Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00593

 

 

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00593

 

 

К банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00351 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: К банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ХХК,

Хариуцагч: ЗБДС д тус тус холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 161 645 757 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Нямсамбуу

Хариуцагч ЗБДС гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Даваажав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ-12, БГ-12 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 150 000 000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 5 хувийн нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл авсан.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13342/ ЭТӨЧ 81 дүгээр байр, 33 тоот хаягт байрших, 36,15 м.кв талбайтай орон сууц, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, товчоо 6 дугаар гудамж, 122а тоот хаягт байрших, 468 м.кв талбайтай газар эзэмших эрх, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, товчоо 6 дугаар гудамж 122б тоот хаягт байрших, 468 м.кв талбайтай газар эзэмших эрх, 54-26 УНР улсын дугаартай, Бонго фронтер маркийн автомашиныг тус тус барьцаалж, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээс 7 758 786 төгрөг, зээлийн хүүнээс 10 523 053 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 98 512 төгрөг, нийт 18 380 352 төгрөг төлсөн. Гэтэл дээрх зээлийн гэрээний дагуу үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн биелүүлээгүй байна.

Зээлдэгч Б ХХК нь үндсэн зээл 142 241 213 төгрөг, зээлийн хүү 16 170 453 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 234 090 төгрөг, нийт 161 645 757 төгрөгийг төлөөгүй байгаа. Үүнээс К банк ХХК, ЗБДС , Б ХХК нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан батлан даалтын гэрээгээр ЗБДС тухайн зээлийн 60 хувийг хариуцахаар талууд харилцан тохиролцсон. Ийм учраас ЗБДС гаас зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 142 241 213 төгрөгийн 60 хувь буюу 85 344 728 төгрөгийг, үлдэгдэл 76 301 029 төгрөгийг Б ХХК-аас гаргуулж өгнө үү.

Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани тус банкнаас 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 150 000 000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй зээлийг авч шувууны аж ахуйн тоног төхөөрөмж, тахианы байр бэлдэх, өндөглөгч тахиа худалдаж авах, шувууны тэжээл бэлтгэх зэрэг үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор уг зээлийг авсан.

Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх явц эхэндээ сайн явагдаж байсан боловч сүүлийн 2 жилийн хугацаанд гадаадаас хямд үнэтэй, их хэмжээний өндөг орж ирснээс өндөгний борлуулалт буурч эхэлсэн. Манай компани К банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийг эхний нэг жилийн турш төлсөн бөгөөд хоёр дахь жилээс эхлэн үндсэн зээл төлж эхлэхэд тахианы тэжээлээ авч чадахаа больж аж ахуйн үйл ажиллагаагаа зогсоосон. Манай компанийн авсан зээлийн хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 15-нд дуусах бөгөөд одоогийн байдлаар 158 278 732 төгрөгийг төлөх боломжгүй тул үндсэн зээлийн хугацаа дуусах хүртэл хүлээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ЗБДС гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЗБДС нь К банк ХХК болон Б ХХК-тай 2015 оны 04 сарын 23-ний өдөр 12 тоот батлан даалтын гэрээ байгуулсан.

Батлан даалтын гэрээний 1.4-д Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь байна гэж заасан. Талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээнд зээлдүүлэгч тодорхой нөхцөл байдлыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар заасан. Гэрээний 1.6, 3.2.3, 3.2.4, 3.4.1-д заасан нөхцлүүдийг хэрэгжүүлээгүй байгаа тул ЗБДС гаас шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна.

Иргэний хууль болон ЗБДС гийн тухай хуульд нийцүүлэн хийсэн Батлан даалтын гэрээгээр банк зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, шаардлагыг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд ЗБДС хариуцах үүрэгтэй. Банк энэ үүргээ гүйцэтгээгүй байгаа тул ЗБДС гийн хариуцах үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй байна. Иймд ЗБДС д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 158 313 154 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 332 603 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч ЗБДС д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ү-2204029574 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 000100307 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13342/ ЭТӨЧ 81 дүгээр байр, 33 тоот хаягт байрших, 36,15 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, нэгж талбарын 18654307718963 дугаартай, 000535073 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо 6-122а тоот хаягт байрших, 468 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 18654307712945 дугаартай, 000534967 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо 6-122б тоот хаягт байрших, 469 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, 54-26 УНР улсын дугаартай, KNCSD0622XS453943 аралын дугаартай, Киа Бонгофронтер маркийн автомашиныг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 103 316 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 949 515 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүний талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна гэх агуулга бүхий үндэслэл гаргаж шүүх нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хүү 3 234 090 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, өмнө нь нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 98 512 төгрөгийг зээлийн үндсэн хүүнээс хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь зээлийн гэрээний 2.1.5, 3.18 дэх хэсэгт зээлийн үндсэн хүүний 20 хувиар тооцон нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан.

К банк ХХК, зээлдэгч Б ХХК, батлан даагч ЗБДС нь 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 12 дугаартай "Батлан даалтын гэрээ" байгуулж, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч нь түүний өмнөөс ззэл төлөх үүрэг гүйцэтгэх, батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь байхаар талууд харилцан тохиролцож Иргэний хуулийн 458 дугаар зүйлд зааснаар батлан даалтын гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох зорилгоор зээлийн үлдэгдэл 142 241 213 төгрөгийн 60 хувь буюу 85 344 728 төгрөгийг ЗБДС гаас гаргуулж К банк ХХК-д олгохтой холбогдуулан зохих баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсарган өгсөн. Гэтэл шүүх "Нэхэмжлэгч К банк ХХК-ийг зээл төлүүлэх арга хэмжээг хангалттай авсан гэж үзэхгүй, үндсэн зээлийн үлдэгдэл хэмжээ тодорхойгүй байхад батлан даагч ЗБДС д холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй" гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч К банк ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 158 278 732 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч төлбөрийн боломжгүй байгаа тул зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл түр хойшлуулах тухай тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар ЗБДС г оролцуулах, зээлийн гэрээний үүрэгт 161 645 757 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх хүсэлтүүд гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч холбогдох ажиллагааг хийсэн. Нэхэмжлэгч нь батлан даалтын гэрээний дагуу хариуцагч ЗБДС гаас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн 60 хувь болох 85 344 728 төгрөг гаргуулах, хариуцагч Б ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт үлдэх 76 301 029 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан ба хариуцагч ЗБДС гаас нэхэмжлэгчийг шаардах эрх үүсээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

К банк ХХК нь Б ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 12 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч 150 000 000 төгрөгийн зээлийг сарын 0,42 хувь, жилийн 5 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч зээл, зээлийн хүүг тогтоосон хуваарийн дагуу төлөх, хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон. Уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн харилцаанд хамаарах бөгөөд гэрээг бичгээр байгуулсан нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгч хүлээн авсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

 

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр зээлийн барьцаанд Ү-2204029574 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 000100307 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13342/ ЭТӨЧ 81 дүгээр байр, 33 тоот хаягт байрших, 36,15 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, нэгж талбарын 18654307718963 дугаартай, 000535073 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо 6-122а тоот хаягт байрших, 468 м.кв талбайтай газар эзэмших эрх, нэгж талбарын 18654307712945 дугаартай, 000534967 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо 6-122б тоот хаягт байрших, 469 м.кв талбайтай газар эзэмших эрх, 54-26 УНР улсын дугаартай, KNCSD0622XS453943 аралын дугаартай, Киа Бонгофронтер маркийн автомашинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан. Уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан бичгээр байгуулах, мөн зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл үл хөдлөх эд эд хөрөнгө бол гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагуудыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль нийцжээ.

 

Түүнчлэн зээлдүүлэгч К банк ХХК, зээлдэгч Б ХХК, батлан даагч ЗБДС нь 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 12 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулж, зээлдүүлэгч, зээлдэгч нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан 12 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч бүрэн биелүүлж чадна гэж баталж, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэх, батлан даагч дээрх үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг зээлдэгч төлж барагдуулах, батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь байхаар талууд харилцан тохиролцсон байх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч Б ХХК нь үндсэн зээлд 7 758 786 төгрөг, зээлийн хүүнд 10 523 053 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 98 512 төгрөг, нийт 18 380 352 төгрөгийг төлсөн боловч 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хойш гэрээгээр тохирсон хуваарийг зөрчиж хугацаа хэтрүүлсэн, үүргээ зөрчсөн талаар зохигчид маргаагүй.

 

Гэрээний нэг тал үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг мэдэгдэл өгснөөр тогтоосон тул нэхэмжлэгч мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.18-т Зээлдэгч нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөх дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна гэсэн заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар ...үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж анхан шатны шүүх дүгнэж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 142 241 213 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд тооцсон 98 512 төгрөгийг хариуцагчийн төлбөл зохих хүүгийн төлбөрөөс хасч тооцон, хүүгийн төлбөрт 16 071 941 /16 170 453-98 512/ төгрөг, нийт 158 313 154 төгрөгийг хариуцагч Б ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 232 603 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Батлан даалтын гэрээний 1.6-д Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд Батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ, 3.2.3-т Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногийн дотор багтааж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг авах гэж зааснаас үзвэл шүүхэд хандах нь уг нөхцөлд хамаарахаар байх бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалж, төлбөрийг шаардсан. Уг нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэж, үүргээ гүйцэтгэж чадахгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагааг хийсэн ч хариуцагч Б ХХК-ийг үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд К банк ХХК нь ЗБДС д холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 12 дугаартай Батлан даалтын гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 12 дугаартай зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа уг тохиолдолд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан үндсэн нөхцөл хангагдаагүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00351 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 138 471 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА