| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00769/И |
| Дугаар | 310/ШШ2026/00010 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 310/ШШ2026/00010
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын ******* баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын ******* баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /*******/-д хариуцагдах
Нэхэмжлэлийн шаардлага: Автомашиныг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай, ******* индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч
Нэхэмжлэгч С.М
Хариуцагч Н.Э, түүний өмгөөлөгч Т.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Б
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.М миний бие 2024 оны 02 сарын 6-нд 60-53 УБП улсын дугаартай Toyota crown маркийн автомашиныг 5500000 төгрөгийн урьдчилгаа төлж, үлдэх төлбөр 19200000 төгрөгийг Бичил глобус ББСБайгууллагаас зээл хийж нийтдээ 25800000 төгрөгөөр худалдаж авч байсан. Үүнээс хойш би 2024 оны 11 сар хүртэл би зээлийг нь төлж байсан. Гэтэл 2024 оны 11 сард Н.******* нь миний тус машиныг ..машинаа надад зарчих, банк бус санхүүгийн байгууллагад төлөх зээлийг би 2 сарын хугацаанд шахаж төлөөд дуусгана. Машины чинь урьдчилгаанд 5.500.000 төгрөг өгье гээд гуйсаар байгаад машины эзэмшигчийг шилжүүлэхгүйгээр амаар гэрээ байгуулж аваад явсан бөгөөд 2 сая төгрөг л урьдчилгаанд төлөөд үлдэгдэл 3 сая төгрөгийг өгөхгүйгээр машиныг маань цаашид бусдад шилжүүлсэн байна. Одоо банк бус санхүүгийн байгууллагад төлөх зээлийг төлөхгүй удаашруулж анх тохирсон хугацаандаа зээлийг төлөөгүй өдийг хүрлээ. Банк бус санхүүгийн байгууллагаас төлбөрөө төлөхгүй байна гээд намайг шахаад байна. Би Бичил глобусбанк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээг мөн Н.Э-д өгөөд явуулчихсан болохоор нэхэмжлэлд хавсарган өгөх боломжгүй байна. Автомашины бичиг баримт мөн Н.Э авч явсан бөгөөд нэр дээр маань эзэмшилтэй байгаа талаарх лавлагааг хавсаргав.
Иймд ******* ******* би ******* ******* 2024 оны 11 сард 60-53 УБП улсын дугаартай Toyota crown маркийн автомашиныг худалдах, худалдах авах гэрээг байгуулсан хэлцлийг хүчинтөгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2023 оны 01 сард анх энэ машиныг 26.000.000 төгрөгөөр худалдаж авсан. 5500000 төгрөгийн урьдчилгааг өгөөд 500000 төгрөгөөр бичиг баримтаа янзалсан. 19500000 төгрөгийн лизинг хийж авсан. Түүнээс хойш би унаж байгаад 2024 оны 11 сарын 10-нд *******тэй аман гэрээ байгуулж зарсан. Зарахдаа бэлнээр 2 сая төгрөг авсан. Надад эхэлж ярихдаа би барилгын ажил хийж байгаа. Засал чимэглэл ахалж ажиллаж байгаа. Шахаад 2 сар болоод бүх мөнгийг нь төлнө тэгээд нэрээ шилжүүлнэ гэсэн аман гэрээгээр наймаа хийсэн. Түүнээс хойш 2,3 сар болоод цалингийн зээл авах хэрэгтэй болоод авах гэсэн болохгүй байсан. Тэгэхээр нь би хэлсэн. Машиныхаа нэрийг шилжүүлмээр байна гэж хэлж байсан. Тэр цагаас хойш өдий хүртэл гуйж байна. Үүнийг үгүйсгэж ******* нь гуравдах этгээд Дэлгэрцогт сумын ******* гэдэг төлөөлөгчид машиныг зарсан байсан. Би утсыг нь олж аваад ийм учиртай, ингэсэн юм нэрийг нь шилжүүлж чадахгүй байгаа, гуравдагч этгээдэд зарах боломжгүй гэхэд энэ хүнээс мөнгийг нь өгч авсан. *******тэй хоорондоо учраа ол гэсэн. ******* нь дахин өөр хүнд зарсан байсан. Тэр нь яасан бэ гэхээр дахин мөнгө авсан. Миний нэрийг барьж намайг хохироож ашиг сонирхлыг маань хохироосон байна. Энэ хүнд зарснаасаа хойш зээл авч чадахгүй, зээлээ дарж чадахгүй байна. 2 жилийн зам ашигласны мөнгө болон торгуулийн мөнгө ирж байсан. Одоо энэ мөнгө он гараад өдрийн 1100 төгрөгөөр өснө гэж байсан. Тийм болохоор энэ машиныг нэрийг шилжүүлэх хүсэлтэй байна. Ер нь бол хэл амгүй энэ машиныг миний нэр дээрээс салгаад аль гэж байгаа. Хариуцагчийг энэ машиныг өөрийнхөө нэр дээр авч, банк бусаас миний нэрийг салгаад өгөөсэй гэж хүсэж байгаа гэв.
3.Хариуцагч Н.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2024 оны 10 сард С.М нь Toyota crown маркийн машин зарна гэхээр нь ямар нөхцөлөөр зарах эсэхийг нь асуухад машин банк бус, санхүүгийн байгууллагын зээлтэй байгаа, чи урьдчилгаанд 2 сая төгрөгийг төлөөд үлдэх зээлийг төлж дуусгаад нэрээ шилжүүлж ав гэсэн. Тэгэхээр би зөвшөөрөөд 2 сая төгрөгийг өгөөд банк бусын зээлийг 2024 оны 10 сараас 2025 оны 7 сарын 20-ны өдрийг хүртэл төлсөн. Тухайн үед 15 сая төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн боловч үндсэн зээл, хүүтэйгээ 27 сая төгрөг төлөхөөр зээл байсан. Миний бие хэл амгүй, хүнийг зээлийн хар түүхтэй болгочихгүйг хичээж , сар бүрийн төлбөрийг нь төлсөөр байсан. Гэтэл 2025 оны 7 сард миний эрүүл мэндийн байдал муудаж, эмнэлгээр явах болсон тул машиныг найз *******д хандан ажил хийх боломжгүй болж, зээлээ төлж чадахгүй байна, чи энэ машиныг авах уу гэхэд тэгье гэсэн. Ингээд би *******д өгсөн 2 сая төгрөгөө *******аас аваад, ******* зээлийг нь одоо хүртэл үргэлжлүүлэн төлөөд явж байгаа. Одоо болохоор ******* зээл чөлөөлж өг гээд шахаад байгаа. Анхнаасаа зээлээ төлж дуусгаад машины эзэмшлийг миний нэр дээр шилжүүлж өгнө гэж тохирсон учраас би боломжгүй гэсэн хариуг өгөөд байгаа юм. Болсон зүйл гэвэл ийм л юм болсон. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Бид худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй. Хаана, хэнтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа нь тодорхойгүй байна. С.М нь Бичил глобус ББСБ-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа бол би хариуцагч биш. Банк бусын өмнө үүрэг хүлээсэн хүн нь С.М, харин би машин эзэмшиж байгаагаараа, ямар нэгэн гэрээгүйгээр машиныг авснаараа төлбөрийг нь банк бусад төлж явна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
4.Хариуцагч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******аас машин авсан нь үнэн. Миний хувьд ашиг хөөж зарсан зүйл байхгүй. Би боломжтой үедээ маш хурдан авахыг бодно гэж хэлсэн. Аваад сар гаран болж байхад миний бие өвдөж цахилгаан менингит гэдэг өвчтэй болсон. Ядрах, хүнд ажил хийхэд унаж ойчдог байсан. Би эмнэлэгт сар гаран хэвтсэн. 2024 оны 12 сараас авхуулаад хэвтсэн. Ажил хийж чадахгүй орлогогүй болсон. Энэ хүнийг хохироохгүй гэж 10 сарын турш, сар бүр 865000 төгрөг төлсөн. Энэ хүнийг хохироож хар зээлд оруулахгүй юмсан гэж нэгнээс зээл хийж нэгэнд нь төлдөг байсан. 07 сарын 20-нд би ******* найздаа би энийг төлж чадахааргүй боллоо, чи авчихаач би 10 сар зээлийг нь төлсөн байгаа, 1600000 төгрөг өгчих гээд зарсан. Би эм тариа авах мөнгөгүй болоод өөрөө 10 гаран сая төгрөгөөр хохироод зарсан. Энэ хүнийг манай найз хохироогоогүй. Банк бусыг нь төлж байгаа. Бөөнд нь гаргаж чадахгүй байгаа. 7 бил үү 10 хоногийн өмнө ярихад зээлийн үлдэгдэл 9800000 төгрөг үлдсэн гэж хэлсэн. Гаргаад авчих гэж хэлтэл арай их байна гэж хэлсэн. Би өөр хүнд машиныг зарж байгаа талаар *******д хэлж байсан. Дүү нь төлж чадахгүй, бие өвдөөд байна, арай хурдан зээл дарах хүнд өгье гэж хэлсэн. Тэгвэл сайн байна гэж хэлж байсан. Би хоёроос гурван удаа 1 хоног, нэг удаа 7 хоног хэтрүүлж байсан. Өөр хэтрүүлж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
5. Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар:
Иргэний үнэмлэхний лавлагаа / хэргийн 2-р тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа эзэмшигчээр /хэргийн 3-р тал/, тээврийн хэрэгслийн зураг, татвар төлөлтийн талаарх мэдээлэл / хэргийн 17-19-р тал/ баримтыг ирүүлсэн байна.
6.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримт: Бичил глобус финанс ББСБ ХХК-ийн 2025.11.19-ний өдрийн 04/908 дугаартай албан бичиг, 2024 оны 02 сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээ, барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь / хэргийн 21-31-р тал/ баримтыг бүрдүүлсэн.
7. Хариуцагч шүүхэд нотлох баримт ирүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь Н.*******гээс Автомашиныг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2.Нэхэмжлэгч С.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2024 оны 11 сард өөрийн эзэмшлийн 60-53 УБП улсын дугаартай Toyota crown маркийн банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байгаа тээврийн хэрэгслээ өмчлөгчийн нэрийг шилжүүлэлгүйгээр зээлийг төлж дуусгаад машинаа шилжүүлж аваарай гээд хариуцагч Н.*******тэй аман гэрээ байгуулж машинаа өгч явуулсан. Одоог хүртэл банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийг төлж, С.******* намайг зээлдэгчээс чөлөөлөхгүй, машины нэрийг шилжүүлж авахгүй байгаа тул С.******* миний хариуцагч Н.*******тэй 2024 оны 11 сард 60-53 УБП улсын дугаартай Toyota crown маркийн автомашиныг худалдах, худалдах авах гэрээг байгуулсан хэлцлийг хүчинтөгөлдөр бусад тооцож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэг, асуулт хариултын шатанд би банкнаас өөрөө зээл авч болохгүй байна, зээлээ төлүүлж, энэ машины нэрийг шилжүүлэх, миний нэрийг салгаад өгөөсэй гэж хүсэж байна гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон.
3. Хариуцагч Н.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: С.*******гаас 2024 оны 11 сард 60-53 УБП улсын дугаартай Toyota crown маркийн автомашиныг аман гэрээ байгуулж, 2 сая төгрөг өгөөд, банк бусын үлдэгдэл зээлийг төлж дуусгаад, машины эзэмшлийг өөр дээрээ шилжүүлж авахаар тохиролцож, машиныг авсан. Биеийн байдлаас болж зээлээ төлж чадахгүй болох гээд байсан тул өөр хүнд тухайн тээврийн хэрэгслийг зарсан, тэр хүн зээлийг төлөөд явж байгаа, С.*******г хохироогоогүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбар, татгалзал гаргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Н.******* нар нь 2024 оны 11 сард 60-53 УБП улсын дугаартай Toyota crown маркийн, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байгаа автомашиныг худалдах, худалдан авах талаар хүсэл зоригоо илэрхийлж, Н.******* нь 2 сая төгрөгийг С.*******д өгч, Бичил глобус финанс ББСБ ХХК-нд С.*******гийн зээлийн үлдэгдлийг төлж дуусгаад уг тээврийн хэрэгслийн эзэмшил, өмчлөлийг Н.*******д шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, машины бичиг баримтын хамт хариуцагч Н.*******д өгсөн, хариуцагч уг тээврийн хэрэслийг эзэмшилдээ авсан, уг зээлийг хариуцагч үргэлжлүүлэн төлж байгаа, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа үйл баримт зохигчдын тайлбар, 2024 оны 02 сарын 06-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байна.
5. Дээрх үйл баримтад дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С.******* нь Н.*******тэй 2024 оны 11 сард 60-53 УБП улсын дугаартай Toyota crown маркийн автомашиныг худалдах, худалдах авах гэрээг байгуулсан хэлцлийг хүчинтөгөлдөр бусад тооцож өгнө үү гэх нэхэмжлэл гаргасан боловч уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1-ээс 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн аль шинжийг үндэслэж шаардлагаа тодорхойлж байгаа нь тодорхойгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчээс банк бус санхүүгийн байгууллагын зээлийг төлүүлж, тээврийн хэрэгслийн нэрийг Н.*******д шилжүүлэхийг хүсч байна гэж агуулгаар шаардлагаа тодруулсан. Гэвч нэхэмжлэгч С.******* нь өөрийн эзэмшлийн 60-53 УБП улсын дугаартай Toyota crown маркийн тээврийн хэрэгслийг хариуцагчид хэдэн төгрөгөөр худалдсан, банк бус санхүүгийн байгууллагын үлдэгдэл зээлийг ямар хугацаанд хариуцагч төлүүлж дуусгаад тээврийн хэрэгслийн эзэмшил, өмчлөлийг өөрийн нэр дээр шилжүүлж авахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдохгүй байна. Мөн Бичил глобус финанс ББСБ ХХК болон С.******* нарын хооронд 2024.02.06-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-ний хугацаа дуусаагүй байна.
Иймээс Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч С.*******гийн Н.*******д хариуцуулан гаргасан Автомашиныг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, машиныг миний нэр дээрээс шилжүүлж, зээлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч С.*******гийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Сумъяагийн *******гаас Нямдаваагийн*******д хариуцуулан гаргасан Автомашиныг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, машиныг миний нэр дээрээс шилжүүлж, зээлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар С.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ