| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2018/0039/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 43
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Ц.Ба- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ба-д холбогдох эрүүгийн 1823000480044 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин *******, ээжийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Ц-ийн Ба-, Регистрийн дугаар: ИД******** Ц-ийн Ба- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн Э.Сү-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Ц.Ба- нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний орой Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутагт байх Ц.Би-ийн гэрт иргэн Э.Сү-ыг мал харсангүй гэсэн шалтгаанаар хөл гар луу өшиглөн, сандал авч шидэж гэмтэл учруулсан болох нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Э.Сү-ын “...хадам ах Ц.Ба- та 2 чинь хаашаа юм бэ хонио хаана байгааг мэддэггүй энд та 2 амрах гэж ирсэн юм уу янхан, жингэр, гичий гэж хэлээд намайг хэл амаар доромжлоод хоол идэж байсан сэрээгээ над руу шидэхэд сэрээ нь намайг оноогүй ээ дараа нь өөрийнхөө баруун гар талд байсан жижиг модон сандалыг авч шидэхэд сандал миний мөрний ар дал хэсэгт цохисон. Дахиад нэг сандал аваад над руу шидэх гэхэд нь манай малчин залуу Да- сандалыг нь барьж аваад та 2 чинь одоо яаж байна аа гэж хэлсэн. Тэгтэл хадам ах Ба- нь малчин залуу Да-ийг чи энэ янхан жингэрээ өмөөрөөд байгаа юм уу гар тавиадах гэж хэлээд над руу юм авч шидэх гээд байсан. Тэгтэл Да- Ба-г та одоо боль тайвшир гэж хэлэхэд хадам ах овоо тайвшраад сууж байхаар нь би гадагшаа гарах гээд хаалга руу явсан чинь Ба- босож ирээд миний баруун хөлний өвдөгний дээд хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд миний нөхөр ******* хадам ахыг та одоо гар гээд түлхсэн Ба- би гарахгүй миний зүүн хөлний өвдөгний дээд хэсэг рүү дахиад нэг өшиглөсөн... мөн гаднаас гэрт орж ирснээ тамхи ороож татаж сууж байснаа над руу дахиад сандал аваад шидсэн. Тэр сандал миний зүүн талын ташаан тус газарт оносон...” гэсэн мэдүүлэг Шүүгдэгч Ц.Ба-, Э.Сү- нарыг маргалдсан талаар мэдүүлсэн гэрч Б.Да-ийн “ ... Ц.Ба- нь Э.Сү-ыг сандалаар шидэхээр нь би дундуур нь ороод болиулсан. Сү-ын нуруу хавь руу сандал жаахан шүргэсэн байх тэрнээс яг Сү-ыг сандалаар онож цохиогүй. Ба- нь Сү- руу дайраад босохоор нь би Ба-г бариад авсан чинь Сү- нь Ба-г цохих гээд гараа савсан чинь Ба- гарыг нь барьж аваад хазахаар нь би Ба-г түлхээд холдуулсан юм...” гэсэн мэдүүлэг Шүүгдэгч Ц.Ба-гийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Сү-той хэрэлдэж эхэлж байгаад Сү- над руу галын хайч, сандал, аяга шидсэн харин тэр нь намайг оноогүй... галын хайчыг нь би буцаагаад шидчихсэн. Миний шидсэн сандал, галын хайчинд Сү- оногдож биед нь хөнгөн гэмтэл учирсан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа би Сү-ын нэхэмжилсэн 500.000 төгрөгийг бэлнээр төлсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Би-ийн “...Ба-, Сү- нар нь хоорондоо нэг нэг рүүгээ халба, сэрээ, сандал, аргалаар шидэлцсэн юм. Зууралдаж байгаад Ба- ах Сү-ын гарнаас нь хазсан байсан. Тэрнээс өөрөөр бол цохиж зодсон зүйл байхгүй...2015 онд Э.Сү- бид хоёр гэр бүл болоод 3 сар л болж байсан юм байна. Миний эхнэр Э.Сү- үхэрээ саагаад зэлэн дээрээ байж байхад нь Ц.Ба- ах үхэр, тугалаа нийлүүллээ гээд уурлаад үглэж байснаа Сү-ыг очоод толгой руу нь алгадаж байсан юм. Мөн 2017 оны өвөл 01 сарын дунд үеэр санашдаж байна Ц.Ба- ах бид нар сонгууль өгчихөөд гэртээ ирээд байж байтал араас манайд хүмүүс ирээд архи ууцгааж сууж байгаад Ба- ах татаж байсан тамхины ишээ галын өр рүү шидсэн чинь Сү- тамхиа гараад татчихааж хүүхэд ханиалгаад уйлаад байна та бүхэн дуу чимээгээ бас багасгамаар байна гэж хэлсэн чинь Ба- ах хэвтэх гээд арагшаа унахдаа зуухны ар руу өшиглөөд гал дээр буцалж байсан тогоотой шөл цалгиж асгараад миний эхнэр Сү-ын хөлийг түлсэн зүйл гарч болж байсан Ба- ах тэр үед санаатай бол өшиглөөгүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Ц.Ба-гийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Э.Сү-ын биед хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 201820096 дугаартай “Иргэн Э.Сү-ын биед тархи доргилт баруун чамархайд шарх, зүүн гуяны урд дунд хэсэг, баруун гуяны дотор тал, баруун шилбэ, зүүн ташаан толгойд цус хуралт, баруун гарын ядам хурууны гадна зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Дээрхи мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Ба- нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогчид 500000 төгрөг төлсөн, хохирогч Э.Сү- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болно. Шүүгдэгч Ц.Ба- нь иргэн Э.Сү-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учирсан нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Ц.Ба-гийн хохирогч Э.Сү-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Ц-ийн Ба-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр улсын яллагчийн саналаар торгох ял оногдуулах боломжтой гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5, 1.6, 1.8, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт Ц-ийн Ба-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ба-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ба-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2/хоёр/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ц.Ба-д 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ц.Ба-гийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс улаан хээр зүсмийн дан саран тамгатай 1 ширхэг нас гүйцсан морь, хээр алаг давхар саран чагттай, тамгатай нас гүйцсэн морь 1 ширхэгийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч Ц.Ба- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧН.ДЭЛГЭРМАА