Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 122/2018/0001/З |
Дугаар | 221/МА2018/0247 |
Огноо | 2018-04-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2018/0247
2018 оны 04 сарын 25 өдөр |
Дугаар 221/МА2018/0247 |
Улаанбаатар хот |
Н.А нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Н.Э нарыг оролцуулан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 122/ШШ2018/0002 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.М гаргасан давж заалдах гомдлоор, Н.А нэхэмжлэлтэй, Сүхбаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хаалттай хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Н.А 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/31 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоон, өмнө хариуцан гүйцэтгэж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын үүрэгт ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 122/ШШ2018/0002 дугаар шийдвэрээр:
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.3, 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Н.А ажлаас чөлөөлөх тухай” Б/31 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Н.А өмнө нь гүйцэтгэж байсан Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н.А 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүх хуралдаан хийсэн 2018 оны 3 дугаар сарын 2-ныг дуустал ажилгүй байсан 80 хоногийн хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 3319680 /гурван сая гурван зуун арван есөн мянга зургаан зуун ная/ төгрөгийг Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлөхийг Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгаж” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагч Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Н.А 2017 оны Б/25 дугаар тогтоолоор томилогдохдоо аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэлгүйгээр тухайн үеийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргаар ажиллаж байсан Б.Г эрх мэдлээ хэтрүүлэн Тэргүүлэгчдийн тогтоолыг бие даан гаргаж томилсон нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааны тэмдэглэлээр нотлогддог. Н.А томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, 17.4, 17.5, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчин түрээр томилсон.
Гэтэл Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох эрх зүйн актуудад түр томилох гэсэн ойлголт байхгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болохоор зохицуулсан.
Дээр дурдсанчлан төрийн захиргааны албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан журмын 4.3.2 дахь хэсэгт зааснаар түр орлон гүйцэтгүүлэх ёстой байсан бөгөөд журмын 5.4 дэх хэсэгт сул орон тоо гарсан албан тушаалын албан үүргийг энэ журамд зааснаас бусад этгээдээр түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн. Иймээс Н.А ажилд томилох тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоол илт хууль бус шийдвэр юм.
Иймд иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргын гаргасан хууль бус шийдвэрийг иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ажлын албаны дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудал учир захирамж гарган шийдвэрлэсэн.
Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зүгээс 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаар тогтоолоор Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшин санал болгосон А.Ч ямар нэгэн хууль, тогтоомж зөрчсөн зөрчил илрээгүй, төрийн албыг эрхлэх болзлыг бүрэн хангасан байсан тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулж Тэргүүлэгчдийн хуулиар олгосон эрхийг хэтрүүлсэн байдаг.
Харин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим Тэргүүлэгчдийн хувьд хуульд заасан зохих үндэслэлгүйгээр улс төржсөн байдлаар татгалзсан учир иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зүгээс төрийн албаны тасралтгүй байх зарчмыг хангах, Төрийн албаны зөвлөлийн тогтоол, өгсөн үүргийг хэрэгжүүлж Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг үндэслэн А.Ч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилсон. Ингэснээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад түрээр томилогдсон Н.А хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй болно. Харин шүүхийн зүгээс шийдвэр гаргахдаа 2017 оны Б/25 дугаар тогтоолын 1 дүгээр хэсэгт хуулиар зохицуулаагүй “түрээр томилсугай” гэснийг “даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилсугай гэж” хуульд нийцүүлэн өөрчилсөн нь хууль бус шийдвэрийг шүүх зөвтгөсөн агуулгатай болжээ.
Иймээс Төрийн албаны тухай хуулийн томилгоотой холбогдсон бүх заалтуудыг илт зөрчин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гаргуулан томилогдсон энэ хууль зөрчсөн үйлдлийг зөвшөөрөх боломжгүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д зааснаар Захиргааны албан тушаал бөгөөд УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Төрийн албаны зөвлөл албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг ба аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс ямар нэгэн дүгнэлтийг уг албан тушаалтай холбогдуулан өгөх боломжгүй бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 01/39 албан бичгээр гомдол хянагдаагүй болох нь харагдаж байна.
Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 54 дүгээр зүйлийн 54.1.3, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д заасан Төрийн албаны төв байгууллагад маргаантай гомдлоо 1 сарын дотор гаргаж шийдвэрлүүлэх гэснийг тус тус зөрчсөн.
Гэтэл анхан шатны шүүхээс хөдөлмөрийн эрхийн маргаан гэж үзэн хэрэг үүсгэсэн байдаг атал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага эсхүл гомдлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шүүхэд шууд гаргана” гэж үзсэн нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, УИХ-ын 2003 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 3 дугаар зүйлийн 2, 4.в-д заасан томилгоо, чөлөөлөлттэй холбоотой заалтуудыг зөрчсөн.
Иймээс дээрх үндэслэлүүдээр уг хэргийг бүхэлд нь хянаж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 122/ШШ2018/0002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д “Хурлын дарга нь Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж зааснаас үзэхэд Хурлын нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх бүрэн эрх нь Хурлын даргад бус харин Тэргүүлэгчдэд олгогдсон байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Н.А Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлсөн нь дээрх хуулийн зохицуулалттай нийцэхгүй боловч энэхүү захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь Н.А тухайд тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар бүр биш түр томилогдсон, түүнчлэн тухайн өдрийн 11 дүгээр Хурлын тэмдэглэлээс үзэхэд хэлэлцэх асуудлын жагсаалтад Хурлын нарийн бичгийн даргыг томилох асуудал ороогүйгээс гадна энэ талаар огт хэлэлцэгдээгүй байна.
Иймд Н.А хуульд заасны дагуу томилогдсон гэж үзэх үндэслэлгүй, мөн түр томилогдсон албан тушаалтны хувьд хуулиар хамгаалуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол гэж үгүй болно.
Тухайн үед Н.А Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан талаарх тус газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 05/2943 дугаар албан бичигт “…хувийн ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдохгүй боловч нэр дэвшигч Н.А Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй байх тул үүнд хяналт тавьж, Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн хуульд нийцүүлж шийдвэрлэх”-ийг анхааруулсан байгааг ч үл харгалзан томилжээ.
Анхан шатны шүүхээс Хурлын нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх хуулийн зохицуулалтын талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн боловч маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн эсэх, мөн нэхэмжлэгч хуулийн дагуу томилогдсон эсэх болон түр томилогдсон албан тушаалтны хуулиар хамгаалагдах эрхийн талаар дүгнэлгүй орхигдуулснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилттой нийцээгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 122/ШШ2018/0002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д заасныг баримтлан Н.А гаргасан “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/31 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоон, өмнө эрхэлж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын үүрэгт ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.М давж заалдах гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН