Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 316/шш2025/00946

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 316/ШШ2025/00946

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж тус шүүхийн хуралдааны А танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч: К******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: М******* ХХК, Д******* Б******* нарт холбогдох 

 

2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3035-2020/32 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 102,612,025 төгрөг, зээлийн хүүд 23,5444,439 төгрөг, нийт 126,156,464 төгрөгийг Мөнх шүтээн ХХК, Д.Б******* нараас тэнцүү хэмжээгээр буюу 63,078,232 төгрөгийг тус тус гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Г**-О* /цахимаар/,

Хариуцагч, хариуцагч М******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд (гүйцэтгэх захирал): Д.Б*******,

Гуравдагч этгээд Д.О******* итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Т*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч К******* б******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М******* ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 150,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн үндсэн төлбөрөөс 56,300,000 төгрөгийг төлсөн боловч 2021 оны 05 дугаар сараас хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хүү болон алданги үүссэн. 2022 онд гэрээ цуцлагдаж, зээл чанаргүй ангилалд шилжсэн.

Зээлийн гэрээнд Мөнх шүтээн ХХК-ийн өмчлөлийн орон сууц, хашаа байшин, мөн Д.Б*******ийн хувийн орон сууц барьцаанд орсон. Барьцаа хөрөнгийн үнэлгээгээр зээлийг баталгаажуулсан бөгөөд гэрээ цуцлагдсаны дараа зээлийн үлдэгдэл, хүү, алдангийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ зээл нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих батлан даалтын сангийн баталгаатай зээл байсан. Зээлдэгч үүргээ биелүүлээгүй тул 2023 онд Батлан даалтын сан гэрээний дагуу зээлийн тодорхой хэсгийг (45,315,000 төгрөг) б*******анд төлсөн. Гэвч энэ нь зээлдэгчийн үүргийг хүчингүй болгосон биш, зээлийн гэрээний дагуу Б******* өөрөө батлан даалтын санд эргэн төлөх үүрэгтэй хэвээр.

Хариуцагчийн 100,000,000 төгрөг төлсөн гэх тайлбар баримтаар нотлогдоогүй.
Б*******ны дотоод бүртгэл, дансны хөдөлгөөнд 56,300,000 төгрөгийн төлөлт л бүртгэгдсэн.
Батлан даалтын сангийн төлөлтийг хариуцагчийн төлбөрт оруулж тооцох боломжгүй, учир нь энэ нь гуравдагч этгээдийн үүргийн биелэлт юм. Иймд нийт үлдэгдэл 126,156,464 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн хүү, алдангийн хамт нэхэмжилж байна. Хариуцагч төлбөрийн чадвараа нотлох орлого, баримт, гэрээ, тайлан зэргийг шүүхэд ирүүлээгүй.
Зөвхөн үйлдвэр ажиллаж байгаа, фэйсбүүк хуудас 100 гаруй дагагчтай гэх үгэн тайлбар гаргасан нь нотлох баримт биш. Иймээс зээлийн гэрээг хэвийн гэж үзэх, сунгах үндэслэл байхгүй.

Зээлийн гэрээ нь хариуцагчийн хүлээсэн үүрэг, иргэний хуулийн 452, 453 дугаар зүйлд зааснаар үүргээ хугацаанд биелүүлээгүй этгээд хүү, алданги төлөх үүрэгтэй.
Гэрээ цуцлагдсан тул б*******ны барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангах эрх үүссэн.
Иймээс нэхэмжлэл хууль, гэрээний нөхцөлд нийцэж байна
гэв.

 

2. Хариуцагч, хариуцагч Мөнх шүтээн ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд (гүйцэтгэх захирал) Д.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотлох баримт авч ирэх гэж байгаад нэхэмжлэгч тал ч нотлоод өгөх учраас авч ирээгүй. Нэхэмжлэгч тал зээлийн асуудлыг барьцаа хөрөнгөөр хангуулах шүүх хурал болж байна. Миний хорт хавдартай нөхрөө харж байгаа эгчийн байрыг барьцаа хөрөнгөөр авч, намайг төлбөр төлөх чадваргүй гэж үзэж байна гэж ойлгож байна. Үүнийг төлөх чадалтай байгаа гэдгээ нотолж ярина. Нэхэмжлэгч тал хүртэл хүлээн зөвшөөрөх байх.

150,000,000 төгрөгийн зээлийг авсан. Өнөөдрийн байдлаар 100,000,000 төгрөг гаруй төлсөн ч 120,000,000 төгрөг нэхэмжилж байна. Бүх амьдарч байгаа зүйлүүдийг авч хохирлоо барагдуулна гэж байна. 100,000,000 төгрөг төлсөн нь миний өмнөх төлөлтөөс харагдаж байгаа байх. Манай үйлдвэр корона цар тахлын үеийг давж гараад ажилчидгүй болсон ч би төрсөн дүүтэйгээ анхнаасаа эхлүүлсэн найзтайгаа гурвуулаа аваад гарсан. Манай фэйсбүүк, пэйж хуудас маань 100 гаруй дагагчтай, шууд хайгаад харахад ойлгомжтой учраас баримт авчраагүй ирсэн.

Бизнесийн үйл ажиллагаа давагдашгүй хүчин зүйлээс болж хүндэрсэн. Заавал барьцаа хөрөнгө гэж байснаас би өөрийн зүгээс бүх боломж ийм байгаа тул 2 ч удаа ярилцаж үзлээ. Би төлөх чадвартай төдийгүй илүү дээшилж байгаа гэж итгэж байна. Заавал барьцаа хөрөнгөөр хангуулж, гудамжинд гарч байж төлөх шаардлагагүй байна. Энэ зээлийг 2 жилийн дотор бүрэн төлөх чадвартай гэж хэлмээр байна.

Б*******ны 100,000,000 төгрөг төлөөд байхад 120,000,000 төгрөг төлөх болоод байна. Үнэн бодитой сайн гарсан байгаа гэж итгэж байна, энэ дээр хариулт өгнө үү.

Батлан даалтын сан эхэлж төлөөд, би дараа нь батлан даалтын санд нэмж өгсөн. Батлан даалтын сангийн зээл учраас эрсдэл үүсвэл өмнөөс нь төлөх Баялаг бүтээгчээ дэмжсэн зээл байсан. Тэр журмаараа батлан даалтын сангаас төлөгдөөд, би дараа нь тэр санд төлсөн. Нэг ёсондоо ижил зүйл болсон. 45,000,000 гаруй төгрөгийг батлан даалтын сан төлсөн.

Би огт төлбөр хийхгүй байгаагүй. Коронагийн үед ч бусад газруудыг бодвол хаалгаа барилгүй ажилласан. Хариуцлага алдсан гэж байгаа боловч үйлдвэр дампуураагүй.
Б*******ны өөрийнх нь мөнгө биш гэж би ойлгосон, батлан даалтын сангийн мөнгөөр зээлсэн гэж ойлгосон. Төлөх чадвар байсаар байтал гэрээг цуцалж, барьцаагаар авах эрхийг нэхэмжлэж байна. Манай нөхцөлийг харгалзан үзэж, гэрээг цуцлахгүйгээр графикийн дагуу төлөх боломжийг олгож, зээлийн гэрээг хэвийн горимд үргэлжлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү
гэв.

 

3. Гуравдагч этгээд Д.О******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барьцаа хөрөнгө гэж байна нэгэнт хэвийн үйл ажиллагаатай явж байгаа мөнгө босгох боломж байгаа учраас итгээд би өөрөө ч үйлдвэрт нь ажилладаг. Ирээдүй гэрэлтэй харагдаж байхад заавал хүний орон байрыг ингэх шаардлага байдаг юм уу хугацаан дээрээ тохирч болохгүй юм уу?. Үл хөдлөхөө алдаад байх зарж бужигнуулаад төлөх чадваргүй бизнес биш. Хөгжиж байгаа учраас итгээд би энд сууж байна. Үүнийг шүүх мэдэж Монгол улсын хууль иргэндээ хахир хатуу хандаж гудамд хөөж гарахгүй байх гэж бодож байна гэв.

 

4. Нэхэмжлэгч К******* б******* ХК нь хариуцагч Мөнх шүтээн ХХК, Д.Б******* нарт холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3035-2020/32 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 102,612,025 төгрөг, зээлийн хүүд 23,5444,439 төгрөг, нийт 126,156,464 төгрөгийг Мөнх шүтээн ХХК, Д.Б******* нараас тэнцүү хэмжээгээр буюу 63,078,232 төгрөгийг тус тус гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

 

- Хариуцагч Мөнх шүтээн ХХК, Д.Б******* нартай 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 3035-2020/32 тоот зээлийн гэрээ, 3035-2020/32-1, 3035-2020/32-2, 3035-2020/32-3 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг байгуулсан

- Нэхэмжлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч М******* ХХК-ийн дансанд зээлийн 150,000,000 сая төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн

- Хариуцагч нар нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 47,387,974.77 төгрөг, зээлийн хүүд 56,794,494.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 704,732.98 төгрөгийг төлсөн бөгөөд төлөгдөөгүй үлдсэн мөнгөн төлбөрийн үүргийг зохих ёсоор хугацаанд нь биелүүлэхийг хариуцагч нараас удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үлдэгдэл төлбөр болох үндсэн зээлийн төлбөр 102,612,025 төгрөг, зээлийн хүүд 23,5444,439 төгрөг, нийт 126,156,464 төгрөгийг Мөнх шүтээн ХХК, Д.Б******* нараас тэнцүү хэмжээгээр буюу 63,078,232 төгрөгийг тус тус гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна

- Хариуцагч төлбөрийн чадвараа нотлох орлого, баримт, гэрээ, тайлан зэргийг шүүхэд ирүүлээгүй. Зөвхөн үйлдвэр ажиллаж байгаа, фэйсбүүк хуудас 100 гаруй дагагчтай гэх үгэн тайлбар гаргасан нь нотлох баримт биш. Иймээс зээлийн гэрээг хэвийн гэж үзэх, сунгах үндэслэл байхгүй гэв.

 

Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа нотлох хүрээнд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн М******* ХХК-ийн К******* б******* ХК-нд гаргасан зээл олгохийг хүссэн хүсэлт, компанийн дүрэм, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 3035-2020/32 тоот зээлийн гэрээ, 3035-2020/32-1, 3035-2020/32-2, 3035-2020/32-3 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд, Д.О******* Д.Б*******өд олгосон 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Ү-1317001867 дугаартай орон сууцыг барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэл, зээлийн дансны хуулга, нэхэмжлэгчээс хариуцагч нарт хүргүүлсэн зээлийг төлөх тухай мэдэгдэл, шаардлагууд, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгөв. /хэргийн 12-65 дахь хуудас/

 

5. Хариуцагч, хариуцагч Мөнх шүтээн ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд (гүйцэтгэх захирал) Д.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, татгалзаж буй үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав.

 

- 2020 оны 7 дугаар сарын 8-нд К******* б*******-аас 150,000,000 төгрөгийн зээл авсныг хүлээн зөвшөөрч байна.Өнөөдрийн байдлаар 100,000,000 төгрөг гаруйг төлсөн гэж үзэж байгаа бөгөөд б*******наас нэхэмжилж буй 126,156,464 төгрөгийн тооцоо бодит бус, буруу гэж үзэж байна.

- Ковид-19 цар тахлын үед бизнесийн үйл ажиллагаа доголдсон нь давагдашгүй хүчин зүйл тул үүнийг харгалзан үзэхийг хүсье. Мөн тухайн үед олон үйлдвэр хаалгаа барьж байсан ч манай үйлдвэр хаалгаа барилгүй ажилласан, орлого нэмэгдэж байгаа, төлөх чадвартай байна. 2 жилийн хугацаанд бүрэн төлөх боломжтой гэж итгэж байгаа бөгөөд зээлээ хэвийн горимд үргэлжлүүлэхийг хүссэн.

- Зээлийн гэрээг цуцлахгүй, барьцаа хөрөнгөөр үүрэг хангуулахгүйгээр графикийн дагуу төлөх боломжийг олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч нь дээрх татгалзал, тайлбараа нотлох хүрээнд нотлох баримт гаргаж өгөөгүй, нотлох баримт цуглуулах хүсэлт гараагүй болно.

 

6. Гуравдагч этгээд Д.О******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т******* нь хариуцагчийн тайлбар, үндэслэлийг дэмжив.

 

7. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбараас үзвэл талуудын хооронд зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан асуудалд маргаангүй байх бөгөөд харин нэхэмжилж байгаа зээлийн мөнгөн дүнгийн хэмжээ, Ковид-19 цар тахлын үед хэрхэх байсан, зээлийн гэрээг цуцлахгүйгээр цаашид 2 жилийн хугацаанд зээлийг төлөх эсэх асуудал нь маргааны зүйл болж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К******* б******* ХК нь хариуцагч Мөнх шүтээн ХХК, Д.Б******* нарт холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3035-2020/32 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 102,612,025 төгрөг, зээлийн хүүд 23,5444,439 төгрөг, нийт 126,156,464 төгрөгийг Мөнх шүтээн ХХК, Д.Б******* нараас тэнцүү хэмжээгээр буюу 63,078,232 төгрөгийг тус тус гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг шүүхээс дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 3035-2020/32 тоот зээлийн гэрээ, 3035-2020/32-1, 3035-2020/32-2, 3035-2020/32-3 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулж, нэхэмжлэгчээс зээлдэгч болох хариуцагчид 150,000,000 төгрөгийг 2030 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, жилийн 12 хувийн хүүтэй олгосон, уг зээлийн үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-1317001867 дугаартай орон сууц, Ү-1317000918 дугаартай орон сууц, Ү-1317002333 дугаартай хувийн орон сууц, Г-1317001099 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар зэргийг барьцаалсан үйл баримт нь хэрэгт авагдсан дээрх гэрээнүүд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн тайлбараар нотлогдож байна.

 

2. Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд б*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл гэрээтэй холбоотой харилцааг зохицуулсан байх бөгөөд 451 дүгээр зүйлийн 451.1-д Б*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр б*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Үүнээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Б*******наас олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нараас нь зээлүүлсэн мөнгө, гэрээгээр тохирсон зээлийн хүүг нэхэмжлэх эрхтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 3035-2020/32 тоот дугаартай зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4-д зээлийн хүүг жилийн 12 хувийн хувиар тохирч, зээлдэгч зээлээ хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр заасан байх тул хариуцагч нар нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан зээлийн төлбөрт 47,387,974.77 төгрөг, зээлийн хүүд 56,794,494.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 704,732.98 төгрөгийг төлсөн гэж үзэж, үлдэгдэл төлбөр болох үндсэн зээлийн төлбөр 102,612,025 төгрөг, зээлийн хүүд 23,5444,439 төгрөг, нийт 126,156,464 төгрөгийг Мөнх шүтээн ХХК, Д.Б******* нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 

Хариуцагч, хариуцагчийн талд оролцож байгаа гуравдагч этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгч талын гаргасан зээлийн тооцооллыг нотлох баримтаар үгүйсгээгүй тул шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан зээлийн тооцооллыг үнэн гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 3035-2020/32 тоот дугаартай зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан тул Иргэний хуулийн хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон Д.Б*******өд зээлдэгч М******* ХХК-тай адил үүрэг үүссэн болно.

 

3. Талууд зээлийн гэрээний хугацааг 2030 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан боловч зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-д зээлдэгч нь зээлийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн, зээл, зээлийн хүүгийн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн үйлдлийг ноцтой зөрчилд тооцоохоор заасан байх бөгөөд мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.7, 10 дугаар зүйлийн 10.2.2-т нь зээлийн гэрээний заалтыг ноцтой зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө зээлдэгч дангаар цуцалж, төлөгдөөгүй үлдсэн зээлийг төлөхийг зээлдэгч, хамтран зээлдэгч нараас шаардах эрхтэй гэж заажээ.

 

Хариуцагчид зээлийн төлөлтийг хугацаандаа хийхгүй зөрчил гаргаж байгааг нэхэмжлэгчээс 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 6 удаа албан мэдэгдэл, шаардлагууд мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан удаа албан мэдэгдэл, шаардлагууд болон нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчээс зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлөхийг зээлдэгч, хамтран зээлдэгч нараас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагчаас одоо үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж орлого нэмэгдэж байгаа тул зээлийг 2 жилийн хугацаанд төлнө гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь нотлох баримтаар нотлогдсонгүй, нотлогдсон ч энэхүү тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзах үндэслэлгүй болохгүй бөгөөд улмаар зээлийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх эрх шүүхэд олгогдоогүй болно.

 

4. Хариуцагчаас зээлийн эргэн төлөлтийг эхлэх хугацаанд Ковид-19 цар тахал гарч бизнесийн үйл ажиллагаа доголдсон, энэ нь давагдашгүй хүчин зүйл тул үүнийг харгалзан үзнэ үү гэсэн тайлбарыг гаргав.

 

Талууд хооронд байгуулсан зээлийн гэрээний 11 дүгээр зүйлд давагдашгүй хүчин зүйлээр талаар заасан байх бөгөөд гэрээний 11.1-д давагдашгүй хүчин зүйл тохиолдсон тохиолдолд талууд гагцхүү харилцан тохиролцож, тухайн нөхцөлд тохирсон нэмэлт гэрээ байгуулсны үндсэн дээр үүргээ биелүүлэхийг түр хугацаагаар хойшлуулах болон бусад нөхцөлийн талаар шийдвэрлэхээр заасан боловч энэхүү нэмэлт гэрээ байгуулагдаагүй байна. Иймд хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах үндэслэлгүй байна.

 

5. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.2 дахь хэсэгт Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ, 242.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан тул нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тэнцүү хэмжээгээр буюу хариуцагч тус бүрээс 63,078,232 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлтэй байна.

 

6. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3035-2020/32-1, 3035-2020/32-2, 3035-2020/32-3 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд холбогдох бүртгэл хийгдсэн байх тул шүүхээс хүчин төгөлдөр гэж дүгнэж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

7. Иймд шүүхээс дээрх дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3035-2020/32 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 102,612,025 төгрөг, зээлийн хүү 23,5444,439 төгрөг, нийт 126,156,464 төгрөгийг хариуцагч Мөнх шүтээн ХХК-иас 63,078,232 төгрөг, хариуцагч Д.Б*******өөс 63,078,232 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К******* б******* ХК-нд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Б*******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрт заасан мөнгөн төлбөрийн үүргийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-1317001867 дугаартай орон сууц, Ү-1317000918 дугаартай орон сууц, Ү-1317002333 дугаартай хувийн орон сууц, Г-1317001099 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

8. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 929,130 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас тус бүр 464,565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3035-2020/32 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 102,612,025 төгрөг, зээлийн хүү 23,5444,439 төгрөг, нийт 126,156,464 төгрөгийг хариуцагч Мөнх шүтээн ХХК /РД:******/-иас 63,078,232 төгрөг, хариуцагч Д******* Б******* /РД:*******/-өөс 63,078,232 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К******* б******* ХК-нд олгосугай.

  2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Б*******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрт заасан мөнгөн төлбөрийн үүргийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-1317001867 дугаартай орон сууц, Ү-1317000918 дугаартай орон сууц, Ү-1317002333 дугаартай хувийн орон сууц, Г-1317001099 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 929,130 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас тус бүр 464,565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН