Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 924

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: С.С*******

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/273 дугаар захирамжийн 1.3 дахь заалтын С.С*******д холбогдох хэсэг буюу С.С*******ын эзэмшиж байгаа газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С овогтой С******* миний бие тус дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасны дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б******* дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Т******* станцын хойд талд аж ахуйн зориулалтаар 1702 м.кв газрыг эзэмшүүлсэн. Гэтэл 2012 оны сонгуулийн дараа Баянгол дүүргийн Засаг даргаар томилогдсон О нь Баянгол дүүргийн олон иргэдийн газрыг хүчингүй болгосны дотор миний газар эзэмших эрхийг Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А дүгээр захирамжаар хүчингүй болгосон юм. Би үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 88 дугаар тогтоолоор нэхэмжлэгч С.С******* миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А дүгээр захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгосон юм.

Ийнхүү шүүхийн шийдвэрийн дагуу миний бие Баянгол дүүргийн Засаг дарга болон газрын албанд удаа дараа хандсан боловч шийдвэрлэж өгөхгүй олон удаа явуулж хүндрэл учруулсаар он гараад буюу 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/91 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг сэргээсэн. Эрх сэргээгдсэний дараа газар дээрээ хашаагаа гүйцээж барьж тохижуулж байтал 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр “Б*******” ХХК-иас ярьж танай эзэмшлийн газрын дундуур дулааны шугамын ажил хийгдэх учир танай хашааг түр аваад буцааж хадаж өгье гэхэд бид яагаад газар эзэмшигч бидний зөвшөөрөлгүй газрын шийдвэр гаргасан талаар асуухад манайх гүйцэтгэгч компани учир бид мэдэхгүй гэсэн бөгөөд бидэнд дулааны шугам тавигдах газрын захирамж гэж Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/273 дугаар захирамжийг үзүүлсэн. “Б*******" ХХК ажлын зураг өөрчлөгдвөл дулааны шугамыг танай хашааны урдуур эсвэл хойгуур гаргаж өгч болно гэсний дагуу зураг хийсэн компанитай очиж уулзахад Нийслэлийн газрын албанаас өөрчилж болно гэсэн бичиг аваад ирвэл өөрчлөх боломжтой гэсэн. Миний эзэмшил газрын урдуур болон ар тал, зүүн талаар шугамын ажил явагдах бүрэн боломжтой. 

Миний бие уг газрыг авснаас хойш хугацаанд уг газар дээр үйлдвэрлэл, эсвэл хашаа барьж, түрээсэлж тодорхой орлого олох боломжтой байсан ч Төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж 5 жил гаруй хохирч байна. Би 2015 оны 09 дүгээр сард хашаагаа “Их онги” ХХК-д 1 жилийн хугацаатайгаар түрээслүүлэхээр гэрээ хийсэн байсан юм. Мөн би Нийслэлийн өмчийн харилцааны газарт өргөдөл гаргахдаа болон холбогдох албан тушаалтнуудтай уулзахдаа нэгэнт захирамж гарч зураг төсөл хийгдсэн тул манай газартай залгаа /эзгүй газар байгаа/ газарт “Төрийн өмчийн газар” гэсэн анхааруулга хадсан байгаа тул манай газрыг энэ эзэнгүй газар руу шилжүүлж өгөх хүсэлт удаа дараа тавьж байсан. 2012 онд газар авахад одоогийн олгосон байгаа газраас зүүн тийш кадастрын зураг хийгдсэн байсан ч Баянгол дүүргийн газрын албаны байцаагч “Танай кадастрын зургийг зүүн тийш шилжүүлж зам руу ойртуулаад өгье гэсэн тул тухайн үед /2014 он/ зөвшөөрсөн юм. Тиймээс шаардлагатай тохиолдолд хуучин кадастрын зураг хийгдсэн газраа одоо эргүүлэн авч болно. 

Түүнчлэн энэ газрыг авсны дараа буюу 2012 онд би Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулах гэж байтал Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгож шүүхийн шийдвэр гарч эзэмших эрхийг дахин сэргээж дахин Нийслэлийн Засаг даргад хандах гэж байтал захирамж гарснаар Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулж чадаагүй өнөөдрийг хүрсэн болно. 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/273 дугаар захирамжийн 1.3 дахь заалтын С.С*******д холбогдох хэсэг буюу С.С*******ын эзэмшиж байгаа газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/273 дугаар захирамжаар “У*******” ТӨХК-д инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн зориулалтаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дулааны цахилгаан станц 4-ийн 210 МВТ-ын дулааны дэд станцаас гарсан уурын шугамыг дагуулан У-18 дугаар цэг хүртэл 2Ф800 мм-ийн шинээр барих 4.2 км дулааны шугам, түүний хамгаалалтын бүсэд зориулан 5.04 га газар эзэмших эрх олгосон байна.

Нэхэмжлэгчид Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б******* дугаар захирамжаар 1702 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлснийг Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А дүгээр захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн үед нийслэлийн Засаг даргын 2014 оны А/273 дугаар захирамжаар “У*******" ТӨХК-д газар эзэмших эрх олгосон байна.

Мөн Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэгчид олгогдсон газар нь 2 дугаар цахилгаан станцын хамгаалалтын бүсэд олгогдсон байна. Иймд нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд “У*******” ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч С.С*******ын нэхэмжлэлд дурдсан дулааны шугам нь манай “У*******” ТӨХК-ийн харъяалалд байхгүй, санхүүгийн балансад бүртгэгдээгүй, техникийн комиссоос хүлээж аваагүй шугам байна.

Энэхүү хийгдэж байгаад зогссон дулааны шугам нь “Дулааны 4 дүгээр цахилгаан станц" ТӨХК-ийн 210 МВТ-ийн уур усны бойлероос Узель-18 дугаар цэг хүртэлх 2Ф800 мм голчтой 4.2 км урт дулааны шугам байх бөгөөд хүчин чадлыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор өргөтгөлийн станцаас гарсан уг шугам нь хотын баруун хэсгийн дулаан хангамжийг сайжруулах өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор Засгийн газрын 2013 оны 113 дугаар тогтоолын дагуу Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төвийн захиалгын дагуу хийгдэж байгаа ажил болно.

Уг ажлыг Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 2014 онд “Б*******" ХХК ажлыг гүйцэтгэхээр Эрчим хүчний яам, Эрчим хүч дэд бүтэц төслийн нэгжээс шалгаруулж, гэрээ хийсэн байна. Харин зураг төслийг “С*******” ХХК боловсруулжээ.

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр татах дулааны төв магистраль шугамын трассыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А*******-15 дугаар зураг төсөл боловсруулах даалгаврын дагуу сонгожээ.

Шинээр татах инженерийн шугам сүлжээний трассыг сонгохдоо зургийн авто “С*******" ХХК нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Дүүргийн газрын алба, иргэд аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авах шугамын трассын дагуу бусад бүтээн байгуулалт төлөвлөгдсөн байгааг урьдчилсан байдлаар сайтар судлан үзээд шугамын трассыг сонгох, холбогдох газруудын зөвшөөрлийг үндэслэн зургийг боловсруулсан байх ёстой.

Тус компанийн зүгээс дулааны төв шугамын зураг төсөлд стандарт, норм, дүрмийн дагуу дулааны худаг, суваг, шугам тоноглол компенсатор, хаалт арматур нь тусгагдсан эсэх, мөн дулаан механик талын нэмэлт зөвлөмж, саналуудыг оруулсан зэргийг судлан үзээд зураг төслийг зөвшилцсөн. Уг шугамын угсралтын ажил одоогоор дуусаагүй, цаашид ямар байгууллага уг шугамын ашиглалтыг хариуцан ажиллах талаар тодорхой шийдвэр гараагүй, Улсын комисс ажиллаагүй байгаа зэрэг нь тус компаниас уг шугамын трасстай холбоотой ямар нэгэн саналыг одоогоор аваагүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн С.С*******ос тус шүүхэд гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/273 дугаар захирамжийн 1.3 дахь заалтын С.С*******д холбогдох хэсэг буюу С.С*******ын эзэмшиж байгаа газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б******* дугаар захирамжаар Сын С*******д Баянгол дүүргийн 20 дугаар хороо Т******* станцын хойд талд аж ахуйн зориулалтаар 1702 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосныг мөн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А дүгээр захирамжаар хүчингүй болгосон байна. 

Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 88 дугаар тогтоолоор иргэн С.С*******ын Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А дүгээр захирамж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, иргэн С.С*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. 

Уг тогтоолоор иргэн С.С*******д анх газар олгосон захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн буруу биш талаар дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолыг үндэслэн Баянгол дүүргийн Засаг дарга 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/91 дүгээр захирамжаар иргэн С.С*******ын газар эзэмших эрхийг сэргээсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/273 дугаар захирамжийн 1.3 дахь заалтаар “У*******” ТӨХК-д инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн зориулалтаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дулааны цахилгаан станц 4-ийн 210МВТ-ын дулааны дэд станцаас гарсан уурын шугамыг дагуулан У-18 дугаар цэг хүртэл 2Ф800 мм-ийн шинээр барих 4.2 км дулааны шугам, түүний хамгаалалтын бүсэд зориулан 5.04 га газар олгосон нь иргэн С.С*******д Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б******* дугаар захирамжаар олгосон газартай тодорхой хэсгээр давхацсаныг хэргийн оролцогчид зөвшөөрч байгаа бөгөөд давхацсан газрын хэмжээний талаар маргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар энэ талаар дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/52 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Дулааны цахилгаан станц 4-өөс У-18 хүртэл 2Ф800-ийн дулааны шугамын барилга угсралтын ажил, 4.2 км гэж тусгасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/273 дугаар захирамжийн 1.3 дахь заалтаар “У*******” ТӨХК-д газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасныг зөрчсөн байна. 

Учир нь Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 88 дугаар тогтоолоор иргэн С.С*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэгчид Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны Б******* дугаар захирамжаар олгосон газар эзэмших эрх хэвээр үргэлжлэх бөгөөд энэ нь Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/91 дүгээр захирамжаар шүүхийн шийдвэрийн дагуу иргэн С.С*******ын газар эзэмших эрхийг сэргээснээр нотлогдож байна. 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/273 дугаар захирамжийн 1.3 дахь заалтаар “У*******” ТӨХК-д эзэмшүүлсэн газрын зарим хэсэг 2012 онд иргэн С.С*******д эзэмшүүлсэн газартай давхцаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/273 дугаар захирамжийн 1.3 дахь заалтын С.С*******д холбогдох хэсэг буюу С.С*******ын эзэмшиж байгаа газартай давхацсан хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1., 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3., 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.С*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/273 дугаар захирамжийн 1.3 дахь заалтын С.С*******д холбогдох хэсэг буюу С.С*******ын эзэмшиж байгаа газартай давхацсан хэсгийг хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.С*******д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.ДАМДИНСҮРЭН