| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 316/2025/00309/И |
| Дугаар | 316/шш2025/00945 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 316/шш2025/00945
| 2025 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 316/ШШ2025/00945 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А******* Н******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т******* С******* холбогдох
2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлүүлсэн 50,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлүүлсэн 150,000 рубль, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлүүлсэн 8,000,000 төгрөг, нийт 64,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: А.Н*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Гансүх,
Хариуцагч: Т.С*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Тунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Н******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч Т.С*******гийн 10 жилийн найз байгаа юм. Манай найз Сэлэнгэ аймагт хувиараа бизнес эрхэлдэг. Эгч нь Солонгос улсад байдаг. Эгчтэйгээ нийлж Солонгосын бөөний бараа оруулж ирж худалддаг, хажуугаар нь цайны газар, үзвэр үйлчилгээ ажиллуулдаг. Үүнийг хүн бүр мэддэг. Надад найзынх нь бизнес доголдоод байна, мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлээч гэж ирсэн. Би яагаад мөнгө зээлсэн бэ гэхээр Т.С*******гийн ээж нь миний дээд сургуулийн багш байгаа юм. Тэр хүн надад тусалж байсан болохоор туслахгүй гэх шалтгаан байхгүй боломж байвал тусалъя гэхэд чи мөнгө зээлдэг хүн таньдаг юм чинь найздаа нэг удаа туслаач гэсэн. Үүний хариуд нь би тусалъя гэхэд эхний ээлжид 50,000,000 төгрөг олоод өг, би чамд буцаагаад өдөр болгон төлөлт хийгээд дуусгана гэж тохиролцсон. Тэр мөнгөө аваад удалгүй, эгч Солонгост байдаг. Эгчид мөнгө хэрэгтэй байна. Эгч над руу бараа явуулдаг, эгч бас өөрөө юм хийж байгаа. Бид хоёр нийлж юм хийдэг. Эгчид бас мөнгө зээлээч гэж өөрөө ч мөнгө аваад эгчдээ ч мөнгө аваад надаас 200,000,000 гаруй төгрөг авсан. Миний зүгээс хариуцагчид эгчийн чинь авсан мөнгө тусдаа, чиний авсан мөнгө тусдаа чи өөрийнхөө авсан мөнгөө өөрөө өг л гэж хүсэж байгаа. Өгсөн мөнгөө буцааж авъя, хүнээс зээлж авч өгсөн мөнгө байгаа. Олон өр ширэнд ороод байна. Т.С******* би чамаас авсан мөнгөө гаргаж өгнө, ЖДҮ-ийн зээл хөөцөлдөж байгаа гээд нэлээн олон сар болсон. ЖДҮ-ийн зээл гарсныг нь мэдээд зээл чинь гарсан байна, чи надад худлаа яриад байгаа юм уу гэхэд барьцаа хөрөнгөгүй болохоор зээлээ авч болохгүй байна, чи худлаа гэвэл Худалдаа аж үйлдвэрийн газраас асуу гэхэд нь асуухад хувь хүний талаар мэдээлэл өгөхгүй гэсэн. Опэн дата сайтаас харахад зээл нь гарсан байсан. Зээл гарсныг хараад Т.С******* рүү яриад чи надад худлаа ярьлаа гэж хэлсэн. Т.С******* зээл аваад 50,000,000 төгрөг гаргаж өгнө гэж ярьж байсан. Бид хоёрын дунд маргаан үүссэн. Би өөрөө өр ширэнд орсон хүн нэлээн бухимдаад ийм байсан бол яах гэж авсан юм гэж Т.С*******тэй маргасан чинь намайг цагдаад дуудаж намайг хэл амаар доромжиллоо, танхайрсан гэж өгсөн. Үүнээс болж би шүүх хуралдаанд орсон. Мөнгөө авахын тулд Т.С*******тэй маргасны төлөө намайг шүүхэд өгсөн. Шүүхээс хэл амаар доромжилсон зүйлгүй гэж үзсэн. Намайг цагдаагийн хажууд хэл амаар доромжилсон гэж гүтгэж байгаа юм. Т.С*******гээс 64,5000,000 төгрөг нэхэмжлэхэд сүүлд өөрийнхөө данснаас миний данс руу 8,000,000 төгрөг хийсэн. 8,000,000 төгрөг өгсөн учраас татгалзаж байгаа. Үлдсэн 55,155,000 төгрөгөө Т.С*******гээс өөрөөс нь авъя гэж байгаа. Эгч нь гэх С надад бас өртэй, түүнийгээ бага багаар буюу 1,300,000 төгрөгөөр төлөөд явж байгаа. С эгч нь чи Саракагаас гаргаж авах мөнгөө өөрөө гаргаад ав, та хоёрын асуудал учраас би оролцохгүй. Би өөрийнхөө авсан мөнгийг л төлье гэсэн. Энэ талаар нотлох баримтаар гаргаж хавтаст хэрэгт оруулсан. 8,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа нь татгалзаж байна гэв.
2. Хариуцагч Т.С******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх танхимд худал зүйл хэлж болохгүй гэж ойлгож байгаа. А.Н******* бид хоёрын хувьд нэг ангийн хүүхдүүд мөн. А.Н*******ээс би мөнгө зээлсэн. Энэ хугацаанаас 1 жилийн өмнө А.Н******* хэлж байгаатай адил бараагаа эргэлдүүлье гэж мөнгө зээлсэн. Зээлэхдээ буцаагаад өдрийн 1 хувийн хүүтэй буюу сарын 30 хувийн хүүтэй мөнгө зээлсэн. Аливаа бизнес тогтсон цаг хугацаанд байх, байхгүй гэх хойшлогдох хугацаа гарч ирээд түүний дагуу 3 хүний мөнгийг 1 нь 28 хоног, 29 хоног, нөхөр цалингийн 29 хоног гэж бүгдийг нь 1 хувиар тооцож, би аваад өөрийнхөө хувьдаа авсан мөнгийг би өгсөн. Энэ нь 9, 10 дугаар сард болсон үйл явдал байгаад байгаа юм. Дараа нь би А.Н*******ээс мөнгө зээлсэн үү, зээлсэн. Хэрэгтэй үедээ мөнгө гуйж аваад, яг нэг өдрийн хүүтэй нь цуг өгсөн үү, өгсөн. Манай эгч энэ явдлаас өмнө 2, 3 жилийн өмнө А.Н*******тэй мөнгөөр холбогдож байсан гэдгээ хэлж байсан. Өгч, аваад нэлээн юм болж байсан. Тухайн үед би өөрөө хувьдаа мөнгө авсан учраас банкнаас зээл аваад өгсөн. Тухайн үед А.Н******* намайг аваад өөрөө хэрэглээд Сарака энэ хугацаанд ингэж төлөх юм байна гэх байдлаар ойлгосон. Энэ нэхэмжлэлтэй холбоотойгоор эгч ч над руу холбогдсон, Нандиа ч над руу холбогдсон. Миний өдөр бүр 1,300,000 төгрөг төлөөд явъя гэж бичүүлсэн гэрээ нь Сэлэнгээ эгчид мөнгө хэрэгтэй гэж байна, тусалъя, өдөр өдөрт нь орлогоо олоод явдаг юм байна гэсэн. Би яг энэ нэхэмжлэлтэй холбоотойгоор би бараандаа явъя гэж ерөөсөө яриагүй. Эгч болохоор Н******* надад тусалъя гэж байхад чи миний төрсөн дүү байж яагаад туслаад нэг юм бичээд өгч болдоггүй юм бэ гэж надад хэлсэн. Гоё гэх дэлгүүрийн лоунжид намайг хүлээж байя гэсэн. Яагаад би утсанд үзлэг хийлгэсэн бэ гэхээр нотлох баримт болох С эгчид 50,000,000 төгрөг шилжүүлснийг тодорхойлох юм. А.Н******* сая гаргасан тайлбартаа надаас эхэлж мөнгө зээлээд дараа нь эгчид бас мөнгө хэрэгтэй байна гэж мөнгө зээлсэн гэж байна. Ерөөсөө тийм асуудал байхгүй. С эгч А.Н******* хоёр өөрсдөө холбогдсон. 50,000,000 төгрөг дээр Сарака эгчдээ бичиг хийгээд өгчих, хүнээс мөнгө зээлж байгаа юм чинь ийм байх хэрэгтэй гэхэд нь за гэсэн. Мөн Саракагийн данс битүүмжтэй учраас өөрийнхөө дансаар аваагүй гэсэн байдаг. Тухайн өдрөөс хэд хоногийн өмнө би Н*******ээс 5,000,000 төгрөг зээлээд буцаагаад 5,500,000 төгрөг болгож хүүтэй нь өгсөн байхад тэр данс маргааш нь битүүмжтэй болно гэсэн асуудал байхгүй. А.Н******* өөрөө киоск дээр очиж мөнгөө шилжүүлсэн байдаг. Утгыг нь тухайн үед би анзаараагүй. Дараа нь харахад Сэлэнгэ эгчид гэж хийсэн байсан. Гараар тохиролцсон бичигт өдөр болгон мөнгө хийгээд явна гэдэг нь 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж төлөлтөө хийгээд явсан нь ямар ч хүн харсан нотлогдож байгаа. 50,000,000 төгрөгийг төлөхөд тохиролцсон өдөр болгон хийх мөнгө нь орж байгаа юм уу гэхээр дансаар нь орсон нь нотлогдож байхад биш, өөр мөнгө гэдэг. Өөр мөнгөний асуудал энэ хоёрт хэзээнээс үүссэн харилцаа гэдгийг би мэдэхгүй. Явж явж байгаад эрсдээд эхлэхэд нь А.Н******* над руу холбогдоход би тухайн үед ээ яаж байгаа юм бэ, ийм их мөнгө хэцүү шүү дээ гэж хэлж байсан. Түүнээс хойш бид хоёр хамт мөнгө хайж явсан. 2, 3 хүнтэй уулзаж Саракад мөнгө зээлчээч, мөнгө хэрэгтэй байгаа юм гэж нэг өдөр хамт явж байсан асуудал байгаа. Шүүгч хэрэв энэ хэрэгт хамааралтай гэж үзвэл Нандиа эгч хоёр мөнгөө юунд санхүүжүүлж байснаа үнэнээр нь хэлэх байлгүй. Миний бодлоор тэр их мөнгийг санхүүжүүлж өгсөн хүн нь үнэхээр нээрээ. Би өөрөө бараа таваартаа эрсдээд зээлд орсон зүйл байгаа. Гэхдээ би хүнээс мөнгө зээлж авсан бол төлнө. Өмнө нь ч би Нандиагаас мөнгө зээлээд өгсөн. Уг нэхэмжилж байгаа мөнгийг би аваад ашигласан бол өгнө. Гэтэл яагаад эгч С, А.Н******* хоёрын харилцаагаар үүсгэгдэж авагдсан атлаа өнөөдөр ийм байдалтай байгаа вэ. Рублийн хувьд 50,000,000 төгрөгөөс өмнө А.Н*******ээс би хоёр удаа 5,000,000 төгрөг аваад өгч байсан. 9 дүгээр сарын эхээр хүүг нь бодож хүн хүнийх нь нэрээр нь энэ Цэцгээ эгчийнх шүү, Цэлмэгийнх шүү гэж бодоод өгч байсан. Түүний дараа 2 удаа билүү 5,000,000 төгрөг авахдаа өөрөө буцаагаад яг хүүтэй нь өгч байсан. Сэлэнэмөрөн эгч, Н******* хоёр хоорондоо ярилцаад мөнгө зээлж өгөлцөж авалцахаар болоод С эгч Сарака нэг юм бичээд өгчих. Чи надад яагаад туслахгүй байгаа юм бэ, Нандиа надад тусалъя гэж байхад... гэхэд нь тусалсан. Сэлэнэмөрөн эгч, Н******* дансны хуулгаар илт харагдаж байгаа. Хуулийн хүрээнд дүгнэж шинжлэх байх. Би хуулийн мэдлэг муутай учраас сайн тайлбарлаж чадахгүй байна. Бүх мөнгө хүүтэй яригдаж байгаа. 50,000,000 төгрөг хүүтэйгээ явж байгаа 02 дугаар сарын 03, 04-ний өдөр 80,000,000 гаруй төгрөг болж, одоо хүүгээ болье гэж ярьж байгаа нь бас сонин санагдаж байгаа. Зээлсэн мөнгөнийхөө хүүг аль өмнө нь авдгаа авсан. С гэх хүн Солонгост байгаа гэх утгаар надаас нэхэмжилж байна. Яалтчгүй дансаар нь орж гарсан зүйл байгаа учраас ойлгомжтой гэж харж байна. Хэрэв мөнгөө өгөөгүй бол өнөөдөр ийм зүйл яриад зогсохгүй. Нандиатай найзын хувиар надад хугацаа өгчих, ингээд төлье гэж хэлэх байсан. ЖДҮ-ийн хувьд шүүхээс шаардлагатай гэж үзвэл миний зээл авсан үгүйг зээлийн мэдээллийн сангаас харж болох байх. Уг зээл надад олгогдоогүй. Зээлийн шалгуурт тэнцсэн. 3780368 гэх регистрийн дугаартай компаниар ороод тэнцсэн. Гэхдээ мөнгөн дүн нь олгогдоогүй. Үүнийг зээлийн мэдээллийн сангаас шалгуулах боломжтой гэж үзэж байна. Ямар ч байсан би худал хэлээгүй. Шүүхэд худал тайлбар, мэдүүлэг өгөх боломжгүй гэж ойлгож байна. А.Н******* юунд санхүүжүүлсэн гэдгээ мэдэж байгаа, надад ч хэлж байсан. Барааны мөнгө гэж бий 9 дүгээр сард зээлж авч байснаа барагдуулсан гэв.
4. Нэхэмжлэгч А.Н******* нь хариуцагч Т.С******* холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлүүлсэн 50,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлүүлсэн 150,000 рубль, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлүүлсэн 8,000,000 төгрөг, нийт 64,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх хуралдааны үед 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлүүлсэн 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлүүлсэн 50,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлүүлсэн 150,000 рубль буюу 5,130,000 төгрөг, нийт 55,130,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
- Т.С******* бизнес доголдсон, мөнгө хэрэгтэй байна, туслаач гэж мөнгө зээлэхийг гуйсан, миний хувьд найзын итгэл мөн Т.С*******гийн ээж сургуулийн багш байсан болохоор мөнгө зээлсэн
- Хариуцагч эхний ээлжинд 50,000,000 төгрөг зээлдүүлчих, өдөр бүр төлөлт хийж дуусгана гэж амлаж, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бичгээр гэрээ үйлдсэн, уг бичгийг Т.С******* өөрийн гараар бичсэн, энэ бичиг нь авсан мөнгөө буцааж төлнө гэдгээ нотлох зорилготой байсан.
- Дараа нь эгчид мөнгө хэрэгтэй байна, бид хамт бизнес хийдэг гэж хэлээд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 150,000 рубль зээлсэн.
- Миний зүгээс С******* болон түүний эгч С нарт нийтдээ 200,000,000 төгрөг орчим зээлдүүлсэн гэж мэдүүлсэн, эгчийнх нь авсан мөнгө тусдаа, Т.С*******гийн авсан мөнгө тусдаа, Т.С нь Саракаас (Т.С*******гээс) авсан мөнгөө өөрөө нэх, би өөрийн авсан мөнгөө л төлнө гэж хэлсэн гэв.
Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа нотлох хүрээнд хариуцагч Т.С*******гийн бичиж өгсөн гэх Иргэн хоорондын гэрээ /хэргийн 10-р хуудас/, А.Нандинцэгээс М.Баттулгын данс руу 50,000,000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт /хэргийн 11-р хуудас/, Д.Цэлмэг, Ц.Оюундулам нарын гэрчийн мэдүүлэг, /хэргийн 76-80-р хуудас/, Монголбанк-ийн ханшны лавлагаа /хэргийн 86-р хуудас/, Т.С, А.Н******* нарын харилцсан гэх чат зурвас /хэргийн 106-108, 139-140/, А.Нандинцэгээс Б.Батцэцэг данс руу 220,000,000 төгрөг, Д.Ариунаагийн данс руу 20,000,000 төгрөг, М.Баттулгын данс руу 10,000,000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт /хэргийн 109-118-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өч, цуглуулав.
5. Хариуцагч Т.С******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, татгалзаж буй үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав.
- А.Н*******тэй нэг ангид сурч байсан бөгөөд түүнээс өмнө ч мөнгө зээлж авч, хүүтэй буцаан төлж байсан. Зээл нь өдөрт 1%-ийн, сард 30%-ийн хүүтэй байсан бөгөөд зээл авсан үедээ хүүтэй нь хамт төлж байсан
- 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А.Н******* данснаас 50,000,000 төгрөг М.Баттулга гэх хүний дансанд шилжсэн бөгөөд гүйлгээний утгад Сэлэнгэ эгчид гэж бичсэн байсан. Энэ мөнгийг С эгч 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өдөр бүр 1,300,000 төгрөгийн төлбөр хийгээд явна гээд хийсэн, энэ нь дансны хуулгаар нотлогдоно
- Би зөвхөн зуучилсан, дүүгийн хувиар итгэлцлийн шалтгаанаар оролцсон, 50,000,000 төгрөгийг би өөрөө ашиглаагүй, Т.С эгчийн хүсэлтээр бичиг хийж өгсөн
- Рублийн хувьд 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 7,308,500 төгрөгөөр дансаар шилжүүлээд төлчихсөн гэв.
Хариуцагч нь дээрх татгалзал, тайлбараа нотлох хүрээнд нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж А.Н******* 5676061388 тоот дансны 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хуулга /хэргийн 37-49-р хуудас/, дээрх дансны хуулгаас шүүж гаргасан төлөлт хийсэн гэх 85,880,000 төгрөгийн тооцоолол /хэргийн 50-р хуудас/, Т.С, А.Н******* нарын харилцсан гэх чат зурвас /хэргийн 120-128/, шүүхийн үзлэг хийлгэх хүсэлтээр Т.С, А.Н******* нарын харилцсан чат зурвасанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеийн бичлэг зэргийг нотлох баримтаар гаргаж өгч, цуглуулав.
6. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн татгалзал, татгалзлын үндэслэл, тайлбараас үзвэл талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, хариуцагч Т.С******* нэхэмжилсэн мөнгийг төлөх үүрэгтэй эсэх, нэхэмжилсэн мөнгө төлөгдсөн эсэх нь маргааны зүйл болж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Н******* нь хариуцагч Т.С******* холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлүүлсэн 50,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлүүлсэн 150,000 рубль, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлүүлсэн 8,000,000 төгрөг, нийт 64,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх хуралдааны үед 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлүүлсэн 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлүүлсэн 50,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлүүлсэн 150,000 рубль буюу 5,130,000 төгрөг, нийт 55,130,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөв.
1. Нэхэмжлэгч А.Н******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлүүлсэн 8,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ шаардлагаас татгалзсаныг батлах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч дээрх 8,000,000 төгрөгийн асуудлаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлүүлсэн 50,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлүүлсэн 150,000 рубль буюу 5,130,000 төгрөг, нийт 55,130,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
2.1. 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлүүлсэн 50,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч А.Н******* нь өөрийн данснаас М.Баттулгын 5946023051 тоот данс руу 50,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн болох нь тухайн гүйлгээг хийсэн баримтаар тогтоогдож байна. /хэргийн 11-р хуудас/
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс дээрх 50,000,000 төгрөгийг хариуцагч Т.С*******гийн гуйлтын дагуу түүний бичгээр гаргасан гэрээний дагуу зээлүүлсэн буюу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж, зээлийн гэрээний үүргийг шаардаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээг тусгасан бөгөөд тус хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.
Үүнээс үзвэл зээлдэгчүүлэгч буюу нэхэмжлэгч А.Н******* нь зээлдэгч буюу хариуцагч Т.С*******гийн өмчлөлд мөнгийг шилжүүлсэн тохиолдолд талуудын хоорондын зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Гэвч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч А.Н******* нь М.Баттулгын 5946023051 тоот данс руу сэлэнгээ эгчид гэсэн утгаар шилжүүлсэн байх тул дээрх мөнгө хариуцагч Т.С*******гийн өмчлөлд мөнгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин хариуцагч Т.С******* нь эгч Т.Сгийн хүсэлтээр хэргийн 10 дугаар хуудасанд авагдсан Иргэн хоорондын гэрээ-г нэхэмжлэгч А.Н*******т бичиж өгснөө хүлээн зөвшөөрч байна.
Иргэн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт үүргийн харилцааг Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт үүрэг нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүсэхээр заасан.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтад зааснаар хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь иргэний эрх зүйн харилцаа буюу үүргийг үүсгэхээр байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заажээ.
Хариуцагч Т.С******* нь нэхэмжлэгч А.Н*******т бичиж өгсөн Иргэн хоорондын гэрээ-нд 50,000,000 төгрөгийг өдөр бүр 1,300,000 төгрөгөөр төлөхөөр заасан байх бөгөөд энэхүү бичгийг 50,000,000 төгрөгийг төлүүлэхийн тулд бичүүлж авахуулсан гэдгийг нэхэмжлэгч А.Н******* тайлбарласан.
,
Иймд хариуцагч Т.С******* 50,000,000 төгрөгийг өдөр бүр 1,300,000 төгрөгөөр нэхэмжлэгч А.Н*******т төлж дуусгах үүрэг үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч А.Н******* түүнээс энэхүү үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Хариуцагч Т.С******* нь дээрх 50,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эгч Т.С нь нэхэмжлэгчид төлж барагдуулсан гэж тайлбарлаж байгаа боловч А.Нандинцэгээс Б.Батцэцэгийн данс руу 220,000,000 төгрөг, Д.Ариунаагийн данс руу 20,000,000 төгрөг, М.Баттулгын данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд эдгээр иргэдийн данснаас буцааж түүн рүү шилжүүлсэн мөнгө дүн нь дээрх хэмжээнээс бага байх тул 50,000,000 төгрөг төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгчээс Т.Сгийн Саракаас (Т.С*******гээс) авсан мөнгөө өөрөө нэх, би өөрийн авсан мөнгөө л төлнө гэсэн агуулгатай чат зурвасыг гаргаж өгсөн боловч зурвасанд бичигдсэн Т.С*******гийн төлөх ёстой гэсэн мөнгө нь нэхэмжлэгчээс өмнө авсан мөнгө үү, эсвэл 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 50,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 8,000,000 төгрөгийн аль болох нь тодорхойгүй, ерөнхий агуулагатай байх тул 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 50,000,000 төгрөгийг хэлж байна гэж үзэх үндэслэлгүй болно.
2.2. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлүүлсэн 150,000 рубль буюу 5,130,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 150,000 рублийг хариуцагч Т.С******* нь нэхэмжлэгч А.Н******* ээж Ц.Оюундуламаас очиж авсан, энэхүү мөнгө нэхэмжлэгч А.Н******* мөнгө болох нь гэрч Ц.Оюундуламын мэдүүлгээр тогтоогдож байна.
Хариуцагч Т.С******* нь дээрх 150,000 рублийг нэхэмжлэгчээс зээлж авснаа үгүйсгээгүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч А.Н******* нь хариуцагчаас зээлүүлсэн 150,000 рубль буюу 5,130,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Хариуцагч дээрх рублеийг буцаан 7,308,500 төгрөгөөр нэхэмжлэгчид 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дансаар шилжүүлээд төлчихсөн гэж тайлбарлаж байгаа боловч дээрх гүйлгээг хийсэн данс нь хариуцагч Т.С*******гийнх биш байх тул дээрх мөнгийг нэхэмжлэгчид төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
3. Иймд шүүхээс дээрх дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.С*******гээс 55,130,000 /50,000,000+5,130,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Н*******т олгохоор шийдвэрлэлээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан, үлдсэн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487,700 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 433,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Н******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлүүлсэн 8,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталсугай.
2. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т******* С******* /РД:******/-гээс 55,130,000 /тавин таван сая нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А******* Н******* /РД:*******/-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487,700 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 433,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн 1 дэх заалтаас бусад заалтад зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН