| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2536001030129 |
| Дугаар | 38 |
| Огноо | 2025-07-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 38
2025 07 03 2025/ДШМ/0038
*******эд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Энхтулга, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/312 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******эд холбогдох эрүүгийн 2536001030129 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 5, аав, ээж, ах, эгч нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* *******од оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* ******* Аятаханы Айбет, регистрийн дугаартай.
2. Өсвөр насны яллагдагч Аятаханы Айбет нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ Ховд аймгийн Буянт сумын ******* нутаг дэвсгэрт 2025 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгслийн зорчигч насанд хүрээгүй хохирогч Г.Гулнурын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас Х.Айбетийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
4.1 Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулгын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 89 дүгээр яллах дүгнэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны яллагдагч *******эд холбогдох эрүүгийн 2536001030129 дугаартай хэргийг прокурорт буцааж,
4.2 Эрүүгийн хэрэг прокурорт очтол өсвөр насны яллагдагч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,
4.3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурор, яллагдагч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5.Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм"-ийн 27.2 дахь хэсэгт "Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ", уг хэсгийн "з" заалтад "хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх" гэжээ. Иргэний нэхэмжлэгч нь дүрмийн дээрх заалтыг зөрчсөн гэсэн магадалгааг эрхий бүхий албан тушаалтан Ховд аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч Ю.Баатарын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гаргажээ. Гэтэл адууны эзэн г гэмт хэрэг эсхүл зөрчилд холбогдуулан шалгаагүй, зохих хууль зүйн хариуцлагад татаагүй, түүнд хуульд заасан тодорхой хариуцлага хүлээлгэсэн эрх бүхий этгээдийн шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна..." гэжээ. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм"-ийн 27.2 дахь хэсэгт "Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ", уг хэсгийн "з" заалтад "хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх" гэж мал бүхий иргэнийг замын хөдөлгөөний дүрмээр малыг 50 метрээс дотогш хариулгагүй мал оруулахгүй байх гэж заасан боловч хүлээх хариуцлагыг хуулиар зохицуулаагүй байна. Нөгөөтээгүүр жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй байгаа нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад тээврийн хэрэгслийн өмчлөгчийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь заалтад заасны дагуу иргэний хариуцагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Тээврийн хэрэгслийн өмчлөгч, мал бүхий иргэн Э.Адьяа нарын хоорондын эд хөрөнгийн асуудал нь энэ хэрэгт хамааралгүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу тусад нь шийдвэрлэх асуудал юм. Мөн түүнчлэн хатуу хучилттай замд тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн адууны эзэн гэх гийн 2024 оны жилийн эцсийн мал тооллогын баримтыг холбогдох сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, малын өмчлөгчийг мухарлан тогтоох нь зүйтэй гэжээ.
Иргэний нэхэмжлэгч нь өгсөн мэдүүлэгтээ өөрийн мал гэдгийг мэдүүлсээр байхад түүний 2024 оны жилийн эцсийн мал тооллогын баримтыг хэрэгт хавсаргах нь ач холбогдолгүй юм. Учир нь мал тооллогын баримт нь малын тоог нотлохоос биш зүс, им, шинж тэмдгийг тодорхойлохгүй, гагцхүү тухайн адууг хэний өмчлөлийн мал вэ гэдгийг малын эзэн нотлох юм. Мөн захирамжид иргэний нэхэмжлэгч нь дахин өгсөн мэдүүлэгтээ адууг хадам эцэг хариуцан малладаг гэсэн байх тул эдгээр хүмүүсийн хооронд мал маллах талаар тодорхой нөхцөл бүхий гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, уг Гэрээгээр нь малыг хариулгатай байх үүргээ эд шилжүүлсэн эсэхийг шалгах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэжээ.
Жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй байгаа нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байхад , нарын хооронд мал маллах талаар тодорхой нөхцөл бүхий гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, нэгэндээ шилжүүлсэн эсэх нь зам тээврийн осолд хамааралгүй юм.
"...Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д "Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй".
Насанд хүрээгүй хохирогч нь мэдүүлэгтээ Улаанбаатар хот руу эмчилгээнд явах зардал 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байхад уг зардал нь хуулийн дээрх хэсэгт дурдсан эмчилгээний зайлшгүй зардал мөн эсэхийг шалгаагүй байна.
Тодруулбал насанд хүрээгүй хохирогч нь эмчилгээ хийлгэхээр урьдчилан эмнэлгийн байгууллагаас цаг авч, урьдчилан захиалга өгсөн эсэх, төлөвлөгөөт эмчилгээ хийлгэхээр амбулаторийн карт, өвчний түүхэнд тусгагдсан эсэх, энэ талаар урьдчилсан эмчийн дүгнэлт, магадалгаа байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй..." гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч З.Гүлнурын "... Миний нүүр бүхэлдээ бэртсэн. Би гомдолтой байна. Одоо шүдээ янзлуулмаар байна. Хиймэл шүд хийлгэж, шүдний аппарат хийлгэмээр байна. Үүдэн 4 шүд хөдөлсөн. 3 шүд унасан. Энэ бүхнийг янзлуулмаар байна. Иймд тухайн хүмүүсээс шүдний төлбөр мөнгө нэхэмжлэх хүсэлтэй байна. Бас Улаанбаатар хот руу эмчилгээнд явж эмчилгээ хийлгэх үеийн болон явсан, ирсэн нийт зардал 5.000.000 төгрөгийг А.Айбетын ар гэрээс нэхэмжлэх хүсэлтэй байна..." гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч З.Гүлнураас гаргаж өгсөн хохирлын баримтууд болон хохирлын тооцоо зэрэг нотлох баримтуудыг хохирогч гаргаж өгсөн.
Дээрх хохирогчийн мэдүүлэг болон хохирлын баримтуудаар хохирогчид хор уршигт 2.280.000 төгрөгийг өсвөр насны яллагдагчийн зүгээс нөхөн төлсөн. Хохирогчийн зүгээс цаашид шүд хийлгэх тул 5.000.000 төгрөгийг баримтгүй нэхэмжилж байна гэдгээ мэдүүлэгтээ мэдүүлсээр байхад хохирогчийн баримтгүй нэхэмжилсэн цаашид гаргах эмчилгээний зардлын талаар нэмэлт мөрдөн байцаалт явуулах үндэслэлгүй, бодит хохирол, хор уршгийн зардлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой юм. Мөн хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг хаана, хэзээ, хэдэн төгрөгөөр эмчилгээ хийлгэх нь хохирогчийн эрх хэмжээний асуудал учир түүнийг урьдчилж тогтоох боломжгүй юм. Иймд хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хохирогчид учирсан хор уршиг болон цаашид гарах хор уршгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх бүрэн боломжтой юм.
"... Өсвөр насны яллагдагч ******* нь ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар анги төгссөн, бага боловсролтой гэх тул түүний сурагчийн хувийн хэргийг хэрэгт нотлох баримтаар хавсаргаж, түүний хувийн байдлыг бүрэн тогтоох нь зүйтэй..." гэжээ.
Өсвөр насны яллагдагч ******* гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 03 сар 23 хоногтой байсан болох нь түүний нас тоолсон тэмдэглэлээр нотлогддог. Мөн ******* нь 3 дугаар ангид сурч байгаад сургуулиас гарч аав, ээжийн хамт амьдардаг гэдгээ өсвөр насны яллагдагчаар хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ хэлдэг.
Дээрх байдлаас дүгнэхэд ******* нь 8 жилийн өмнө сургууль сурч байсан баримт нь түүний хувийн байдлыг тогтооход ач холбогдолгүй юм. Харин түүний хувийн байдлын талаар хэрэгт эцэг болох Т.Аятханаас мэдүүлэг авсан. Мөн түүний хууль ёсны төлөөлөгчөөр түүний ээж С.Жанатжамал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тул хувийн байдлын талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодруулах боломжтой юм. Иймд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/Ш3/312 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
2. Ховд аймгийн Прокурорын газраас яллагдагч ******* нь 2025 оны 1 дүгээр сарын 07-ны шөнө Ховд аймгийн Буянт сумын ******* нутаг дэвсгэрт улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь нотлогдсон гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3.Анхан шатны шүүх яллагдагч *******эд холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, “1.Иргэний нэхэмжлэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2-т заасныг зөрчсөн байхад түүнийг гэмт хэрэг эсхүл зөрчилд холбогдуулан шалгаагүй. гийн 2024 оны жилийн эцсийн мал тооллогын баримтыг холбогдох сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, малын өмчлөгчийг мухарлан тогтоох нь зүйтэй. 2.Насанд хүрээгүй хохирогч нь мэдүүлэгтээ Улаанбаатар хот руу эмчилгээнд явах зардал 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байхад эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм буруутай этгээдээс нэхэмжилж байгаа эсэхийг тодруулаагүй. 3. Өсвөр насны яллагдагч ******* нь ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар анги төгссөн, бага боловсролтой гэх тул түүний сурагчийн хувийн хэргийг хэрэгт нотлох баримтаар хавсаргаж, түүний хувийн байдлыг бүрэн тогтоох нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийж, шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
4. Прокурор эсэргүүцэлдээ “шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй тул захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.
4.1 Иргэний нэхэмжлэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2-ын з/ “хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх.” гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байгаа боловч энэ нь түүнд эрүүгийн болон зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл болохгүй юм.
Харин яллагдагч ******* болон түүний хууль ёсны төлөөлөгч С.Жанатжамал болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь уг адууны эзэн гаас авто машинд учирсан хохирлыг нэхэмжлэх, шаардлагатай гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар г иргэний хариуцагчаар татан оролцуулах боломжтой байна.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад нь иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэгтээ дайрагдсан адууны зүс, нас, тамга болон хаанаас хэзээ, хэдэн төгрөгөөр худалдан авсан талаараа тодорхой мэдүүлсэн байхад шүүх “гийн 2024 оны жилийн эцсийн мал тооллогын баримтыг холбогдох сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, малын өмчлөгчийг мухарлан тогтоох нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн болон түүний хадам эцэг нарын хооронд мал маллах талаар тодорхой нөхцөл бүхий гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх нь яллагдагч *******эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.
4.2 Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд насанд хүрээгүй хохирогч З.Гүлнурын эрүүл мэндэд учирсан бодит хохирол, шүд хийлгэхээр нэхэмжилсэн гэх 5,000,000 төгрөг нь яллагдагчаар урьдчилан төлүүлэхээр хуульд заасан эмчилгээний зайлшгүй зардал мөн эсэх, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад хохирогчийн баримтгүй нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардлын талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
4.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны яллагдагч *******ийн хувийн байдлын талаар түүний эцэг Т.Аятахан, авга эгч Т.Алтангүл нараас мэдүүлэг авсан, эх С.Жанатжамал нь хууль ёсны төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байхад шүүх “3 дугаар анги төгссөн сурагчийн хувийн хэргийг хэрэгт нотлох баримтаар хавсаргаж, түүний хувийн байдлыг бүрэн тогтоох нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
5. Дээр дурдсан үндэслэлээр “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/312 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Өсвөр насны яллагдагч *******эд урьд хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР