Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 118/2019/0012/З |
Дугаар | 149 |
Огноо | 2020-04-29 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 149
Ц.Ө-гийн нэхэмжлэлтэй,
Завхан аймгийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/232 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 118/ШШ2019/0023 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 66 дугаар магадлалтай,
Гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 118/ШШ2019/0023 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/232 дугаар захирамжийн иргэн Ц.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн гомдлоор хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 66 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.Н, Б.М нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Гуравдагч этгээд Д.Н-гээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Завхан аймгийн Засаг даргын захирамжид Ц.Өг газрын тухай хуулийн 40.1 5 дахь хэсэгт заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” мөн хуулийн 40.1.6 дахь хэсэгт заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлтэй байна.
4. Нэхэмжлэгч хэдийгээр газрын төлбөр төлсөн гэх баримтыг нэхэмжлэлдээ хавсаргасан боловч тэр баримт нь маргаан бүхий газрын төлбөр мөн эсэх нь эргэлзээтэй бөгөөд газар эзэмших гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн баримт байна. Энэ баримт дээрх гүйлгээний утга нь харагдахгүй байх бөгөөд нэхэмжлэгч талаас маргаан бүхий газрын төлбөр мөн гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан газар эзэмшүүлэх гэрээний 2.3 дахь хэсэгт газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг тогтоосон заалт бүхий гэрээ байгуулагдсан. Энэ өдрөөс хойш газрын төлбөр төлсөн баримт хавтаст хэрэгт байхгүй бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн баримтыг тухайн газрын төлбөр төлсөн баримт гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч Ц.Ө эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь гуравдагч этгээд Т.Э, Д.Н, Б.М нарын тайлбар, гэрч Г.Н, Д.Ж нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа болно.
5. Нэхэмжлэгч тал газрын төлбөр төлсөн гэдгээ хангалттай баримтаар нотолж чадаагүй, тухайн газраа 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байдаг. Эрх бүхий байгууллагаас хуулийн дагуу Ц.Өгийн газар эзэмших эрхийг дээрх 2 үндэслэлээр хүчингүй болгох тухай мэдэгдлийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Ц.Өд өгч, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангахгүй байна үзэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд “... бусдын хууль бус үйлдлийн улмаас газар эзэмших эрх маань зөрчигдсөн гэсэн тайлбар үндэслэлтэй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
7. Учир нь Ц.Ө нь газраа чөлөөлүүлэх талаар гуравдагч этгээд Т.Э болон Д.Н, Б.М бид нарт ерөөсөө хэлж байгаагүй. эзэмшлийн газраа бусдын хууль бус эзэмшилд байгаа гэдгээ мэдсэн юм бол Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу газраа чөлөөлүүлэх эрх нь нэхэмжлэгч Ц.Өд байсаар байтал энэ эрхээ хэрэгжүүлээгүй ба газраа 2016 оны 03 дугаар сарын 21-нээс хойш 3 жил 3 сарын хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй мөн энэ хугацаанд газрын төлбөр төлөөгүй байна.
8. “... Түүнчлэн маргаан бүхий захирамжийн үндэслэл болж буй Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 06/52ҮАГ-НАГ-2019/07/-НА дугаар албан шаардлагаар Завхан аймгийн Засаг даргын захирамжаар 2015-2016 онуудад эзэмшүүлсэн газрыг нэр бүхий иргэд хуулийн этгээд ашиглаагүй байгаа нь газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн талаар дурдаж хавсралтаа тухай нэр бүхий 13 иргэн, хуулийн этгээдийн нэрсийг хүргүүлсэн дотор нэхэмжлэгчийн нэр дурдагдаагүй байна...” гэсэн дүгнэлт нь нэхэмжлэгчийн нэр заавал дээрх дүгнэлтэд байх ёстой гэсэн агуулгыг илэрхийлж байна.
9. Нэхэмжлэгч Ц.Өгийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлээгүй үндэслэл нь Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/232 тоот захирамжийн үндэслэх хэсэгт заасан газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад хамаарах асуудал болохоос Аудитын газрын дүгнэлтэд хамаарахгүй юм. Засаг дарга нь тухайн захирамжаар 5 иргэн 3 аж ахуйн нэгж, 1 төрийн байгууллагын газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Эдгээрийн ихэнх нь Аудитын дүгнэлтэд хамаарч байгаа харин Ц.Өгийн газар уг дүгнэлтэд хамаарахгүй юм.
10. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалууд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангахгүй байна үзэж байгаа тул Хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хянаж үзээд нэхэмжлэлийг шаардлагыг хангасан Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 118/ШШ2019/0023 дугаартай шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 66 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
12. Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/232 дугаар захирамжаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон, уг захирамжийн үйлчлэлд Ц.Ө хамаарсан; нэхэмжлэгчээс “... газартаа 2015 оноос гутал засварын үйлчилгээ явуулж байтал 2018 оны 01 дүгээр сараас бусдын хууль бус үйлдлийн улмаас газар эзэмших эрх зөрчигдсөн, ... удаа дараа өргөдөл гомдол гаргахад шийдвэрлээгүй, энэ нөхцөл байдлыг үл харгалзан гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус” гэж маргажээ.
13. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэснээс үзвэл, “гэрээ” байгуулагдсан өдрөөс эхлэн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх хугацаа тоологдох ба энэ тохиолдлын хувьд газар эзэмшүүлэгчээс 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г Ц.Өтай байгуулсан, газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх хугацаа нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр дуусна.
14. Түүнчлэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, маргаан бүхий газар дээр гуравдагч этгээд Т.Эрдэнэцэцэг нь гутал засварын зориулалттай жижиг байр /төмөр амбаар гэх/ байршуулан, тус газрыг ашиглаж байгаад Д.Н, Б.Мөнхнаран /гуравдагч этгээд/ нартай тохиролцож, газрыг сайн дураараа чөлөөлсний дараа уг газар дээр Д.Н, Б.М нар нь 4х6 хэмжээтэй байшин байршуулан, газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
15. Мөн, нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч гэдгээ тухайн газрыг бодитойгоор ашиглаж байсан гуравдагч этгээд Т.Эрдэнэцэцэгт хэлж мэдэгдсэн ба уг газрыг эзэмших эрхийн талаар Т.Э маргаагүй, нэхэмжлэгчийн “газар эзэмших эрх зөрчигдсөн, газрыг чөлөөлүүлэх” талаар аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус гаргасан 2018 оны 5 дугаар сарын 17-ны, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн гомдлуудыг нь эрх бүхий этгээд шийдвэрлээгүй зэрэг нь тогтоогджээ.
16. Дээрх нөхцөл байдлаас үзвэл, маргаан бүхий газрыг эзэмших эрх эрхийн гэрчилгээгээр баталгаажсаны хувьд Ц.Ө давуу эрхтэй, энэ тохиолдолд, хариуцагч нь “газар эзэмших эрх зөрчигдсөн, газрыг чөлөөлүүлэх” тухай түүний гомдлыг шийдвэрлэлгүйгээр маргаан бүхий газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж буй этгээдийн эрхийг хангах зорилгоор, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн талаар шүүхүүд зөв дүгнэсэн байна.
17. Өөрөөр хэлбэл, тухайн газрыг эзэмших эрх үүсээгүй этгээдийн гомдлоор хууль ёсны газар эзэмшигчийн эрхийг хөндсөн нь буруу, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”-г тогтоох ажиллагааг гүйцэтгэлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргах, ...”-аар заасанд нийцэхгүй .
18. Мөн, маргаан бүхий захирамжид Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2, Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 06/52ҮАГ-НАГ-2019/07/-НА дугаартай албан шаардлагыг баримталж, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх зөрчлийг дурдсан байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс захирамжийн үндэслэлийг “... газрын төлбөр тогтоосон хугацаанд төлөөгүй, гэрээ дүгнүүлээгүй” гэх зэргээр дэлгэрүүлэн тайлбарласан хэдий ч уг үндэслэлийн талаар анхан шатны шүүх тодорхой дүгнэлт хийснийг буруутгахгүй.
19. Иймд, дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.Н-гийн хяналтын журмаар гаргасан “...газрын төлбөр төлөөгүй, ... тухайн газраа 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй нь тогтоогдсон, ... захирамжийн үндэслэлд заасан ... аудитын дүгнэлтэд Ц.Ө-гийн газар хамаарахгүй байхад ... хамаарах мэтээр буруу дүгнэсэн” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 118/ШШ2019/0023 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 66 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.Н-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргахад гуравдагч этгээдээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ