Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/ма2020/01454

 

 

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01454

 

Ж.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00161 дгээр шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С-, А- ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г- ХХК, М- ХХК нарт холбогдох

2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 124 469 197 төгрөгт хүү тооцохыг зээлдэгч Д.А-ийн нас барсан өдөр буюу 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зогсоохыг Хариуцагч Г- ХХК-д даалгах, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх 12 467 төгрөг, нийт 4 сарын амь насны даатгалын төлбөрт 49 971 төгрөгийг М- ХХК-ийн дансанд шилжүүлэхийг хариуцагч Г- ХХК-д даалгуулах, Ж.С-, Ж.Ц нарын хариуцагч М- ХХК-д холбогдох зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээний 3.2.1-д зээлдэгч аливаа шалтгааны улмаас амь насаа алдах тохиолдолд эрсдэлээс бүрэн хамгаалахаар заасны дагуу үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн эрсдэлийг хүлээж, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний төлбөрийг Г- ХХК-д төлж барагдуулахыг М- ХХК-д даалгуулах, Хамтран нэхэмжлэгч А- ХХК-ийн хариуцагч Г- ХХК-д холбогдох, ЗГ1705017992 тоот зээлийн гэрээнд хүү бодохыг Д.А-ийн нас барсан өдөр буюу 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зогсоолгох тухай нэхэмжлэлүүдтэй,

Хариуцагч Г- ХХК-иас нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С- нарт холбогдох Ж.Ц, Ж.С- нараас зээл 124 469 197 төгрөг, хүү 73 678 230 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 535 367 төгрөг буюу нийт 198 682 794 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан ипотекийн гэрээгээр барьцаалагдсан хөрөнгөөс хангуулах, Г- ХХК-иас нэхэмжлэгч А- ХХК-д холбогдох зээл 44 049 695, хүү 22 931 104 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 225 921, нийт 71 161 537 төгрөгийг хариуцагч А- ХХК-иас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан ипотекийн гэрээгээр барьцаалагдсан хөрөнгүүдээс хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.С-, А- ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Ж.Цгийн өмгөөлөгч Б.Ганболд, хариуцагч Г- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, хариуцагч М- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А- нь Г-тай байгуулсан гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлдэг сайн харилцагч нь байсан. Г- ч үүнийг үгүйсгэдэггүй. Гэтэл бидэнд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нөхөж баршгүй хүнд гарз тохиолдон, ээж маань зуурдаар нас барсан. Бид нас барсан тухай нь Г-ны Саппоро салбарт 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр утсаар мэдэгдсэн. Мөн өөрийн биеэр уулзан, зээлтэй холбоотой, амь насны болон эд хөрөнгийн даатгалын гэрээнд зааснаар зээлийг барагдуулах авах арга хэмжээ авахыг хүсэж, удаа дараа өргөдөл хүсэлт өгсөн боловч өнөөдрийн байдлаар шийдвэрлэсэн зүйл байхгүй. Д.А- 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж эмнэлгийн байр худалдан авсан. 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээгээр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө, 68 дугаар байрны 57 тоотод орших 93,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 182 130 000 төгрөгөөр худалдан авахад зориулан 70 хувь буюу 127 490 000 төгрөгийн зээлийг 180 сарын хугацаатай авсан. Зээл авах үед Г-наас М- компанитай амь насны болон эд хөрөнгийн даатгалыг байгуул гэснээр М- компанитай зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээг 2028 оны 10 сар хүртэл байгуулж, даатгалын гэрээний төлбөр болон зээлийн төлбөрийг Г- шилжүүлж байсан. Зээлийн хугацаа 2013 оны 10 дугаар сараас 2028 оны 10 дугаар сар хүртэл гэж, гэрээний 3.3-т ...даатгалын хураамжийг жил бүр зээлийн үлдэгдлээс тооцож даатгагчид шилжүүлнэ. Банк хөрөнгийн үнэлгээг жил бүр тодорхойлох ба уг тодорхойлогдсон үнээр даатгалд хамрагдана гэж заасны дагуу банкнаас даатгалын гэрээг сунгахаар санаачилга гаргахаар гэрээнд заасан.

Мөн Г-тай байгуулсан ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний хавсралт 1-ийн сар бүр төлбөр төлөх хуваарь хэсэгт амь насны даатгалын сарын төлбөр баганад сар бүр төлбөрийг суутган авахаар, эд хөрөнгийн даатгалын жилийн төлбөр баганад жил бүрийн 10 дугаар сард 1 удаа авахаар тус тус зааж өгсөн. Энэ төлбөрийг төлөх М- компанийн данс эсвэл даатгалын төлбөр төлөх дансыг Г-тай байгуулсан гэрээнд зааж өгөөгүй, зээлдэгчийн (талийгаач ээж Д.А-) харилцах дансны үлдэгдэл нь эдгээр төлбөр төлөхөд хүрэлцэхүйц хэмжээтэй байсан болох нь дансны хуулгаар нотлогдоно. Зээлдэгчийн хувьд анх даатгалын гэрээг Г-аар дамжуулан байгуулсан, сар бүр төлөх хавсралт 1 гэрээний дагуу төлбөр төлөх нөхцөлтэйгээр гэрээг анх байгуулсан учраас даатгалын гэрээгээ сунгагдсан гэж ойлгон гэрээг байгуулаагүй байж болохоор байна. Г- гэрээний Хавсралт 1-ийн төлбөр төлөх хуваарьт даатгалын төлбөр төлөхөөр заагаагүй бол бид гэрээг өөрсдийн санаачлагаар байгуулах ёстой гэж ойлгохоор байсан. Г- болон М- компани 2 нийлж даатгалын гэрээ болон зээлийн гэрээг аль болох өөрт ашигтай талаас нь тайлбарлаж даатгалын нөхөн төлбөрөөр зээлийг барагдуулахгүй байна.

Г-ны буруутай үйл ажиллагаанаас болж 2014 оны 10 дугаар сарын 16-наас хойшхи төлбөр төлөгдөөгүй байх магадлалтай. Даатгагч даатгуулагч хоёрын хооронд дундын зуучлагч Г- ХХК нь М- ХХК-тай байгуулсан Энэхүү хамтран ажиллах гэрээний 3.9-д зааснаар даатгуулагчийн даатгалын хураамжийг даатгагчийн дансанд шилжүүлснээр даатгуулагч даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй байна.

-2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээл нь 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар 126 291 573 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул зээлийн хүү бодохыг зээлдэгчийг нас барсан өдөр буюу 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зогсоох,

-мөн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх 12 467 төгрөг, нийт 4 сарын амь насны даатгалын төлбөрт 49 971 төгрөгийг М- ХХК-ийн дансанд шилжүүлэхийг хариуцагч Г- ХХК-д даалгуулах,

-М- компанийн зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээний 3.2.1-т Зээлдэгч аливаа шалтгааны улмаас амь насаа алдах тохиолдолд эрсдэлээс бүрэн хамгаалахаар заасны дагуу үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн эрсдэлийг хүлээж, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний төлбөрийг Г-инд төлж барагдуулахыг М- ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А- ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А- ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эмнэлгийн байр худалдах авах зориулалтаар Г-наас ЗГ1705017992 дугаар зээлийн гэрээг үндэслэн 200,000,000 төгрөгийг зээл авсан. 200 000 000 төгрөгийн зээлээс 2015 оны 1 дүгээр сарын байдлаар үндсэн төлбөрт 155 950 304.48 төгрөг, хүүд 85 997 216 төгрөг нийт 241 947 520.48 төгрөгийг төлсөн. А- ХХК-ийн захирал Д.А- нь /үүсгэн байгуулагч, 1 гишүүнтэй/ өөрийн эмчийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд 2015 оны 01 дүгээр сард зуурдаар нас барж, энэ өдрөөс хойш компанийн үйл ажиллагаа бүрэн зогсож өнөөдрийг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй зээлийн төлбөр төлөгдөх боломжгүй болсон. Өв залгамжлагчийн хувьд эмнэлгийн чиглэлээр тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүйгээс компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон.

ЗГ1705017992 дугаар зээлийн гэрээний барьцаалагч нас барсан тул зээл, хүү болон нэмэгдүүлсэн хүүг уг нас барсан өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зогсоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г- ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хувьд хүчин төгөлдөр байгаа. Хүү зогсоохыг Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийг тус тус үндэслэн татгалзаж байна.

Г- ХХК-иас М- ХХК-д амь насны даатгал болон эд хөрөнгийн даатгалын төлбөрийг шилжүүлэхийг үүрэг болгохыг хүссэн байна. Гэтэл манайд энэ төлбөр төлөгдөөгүй байгаа. Тэгэхээр бид уг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь банкны аливаа гүйлгээ нь нэр заасан этгээдэд утгын дагуу шилжүүлдэг байгаа. Тэгэхээр тухайн үед зээлдэгчээс төлсөн төлбөрийн хувьд ямар нэгэн байдлаар амь насны болон эд хөрөнгийн даатгалын төлбөрийн утга нэг ч байхгүй байгаа бөгөөд энэ талаар ямар нэгэн баримт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн А- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд яг ижилхэн шалтгаантай байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч М- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Г- ХХК-ийн хариу тайлбартай санал нэг байна. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар даатгалын гэрээ нь хоёр талын үүрэг хүлээсэн хэлцэл байгаа. Гол зорилго нь даатгалын тохиолдол бий болоход даатгагч нь даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүрэг хүлээнэ гэж байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар даатгалын тохиолдол үүссэн үед даатгуулах, даатгалын хураамж төлөх, эсхүл даатгалын тохиолдол үүссэн хойно даатгагч нь хураамж нөхөн авна гэсэн ойлголт байхгүй. Г- ХХК-иас даатгалын хураамжийг шилжүүлээгүй учраас даатгалын тохиолдол үүссэний дараа нөхөн төлбөр гаргуулах эрхгүй юм гэжээ.

Хариуцагч Г- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон тайлбартаа: Талуудын хооронд 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ЗГ1705040981 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 127 490 000 төгрөгийг 180 сарын хугацаатай жилийн 17,4 хувийн хүүтэй олгосон байгаа. Хамгийн сүүлд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн зээлийн үлдэгдэл нь 124 469 197 төгрөг, хүүд 73 678 230 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 535 367 төгрөг буюу нийт 198 682 794 төгрөгийг Ж.Ц, Ж.С- нараас нэхэмжилж байна.

Үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан ипотекийн гэрээгээр барьцаалагдсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн 9, Энхтайваны өргөн чөлөө 68 дугаар байрны 57 тоот 93,4 м.кв 3 өрөө орон сууцаар хангуулж өгөхийг хүсэж байгаа.

А- ХХК-ийн хувьд талуудын хооронд 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГ1705017992 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 200 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай сарын 1,3 хувийн хүүтэйгээр эмнэлгийн байр худалдаж авах зориулалтаар олгосон байдаг. Энэ зээлийн тухайд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 44 049 695 төгрөг, хүүд 22 931 104 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4 225 921 төгрөг буюу нийт 711 618 537 төгрөгийг мөнгө өвлөгчөөс буюу Ж.С-аас нэхэмжилж байна. Үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулагдсан ипотекийн гэрээгээр барьцаалагдсан нэр бүхий 3 хөрөнгөөс гаргуулж, энэ талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл гаргасан хариу тайлбартаа: Г- сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Иргэний хувьд 2013 онд орон сууцны зээлийн гэрээ байгуулж, зээл авсан. Ингээд нас барах өдрөө хүртэл буюу 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ямар нэгэн байдлаар төлбөрийг тухайд нь төлж байсан. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зээлдэгч нь нас барсан. Тэгэхээр Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.2-т үүрэг гүйцэтгэгч нас барсан бол уг үүрэг дуусгавар болно гэж заасан байгаа. Тэгэхээр үүний дагуу тухайн нас барсан өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр зээлийн үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа.

Тэгэхээр энэ өдөр тухайн зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүү зогсох ёстой. Харин үндсэн төлбөр нь М- ХХК-иас төлөгдөх ёстой гэж үзэж байгаа. Учир нь гэвэл амь насны даатгалын гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээг сунгагдсан гэж үзсэн учраас амь насны даатгалын нөхөн төлбөр нь М- ХХК-иас Г- ХХК-д шилжих ёстой гэж үзэж байгаа. Хоёрдох гэрээ буюу А- ХХК болон түүний захиралтай холбоотой 2010 оны 200 000 000 төгрөгийн гэрээ байгаа. Энэ нь мөн адил төлөгдөж, нийт 241 000 000 төгрөгийг төлсөн байдаг. Харин үлдэх 44 668 000 төгрөгийг А- ХХК-иас төлөх буюу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд тухайн үүрэг дуусгавар болох ёстой. Тэгэхээр 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр буюу А- ХХК-ийн захирал нас барсан өдрөөр уг зээлийн гэрээ дуусгавар болж, хүү болон нэмэгдүүлсэн хүү зогсох ёстой гэж үзэж байгаа. Салшгүй байдалтай холбоотой гэдэг нь бол тухайн компани эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хэдий өв залгамжлагч байгаа ч гэсэн тухайн хүн нь компанийг цааш нь үргэлжлүүлэх боломжгүй байдалтай байгаа. Тэгэхээр нэгэнт үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой байгаа учраас үүрэг дуусгавар болох ёстой. Г- ХХК-ийн зүгээс барьцаа хөрөнгийн тухай хэлж байна. Энэ хөрөнгө нь А-ийн нэр дээр байсан. Тэгэхээр хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзэх үндэслэл болж байгаа. Ингээд зээлийн гэрээнээс төлөгдөөгүй үлдсэн 44 668 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар зээлдэгч Д.А-ийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 124 469 197 төгрөг болон зээлдэгч А- ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ1705017992 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 44 049 695 төгрөгт тус тус хүү тооцохыг зээлдэгч 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зогсоохыг хариуцагч Г- ХХК-д даалгаж,

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх амь насны даатгалын хураамж 148 739 төгрөгийг М- ХХК-ийн дансанд шилжүүлэхийг хариуцагч Г- ХХК-д даалгуулах болон зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээний 3.2.1-д заасан үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн эрсдэлийг хүлээж, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний төлбөрийг Г- ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С- нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С- нараас 124 469 197 төгрөг гаргуулж, хариуцагч Г- ХХК-д олгож, нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С- нар нь уг төлбөрийг биелүүлэхгүй бол ипотекийн гэрээний зүйл болох улсын бүртгэлийн Ү-2205046120 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энхтайваны өргөн чөлөө 68 дугаар байрны 57 тоот 93,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 74 213 597 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч А- ХХК-иас 44 049 695 төгрөг гаргуулж Г- ХХК-д олгож, зээлдэгч А- ХХК уг төлбөрийг биелүүлэхгүй бол ипотекийн гэрээний зүйл болох улсын бүртгэлийн Ү-2203018315 дугаарт бүртгэлтэй, орон сууц, үйлчилгээний зориулалттай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58 дугаар байрны 104 тоот, 2 өрөө 80.72 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203018487 дугаарт бүртгэлтэй, орон сууц үйлчилгээний зориулалттай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58 дугаар байрны 106 тоотын 2 өрөө 80.72 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203018489 дугаарт бүртгэлтэй, орон сууц үйлчилгээний зориулалттай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58 дугаар байрны 108 тоотын 2 өрөө 84.96 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдээс албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 27 111 841 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150,140 төгрөг, хариуцагч Г- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 949 320 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 442 148 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, хариуцагч Г- ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С- нарт олгож, хариуцагч Г- ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А- ХХК-д олгож, нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С- нараас 780 296 төгрөг гаргуулж, хариуцагч Г- ХХК-д олгож, нэхэмжлэгч А- ХХК-иас 378 198 төгрөг гаргуулж, хариуцагч Г- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г- ХХК болон М- ХХК-иуд 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Орон сууцны зээлийн эрсдлийн даатгалын талаар хамтран ажиллах тухай №26А1300001 дугаартай хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байсан бөгөөд банк өөрийн зээлдэгчтэй даатгалын байгууллагыг төлөөлөн эд хөрөнгийн болон амь насны даатгалын гэрээ байгуулж ирсэн бөгөөд Г- ХХК нь М- ХХК-ийн даатгалын үйлчилгээний төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэхээр уг гэрээнд заасан.

Г- ХХК нь даатгалын төлөөлөгчийн хувиар зээлдэгч Д.А-тэй 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх амь насны даатгалын төлбөрийг авч даатгалын гэрээ байгуулсан бөгөөд Толомт банк ХХК болон М- ХХК-иуд хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээгээр даатгуулагчтай жил бүр гэрээг шинэчлэн хийж байхыг шаардсан зүйл байхгүй, харин ч даатгалын төлөөлөгчийн хувьд Г- ХХК нь даатгалын хураамжийг даатгуулагчаас төвлөрүүлэн авч М- ХХК-ний дансанд шилжүүлэх, мөн даатгалын гэрээний 7.4-т банк зээлдэгчтэй зөвшилцөн даатгалын гэрээний сунгалт хийж байх эрхийг олгосон байдаг.

Даатгалын гэрээний 2.1.3, 3.3, 3.4, 5.2.4, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний 3.1.3-т зааснаар зээлдэгч Д.А- даатгалын төлөөлөгч Г-тай даатгалын гэрээг байгуулсан бөгөөд даатгалын гэрээний 7.4т зааснаар банктай зөвшилцөн зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикт зааснаар зээлийн эргэн төлөлтийг даатгалын хураамжийн хамт төлөхөөр тохиролцсон нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр буюу даатгалын хураамж төлөх болсон тухайн сард 2 200 000 төгрөг төлсөн, 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөгийг тус тус төлж байснаар нотлогдож байна.

Орон сууцны зээлийн эрсдлийн даатгалын талаар хамтран ажиллах тухай гэрээнд Г- нь даатгуулагчийг төлөөлж гарын үсэг зурсан бөгөөд гэрээ нь даатгагч, даатгуулагчийн эрх үүргийг тодорхойпсон байна. Түүнчлэн ЗГ1705040981 тоот зээпийн эргэн төлөлийн тооцоо график нь ... нэмэлт багануудтай байх бөгөөд... амь насны даатгалыг сар бүр төлөхөөр графикт заасан байна. Хэрэгт авагдсан баримтаар Д.А- М- ХХК нарын хооронд байгуулагдсан амь насны даатгалын гэрээний 5.2.4-т даатгалын хураамж төлөх нь даатгуулагчийн үүрэг байхаар заажээ."

Шүүхийн дээрх үндэслэлүүдээс дүгнэж үзэхэд Орон сууцны зээлийн эрсдлийн даатгалын талаар хамтран ажиллах тухай гэрээнд Г- ХХК нь даатгуулагчийг төлөөлж гарын үсэг зурсан хэмээн үзсэн атлаа зээлдэгчтэй зөвшилцөж хураан төвлөрүүлж байгаа даатгалын хураамжийг М- ХХК-д шилжүүлэх үүрэг нь Г- ХХК-нд байсан бөгөөд төлөөлөгч Толомт банк ХХК нь М- ХХК-д шилжүүлээгүй буруутай үйлдлээс болж даатгуулагч Д.А-ийн даатгалын үйлчилгээ авах, даатгалын байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхийг хязгаарлах нь үндэслэлгүй юм.

Г- ХХК болон зээлдэгч Д.А- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнээс харахад амь насны даатгалын хураамжийг тусгайлсан дансанд төлж байхыг заасан заалт байхгүй, өөрөөр хэлбэл зээлдэгч зээлийн төлбөр болон амь насны даатгалийн хураамжийг зээлийн дансандаа төлж байхыг заасан байна. Харин зээлийн дансанд төлөгдсөн мөнгийг Г- зээлийн үндсэн төлбөр зээлийн хүү, амь насны даатгалын хураамж хэмээн хувиарлах үүрэгтэй байгаа.

Г-ин дахь зээлдэгчийн зээлийн дансны хуулгаас харахад Д.А- нь 2014.10 сарын 16-нд бичгээр хийсан даатгалын гэрээний үйлчлэх хугацаа хэдийгээр дууссан боловч дууссанаас хойш зээлийн төлбөрийг, даатгалын хураамжийн хамт шилжүүлсэн болох нь 2015.11.05 өдрийн 2200,000 төгрөг төлсөн байгаагаас тодорхой харагдана. Мөн Г- ХХК-наас ирүүлсэн албан бичигт Д.А-ийн зээлийн төлбөр илүү төлөлт хийгдсэн байна гэх баримтаас тодорхой харагдана.

"М- ХХК-иас Г- ХХК-д даатгалын нөхөн төлбөр болох 124 469 197 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үнэн зөв дүгнэлт хийлгүй хуулийг буруу хэрэглэн шийдвэр гаргасан. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С- нар болон А- ХХК нь хариуцагч Г- ХХК, М- ХХК-д холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөр 124 469 197 төгрөгт хүү тооцохыг зээлдэгч Д.А-ийн нас барсан өдөр буюу 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зогсоохыг хариуцагч Г- ХХК-д даалгах, ЗГ1705017992 тоот зээлийн гэрээнд хүү бодохыг Д.А-ийн нас барсан өдөр буюу 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зогсоолгох, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх 12 467 төгрөг, нийт 148 739 төгрөгийг амь насны даатгалын төлбөрт М- ХХК-ийн дансанд шилжүүлэхийг хариуцагч Г- ХХК-д даалгуулах, зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээний 3.2.1-д заасны дагуу үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн эрсдэлийг хүлээж, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний төлбөрийг Г- ХХК-д төлөхийг М- ХХК-д даалгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан. /1хх1, 2хх199, 3хх220, хх44, 47, хх173, 174, 3хх226/

Хариуцагч Г- ХХК нь нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С-, А- ХХК нарт холбогдуулан Ж.Ц, Ж.С- нараас зээлийн гэрээний үүрэгт 198 682 794 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, А- ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 71 161 537 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан. /хх150, 155/

Д.А- нь Г- ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1705040981 дугаартай гэрээ байгуулж 127 490 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар 180 сарын хугацаатай, жилийн 17,4 хувийн хүүтэй зээлж авсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗБ170504981 дугаартай ипотекийн гэрээг байгуулан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төв бүс /16010/ Энхтайваны өргөн чөлөө 68 дугаар байрны 57 тоот 93.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон орон сууцны ипотекийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /1хх18-21/

Мөн Д.А- нь М- ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны 26Р1359657, амь насны 26Р1359857 тоот даатгалын гэрээг байгуулж, даатгалын хураамжийг зээлийн төлбөрийн графикт заасан хугацаа, хэмжээгээр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь даатгалын гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогджээ. /1хх26/

А- ХХК нь Г- ХХК-тай 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГ1705017992 тоот зээлийн гэрээ байгуулж 200 000 000 төгрөгийг эмнэлгийн байр худалдан авах зориулалтаар, 60 сарын хугацаатай, сарын 1,3 хувийн хүүтэй зээлсэн, үүргийн гүйцэтгэлд нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогджээ. /1хх10/

А- ХХК-ийн үүсгэн байгуулагч, зээлдэгч Д.А- нь 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон. /1хх7/

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан, нас барсан гэж зарлагдсан нь үүрэг дуусгавар болох үндэслэл байхаар заасан. Д.А- Г- ХХК нарын хооронд байгуулсан ЗГ1705040981 тоот зээлийн гэрээ, А- ХХК Г- ХХК-ийн хооронд байгуулсан ЗГ170517992 тоот зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдэгч Д.А-ийн хүү төлөх үүрэг түүнийг нас барснаар буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр дуусгавар болсон, энэ талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн гэж үзнэ.

Зээлийг зээлдэгч ашигласны үндсэн дээр хүүгийн төлбөр тооцогдох бөгөөд хүү төлөх үүрэг нь зээлдэгч хувь этгээдтэй салшгүй холбоотой байх тул энэ төрлийн үүргийг Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дахь хэсэгт заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгөтэй хамт өвлөгч нарт шилжих үүрэг гэж тайлбарлах боломжгүй юм.

Д.А- нь даатгалын гэрээний хугацааг 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх нэг жилийн хугацаатай байгуулж, даатгуулагч нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр даатгалын үнэлгээний 0,12 хувиар тооцон нэг жилийн даатгалын гэрээнд 152 988 төгрөгийг төлсөн байна. /1-р хх 25/

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Орон сууцны зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээнд Г- нь даатгуулагчийг төлөөлж гарын үсэг зурсан бөгөөд гэрээнд даатгагч, даатгуулагчийн эрх үүргийг тодорхойлсон. ЗГ1705040981 тоот зээлийн эргэн төлөлтийн тооцоо гэсэн график нь хүү, үндсэн төлбөрөөс гадна амь насны даатгалын сарын төлбөр, эд хөрөнгийн даатгалын жилийн төлбөр гэсэн нэмэлт багануудтай байх бөгөөд амь насны даатгалыг сар бүр төлөхөөр графикт заасан. /1хх20-21/

Д.А- М- ХХК нарын хооронд байгуулагдсан амь насны даатгалын гэрээний 5.2.4-т даатгалын хураамж төлөх нь даатгуулагчийн үүрэг байхаар заажээ. /1хх26/

2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ170504981 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүрийн 5-ны өдөр даатгалын хураамжийг оролцуулалгүйгээр зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт 1 993 629 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. /1-р хх 21/ Энэхүү гэрээний 7.1-д уг гэрээг даатгалын хураамжийг даатгагчийн харилцах дансанд шилжүүлсэн өдрөөс хойш 1 жилийн турш тухайн даатгалын хариуцлага хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заажээ. Түүнчлэн уг даатгалын гэрээний 7.2.1-д зааснаар даатгалын гэрээгээр тохирсон хугацаа дууссанаар даатгалын гэрээний баталгаа дуусгавар болно гэж талууд тохиролцсон байна. /1-р хх 25-26 /

Зээлдэгч А- ХХК нь даатгалын гэрээний хугацаа дууссанаас хойш 2014 оны 10 дугаар сарын 16-наас 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд тодруулвал 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлд 2 375 111 төгрөг, хүүд 627 621 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлд 1 881 240 төгрөг, хүүд 617 759 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр зээлд 518 058, хүүд 579 944 төгрөг төлсөн байна. /1-р хх 147/

Даатгалын гэрээний хугацаа дууссанаас хойш Д.А- нь 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 2 200 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 2 000 000 төгрөгийг тус тус зээлийн төлөлт гэж Г- ХХК-ийн 1709030953 тоот зээлийн дансанд тушаасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /3-р хх 511-514/

Өөрөөр хэлбэл, Д.А- нь 2014 оны 11, 12 сар, 2015 оны 1 дүгээр сард ЗГ1705040981 тоот гэрээний хавсралтаар тохиролцсон хуваарийн дагуу зээлийг төлсөн бөгөөд уг хуваарьт заасан амь насны даатгалын сарын хураамжийг Г- ХХК-д төлсөн гэх боловч даатгалын гэрээг сунгахгүйгээр хураамжийг банкинд шилжүүлсэн гэж үзэхгүй, түүнчлэн дээрх баримтаар даатгалын хураамжийг төлсөн гэж үзэхээргүй байна.

М- ХХК-ийн Г- дахь 1102999733 тоот дансны хуулгаар Г- ХХК 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш орон сууц, амь насны даатгалын хураамжийг М- ХХК-д шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. /3-р хх 628-642 /

Мөн Г- ХХК, М- ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууцны эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ цаашид сунгагдаагүй талаар хариуцагч талууд тайлбарласан, гэрээ сунгагдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2 дахь хэсэгт зааснаар даатгалын гэрээг хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр байгуулах юм.

Гэрээ сунгагдаагүй, гэрээний харилцаа үргэлжлээгүй байхад хариуцагч М- ХХК-иас даатгалын нөхөн төлбөр төлөх үүргийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй. Д.А- нь амь насны даатгалын хураамжийг сар бүрийн зээлийн төлбөрийн хамт тус дансанд байнга байршуулж байсан тухай нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2 дах хэсэгт зааснаар хууль гэрээгээр тогтоосон даатгалын хугацаа дуусгавар болсноор даатгалын гэрээ дуусгавар болох юм.

Иймд нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

Д.А-ийн зээлийн гэрээний үүргийг түүний өвлөгч болох Ж.Ц, Ж.С- нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 515 дугаар зүйлийн 515.2 дах хэсэгт зааснаар хариуцах тул сөрөг нэхэмжлэлийг хангасныг зөв гэж үзнэ. Мөн А- ХХК-иар холбогдох зээлийг хариуцуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00161 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 780 296 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД