Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 37

 

 

    2025       07        03                                               2025/ДШМ/0037

*******д  холбогдох эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Батбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат нарийн бичгийн дарга С.Өлзий нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 сарын 07ы өдрийн 2025/ШЦТ/120 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2536000000128 хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 02 сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, япон хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* *******од оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* , Айна.

2. Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 сарын 07-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Магсаржав багт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 3 ын нүүрэн тус газар нь алгадаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч Айнаг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаа зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар тутам 300,000 /гурван зуун мянга/ төгрөгөөр 2/хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч *******д тайлбарлаж,

4.5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди /cd/ 1 ширхгийг хадгалах хугацаа дуустал уг эрүүгийн хэрэгт хадгалж,

 

4.6 Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

4.7 Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/120 шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсгийн 1.5-т “Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нь хохирогчид учирсан хохиролд 570,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгчид учирсан хохиролд 23,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв..." гэж тодорхойлсон атлаа шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт бусдад төлөх хохирол төлбөртэй эсэх талаар дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 зүйлийн 2 дах хэсэгт заасан " шийтгэх тогтоол тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна..." гэх заалтыг хангаагүй байна.

Улсын Дээд Шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 2 хавсралтаар баталсан "Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоол боловсруулах аргачлалын 3 дахь хэсэгт заасан 3.1-т "... Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон тухай дүгнэлт, түүнд оногдуулсан ял болон хэргийн талаар шүүхээс гаргасан бусад шийдвэрүүдийг заана. Ийнхүү заахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 зүйлийн 1 дэх хэсгийг заасан дарааллыг баримтална..." гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 зүйлийн 1 дэх хэсгийн 1.6... эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх талаар тусгана гэсэн заалтыг зөрчсөн байна.

 Энэ нь мөн хуулийн 39.8 зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих зөрчилд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичих нь үндэслэлтэй гэж үзлээ. Иймд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны 2025 оны 05 сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/120 шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

3. Ховд аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч ******* нь 2025 оны 03 сарын 07-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Магсаржав багт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 3 сургуулийн ын нүүрэн тус газар нь алгадаж хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Шүүгдэгч ******* нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч ын  мэдүүлэг, гэрч Б.Аянурын мэдүүлэг, төрсний гэрчилгээ, хохирогчийн нас тоолсон тэмдэглэл, Ховд аймаг дахь бүсийн шинжилгээний төвийн 2025 оны 03 сарын 19-ний өдрийн ХОВО725/333 шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

5. Шүүх шүүгдэгч *******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

6. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нь хохирогчид учирсан хохиролд 570,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгчид учирсан хохиролд 23,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв." гэж бичсэн атлаа тогтоох хэсэгт шүүгдэгч *******г бусдад төлөх хохирол төлбөртэй эсэх талаар дурдаагүй байх тул прокурорын эсэргүүцлийн хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

7. Мөн анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанаас бага буюу 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгож,  ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07ы өдрийн 2025/ШЦТ/120 тай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг  “Ялтан ******* нь шүүхээс оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлэх үүрэгтэйг дурдсугай.” гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн 6 дахь заалтын “..хоноггүй,” гэсний дараа “бусдад төлөх хохирол, төлбөргүй” гэсэн нэмэлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                         

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ОТГОНХИШИГ

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

       ШҮҮГЧ                                         М.НЯМБАЯР