албан тушаалд Хөлсөөр ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль нь 2022.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно. гэж заасан байх бөгөөд надтай хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой атал хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй байх тул ажлаас чөлөөлөх тушаал нь үндэслэлгүйгээр ажлаас халсан үзэж байна. Иймд тус хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцох тул ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзнэ.

Миний бие ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлийг Хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болох үед өгөөгүй бөгөөд Тушаал өөрөө эрх зүйн акт болохын хувьд хэлбэрийн болон хууль зүйн шаардлагыг хангасан байхыг шаардана. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хэрэгжсэн талаар М ХК нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй тул Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд 2025.01.20-ны өдөр гомдол гаргаж тус хороо 2025.01.24-ний өдөр хуралдсан болно. Тус хуралдаанд хариуцагч буюу М ХК-иас 3 сарын хугацаанд зөвлөхөөр ажилуулах эвлэрэх санал гаргаж, миний бие 6 сарын хугацаанд ажиллах санал гаргасан боловч хариуцагч тал зөвшөөрөөгүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон.

Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025.02.04-ний өдрийн №30 дугаар тэмдэглэл/шийдвэрээр талууд харилцан тохиролцоогүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож /Салбарын зөвлөх/, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү... гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч С.И нь 2005.06.23-ны өдрөөс эхлэн ....... дүүргийн салбарын захирлаар ажиллаж, улмаар 2024.04.25-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан. Тус өргөдлийн дагуу 2024.04.26-ны өдөр 04/148 дугаартай Ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Гүйцэтгэх захирлын тушаал гарсан байдаг. С.И нь 2024.04.26-ны өдөр М ХК-тай Хөлсөөр ажиллах гэрээ-г байгуулан ......., .......... аймаг дахь Салбарын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн.

Тус ажлын байр нь үндсэн ажлын байр биш бөгөөд компанийн бодлогын хүрээнд Зүүн бүс буюу ......... аймгийн үйл ажиллагааг дэмжихээр бий болгосон түр ажлын байр байсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Хөлсөөр ажиллах гэрээ-ний 2-т заасан ажлыг хийж гүйцэтгүүлэхээр ажилтантай харилцан тохиролцож тус гэрээг байгуулсан.

Ажилтан нь тус гэрээний дагуу ........., .......... аймаг дахь Салбарын зөвлөх-өөр ажиллаж байх хугацаандаа гэрээний 2 дахь хэсэгт заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, идэвх санаачилга гарган ажиллаагүй тул компанийн зүгээс С.И-тэй байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ-г дуусгавар болгосон.

Ингэхдээ ажилтанд 2024.12.23-ны өдрийн 01/1269 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг хүргүүлж, тус гэрээний 4 дүгээр зүйл 4.1 дэх хэсэгт ...2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ... гэж заасны дагуу гэрээний хугацаа дуусаж байгаа болон гэрээг үргэлжлүүлэн сунгах боломжгүй болсон талаарх мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

Гэвч ажилтан нь нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтэй байгаа тул ажлаас гарсан тушаал гаргуулах хүсэлтэй байгаагаа удаа дараа утсаар холбогдон Гүйцэтгэх захирал, хүний нөөц, салбарын захиралд амаар илэрхийлж байсан тул ажилтнаас өргөдлийг нь авч, мөн хуулийн албанаас Хөлсөөр ажиллах гэрээ-г дүгнэн хэлэлцэж Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйл Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэж мөн хуулийн 4 дүгээр зүйлийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг ойлгохоор хуульчилсан тул тус ажилтантай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ-г Хөдөлмөрийн гэрээ-тэй адилтган үзэж ажилтны өөрийн хүсэлтээр бичсэн өргөдлийг үндэслэн 2025.01.06-ны өдөр 04/06-А дугаартай Ажлаас чөлөөлөх тухай гүйцэтгэх захирлын тушаал гарсан бөгөөд тус тушаал нь хууль зөрчөөгүй.

Иймд нэхэмжлэгч С.И-тэй байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ хуульд заасны дагуу дуусгавар болсон, түүнчлэн компанийн орон тооны бүтцэд Салбарын зөвлөх гэсэн ажлын орон тоо огт байхгүй, тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 4 х/,

-2025.02.11-ний өдөр Б.А-д олгосон итгэмжлэл /хх-ийн 5 х/,

-2025.01.06-ны өдрийн 04/06-А дугаартай М ХК-ийн гүйцэтгэх захрилын Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 6 х/,

-2025.01.06-ны өдрийн 04/06-А дугаартай М ХК-ийн гүйцэтгэх захирлын Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тухай тушаал /хх-ийн 7 х/,

-2024.12.23-ны өдрийн 01/1269 дугаартай М ХК-ийн албан бичиг /хх-ийн 8 х/,

-2024.04.26-ны өдрийн 04/148 дугаартай М ХК-ийн гүйцэтгэх захирлын Ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал /хх-ийн 9 х/,

-2024.03.22-ны өдрийн 01/271 дугаартай М ХК-ийн албан бичиг /хх-ийн 10 х/,

-2025.02.04-ний өдрийн 30 дугаартай Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр /хх-ийн 11-13 х/,

-2025.01.08-ны өдрийн 01/10 дугаартай М ХК-ийн албан бичиг /хх-ийн 14 х/,

-2024.04.26-ны өдрийн 04/148 дугаартай М ХК-ийн гүйцэтгэх захирлын Ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал /хх-ийн 15 х/,

-С.И-ийн гаргасан хүсэлт /хх-ийн 16 х/,

-2025.01.29-ний өдрийн 01/100 дугаартай М ХК-ийн албан бичиг /хх-ийн 17 х/,

-2024.04.26-ны өдрийн №097-101-2404-302 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ, түүний хавсралт /хх-ийн 18-21 х/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 22 х/ зэрэг баримтуудыг,

 

4.Хариуцагч М ХК тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2025.04.08-ны өдрийн 01/418 дугаартай Х.Д-д олгосон итгэмжлэл /хх-ийн 28 х/,

-Хариу тайлбар /хх-ийн 38-39 х/,

-Улсын бүртгэлийн 000000000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 40 х/,

-2025.03.28-ны өдрийн 25/15 дугаартай М ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, түүний хавсралт /хх-ийн 41-42 х/,

-2024.05.02-ны өдрийн 24/15 дугаартай М ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, түүний хавсралт /хх-ийн 43-44 х/,

-С.И-ийн гаргасан хүсэлт /хх-ийн 45 х/,

-М ХК-ийн дүрэм /хх-ийн 45-76 х/,

-2025.07.01-ний өдрийн 01/729 дугаартай О.Х-д олгосон итгэмжлэл /хх-ийн 89 х/,

-2024.04.26-ны өдрийн №097-101-2404-302 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ, түүний хавсралт /хх-ийн 99-101 х/,

-2020.06.02-ны өдрийн 20/27001 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 106-108 х/,

-2024.04.25-ны өдрийн Ажил хүлээлцэх акт /хх-ийн 109 х/,

-2024.04.25-ны өдрийн С.И-ийн гаргасан хүсэлт /хх-ийн 110 х/,

-2024.05.03-ны өдрийн 04/155 дугаартай М ХК-ийн гүйцэтгэх захирлын Шинэчлэгдсэн удирдлага, зохион байгуулалтын бүтцийн дагуу ажилтнуудыг томилох тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 111-114 х/,

-М ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 129-156 х/ зэрэг баримтуудыг,

 

5.Зохигчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2025.05.30-ны өдрийн 191/ШЗ2025/23943 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн дагуу 2025.06.05-ны өдрийн 03/1391 дугаартай Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 81-82 х/,

-Тус шүүхийн шүүгчийн 2025.07.03-ны өдрийн 191/ШЗ2025/28944 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу 2025.08.06-ны өдрийн 02/150 дугаартай Багануур дүүргийн нийгмийн даатгалын газрын албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 102-103 х/,

-2025.09.10-ны өдрийн 01/965 тоот М ХК-ийн албан бичиг /хх-ийн 104 х/,

-Тус шүүхийн шүүгчийн 2025.09.25-ны өдрийн 191/ШЗ2025/39803 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу 2025.06.30-ны өдрийн 44/2025 дугаартай Зөвлөх үйлчилгээний гэрээ, түүний хавсралт /хх-ийн 165-169 х/зэрэг баримтуудыг шүүхийн журмаар тус тус бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.М ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч С.И-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч С.И нь хариуцагч М ХК-д холбогдуулан ........., ........... салбарын зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасны дагуу надтай хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байтал хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан...

М ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.01.06-ны өдрийн 04/06-А дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, мөн өдрийн 04/06-А дугаар Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тухай гэсэн 2 өөр агуулгатай тушаал гаргаж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. Миний хувьд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй учраас энэ 2 тушаалыг үндэслэлгүй гаргасан гэж тайлбарласан.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д нь С.И нь 2024.04.26-ны өдөр М ХК-тай Хөлсөөр ажиллах гэрээ-г байгуулан ............, ........... аймаг дахь Салбарын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Тус ажлын байр нь үндсэн ажлын байр биш бөгөөд компанийн бодлогын хүрээнд Зүүн бүс буюу ..........., ........... аймгийн үйл ажиллагааг дэмжихээр бий болгосон түр ажлын байр байсан.

Талуудын хооронд байгуулагдсан Хөлсөөр ажиллах гэрээ-ний 2-т заасан ажлыг хийж гүйцэтгүүлэхээр ажилтантай харилцан тохиролцож тус гэрээг байгуулсан бөгөөд гэрээний дагуу .........., ........... аймаг дахь Салбарын зөвлөх-өөр ажиллаж байх хугацаандаа гэрээний 2 дахь хэсэгт заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, идэвх санаачилга гарган ажиллаагүй, мөн гэрээний хугацаа дууссан тул компанийн зүгээс С.И-тэй байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ-г дуусгавар болгосон...

3.1. Мөн нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтэй байгаа тул ажлаас гарсан тушаал гаргуулах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн учраас Хөлсөөр ажиллах гэрээ-г Хөдөлмөрийн гэрээ-тэй адилтган үзэж ажилтны өөрийн хүсэлтээр бичсэн өргөдлийг үндэслэн 2025.01.06-ны өдөр 04/06-А дугаартай Ажлаас чөлөөлөх тухай Гүйцэтгэх захирлын тушаал гарсан дээрх тушаалууд нь хууль зөрчөөгүй.

3.2. Компанийн орон тооны бүтцэд Салбарын зөвлөх гэсэн ажлын орон тоо огт байхгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй,

154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,

154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж тус тус заажээ.

 

4.1.1.Нэхэмжлэгч С.И нь дээрх хуульд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан байх ба уг хорооноос 2025.02.04-ний өдөр 30 дугаар шийдвэрээр ...талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр... ажиллагааг дуусгавар болгожээ. /хх-ийн 11-13 х/

 

Тэрээр дээрх хариуг авснаас хойш шүүхэд 2025.02.12-ны өдөр хандсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэх үндэстэй.

 

5.Нэхэмжлэгч С.И нь 1993.12 сараас 2024.04.26-ны өдрийг хүртэл М ХК-д нягтлан бодогч, менежер, захирлаар, 2024.04.26-ны өдрөөс ..........., ......... салбарын зөвлөхөөр ажиллаж байсан болох нь талуудын тайлбараар тус тус тогтоогдсон бөгөөд зохигч энэ талаар маргаагүй учраас шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

6.Харин маргааны зүйл нь иргэний эрх зүйн болон хөдөлмөрийн эрх зүй харилцаа үүссэн эсэх, 2025.01.06-ны өдөр 04/06-А дугаартай тушаалууд нь хуульд нийцсэн эсэх, хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан эсэх, мөн ажлын байр хасагдсан эсэх талаар байх тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзсэн.

 

6.1. Зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн эсэх талаар:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг хүлээдэг бол Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг тус тус тодорхойлсон.

 

Хөдөлмөрийн гэрээ болон иргэний хөлсөөр ажиллах гэрээ субьект, гэрээний зүйл, нийгмийн даатгал төлөх журам зэргээр адил шинжийг агуулдаг боловч ажлын байр, гэрээний хугацааны үргэлжлэх хугацаа, цалин хөлс, ажлын хөлс, ажил гүйцэтгэх байдал, гэрээ цуцлагдах журам зэрэг нь өөр байдаг.

 

Хөдөлмөрийн гэрээнд ажилтанд олгох цалин хөлсний хэмжээг талууд тохирох, эрх бүхий байгууллагаас баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлсийг тогтоох эрхгүй, мөн сард 2 ба түүнээс дээш удаа олгохоор, харин хөлсөөр ажиллах гэрээнд хөлсний хэмжээг өөрсдөө тогтоож, ажил дууссаны дараа эсхүл ажлын явцад хэсэгчлэн олгох боломжтой.

 

Мөн хөдөлмөрийн гэрээнд ажилтан нь байгууллагын дотоод журам, ажил, албан тушаалын тусгай журам, норм, нормативын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг бол хөлсөөр ажиллах гэрээний ажиллагч нь гэрээнд заасны дагуу ихэвчлэн өөрийн боломжоор ажил үүргийг гүйцэтгэхээр, түүнчлэн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох талаар хөдөлмөрийн гэрээний талуудын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 78, 79, 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр, харин хөлсөөр ажиллах гэрээний талууд Иргэний хуулийн гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах нийтлэг үндэслэлийн дагуу тус тус өөр байдлаар цуцлагддагаараа ялгаатай.

 

Мөн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2024.03.06-ны өдрийн А/44/А/40 дүгээр Маягтын загвар, аргачлал батлах тухай тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх аргачлал-ын 18-д ажиллаж буй даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан нь тухайн ажил олгогчид ажиллаж буй даатгуулагч бүрийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, түүнд ногдуулсан шимтгэлийн талаарх мэдээллийг харуулна. Ажил олгогч шимтгэл ногдуулалтын тайланг сар бүр шимтгэлийн цахим системээр тоон гарын үсгээр баталгаажуулж, дараа сарын 5-ны өдрийн дотор багтаан харьяа аймаг/сум/, дүүргийн нийгмийн даатгалын газарт ирүүлнэ.

 Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрөл, код дараах байдалтай байна. Үүнд: даатгуулагчийн код 01001 нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа үндсэн ажилтан, 02001 нь Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон бусад гэрээгээр ажиллагч гэж тодорхойлсон байна. /эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17089856421781&showType=1/

 

2024.04.26-ны өдөр байгуулсан 097-101-2404-302 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ-ний 2 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь ......... болон ......... аймаг дахь салбарын үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, 2024 оны нийт цэвэр хураамжийн орлогын төлөвлөгөө 112,500,000 төгрөгийн орлогыг хавсралт 2А-д заасан графикийн дагуу төвлөрүүлэх, даатгалын хураамжийн орлого төвлөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, даатгалын борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд зуучлагч байгууллагууд болох банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, брокерын компани болон бусад сувгийг нээж, тэдгээрээр дамжин орох орлогыг нэмэгдүүлэх бүхий л арга хэмжээг авч ажиллах, хамтын ажиллагаатай харилцагч байгууллагуудын гэрээ сунгалтыг хийж, өөр нэмэлт бүтээгдэхүүн даатгал борлуулах замаар цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах, харилцагчийн урт хугацаанд хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай ажлыг зохион байгуулж ажиллах, банкны орлого идэвхжүүлэлт хийх, даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, иргэдийн зах зээлд нэвтрэх, шинэ бүтээгдэхүүн суртчилах, борлуулах, борлуулж байгаа бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх замаар орлого нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох, зах зээлийн судалгаа, өрсөлдөгчийн судалгаа хийх, нөхөн төлбөрийн тохиолдол дээр очиж үзлэг хийх, даатгуулагчид мэргэжлийн зөвлөгөө өгөх, тохиолдлыг баталгаажуулах, хураамжийн орлогоор 1С программ болон МИЙС программд зөрүү гаргахгүй ажиллах сар бүр хянуулах, харилцагчтай уулзалт хийх, шинэ харилцагч татах, ......... аймгийн салбарын авто техникийн улсын үзлэгээр 5-7 хоног суманд ажиллах үүрэг,

3 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь гэрээний ажлын хөлсөнд сар бүр 1,000,000 төгрөгийг төлөх, гэрээний 2.1.1, 2.1.2-т заасан хураамжийн орлого тутмаас 3,5 хувийн урамшуулалт хөлсийг тухай бүрт нь тооцоо нийлж олгох үүргийг хүлээхээр тус тус харилцан тохиролцсон байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хамаарч байна.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаагаар хариуцагч М ХК нь 2024.05 сараас 2024.12 сарыг дуустал хугацаанд нэхэмжлэгч С.И-ийн Нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн код 01001 буюу хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа үндсэн ажилтан төрлөөр төлж байсан байх тул талуудын 2024.04.26-ны өдөр байгуулсан 097-101-2404-302 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ-г үндэслэн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй. /хх-ийн 103 х/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь С.И-ийн Нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн код 01001 буюу хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа үндсэн ажилтан төрлөөр төлсөн нь тухайн байгууллагын нягтлан бодогчийн буруу гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ, 41.3-т Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

 

Хариуцагч М ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.01.06-ны өдрийн 04/06-А тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэсэн байгаагаар тогтоогдож байх тул байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

6.2. М ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.01.06-ны өдрийн 04/06-А тоот Ажлаас чөлөөлөх тухай мөн өдрийн Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тухай тушаалууд нь хуульд нийцсэн эсэх, ажлын байр хасагдсан эсэх талаар:

Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой бөгөөд хариуцагч М ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.01.06-ны өдрийн 04/06-А тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалын нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлүүдийг тус бүрээр нь авч үзвэл:

-Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон,

-Компанийн хөдөлмөрийн дотоод журам-ын 3 дугаар зүйлийн 3.17.4.1-д ажилтны санаачилгаар гэсэн заалтуудыг үндэслэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар дагалднаар ажиллуулах, туршилтын хугацаагаар ажиллуулах, улирлын шинжтэй ажил гүйцэтгүүлэх, ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах, түр ажлын байранд ажиллуулах, санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэжээ.

 

Дээрх зохицуулалтын түр ажлын байранд ажиллуулах гэсэн ойлголт нь ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай, эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар тус тус хугацаатай гэрээ байгуулж болох ба харин бусад тохиолдолд байнгын ажлын байранд түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй гэж үзнэ.

 

Хариуцагч буюу ажил олгогч нь ...С.И нь 2024.04.26-ны өдөр М ХК-тай Хөлсөөр ажиллах гэрээ-г байгуулан ........., ........ аймаг дахь Салбарын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Тус ажлын байр нь үндсэн ажлын байр биш бөгөөд компанийн бодлогын хүрээнд Зүүн бүс буюу ............ аймгийн үйл ажиллагааг дэмжихээр бий болгосон түр ажлын байр байсан... гэж тайлбарлаж байгааг шүүх дараах үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй байна. Үүнд:

 

а. Талууд 2024.04.26-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсны дараа М ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024.05.02-ны өдрийн 24/15 тоот тогтоолоор Компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц-ийг баталсан байх ба Даатгалын удирдлагын газар (97)-ын харьяанд нийт 8 хэлтэс, салбар байгаагийн дотор Орон нутгийн салбар (54) харьяалагдаж байна. /хх-ийн 111-113 х/

 

Дээрх тогтоолыг үндэслэн гүйцэтгэх захирлын 2024.05.03-ны өдрийн 04/155 дугаартай Шинэчилсэн удирдлага, зохион байгуулалтын бүтцийн дагуу ажилтнуудыг томилох тухай тушаал гарч, нэгдүгээр хавсралтаар нь тухайн орон тоонд ажиллах ажилтнуудын нэрсийг баталсан байх ба жагсаалтын 95 дугаарт ........ салбар, албан тушаал захирал, 104 дүгээрт ......... салбар, албан тушаал менежер гэж тогтоосон байгаа хэдий ч тухайн албан тушаалуудыг ажлын байрны тодорхойлолтыг шүүхэд ирүүлээгүй.

 

б. Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2018.04.09-ний өдрийн 04/68 дугаар Компанийн хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.4-т ажлын байрны захиалга гэж гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан орон тоог хасах, эсхүл батлагдаагүй орон тоог шинээр бий болгох хүсэлт гэж, 3.4.1.1-д Ажлын байрны захиалгыг хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж хүлээн авч, судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргана. Дүгнэлтээр орон тоог зайлшгүй нэмэх эсвэл хасах шаардлагатай нь тогтоогдвол хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжээс Удирдлагын хорооны хуралд хэлэлцүүлэхээр санал оруулж шийдвэрлүүлнэ. Уг асуудлын төсөв нь жилийн батлагдсан цалингийн багцын хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлнэ гэжээ. /хх-ийн 129-156 х/

 

Энэхүү журамд зааснаар компанийн бодлогын хүрээнд Зүүн бүс буюу ............ аймгийн үйл ажиллагааг дэмжихээр бий болгосон түр ажил /............, ........... салбарын зөвлөх/-ын байрны захиалга гарсан, үүнтэй холбоотой дүгнэлт, шийдвэр гарсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

6.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар Аж ахуйн нэгж, байгууллага, болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлахаар зохицуулсан.

 

Ажил олгогч өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргаж болох бөгөөд М ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025.03.28-ны өдрийн 25/15 тоот Компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоол гарч, өмнө гарсан буюу 2024.05.02-ны өдрийн 24/15 тоот тогтоолыг хүчингүй болгож, нэгдүгээр хавсралтаар бүтцээ баталсан байх ба Даатгалын газар нь дотроо Байгууллагын даатгалын алба, Сувгийн удирдлагын алба, Бизнес хөгжлийн албатай зурагдсан бол Сувгийн удирдлагын алба нь Хотын салбар, Орон нутгийн салбар ...гэх бүтэцтэй байна. /хх-ийн 41 х/

 

М ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025.03.28-ны өдрийн 25/15 тоот Компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоолын дагуу Орон нутгийн салбар нь ямар чиг үүргийг хэрэгжүүлэх, ажилтнууд нь ямар ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэх нь тодорхойгүйгээс гадна орон нутгийн салбарт зөвлөхийн ажлын байр байхгүй, түр орон тоо байсан гэх тайлбар нь баримтаар тогтоогдсонгүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025.03.28-ны өдрийн 25/15 тоот тогтоолын дагуу гүйцэтгэх захирлаас шинэчилсэн удирдлага, зохион байгуулалтын бүтцийн дагуу ажилтнуудыг томилсон, орон тоог тогтоосон тушаал гаргаагүй гэж тайлбарласан болно.

 

Компанийн хөдөлмөрийн дотоод журам-ын 3 дугаар зүйлийн 3.17.4.1-д ажилтны санаачилгаар буюу ажилтны бичгээр гаргасан өргөдлийг үндэслэсэн талаар,

Нэхэмжлэгч С.И нь 2025.01.06-ны өдөр ...би Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авахад тушаал хэрэгтэй байгаа тул .............-.......... сарлбарын зөвлөхийн орон тоон дээр халагдах тушаал авах хүсэлтэй байна. Шийдэж өгнө үү гэсэн хүсэлт нь гаргасан байна. /хх-ийн 45 х/

Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлахад ажил олгогчийн зүгээс ямар нэгэн дарамт, шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байх учиргүй бөгөөд ажилтан өөрийн хүсэл сонирхлын дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдлөө гаргасан байх ёстой.

 

Гэтэл нэхэмжлэгч нь ...ажлын байрны дарамтад орж би энэ хүсэлтийг бичсэн. Намайг ажлаа хүлээлгэж өг гэж дарамталсан. ... Би энэ байгуулагад 32 жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн бөгөөд 2 жилийн дараа тэтгэвэрт гарах ёстой байсан. Би ямар шалтгаанаар ингээд байгааг асуухад шалтгаан хэлдэггүй байсан... гэж тайлбарласан тул шүүх энэхүү тайлбарыг үндэслэл бүхий гэж үзэхээр байна.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг түр хугацаагаар ажиллуулж байсан, мөн тухайн орон тоо хасагдсан гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул С.И-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М ХК-ийн орон нутгийн салбар буюу ........., ......... салбарын зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

8.Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

Хариуцагч нь нэхэмжлэгчийг одоо А ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний нэртэй боловч хийж байгаа ажил нь М ХК-д хийж байсан ажлыг хийж гүйцэтгэж байгаа нь байгууллагыг санхүүгээр хохироох зорилготой гэж маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.

 

Энэхүү зохицуулалтын агуулга нь ажил олгогчийн буруугаас ажилтан үндэслэлгүйгээр ажлаас халагдсанаар хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүйгээс цалин хөлсөөр хохирч өөр ажил эрхэлж байсан нь ажил олгогчид хүлээлгэж байгаа хариуцлага учраас түүний эдийн засгийн алдагдлыг нөхөн төлж байгаагаар олговор төлөх үндэслэл болно.

 

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговорыг ... тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэжээ.

 

С.И-ийн ажиллаж байсан хугацааны нэг сарын дундаж цалин хөлс нь 1,020,792 /3,062,376 : 3 сар/ төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 47,478.69 /1,020,792 : 21.5 хоног/ төгрөг болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /1 хх-ийн 22 х/

 

Шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо бүтэн ажилласан сүүлийн гурван сар буюу Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2024 оны 10, 11, 12 дугаар саруудын цалингаас тооцсон болно.

 

Иймээс нэхэмжлэгч С.И-ийн 2025.01.06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны ажлын 186 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 8,831,036.34 төгрөг /186 хоног х 47,478.69 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

9. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д хууль бусаар ажлаас халагдсан хүн гэж заасан нь хариуцагч буюу ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг шаардах эрхтэйг илэрхийлж байна.

 

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д Энэ хуулийн 7.2.5-д заасан хүний шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрт заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос, ... ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, буруутай этгээд нийгмийн даатгалын зохих санд нэг удаа төлнө,

33 дугаар зүйлийн 33.1.6-д Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, ... зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлэх,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үүргийг тус тус тодорхойлсон.

 

Иймд С.И-ийн 2025.01.06-ны өдрөөс 2025.10.07-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч М ХК-д даалгах нь зүйтэй.

 

10. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч М ХК-иас 8,831,036.34 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 156,247 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.И-г урьд эрхэлж байсан ажил буюу М ХК-ийн орон нутгийн салбар /............ аймгийн/-ын зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8,831,036.34 төгрөг /найман сая найман зуун гучин нэгэн мянга гучин зургаан төгрөг, гучин дөрвөн мөнгө/-ийг М ХК-иас гаргуулан С.И-д олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 8,831,036.34 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч С.И-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч М ХК-д даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч М ХК-иас 156,247 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА