| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2018/0047/Э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 47
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.Төрболд Шүүгдэгч Ц.Дэ- Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Дэ-т холбогдох 1823000580046 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Сонгино сум Тариат баг 5 гудамж 9 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Хунтайж овогт Ц-ын Дэ-, Регистрийн дугаар: ИЛ********, Шүүгдэгч Ц.Дэ- нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Дэ- нь 2017 оны 12 сард Завхан аймгийн Сонгино сум Тариат баг “Хөөхийн ар” гэх газар байрлах өвөлжөөнд өөрийн үхэр сүрэгт байсан Д.Аю-ийн маллуулахаар буюу итгэмжлэн хариуцуулан өгсөн хүрэн зүсмийн 1 тооны үхрийг бусдад зарж борлуулсан хэргийн үйл баримт нь үхрээ алдсан талаар мэдүүлсэн хохирогч Д.Аю-ийн “... Миний үхэр Дэ-ийнд байдаг юм. Алдсан үхэр маань цээжээрээ хар сортой, хүрэн зүсмийн, 2 чих хойноосоо сүүх, зөв чих үзүүрээсээ он имтэй, ямар нэгэн будаг тэмдэггүй, ноднингийн шүдлэн, энэ жилийн хязаалан настай үхэр байсан. Би өвөл хотод өвөлжөөд ...охин Мөнхтуяа надад таны үхэр алга болсон байна гэж хэлсэн. Ямар нэг сэг, зэм олдоогүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Лу-ийн “... Би 2017 оны 10 сард Дэ-т мөнгө хэрэгтэй байна гэхээр нь идэшний үхэр авна шүү гээд цувуулж өгсөөр байгаад нийт 300.000 төгрөг өгсөн байсан. Хэд хоногийн өмнө Дэ- нэг мэдэхгүй утсаар ярьж “өнөөдөр ирж үхрээ ав Г-ийн өвөлжөөн дээр хүрээд ир” гэсэн. Нөгөө газар нь яваад очиход удалгүй Дэ- 5-6 үхэр тууж ирээд тэрнээсээ 1 хүрэн шүдлэн үхэр барьж өгсөн. Би Дэ-т чи муу нэртэй хулгайн юм өгөв өө гэхэд Дэ- би 40, 50 үхэр алж өгсөн...миний Лу- ахад зарсан үхрээс бусад үхэр бүгд бүрэн байсан. Эхнэр надаас ээжийн нэг эр үхэр алга гэж асуухаар нь би яаж мэдэх вэ гэсэн...Ээжид сүүлд нь тайвширахаар нь хэлээд өөрийн үхрээс нэг охин үхэр өгье гэж бодоод эхнэртээ хэлэлгүй нуусан юм... ” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Энэ үйлдлийн улмаас хохирогч Д.Аю-т үхэр буюу 550000 төгрөгний хохирол учирсан болох нь 2018 оны 04 сарын 25-ны өдрийн үнэ тогтоох комиссын шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлгээр тогтоогджээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч Ц.Дэ-ийн итгэмжлэгдэн хариуцуулсан хөрөнгө буюу үхрийг бусдад борлуулж завшсан болохоо мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болголоо. Иргэн бусдын эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр захиран зарцуулах эрхтэй ба хохирогч Д.Аю- өөрийн өмчлөлийн үхрийг маллуулахаар Ц.Дэ-ийн үхэрт нийлүүлсэн ч түүнд захиран зарцуулах эрхийг олгоогүй байна. Шүүгдэгч Ц.Дэ- нь Д.Аю-ийн итгэмжлэн хариуцуулсан үхрийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй бусдад худалдаж, завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Ц.Дэ-ийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Ц.Дэ-ээс 550000 төгрөг гаргуулж хохирогч Д.Аю-т олгож, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Ц.Дэ-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5,1.6, 1.7, 1.8, болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хунтайж овогт Ц-ын Дэ-ийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Дэ-т Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Ц.Дэ- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдаж, Ц.Дэ-ээс 550000 гаргуулж хохирогч Д.Аю-т олгосугай.
5. Шүүгдэгч Ц.Дэ-т 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ц.Дэ-ийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс 550.000 төгрөгийн үнэ бүхий “5 настай, хар халзан зүсмийн буруу чих цуулбар, зөв чих оно имтэй эр үхэр 1 тоог” битүүмжилж, дээрх битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧН. ДЭЛГЭРМАА