| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0485/э |
| Дугаар | 532 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 532
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Э.Ч, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Баянхошууны 23а-41 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, дугаарын регистртэй, Б овгийн Э.Ч-д холбогдох 1808019440558 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.Ч нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Баянхошууны 23а байрны 41 тоотод Э.Ч нь хамтран амьдрагч С.Н-тэй маргалдсаны улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ч мэдүүлэхдээ:
2018 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр эхнэр 17 цагийн үед найзынхаа төрсөн өдөрт яваад 10-ны шөнө 02 цагт согтуу гэртээ ирсэн. Өглөө нь босохгүй, цай хоолоо хийхгүй байснаас болж бид хоёр маргалдсан. Намайг гутлаараа цохихоор нь би гараараа нүүрэнд нь 2 удаа цохьсон. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэр бид хоёр эвлэрсэн гэв.
Эрүүгийн 1808019440558 дугаартай хэргээс:
Хохирогч С.Н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 19 цаг өнгөрч байхад найз Д-ын төрсөн өдөр гээд гэрээс гарсан юм...2018 оны 04 дүгээр сарын 10-ны 01 цагийн гэртээ орсон юм. Тэгтэл намайг манай нөхөр Ч архичин шоучин гээд байхаар нь би юм дуугаралгүй жижиг өрөөндөө ороод унтаад өгсөн юм. Өдөр 12 цагийн үед намайг зүгээр байж байхад Ч дахиад намайг шоучин энэ тэр гээд үгээр өдөөд хэрүүл хийх гээд байхаар нь би “за би тэгвэл явлаа” гэж хэлээд гэрээс гарах гээд хувцасаа өмсөөд үүдэнд зогсож байхад намайг алчуур барьчихаад явбал хурдан яв гээд араас алчуураар цохиод байсан юм. Би тэгэхээр нь гэрийн үүдэнд байсан өндөр өсгийтэй түрийтэй гутлаар цохьчихсон юм. Би цохьчихоод жижиг өрөөнөөс хувцасаа авах гээд ортол араас орж ирээд намайг шууд цохиод зодсон. Би тэгэхээр нь орон дээр доошоо хараад хэвттэл миний нуруу луу цохиод байхаар нь би босоод толинд нүүрээ харсан чинь миний нүүрний зүүн тал аймаар хавдсан, нэг шүд маань хугараад уруул хавдсан байсан...Ер нь манай нөхөр Ч нь их хартай хүн байгаа юм. Тэрнээс болоод хааяа хэрүүл маргаан гардаг...Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншиж танилцсан. Дээрх гэмтлийг нөхөр Ч учруулсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэжээ. /хх-9,10-11-12/,
Гэрч Д.Э мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
Би ямар хэрэгт шалгагдаж байгаа талаар бол мэднэ. Манай хүү тухай өдөр над руу залгаад “хүрээд ирээч” гэхээр нь би 14 цагийн үед очсон чинь бэр охины ээж, эгч охин хоёр нь ирчихсэн, цагдаа нар бас ирсэн байсан. Намайг очиход бэр охины зүүн нүд хавдсан байх шиг байсан...гэжээ. /хх-14/,
Шүүгдэгч Э.Ч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр манай эхнэр Н найз Д-ийн төрсөн өдрийг тэмдэглээд ирье гээд гэрээс 16 цагийн үед гэрээсээ 23 цаг гээд хүрээд ирье гэж хэлээд гарсан юм...Тэгээд 02 цаг 45 минутын үед ирсэн юм. Ирэхдээ Н нилээн согтуу гэрийн гадаа ирсэн. Би оруулахгүй байж байгаад утсаараа бичлэг хийгээд гэртээ оруулсан. Тэгээд Н гэрт орж ирээд жижиг өрөөний шалан дээр хэвтээд унтчихсан юм. Тэгээд маргааш өглөө 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 07 цагаас хойш би Н-ийг босоод хоол унд хийгээчээ гэж хэлж гуйсаар байгаад 10-11 цагийн хооронд Н сэрээд “пизда минь өөрөө хоолоо хийгээд ид, би чиний эцэг эх чинь биш” гэж хэлсэн. Тэрнээс болоод хэрүүл' маргаан эхэлсэн. Маргалдаж байх үед Н намайг түрийтэй гутлаар цохиод авахаар нь би уурлаад эргүүлээд Н-ийг цохиод авсан...Би гараараа нүүр хэсэгт нь 1-2 удаа цохисон. Өөрөөр цохиж зодоогүй. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлийг би учруулсан...гэжээ. /хх-29-30/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн №4773 тоот актын дүгнэлтэнд:
1. С.Н-н биед хүзүүнд зулгаралт, 1 шүдний хугарал, зовхи, хацар, шанаа, уруул, нуруунд цус хуралт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. /хх-18/,
Шүүгдэгч Э.Ч нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/, өргөдөл /хх-7/, аюулын зэргийн үнэлгэний маягт /хх-47/, хохирогч С.Н гомдол саналгүй гэх хүсэлт /хх-49/ бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №4773 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Ч-г гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Э.Ч нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Баянхошууны 23а байрны 41 тоотод Э.Ч нь хамтран амьдрагч С.Н-тэй маргалдсаны улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүзүүнд зулгаралт, 1 шүдний хугарал, зовхи, хацар, шанаа, уруул, нуруунд цус хуралт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч С.Н-ийн ”...намайг шууд цохиод зодсон. Би тэгэхээр нь орон дээр доошоо хараад хэвттэл миний нуруу луу цохиод байхаар нь би босоод толинд нүүрээ харсан чинь миний нүүрний зүүн тал аймаар хавдсан, нэг шүд маань хугараад, уруул хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-9,10-11-12/,
Гэрч Д.Э-ийн ”...Манай хүү тухай өдөр над руу залгаад хүрээд ирээч гэхээр нь...очиход бэр охины зүүн нүд хавдсан байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-14/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн №4795,4773 тоот актын дүгнэлт /хх-18,22/ шүүгдэгч Э.Ч сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Ч-ын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч С.Н нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой зардал нэхэмжлээгүй, бөгөөд нэхэмжлэлтэй холбоотой баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Э.Ч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Ч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Ч-д дээрхи зүйл, хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:
Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Э.Ч-ын тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй болно.