| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2531000000024 |
| Дугаар | 2025/ДШМ/81 |
| Огноо | 2025-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/81
эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж
Прокурор А.Э*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.А*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Т******* /цахим/ нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван даргалж, шийдвэрлэн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Е.Д*******д холбогдох эрүүгийн *********** дугаартай, ************* индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Е******* овогт Е*******ийн Д*******, Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, эрэгтэй, ** настай, яс үндэс халх, дээд боловсролтой, цахилгаан станц сүлжээний техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн *********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД: *******)
Шүүгдэгч Е.Д******* нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 01 дүгээр сарын 17-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн С сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Мишээл” караокед согтуурсан үедээ үл ялих маргааны улмаас Т.А*******ын биед халдаж улмаар түүний толгой, зүүн хацар хэсэгт хагархай шилээр цохиж зулай, зүүн хацарт шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Е.Д*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Е******* овгийн Е*******ийн Д*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2, 2.3 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар мөн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Е******* овгийн Е*******ийн Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 450,000 төгрөгийн торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тогтоосон хугацаанд төлөөгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулан,
Шүүгдэгч нь хохирогчид нэг сая төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 725531 төгрөг тус тус төлснийг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон цалин хөлс, сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээж,
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдолдоо:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/шцт/79 дугаартай шийтгэх тогтоолыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч дараахи үндэслэлээр гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгч Т.М******* намайг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь миний дүү Т.А******* нь сэтгэцийн өвчний улмаас бие удирдах чадвар муу байхад өөрийнх нь саналаар шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна.
Улмаар шүүх хуралдааны дунд шатнаас намайг оролцуулсан боловч ямар нэгэн хүсэлт гаргах дараалал нь өнгөрсөн гэсэн үндэслэлээр хүсэлтийг маань хүлээж аваагүй. Миний бие шүүх хуралдаанд очиж байсан боловч цагтаа амжаагүй тул надгүйгээр эхлээд явсан байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байна. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад сэтгэцэд учирсан хор уршгийн асуудлын талаар хохирогч дүүгээс асуухад...би сайн хэлж мэдэхгүй байна. Хууль ёсны төлөөлөгчтэйгөө зөвлөлдмөөр байна гэж хэлсэн.
Миний зүгээс шүүх хуралдааны танхимд орж ирэн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг шинжээчээр томилуулах хүсэлттэй байна гэхэд хүсэлтийг хангаагүй нь хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Хууль хяналтыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагын алдаатай асуудлаас шалтгаалж шинжээчийн дүгнэлтийг гаргуулах боломжгүй нөхцөлд хүргэж “иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй” гэж үзсэн нь хохирогч нь дахин шүүхийн шатаар явах мөн нөгөөтэйгүүр шүүгдэгчид оногдуулах хариуцлагыг бусдад төлөх төлбөргүй үндэслэлээр хөнгөрүүлсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/шцт/79 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэргийг хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шийтгэх тогтоолын оролцогчид хохирогчийн нэр байхгүй байгаа. Өөрийгөө илэрхийлж чадахгүй байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оруулъя гэсэн санал хэлсэн. Оролцогчийн эрхийг зөрчсөн атлаа хэлэлцүүлгийн шат хэзээ дууссан нь мэдэгдэхгүй байгаа. Иргэний хэрэг, Эрүүгийн хэргийн процесс холилдоод байгаа харагддаг. Сэтгэл санааны хохиролд хэрхэн нөлөөлсөн талаар огт дурдаагүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүх хурал эхлэхэд оролцогчид эрх үүргийг танилцуулсан. Эгч хуралтай болохоор ирэхгүй гэж хэлсэн, эгчийг оролцуулах шаардлагагүй гэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа үндэслэлгүй байна. Би татгалзаж, шинжээч томилуулах байтал хүснэгтээр тооцсон байсан. Хохирогчоос шинжээч томилох ёстой гэсэн гэхэд өөрийнхөө саналыг хангасан. Давж заалдах гомдол үндэслэлгүй. Би гарч өөрт нь хэлсэн зүйл байгаагүй. Шүүх хуралдааны тов мэдэгдсэн гэдгийг хохирогч өөрөө хэлсэн. Сэтгэцийн өвчтэй гэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшуулах үндэслэл болохгүй гэж заасан. Хохирогчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа хууль ёсны дагуу явагдаагүй гэдэг нь шинжээч шүүх хурлыг хойшлуулах үндэслэл болж байгаа юм. Шүүх хуралд ор гэж хэлээгүй, та гарч болно гэж шүүгч хэлсэн. Хууль ёсны төлөөлөгч сууж байя гэсэн байгаа. Эгчийг нь оролцогч биш гэж үзэж байна гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Е.Д*******д холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс алдааг залруулах боломжгүй байна.
2.Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч нь сэтгэцийн өвчний улмаас эмнэлгийн байнгын хяналтад байдаг, өөрийн үйлдлээ ганцаар шийдвэрлэх, өөрийгөө бусдад илэрхийлэх чадвар сул гэсэн шалтгаанаар эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Т.А*******ын хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эгч Т.М*******г тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.
Ийнхүү хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
3.Прокуророос шүүгдэгч Е.Д*******гийн үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж улмаар хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба шүүх эрүүгийн хэргийг хүлээн авч, 2025 оны 04 сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/221 дугаартай шүүгчийн захирамжаар Е.Д*******гийн хэргийг шүүхэд шилжүүлж, түүний хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 04 сарын 08-ны өдрийн 15.00 цагт нээлттэй явуулахаар шийдвэрлэж, хэргийн оролцогчдод хурлын товыг мэдэгдсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М*******д хурлын тов мэдэгдэлгүйгээр, түүнийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж хуульчилжээ.
Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М******* нь “...хэргийн материалыг надад танилцуулаагүй. Надад хурлын тов мэдэгдээгүй, тус хэргийн хохирогчийг өөрийн үзэл бодлоо илэрхийлэх чадваргүйн улмаас хууль ёсны төлөөлөгч томилсон байхад хохирогч Т.А*******ыг шүүх хуралдаанд дангаар оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэсэн гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хэргийн материалыг танилцуулаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй улмаар шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримт, санал, хүсэлт гаргах зэрэг эрхийг эдлэх боломжгүй байдлыг үүсгэж, түүний хуулиар олгосон эрхийг хязгаарласан гэж үзнэ.
Аливаа хүний эрхийг дээдэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцэх юм.
Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой, хүний эрхийг зөрчсөн энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох” гэж заасан эрхийг эдлүүлээгүй, хүний эрхийг хаасан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН