Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 149/ШШ2026/00063

 

2026 01 15 149/ШШ2026/00063

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж хийсэн хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч:Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* 173 тоотод оршин суух, ******* овогт *******н ******* /рд:*******, утас-*******/-аас ирүүлсэн

 

Мод модон бүтээгдэхүүн зөөх, хураах түлээ хагалагчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.*******, нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... ******* овогтой ******* миний бие нь Сэлэнгэ аймгийн ******* суманд үйл ажиллагаагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын Мод боловсруулах үйлдвэрт 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 16 жил 7 сар 1 хоног суурь машинч 2-р зэргээр ажиллаж байсан ба суурь машинч 2-р зэргийн ажил нь мод, модон бүтээгдэхүүн зөөх, хураах, түлээ цавчих, /хагалах/ ажил хийж байсан. 2009 оны 8-р сарын 3-ны өдрөөс 2015 оны 7-р сар хүртэлх хугацаанд суурь машинч 3-р зэргийн ажил хийж байсан.Суурь машинч 3 дугаар зэргийн ажил нь мод, модон бүтээгдэхүүн зүсэх, хөрөөдөх ажил хийдэг. Миний бие бамбай булчирхай өвчний улмаас 2015 онд группт орж 2025 онд группээс хасагдсан.Мод боловсруулах үйлдвэр буюу ДОК-д надтай ижил мод, модон бүтээгдэхүүн зөөх, хураах, түлээ цавчих, /хагалах/ ажил хийж байсан хүмүүс хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон. Миний хувьд суурь машинч 2-р зэргийн буюу мод, модон бүтээгдэхүүн зөөх, хураах, түлээ цавчих, /хагалах/ ажил хийж байсан нь болон ажилласан хугацаа нь тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/87-р тушаалын 4.4-ийн 7521-19 дугаарын мод хураагч-цавчигчийн ажил үүрэгт хамаарах нөхцөл шалгуурыг хангаж байгаа боловч Сэлэнгэ аймгийн ******* сумын Нийгмийн даатгалын тасгаас, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт суурь машинчаар ажиллаж байсан гэж бичигдсэн тул хөдөлмөрийн хүнд нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэж байгаа тул ******* овогтой ******* намайг 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд Улаанбаатар төмөр замын Мод боловсруулах үйлдвэрт 16 жил 07 сар 01 хоног мод, модон бүтээгдэхүүн зөөх, хураах, түлээ цавчих, /хагалах/ ажил хийж байсан болохыг буюу ажиллаж байсан байдлыг минь үнэн зөвөөр тогтоож өгөхийг хүсье гэжээ.

 

Хүсэлт гаргагч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие нь 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс УБТЗ-ын ХНН-ийн Зүүнхараа Мод боловсруулах үйлдвэрийн зүсмэлийн цехэд мод хаглагч, хураагчаар ажилд анх орж байсан. Тус зүсмэлийн цехэд ажиллаж байгаад суурь машинчийн 3 дугаар зэргийн ажилтан болж 2015 оныг хүртэл ажилласан. Ингээд би 2015 онд группэд орсон. Гэтэл 2025 онд намайг группээс хассан байсан учраас нийгмийн даатгалаас асууж тодруулахад таны өвчний ангилал группийн жагсаалтаас хасагдсан байна гэж хэлсэн. Ингээд би мод боловсруулах үйлдвэр дээр ирж хүний нөөцтэй уулзахад та ажиллаж байсан хугацаагаараа хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарч болох юм байна гэсэн учраас дахин нийгмийн даатгал дээр ирж уулзахад таны ажлын нөхцөл хэвийн учраас болохгүй гэж хэлсэн. Уг нь миний хийж байсан ажил албан тушаал нь хүнд нөхцөлд орж байгаа юм байна. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт хэвийн нөхцөл буюу 2 дугаар зэрэг гэж буруу бичсэнээс болж би тэтгэвэрт гарах боломжгүй болоод байгаа учраас намайг Мод боловсруулах үйлдвэрийн зүсмэлийн цехэд мод хураагч, хагалагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ж.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг бүхий, эрх зүйн маргаангүй үйл явдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч Ж.******* нь Улаанбаатар Төмөр Замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зүүнхараа дахь мод боловсруулах үйлдвэрийн Зүсмэлийн цехэд 3 дугаар зэргийн мод хураагч, мод хагалагчаар ажиллаж байсан болох нь:

-Хүсэлт гаргагч Ж.*******д УБТЗ-ын Зүүнхараа дахь Мод боловсруулах үйлдвэрээс 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон *******343915 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар

-Хүсэлт гаргагч Ж.*******ын *******142168 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

-УБТЗ-ын Мод боловсруулах үйлдвэрийн даргын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажилд томилох тухай тушаалын хуулбар

-Хүсэлт гаргагч Ж.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт

-УБТЗ-ын Мод боловсруулах үйлдвэрийн даргын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *******82/387 дугаартай албан тоот

-УБТЗ-ын Мод боловсруулах үйлдвэрийн даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *******82/384 дугаартай тодорхойлолт

-Хүсэлт гаргагч Ж.*******тай хамт ажиллаж байсан иргэн , , нарын шүүхэд ирүүлсэн тодорхойлолт

-Хүсэлт гаргагч Ж.*******ын 1990-2012 оны хооронд Мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байхдаа авхуулсан гэрэл зураг

-Иргэн , , нарыг гэрчээр асуусан тухай тэмдэглэл зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар тогтоогдож байна.

 

Тиймээс хүсэлт гаргагч Ж.*******ыг Улаанбаатар Төмөр Замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зүүнхараа дахь мод боловсруулах үйлдвэрийн Зүсмэлийн цехэд 3 дугаар зэргийн мод хураагч, мод халагчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хүсэлт гаргагч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******н *******ыг Улаанбаатар Төмөр Замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зүүнхараа дахь мод боловсруулах үйлдвэрийн Зүсмэлийн цехэд 3 дугаар зэргийн мод хураагч, мод хагалагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ