Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 615

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Э.Энхбат,

шүүгдэгч Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808023900803 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 сарын 17-ны  өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 19 дүгээр гудамж 318а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар , Т овогт Г.Ө. 

ТОДОРХОЙЛОХ нь

Прокуророос тогтоосон хэргийн агуулга

Шүүгдэгч Г.Ө нь 2018 оны 05 сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лимон” пабын гадна хамтран амьдрагч Э.Н-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ө мэдүүлэхдээ:

Би мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй, прокуророос санал болгосон ялыг зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Э.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн “...2018 оны 5 сарын 05-06нд шилжих шөнө 00 цагийн үед хамтран амьдрагч Ө луу залгаад хаана байгааг нь асуухад СХД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лимон” пабад найзуудтайгаа сууж байна гэхээр нь би явж очоод пабын гадна Ө-тай уулзаад эвлэрэх гээд юм ярьж байхад Ө дараагийн чинь залуу бэлэн байгаа болоод чи надаас салах гээд байгаа юмуу гээд асуухаар нь “чамтай танилцахаас өмнө 4, 5 залуу байсан, одоо байлгая гэвэл 2, 3  залуу байлгаж болно ш дээ” гээд хэлтэл Ө уурлаад миний толгой руу гараараа 1 удаа цохиход би газар унахдаа духаа цементэд цохиод газар хэвтэж байхад миний дээрээс өшиглөөд яваад өгсөн...Ө бид хоёр 2018 оны 04 сарын дундуур Төв аймгаас ирж яваад Ө өөрийнхөө машинаа жалган дээгүүр харайлгаад урд гупер эвдэлчихсэн юм. Тэгээд хотод ирээд засварын газарт өгөөд авах гэтэл мөнгө олдохгүй байхаар нь би бөгжөө ломбарданд давиад засварын мөнгийг нь өгчихсөн юм. Тэгээд ломбардны хугацаа дуусаад бөгжөө авъя гэтэл тоохгүй байхаар нь өөрөө мөнгө олох гээд гэрээс гарах гэтэл  Ө  уурлаад байхаар нь юм хэлэхгүй гараад явчихсан юм. Тэгээд ахаас мөнгө аваад орой Ө руу залгаад эвлэрэх гээд очиход хэрүүл маргаан хийгээд байсан. Надад нэхэмжилж байгаа эд зүйл байхгүй, гомдол саналгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),

Гэрч  Л.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай охин Ө-тай танилцаад 1 жил гаран болж байгаа бөгөөд танилцсанаасаа хойш Ө-ын гэрт хамт амьдарсан. Энэ хоёрыг хамт амьдрах хугацаанд манай охинг Ө цохьж зодож байсан талаар би сонсож байгаагүй, манай охин надад хэлж байгаагүй. Сая 2018 оны 05 сарын 05-с 06-нд шилжих шөнө Ө манай охиныг зодсоныг мэдсэн. Тухай үед тэр хоёр юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Манай охин гэртээ ирэхдээ нүд, дух нь хавдаж зулгарсан, хуйх нь бамбайж хавдсан байсан, тэгээд юу болсон талаар асуухаар Ө-тай маргалдаад зодуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36), 

4. Аюулгүйн зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 7-9),

5. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 10-18),

6. Шүүх эмнэлгийн 2018 оны 05 сарын 07-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №5916 дугаар акт:

Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн хэсэгт 2х0.8см, 1х0.6см, 0.8х0.4см хүрэн ягаан өнгийн тав бүхий зулгаралттай, зулгаралтын эргэн тойрон 3.5х3см хөх, шаргал өнгийн туяа бүхий цус хуралттай, орчны зөөлөн эд бага зэргийн хаван, хавдартай, хамрын нуруунд 0.8х0.3см хүрэн ягаан өнгийн тав бүхий зулгаралттай, зүүн нүдний зовхины дотор буланд хүрэн ягаан шаргал өнгийн туяа бүхий цус хуралттай. 2018.05.05-ны ГССҮТ-ийн хүлээн авахын эмчийн үзлэгт :онош : тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэжээ.

ДҮГНЭЛТ:

1.Э.Н-ийн биед духанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Ө-т  холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Ө  нь 2018 оны 05 сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лимон” пабын гадна хамтран амьдрагч Э.Н-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн “...Ө уурлаад миний толгой руу гараараа 1 удаа цохиход би газар унахдаа духаа цементэд цохиод, газар хэвтэж байхад миний дээрээс өшиглөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),

Гэрч  Л.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 сарын 05-с 06нд шилжих шөнө Ө манай охиныг зодсоныг мэдсэн...юу болсон талаар асуухаар Ө-тай маргалдаад зодуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36), 

Аюулгүйн зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 7-9), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 10-18),  Шүүх эмнэлгийн 2018 оны 05 сарын 07-ны өдрийн № 5916 дугаар дүгнэлт, шүүгдэгч Г.Ө-ын  яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна”, 3.1.1-д “...хамтран амьдрагч”, 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг, 6 дугаар зүйлийн 6.1-д “энэ хуульд заасан дараахь үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ”, 6.1.1-д “бие махбодийн хүчирхийлэл”, 6.2-д “....энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл  мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Н-ийн өгсөн “...2017 оны 06 сараас хойш Ө-тай хамт амьдарч байгаад 2018 оны 05 сарын 06-ны өдөр салсан, бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй дундаасаа хүүхэдгүй”, гэрч Г.Г-ийн өгсөн “...манай хүү Ө 2017 оны 03 сард анх Н-ийг гэртээ авчирч танилцуулж байсан, тэрнээс хойш Н манай гэрт ирсэн”, гэрч Л.Э-ийн өгсөн “...манай охин Ө-тай танилцаад 1 жил гаран болж байгаа бөгөөд танилцсанаасаа хойш Ө-ын гэрт хамт амьдарсан” гэх мэдүүлгүүдээр хохирогч Э.Н,  шүүгдэгч Г.Ө нар гэр бүлийн харилцаа бүхий хамтран амьдрагч дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.

Хууль зүйн хувьд Г.Ө нь хамтран амьдрагч Э.Н-ийн толгойн тус газар нь цохих, өшиглөх зэргээр бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.Ө-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Э.Н нь нэхэмжилсэн зүйлгүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Ө-т дээрхи зүйл, хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Г.Ө-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.