Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 320/ШШ2025/01467

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 320/ШШ2025/01467

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***** сумын ** дугаар багт оршин суух, Ц.Б

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 320/2025/01580/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ц.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С  шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ц.Б  нь миний төрсөн ах байгаа юм. Ах маань хөдөлмөрийн насанд хүрээд Хөвсгөл аймгийн ******* сумын Мандал нэгдэлд туувар тууж, мал маллаж байсан. Уг ажлаа 1985 он гартал хийж байгаад Хөвсгөл аймгийн ******* сум руу шилжин ажилласан. Ах маань 11 настай байхдаа шил цохиж тоглож байгаад нүд рүүгээ шил оруулаад өрөөсөн нүдээ авхуулсан учир цэргийн алба хаагаагүй.

Ц.Б  ах маань өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо Хөвсгөл аймгийн ******* сумын Эг-Үүрийн сангийн аж ахуйд ажиллаж байсан хугацаагаараа болон нөхөн тооцуулсан хугацаагаараа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байдаг.

1972-1985 онуудад Хөвсгөл аймгийн ******* сумын Мандал нэгдэлд малчин, тууварчин, үхэрчин гэх мэт ажлуудыг хийж байсан боловч өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо Хөвсгөл аймгийн ******* сумын Мандал нэгдэлд ажиллаж байсан 13 жилийн хугацааг оруулан тооцуулаагүй байдаг. Энэ хугацааг оруулан тооцуулснаараа тэтгэврээ нэмүүлэх зорилготой байгаа учир шүүхэд хүсэлт гаргасан.

Иймд миний ах Ц.Б ын Хөвсгөл аймгийн ******* сумын Мандал нэгдэлд 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал тууварчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Аавыг өнгөрснөөс хойш ээж Д.Н овоглож ах Буриадын цалингийн цэсэнд бичилт хийгдсэн байсан. Иргэний үнэмлэх дээрээ ааваараа буюу Ц.Б  гэж овоглодог юм.

** нар нь нэхэмжлэгчийн төрсөн дүү нар байгаа юм. Намайг цалин хөлсний баримтад Ц.Цэцгээ гээд бичсэн байгаа юм.гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11/736 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10/2226 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3/29 дугаартай албан бичгээр ирүүлсэн Мандал нэгдлийн 1 дүгээр бригадад ажиллаж байсан ** 1971-1985 онуудын цалингийн лавлагаа, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн ******* сумын Мандал нэгдлийн даргын 1982 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 64 дугаартай Тууварчид томилох тухай тушаалын архивын хуулбар, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1010 дугаартай итгэмжлэл, гэрч асуулгах тухай хүсэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хх-ийн 2-16, 38, 42, 54 дүгээр дугаар тал),

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр С нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн байна. (хх-ийн 55-58 дугаар тал)

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 30/1499 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 29-31 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/3948 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ц.Б ын ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдахдаа бүрдүүлж өгсөн баримт материалуудын архивын хуулбар, (хх-ийн 42-45 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 155 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ц.Б ын өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо бүрдүүлж өгсөн баримт материалуудын архивын хуулбар (хх-ийн 48-53 дугаар тал) зэргийг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Ц.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С  дараах үндэслэлээр шаардах эрхийг тодорхойлсон. Үүнд: Ах Ц.Б  нь 1972-1985 онуудад Хөвсгөл аймгийн ******* сумын Мандал нэгдэлд малчин, тууварчин, үхэрчин гэх мэт ажлуудыг хийж байсан боловч өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо Хөвсгөл аймгийн ******* сумын Мандал нэгдэлд ажиллаж байсан 13 жилийн хугацааг оруулан тооцуулаагүй байдаг. Энэ хугацааг оруулан тооцуулснаараа тэтгэврээ нэмүүлэх зорилготой байгаа учир шүүхэд хүсэлт гаргасан.

Иймд Ц.Б ын Хөвсгөл аймгийн ******* сумын Мандал нэгдэлд 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал тууварчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Б  өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Ц.Б  нь хугацаат цэргийн алба хаагаагүй болох нь Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа С.Батхуягийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10/2226 дугаартай Хөвсгөл аймгийн ******* сумын 3 дугаар багийн иргэн Ц.Б нь хугацаат цэргийн алба хаагаагүй нь үнэн болно. гэх бичилттэй албан бичгээр тогтоогдож байна. (хх-ийн 5 дугаар тал)

Нэхэмжлэгч Ц.Б  нь Хөвсгөл аймгийн ******* сумын Мандал нэгдэлд 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал тууварчин, малчнаар ажиллаж байсан болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3/29 дугаартай албан бичгээр ирүүлсэн Мандал нэгдлийн 1 дүгээр бригадад ажиллаж байсан Н.Б 1971 оны 7 сараас 10 сар, 12 сар, 1972 оны 3 сар, 11 сар, 1973 оны 2, 3, 5, 6, 7 сарууд, 1974 оны 2 сараас 1975 оны 10 сар, 1976 оны 1 сараас 3 сар, 12 сар, 1977 оны 7 сар, 10 сар, 1978 оны 2 сараас 5 сар, 8 сараас 12 сар, 1979 оны 4, 10 сар, 1980 оны 1 сараас 4 сар, 10 сар, 1981 оны 1 сараас 3, 5, 9, 12 сар, 1982 оны 1, 2, 4, 8, 9, 12 сар, 1983 оны 2, 3, 6 сар, 1984 оны 4 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарууд, (хх-ийн 6-23 дугаар тал)

Хөвсгөл аймгийн ******* сумын Мандал нэгдлийн даргын 1982 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ...Тушаах нь: 1.Улсын бэлтгэлийн мал туугчдад дорхи хүмүүсийг 5 сарын 15-ны өдрөөс эхлэн томилсугай. гэх бичилттэй 64 дугаартай Тууварчид томилох тухай тушаалын 19 дэс дугаарт Н.Б  гэх бичилттэй архивын хуулбар, (хх-ийн 23 дугаар тал)

Гэрч С.Пагамсүрэнгийн ...Намайг 1971 онд Хөвсгөл аймгийн ******* сумын 1 дүгээр бригадад малын бага эмчээр ажиллаж байх үед Ц.Б  гэх нэг нүд нь хараагүй, нэг хөл нь муу залуу Мандал нэгдлийн фермийн үхэр хариулдаг байсан. Тэрээр фермийн үхэр хариулна. Сүүлд урагшаа Тариалан, Их уул сум руу хүнтэй суугаад л явчихсан юм. Тус Мандал нэгдэлээс хэдэн оныг хүртэл ажиллаад гарсан болохыг нь мэдэхгүй байна. Буриадынх их олуулаа, эцэг байхгүй ээжтэйгээ амьдардаг байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Ү гийн ...Ц.Б  бид хоёр Хөвсгөл аймгийн ******* сумын Мандал нэгдэлд 1970 оноос 1985 оныг дуустал малчнаар хамт ажиллаж байсан. Ц.Б  нь тус нэгдлийн үхэр малладаг байсан. Тэрээр ээж, дүү нартайгаа хамт амьдардаг байсан. Ц.Б ын ээжийг Нордов гэж хөгшин байсан юм. Түүний аавыг Цэнд гэдэг хүн байсан гэдэг. Гэвч би сайн мэдэхгүй. Ц.Б  нь ээж, дүү нартайгаа хамт манай ******* сумын Мандал нэгдэлд үхэр хариулдаг малчинаар л ажилладаг байсан юм. Би тухайн үед тус нэгдэлд адуу маллаж байсан. Нэгдлийн дарга нь Н.С гэдэг хүн байсан.... гэх мэдүүлэг (хх-ийн 55-58 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Ц.Б ын Хөвсгөл аймгийн ******* сумын Мандал нэгдэлд 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал тууварчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь ээж Д.Н хамт ажиллаж, цалин хөлс авч байсан нь Хөвсгөл аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3/29 дугаартай албан бичгээр ирүүлсэн Мандал нэгдлийн 1 дүгээр бригадад ажиллаж байсан Нордовын Буриадын 1971 оны 7 сараас 10 сар, 12 сар, 1972 оны 3 сар, 11 сар, 1973 оны 2, 3, 5, 6, 7 сарууд, 1974 оны 2 сараас 1975 оны 10 сар, 1976 оны 1 сараас 3 сар, 12 сар, 1977 оны 7 сар, 10 сар, 1978 оны 2 сараас 5 сар, 8 сараас 12 сар, 1979 оны 4, 10 сар, 1980 оны 1 сараас 4 сар, 10 сар, 1981 оны 1 сараас 3, 5, 9, 12 сар, 1982 оны 1, 2, 4, 8, 9, 12 сар, 1983 оны 2, 3, 6 сар, 1984 оны 4 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбаруудаар (хх-ийн 6-23 дугаар тал) тогтоогдож байх бөгөөд дээрх цалингийн хүснэгтэд бичигдсэн нэрс, нас, хүйс нь нэхэмжлэгчийн нас, гэр бүлийн гишүүдийн нэрстэй тохирч байна.

Иймээс Хөвсгөл аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3/29 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1972-1980 онуудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбаруудад Н.Д, Н.Б  гэж бичигдсэн баримтуудыг нэхэмжлэгчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдав.

Ц.Б ад холбогдох ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хөвсгөл аймгийн ******* сумын Мандал нэгдлийн даргын 1971-1985 оны тушаал шүүж үзэхэд Н.Б ыг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/736 дугаартай албан бичиг (хх-ийн 4 дүгээр тал)-ээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно.

Хавтаст хэрэгт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 30/1499 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд, (хх-ийн 29-31 дүгээр тал)

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/3948 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ц.Б ын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдахдаа бүрдүүлж өгсөн баримт материалуудын хуулбар, (хх-ийн 42-45 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 155 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ц.Б ын өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо бүрдүүлж өгсөн баримт материалуудын архивын хуулбар, (хх-ийн 48-53 дугаар тал) тус тус авагдсан болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Ц.Б  нь 1992 оны 3 сараас оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1721000100 дугаартай баталгаажилтын хуудас хавтаст хэрэгт авагдсан байна. (хх-ийн 52 дугаар тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б  (***)-ын Хөвсгөл аймгийн ******* сумын Мандал нэгдэлд 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал тууварчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       С.ОЮУНЖАРГАЛ