| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0486/э |
| Дугаар | 497 |
| Огноо | 2018-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 497
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал ,
Улсын яллагч Ц.Гансүлд,
Шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 4-67 тоотод оршин суудаг, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 231 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, дугаарын регистртэй, Г овогт Л. Г холбогдох 1708002690531 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Л.Г нь согтуурлах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 2-42 тоотод иргэн С.С хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй, үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч С.С мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2017-оны 07 дугаар сарын 07-ний 18 цаг өнгөрч байхад хөрш айл болох Б гэрт очтол тэдний гэрт үл таних Б, Б, О гэх хүмүүс байсан. Тэд нар тухайн үед архи уучихсан, Б нь нилээн халчихсан, бусад нь арай гайгүй байдалтай сууцгааж байсан. Тэгээд сууж байтал намайг архи уух уу гэхээр нь би уухгүй гэж хэлээд гараад явчихсан юм тэгээд гудажны үзүүрт байдаг дэлгүүр орчихоод буцаад гэр рүү гээ явж байтал гудамжинд Б, О хоёр зогсож байснаа...бид гурав буцаад хамт орсон...Б босч ирээд миний нүүрэн тус газар гурваас дөрвөн удаа цохих шиг болсон...Миний биед зүүн нүдний дээд хөмсөг задарсан, нүүр бүхэлдээ хавдаж хөхөрсөн, уруулын дотор тал язарсан...гэжээ. /хх-14-15-20,22-23,71-72/,
Гэрч Ц.Г мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр би гудамжинд явж байтал Б /Г/ дэлгүүрээс гарч ирж таарсан бөгөөд Б /Г/ бид 2 хамтдаа танил болох Б гэрт нь явж очсон юм...би тухайн үед тасарчихсан байсан ба яг юу болсон талаар тодорхой санахгүй байна...гэжээ. /хх-28/,
Шүүгдэгч Л.Г мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр...гэрээсээ гараад дэлгүүр орж архи авчихаад ганцаараа явж байтал манай тэндхийн танил болох Болдоо ахтай тааралдаад Болдоо ах архи уугаад сууж байтал гаднаас Сүхболд гэх зүс таних ах орж ирээд бид нартай сууж хамт архи уусан. Тэгээд Сүхболд ах гэрт байж байхдаа намайг “чи одоо хулгар чихтэй барилдахаар хүүхэд байна даа” гээд чих мушгиад бас хэл амаар өдөөд байсан бөгөөд босож ирээд намайг барилдая гэхээр нь би босож ирээд түлхэж унагаачихаад гэрээс Б ахын хамт гараад гэрийнх нь гадаа тамхи татаад зогсож байтал...С ганцаараа архины шил барьчихсан гарч ирээд шууд миний зүүн нүдний хөмсөг рүү нэг удаа цохиод авахаар нь би зөрүүлээд С нүүр лүү нь гараараа 2 удаа цохисон юм...Би С.С зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна...гэжээ. /хх-70-71/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн №8881 тоот актын дүгнэлтэнд:
1. С.С-н биед хамар ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, дух, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, доод уруулын зүүн хэсэгт цус хуралт, дээд, доод уруулын салстад язрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг
учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-31/,
Шүүгдэгч Л.Г ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/, бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №8881 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Г гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Л.Г нь согтуурлах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 2-42 тоотод иргэн С.С хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, дух, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, доод уруулын зүүн хэсэгт цус хуралт, дээд, доод уруулын салстад язрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь болох нь:
- хохирогч С.С “...Б босч ирээд миний нүүрэн тус газар гурваас дөрвөн удаа цохих шиг болсон...Миний биед зүүн нүдний дээд хөмсөг задарсан, нүүр бүхэлдээ хавдаж хөхөрсөн, уруулын дотор тал язарсан...” гэсэн мэдүүлэг /хх-14-15-20,22-23,71-72/,
Гэрч Ц.Г ”...С нь Б-тэй гэнэт маргалдаад эхэлсэн юм. Тэгээд би тухайн үед тасарчихсан байсан ба яг юу болсон талаар тодорхой санахгүй байна. Ямартай ч орой нь дэлгүүр дээрээ байж байтал Б орж ирээд өдөр С намайг цохисон би оёдол тавиулсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-28/,
Шүүгдэгч Л.Г ”...Тухайн үед бид нар 2 шил архи уучихсан нэлээн халчихсан байсан...С ганцаараа архины шил барьчихсан гарч ирээд шууд миний зүүн нүдний хөмсөг рүү нэг удаа цохиод авахаар нь би зөрүүлээд С нүүр лүү нь гараараа 2 удаа цохисон юм...” гэсэн мэдүүлэг /хх-70-71/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн №8881 тоот актын дүгнэлт зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Г гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч С.С бөгөөд нэхэмжлэлтэй холбоотой баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Л.Г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Г-д дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Г анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдоогүй болно.
Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:
Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Л.Г тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.