| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01581/И |
| Дугаар | 320/ШШ2025/01466 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 320/ШШ2025/01466
| 2025 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 320/ШШ2025/01466 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***сумын *** дугаар багт оршин суух, Г.Б
Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 320/2025/01581/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч А.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн ******* суманд 1970 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн. Хөвсгөл аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд 3 дугаар анги хүртлээ суралцсан. Түүний дараа Хөвсгөл аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд шилжин суралцаад 8 дугаар ангийг 1985 онд төгссөн. Сургуулиа төгссөн жилээ илгээлтээр Хөвсгөл аймгийн ******* сумын Ялалт нэгдэлд ногоочноор ажиллаж байгаад 1989 онд цэргийн албанд татагдсан. Цэрэгт явах үед хөдөлмөрийн дэвтрийг маань багийн дарга хурааж авсан гэж тухайн үед манай ээж хэлж байсан. 1991 онд цэргийн албанаас халагдаж ирээд зах зээлийн нийгэм рүү шилжиж байсан тул хувийнхаа малыг маллах болсон. 1995 онд эхнэртэйгээ айл болж байсан.
Миний бие одоо малчин даатгуулагчаар өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй, мөн ажилласан жил дутуу шүүхээр тогтоолгоод ир гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн юм.
Би байгаа баримтаар Хөвсгөл аймгийн ******* сумын Ялалт нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд ногоочноор ажиллаж байсан байдлаа тогтоолгоё....гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн CVL2567010001003849 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа тодорхойлолт 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11/741 дугаартай албан бичиг, №1710000548 дугаартай баталгаажилтын хуудас, Хөвсгөл аймгийн ******* сумын Ялалт нэгдлийн 2 дугаар бригадад малчинаар ажиллаж байсан Г.Б 1985-1986 онуудын цалингийн лавлагаа, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Архивын Ерөнхий газар Үндэсний төв архивын лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн CVL2567010001003847 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрч асуулгах тухай хүсэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хх-ийн 2-16, 42 дугаар тал)
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Э нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн байна. (хх-ийн 43-46 дугаар тал)
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 30/1501 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 27-30 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11/813 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн ******* сумын Ялалт нэгдлийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, (хх-ийн 35-36 дугаар тал)
Батлан хамгаалахын төв архивын даргын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №551 дугаартай албан бичгээр ирүүлсэн Г.Б хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар, (хх-ийн 37-40 дүгээр тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 30/1751 дугаартай албан бичиг (хх-ийн 41 дүгээр тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч А.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хөдөлмөрийн дэвтэр байхгүй, мөн ажилласан жил дутуу тул шүүхэд хандсан.
Иймд Хөвсгөл аймгийн ******* сумын Ялалт нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд ногоочноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч А.А өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч А.А нь Хөвсгөл аймгийн ******* сумын Ялалт нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн ******* сумын Ялалт нэгдэлд ажиллаж байсан Г.Б 1987 оны 1 сараас 1989 оны 3 сар, 6 сараас 8 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 11-14 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11/813 дугартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн ******* сумын Ялалт нэгдлийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ...Тушаах нь: 1.Нэгдлийн халуун усны үйлчлэгч Н.Ч ажлын 18 хоног, ногоо тэжээлийн ажилчин А.А өд, Д.Ж нарт ажлын 21 хоногийн амралт олгохоор гадна хавсралтад заасан 27 малчинд тус бүр 15 хоногийн ээлжийн амралт 1988 оны 10-р сарын 1-нээс олгосугай. гэх бичилттэй 39 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын архивын хуулбар, (хх-ийн 36 дугаар тал)
Батлан хамгаалахын төв архивын даргын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 551 дугаартай албан бичгээр ирүүлсэн овог нэр гэх хэсэгт Г.Б , төрсөн он, сар, өдөр, нас гэх хэсэгт 1970-11-11, яс үндэс гэх хэсэгт Халх, Үндсэн захиргаа гэх хэсэгт Хөвсгөл *******, Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана, хаана ямар албан тушаал эрхэлж байсан гэх хэсэгт Навчилтай хэсэг ногоонд 1986 оноос эхлэн ажиллаж байгаа, хаана ямар сургууль, курс төгссөн гэх хэсэгт 1985 онд 8 анги төгссөн, Гэрийн дотор ам бүл, таны юу болох, хэн хэн хэдэн настай, хаана ямар ажилтай гэх хэсэгт Ам бүл 4, ээж Жаргал 45 настай, дүү Ч 13, Баатар 7 настай гэх бичилттэй Хөвсгөл аймаг, сум, райноноос 1988 онд цэргийн жинхэнэ албанд тэнцэгчдийн анкетын хуулбар (хх-ийн 37-39 дүгээр тал),
Гэрч Л.Энхтуяагийн ...А.А бид хоёр Хөвсгөл аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг 1985 оны 6 дугаар сард хамт төгссөн. Төгсөөд А.А нь илгээлтийн эзэн болоод Хөвсгөл аймгийн ******* сумын Ялалт нэгдлийн ногоо бригдад ногоочноор ажилд орсон. Харин миний бие 8 дугаар ангиа төгсөөд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр арван жилийн сургуулийн 10 дугаар ангид 1985-1987 оны хооронд суралцаж төгсөөд 1987 оны 6 дугаар сараас Ялалт нэгдлийн ногоо бригадад ногоочноор ажилд орсон. Би А.А тэй 1987 оноос 1989 оны хооронд тус нэгдлийн ногоо бригадад хамт ажиллаж байсан. Тухайн үед нэгдлийн дарга нь Буянт гэж хүн байсан юм. Бид нарыг хамт ажиллаж байх үед Г.Б нь Н.Ж гээд ээжтэйгээ л хамт амьдардаг байсан. Түүний аав эрт нас барчихсан юм шиг байна лээ. Би аавыг нь сайн мэддэггүй байна.... гэх мэдүүлэг,
Гэрч Л.Лхагвасүрэнгийн ...А.А нь анх манай Хөвсгөл аймгийн ******* сумын Ялалт бригадын ногоо бригадад 1985 онд ******* сумаас ээжтэйгээ хамт Г.Б гээд бор банди ирж байсан юм. Тухайн үед тус нэгдлийн ногоо бригадад 20 гаруй айл ажиллаж байсан. ...Түүний ээж Н.Ж гэж эмэгтэй манай бригад дээр ногоочноор ажиллахаар ирж байсан юм.... гэх мэдүүлэг (хх-ийн 43-46 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд А.А ийн Хөвсгөл аймгийн ******* сумын Ялалт нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Н.Ж гэж манай ээж байгаа юм. Тухайн үед аав маань намайг сургуульд ороогүй байхад нас барсан байдаг юм. Тэгээд ээж Н.Ж аар овоглож цалин хөлс бичигдсэн байдаг... гэх тайлбар,
2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн CVL2567010001003849 дугаартай Эцэг /эх/-ийн нэр гэх хэсэгт Н.Ж , Өөрийн нэр гэх хэсэгт Г.Б , ...Эцгийн: Эцэг /эх/-ийн нэр гэх хэсэгт Дэндэв, Өөрийн нэр гэх хэсэгт Н.Ж , Эхийн: Эцэг /эх/-ийн нэр гэх хэсэгт Наваан, Өөрийн нэр гэх хэсэгт Жаргал... гэх бичвэртэй нэхэмжлэгч А.А ийн төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн дүгээр тал),
Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №03-06/6023 дугаартай 1989 оны Тэргүүлэгч өөрөө гэх хэсэгт Навааны Жаргал, хүү гэх хэсэгт Галдангийн Г.Б ..., гэх бичилттэй лавлагаа (хх-ийн 15 дугаар тал),
Гэрч Л.Э ...Бид нарыг хамт ажиллаж байх үед А.А нь Н.Ж гээд ээжтэйгээ л хамт амьдардаг байсан. Түүний аав эрт нас барчихсан юм шиг байна лээ. Би аавыг нь сайн мэддэггүй.... гэх мэдүүлэг,
Гэрч Л.Л ...Түүний ээж Н.Ж гэж эмэгтэй манай бригад дээр ногоочноор ажиллахаар ирж байсан юм.... гэх мэдүүлэг (хх-ийн 43-46 дугаар тал) зэргээр нэхэмжлэгчийн эцгийн нэрийг цалин хөлсний 70 дугаар дансанд Ж.Г.Б гэж зөрүүтэй бичигдсэн нь тогтоогдож байх тул Хөвсгөл аймгийн ******* сумын Ялалт нэгдэлд ажиллаж байсан Г.Б ийн 1987 оны 1 сараас 1989 оны 3 сар, 6 сараас 8 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбаруудад (хх-ийн 11-14 дүгээр тал) Ж.Г.Б гэж бичигдсэн баримтуудыг нэхэмжлэгчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдав.
А.А өд холбогдох ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хөвсгөл аймгийн ******* сумын Ялалт нэгдлийн даргын 1985-1989 оны тушаал шүүж үзэхэд А.А ийг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/741 дугаартай албан бичиг (хх-ийн 6 дугаар тал)-ээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч А.А нь 1991 оны 7 сараас оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1710000548 дугаартай баталгаажилтын хуудас хавтаст хэрэгт авагдсан байна. (хх-ийн 7 дугаар тал)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Г.Б (**********)-ийн Хөвсгөл аймгийн ******* сумын Ялалт нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч А.А ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ