| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 2536000000116 |
| Дугаар | 36 |
| Огноо | 2025-07-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 36
2025 07 03 2025/ДШМ/36
*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Энхтулга, яллагдагчийн өмгөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/274 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2536000000116 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгохишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн******* суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, малчин, Ховд аймгийн******* сумын ******* ******* ******* оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* ******* ******* *******, регистрийн дугаартай.
2.Яллагдагч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр архи, согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ улсын дугаартай Приүс-41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А, 12.3, 15.9-д заасныг тус тус зөрчсөний улмаас Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргаж, хохирогч С.Гантулгын биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны зөрөөгүй хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллагдагч ******* ******* ******* *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2536000000116 дугаартай хэргийг Ховд аймгийн прокурорын газарт буцааж,
4.2 Хэрэг прокурорт очтол яллагдагч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
4.3 2536000000116 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,
4.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурор, яллагдагч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт *******аан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамжид заасан "...2025 оны 02 сарын 22-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд яллагдагч *******ын амьсгал дахь спиртийн хэмжээг Alcotest багаж ашиглан шалгахад 0,00% гэж гарсан байгаа нь шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%) байх гэсэн шаардлагыг хангаагүй. Харин 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ХОВ0325/049 дугаартай шинжээчийн дүгнэлтээр яллагдагч *******ын цусанд 0,7 промиль спиртийн агууламж илэрсэн. Шинжээчээс Alcotest багаж ашиглан амьсгал дахь спиртийн хэмжээг шалгах, Спектрофотометр багаж ашиглан цусан дахь спиртийн хэмжээг шалгахад хийсэн хэмжилтүүдийг ямар аргаар хийдэг болох, дээрх хоёр шалгуур нь хоорондоо тохирох эсэх талаар асууж тодруулан, энэ талаарх мэдүүлэг авч хэрэгт хавсаргаагүй байна.
Өөрөөр хэлбэл Unico-7200 Спектрофотометр багаж ашиглан хийсэн хэмжилтээр цусанд 0,7 промиль спиртийн агууламж гарсан тоон утга яаж гардаг талаар, амьсгалд хийсэн шинжилгээтэй тохирдог эсэх талаар шинжээчээс тодруулан асуугаагүй байх бөгөөд яллах, цагаатгах талын нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй байна. Яллагдагч *******ын амьсгал дахь болон цусан дахь спиртийн агууламж зөрүүтэй байгаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх, энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэх, зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтооход ач холбогдолтой төдийгүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нотолбол зохих байдал нотлогдсон эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой...." гэх заалтыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 он А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам"- ын 2 дахь хэсгийн 2.4-т "Зам тээврийн осолд холбогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд нь шалгуулах чадваргүй, согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд цус, дээж авч, Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэх тогтоолын хамт хүргүүлнэ.” гэж, 2.5- д "Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ." гэж тодорхойлсон байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тухайн зам тээврийн осол нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болсон. Хэргийн газарт дуудлагаар очсон албан хаагч яллагдагч *******ын амьсгал дахь спиртийн хэмжээг Alcotest багаж ашиглан шалгахад 0,00% гэж гарсан. Улмаар мөрдөгчөөс тухайн цаг хугацаанд "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам"- ын 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасны дагуу *******ын биеэс шинжилгээнд зориулж 0,5 мл цус авсан. Тухайн цусанд спиртийн агууламж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж, Ховд аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Цогтгэрэл нь 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ХОВ0325/049 дугаартай "******* РД: гэж хаягласан хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн цусанд 0.7 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 0.7 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Шинжилгээ хийх явцад ач холбогдол бүхий бусад зүйл тогтоогдсонгүй." (хх-ийн 45- 47 дугаар хуудас) гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шинжээчийн дүгнэлтэд шинжилгээний явц байдлын талаар "...Шинжилгээнд ирүүлсэн цус гэх зүйл нь химийн шинжилгээ хийхэд тэнцэнэ /зураг №01, 02/. Шинжилгээнд тэнцэж буй цусанд спиртийн агууламж байгаа эсэхийг тогтоох зорилгоор бихромат калийн исэлдэх урвал дээр үндэслэж шинжилгээг явуулж Unico- 7200 спектрофотометр багаж ашиглан 590 нм долгионы уртад хэмжилтийг 3-н удаа хийж стандарт жиших муруй дээрээс харгалзах тоон утгыг олж тоо хэмжээг тодорхойлоход "******* РД: " гэж хаягласан хуруу шилтэй цусанд 0.7 промилли спиртийн агууламж илэрсэн. Дээрх шинжилгээний явцыг дуу, дүрсний бичлэг, гэрэл зургаар баталгаажуулав. Шинжилгээний явц, үр дүнг үндэслэж дараах дүгнэлтийг өгөх үндэслэл боллоо." гэж шинжилгээ хийх үеийн процессыг бичсэн байх ба 3 удаагийн хэмжилтийн үр дүнгээр тогтоогдсон нөхцөл байдлын талаар дүгнэлт гаргасан байна.
Шинжээчээс гаргасан дүгнэлттэй холбогдуулан мэдүүлэг авахад шинжээч Б.Цогтгэрэл нь "... Цусны дээж шинжилгээнд авах үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх боломжтой. Тухайн хүний биеийн онцлог, нас, хүйс, биеийн жингээс хамаараад харилцан адилгүй байна. Цусанд агуулагдаж байгаа нийт спиртийн хэмжээг тогтоох шинжилгээ хийсэн. Тухайн цуснаас 0.7 промилли спиртийн агууламж илэрсэн. Шинжилгээний үр дүн нь дээж авч байх үеийн үр дүнг илэрхийлдэг. Өмнөх өдрүүд ямар байсныг нөхөн тогтоох боломжгүй. 0.5 промиллээс дээш бол спиртийн агууламж илэрсэн гэж үзнэ. Спиртийн суурьтай эмийг эмчилгээний журмаар хэрэглэхэд согтолтын зэрэг тогтоогдох хэмжээний спиртийн агууламж цуснаас илрэхгүй..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 9 дүгээр хуудас) өгсөн байна.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд яллагдагч ******* нь зам тээврийн осол гаргах үедээ 0.7 промилли буюу хөнгөн зэргийн согтолттой байсан болох нь хөдөлбөргүй нотлогдож байна. Иймд Шүүгчийн захирамжид заасан шинжээчээс Unico-7200 Спектрофотометр багаж ашиглан хийсэн хэмжилтээр цусанд 0,7 промиль спиртийн агууламж гарсан тоон утга яаж гардаг талаар, амьсгалд хийсэн шинжилгээтэй тохирдог эсэх талаар шинжээчээс тодруулах шаардлагагүй юм. Мөн Ховд аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Цогтгэрэл нь 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ХОВ0325/049 дугаартай дүгнэлт нь эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2025/Ш3/274 дугаартай Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
6. Яллагдагч *******ын өмгөөлөгч Н.Очирбат давж заалдах шаты шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
2. Ховд аймгийн Прокурорын газраас яллагдагч ******* нь 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 0,7 промилли согтолттойгоор Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч С.Гантулгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь нотлогдсон гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3. Анхан шатны шүүх яллагдагч *******д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд “Шинжээчийн мэдүүлэгт түүний 2 хариулт нь хоорондоо зөрүүтэй байгаа нь эргэлзээтэй, шинжээчээс Unico-7200 Спектрофотометр багаж ашиглан хийсэн хэмжилтээр цусанд 0,7 промиль спиртийн агууламж гарсан тоон утга яаж гардаг талаар, амьсгалд хийсэн шинжилгээтэй тохирдог эсэх талаар шинжээчээс тодруулан асуугаагүй байна. Мөн яллагдагч *******ын амьсгал дахь болон цусан дахь спиртийн агууламж зөрүүтэй байна. Дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэж дүгнэн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
4. Прокурор эсэргүүцэлдээ “шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй тул захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.
4.1 Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч З.Жамъяндоржийн 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “ *******ын амьсгал дахь спиртийн хэмжээг Аlcotest багаж ашиглан шалгахад 0,00 % гэж гарсан, харин тухайн өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 21 цаг 09 минутад *******аас авсан цусыг шинжилгээнд хүргүүлснээр 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ХОВ325/049 дугаартай “ ******* гэж хаягласан хуруу шилтэй цус шинжилгээнд тэнцэнэ, цусанд 0.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна.
Анхан шатны шүүх: шинжээч эмч Б.Цогтгэрэлээс 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр авсан мэдүүлэгт мөрдөгчийн “Иргэн *******ын цусанд спиртийн агууламж хэдэн хоног агуулагдах боломжтой вэ?” гэсэн асуултанд шинжээчийн “Тухайн хүний биеийн онцлог, нас хүйс биеийн жингээс хамаараад харилцан адилгүй байна” гэсэн хариулт,
Мөн “үүнээс өмнөх өдрүүдэд ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол 0,7 промиль согтолт илрэх боломжтой юу?” гэсэн мөрдөгчийн асуултанд “шинжилгээний үр дүн нь дээж авч байх үеийн үр дүнг илэрхийлдэг. Өмнөх өдрүүдэд ямар байсныг нөхөн тогтоох боломжгүй” гэсэн шинжээчийн хариултууд нь хоорондоо зөрүүтэй байгаа нь эргэлзээтэй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Дээрх 2 хариултууд өөр өөр агуулгатай асуултуудын өөр хариултууд бөгөөд тодруулбал: “тухайн хүний биеийн онцлог, нас хүйс биеийн жингээс хамаараад түүний цусанд спиртийн агууламж хэдэн хоног агуулагдах нь харилцан адилгүй байдаг,
Мөн “цуснаас дээж авч байгаа тухайн үеийн согтолтын хэр хэмжээг тухайн үед авсан уг цусны шинжилгээний үр дүн илэрхийлдэг. Харин өмнөх өдрүүдэд ямар байсныг нөхөн тогтоох боломжгүй” гэсэн агуулгыг илэрхийлж байна.
Өөрөөр хэлбэл мөрдөгчийн нэг асуултанд шинжээч 2 өөрөөр, эсвэл мөрдөгчийн 2 өөр асуултанд шинжээч нэг агуулгатай эргэлзээтэй, ойлгомжгүй хариулт өгөөгүй, дээрх 2 хариултууд хоорондоо зөрүүтэй агуулгыг илэрхийлж, эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдлыг бүрдүүлээгүй байна.
4.2 Мөн шаардлагатай гэж үзвэл анхан шатны шүүх шинжээчээс “Unico-7200 Спектрофотометр багаж ашиглан хийсэн хэмжилтээр цусанд 0,7 промиль спиртийн агууламж гарсан тоон утга яаж гардаг талаар, амьсгалд хийсэн шинжилгээтэй тохирдог эсэх” талаархи асуултыг асууж тодруулах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа байна.
4.3 Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан яллагдагч *******ын амьсгал дахь болон цусан дахь спиртийн агууламжийн хэмжээ нь зөрүүтэй тогтоогдсон хоёр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар, эсхүл мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийдвэрлэх боломжтой байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
5. Иймд дээр дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй байх тул “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/274 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Яллагдагч *******д урьд хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ