| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 170/2018/0042/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэвдагва |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 45
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.Пүрэвдагва Шүүгдэгч Д.Лх- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэвдагваас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Лх-д холбогдох 1823000000039 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Завхан аймгийн Сонгино сумын Айраг нуур багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Уяач овогт Д-ын Лх- РД:/ИЛ********/
Шүүгдэгч Д.Лх- нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Лх- нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Сонгино сумын төвд хохирогч М.От-гийн гэрт түүнтэй зодолдож М.От-гийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримт нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би А-г утсаар дуудаж гэртээ ирүүлсэн. Тэгж байтал манайд Мя- ах Лх-г дагуулаад нэг шил архи барьсан ирсэн. Тэгээд би А+ийг манайд хүрээд ирээч гэж утсаар дуудаад би очиж авъя гэсэн. Лх-г мотоциклоо өгчих гэсэн үгүй гэсэн. Тэгвэл яваад тэр хүнийг аваад ирээч гэсэн чинь “чадахгүй, чи намайг рекетлээд байна уу” гээд бид 2 маргалдсан. Би Лх-г чам шиг банди тэгэх болоогүй шүү гэсэн чинь Мя- ах өөрийгөө хэлж байна гэж бодсон уу яасан юм миний хойноос хоолой боогоод бариад авсан. Тэгсэн Лх- ирээд миний уруул руу цохисон. ...бид хоёр ноцолдож орон дээр унасан. Лх- зугтаад зүүн талын орны тэнд очихоор нь би гүйгээд очтол намайг дагуулаад тонгорсон. Би газар унахад Лх- миний цээжин дээр өвдөглөсөн. Тэгээд бид хоёр хоорондоо жаахан цохилцож зодолдсон. Лх- гарч зугтах гэхээр нь хөлнөөс барьж авсан чинь нөгөө хөлөөрөө намайг өшиглөхөөр нь би гараараа хаасан. Тэгсэн хөлөө тавиулаад гараад зугтаасан. Миний зүүн гуян дээр хөхөрсөн, баруун гарын шуу хөхөрсөн, доод уруул язарсан, цээж өвчтэй болж хавирга цуурсан байсан. Мя- хэнийг ч цохиогүй. Намайг банди гэж хэлэхэд Мя- боож барьж авсан. Манай нутгийн хүмүүс Мя- ахыг банди гэж авгайлж дууддаг юм. Надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй” гэсэн мэдүүлэг, Тухайн үед хохирогчийн гэрт тэдэнтэй хамт байсан гэрч У.Мя-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би дэлгүүр орж нэг шил архи авчихаад гараад иртэл дэлгүүрийн хажууд Лх-тай таарч От-гийнд хүргүүлсэн. Лх- бид хоёр хамт ороод архи задлаад ууж байсан чинь Лх-, От- хоёр маргалдаад байсан юунаас болсныг нь мэдээгүй. Тэгэхээр нь би От-д нутгийн дүүг яагаад байна гэж хэлсэн. Тэр хоёр маргалдаад байхаар нь би От-гийн хоолойг боож бариад авсан чинь Лх- босч ирээд От-гийн нүүр рүү нь гараараа цохисон тэгэхээр нь би От-г тавьсан. Тэр хоёр дээр доороо ороод зодолдоод байсан. От- хүч хүрэхгүй доор нь орсон. Лх- От-гийн дээрээс хэд хэд цохиод хөлөөрөө өшиглөчихөөд гэрээс нь гараад зугтаасан. От-гийн уруул, амнаас цус гарсан. Уруул нь шалбарсан байсан. Тэгээд зүүн талын хавиргаа дараад ёолоод байсан. Лх-д гэмтэл учирсан үгүйг мэдэхгүй. Намайг зодож цохисон хүн байхгүй” гэсэн мэдүүлэг, мөн хамт байсан гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Банди ах нэг танихгүй залуутай хамт нэг шил архи, нэг ундаа барьсан орж ирсэн. От- утсаар А-тай яриад очоод авъя гэсэн. Тэр залуугаас мотоциклын түлхүүрээ өгчих гэсэн чинь өгөхгүй гэсэн. Тэрнээс болж тэр 2 маргалдсан. Хэн нь эхэлж цохьсоныг санахгүй байна. Гэрийн баруун талын орны хажууд тэр хоёр дээр дороо ороод ноцолдоод бие биенээ гараараа цохиод байсан. Би Банди ахыг наад хоёроо салгаач гэсэн чинь Банди ах От-г өвдөглөөд сууж байхад нь араас нь татахад тэр залуу От-гийн нүүр рүү гараараа цохисон. Энэ үед От-гийн уруулнаас цус гарч байсан. ...тэр хоёр дахиад ноцолдсон. От- доор нь орсон зодолдож байснаа буцаад От- дээр нь гараад “гэртээ байж хүнд зодуулчихлаа, миний утас хаана байна цагдаа дуудна” гэсэн чинь тэр залуу ухас гээд гэрээс гараад явсан. Би тэр хоёроос айгаад дөхөөгүй” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч болон гэрчүүдийн дээрх мэдүүлгүүд ижил агуулгатай, эх сурвалж нь тодорхой, хэргийн үйл баримтыг нотолж байгаагаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар авагдсан байх тул шүүх үнэн зөв гэж үзэн үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо. Мөн Д.Лх- нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны үед хохирогчийн биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Түүнчлэн шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө өөрийгээ өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд шүүх хуралдааны шатанд дүгнэлт, тайлбар гаргах шаардлагагүй гэдгээ илэрхийлж, гэм буруугийн талаар маргахгүй байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч М.От-гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 201820102 дугаартай “...М.От-гийн биед зүүн гуяны ард цус хуралт, зулгаралт, доод уруулын дотор талд шарх, зүүн 9, 8-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Зүүн гуяны ард цус хуралт, зулгаралт, доод уруулын дотор талд шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн 9, 8-р хавирганы хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Иймд шүүгдэгч Д.Лх-г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Хохирогч М.От- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэгтээ “...гомдолгүй, нэхэмжлэх хохиролгүй...” гэсэн бөгөөд шүүх хуралдааны өмнө энэ саналаа дэмжсэн байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааны үед улсын яллагч түүнд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000/зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргахад шүүгдэгч уг ялын саналыг эсэргүүцээгүй болно. Гэвч шүүгдэгч Д.Лх- нь гэрч У.Мя-ын гуйлтын дагуу түүнийг хүргэж өгөх үед архи ууж согтуурсан хохирогч М.От- маргаан үүсгэн зүй бус харьцсаны улмаас буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэгдээгүй, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол ноцтой бус зэрэг хэргийн нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, түүний гэмт хэрэг үйлдэхээс өмнөх болон хойшхи хугацаанд зөв зан төлөвтэй байсан байдал, тодорхой боловсрол мэргэжил эзэмшсэн, цаашид засарч хүмүүжих боломжтой гэж үзэх хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж, түүнд албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзлээ. Гэрч У.Мя- нь хохирогч М.От-гийн араас хоолойг нь боох үед шүүгдэгч Д.Лх- хохирогчийн нүүрэн тус газарт цохисон үйл баримт болсон нь нотлогдож байгаа ч У.Мя-, Д.Лх- нарыг бүлэглэсэн гэж үзэх үндэслэл тогтогдоогүй бөгөөд шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лх-гийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэйг дурдаад
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Уяач овогт Д-ын Лх-г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан Д.Лх-г мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, түүнд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Лх-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Д.Лх- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа болон хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ