Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 102/2020/01687/И |
Дугаар | 210/МА2020/01571 |
Огноо | 2020-07-17 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2020/01571
2020 оны 07 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2020/01571 |
Ж:Х -ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01782 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж:Х ын хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинд 3 543 255 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж:Х , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г , хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч Ж:Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/283 дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, ажлаас чөлөөлсөн тул шүүхэд гомдол гаргасан. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03105 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 3 779 500 төгрөг олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхээр шийдвэрлэсэн. Ажил олгогчийн Б/283 дугаар тушаалын улмаас бодитоор хохирол болох 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны нийт 45 өдөрт ногдох цалин хөлс 3 543 255 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч байгууллага нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03105 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй, Ж:Х ыг ажилдаа эргэн ороход нь ямар нэгэн байдлаар саад учруулаагүй. Ж:Х нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажилдаа ирж 1 дүгээр сард 17 хоногийн цалин авсан. Түүний үндсэн цалин 2019 онд 844 534 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 912 417 төгрөг болсон. 2 190 413 төгрөгт зэргийн нэмэгдэл, хүнд хортой нөхцөл, удаан жилийн нэмэгдэл орсон, хоол, унааны мөнгө, илүү цагийн мөнгө ороогүй. Энэ хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 3 543 255 /гурван сая таван зуун дөчин гурван мянга хоёр зуун тавин таван/ төгрөгийг гаргуулан Ж:Х т олгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Ж:Х ын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагуудад шилжүүлэн, дэвтэрт нь нөхөн бичилт хийхийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд даалган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 642 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 71 642 /далан нэгэн мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан Ж:Х т олгон шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: Хариуцагч байгууллагаас цалингийн задаргааг гаргаж өгсөн бөгөөд шүүх нэхэмжлэгчийн үндсэн цалингийн хэмжээг буруу тогтоосон.
Шүүх Ж:Х ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг түүний 2019 онд авч байсан үндсэн цалин болох 844 534 төгрөгөөс тооцсон болохыг дурдах нь зүйтэй гэсэн байгаа нь ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтанд дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор хуульчилсан. Дундаж цалин хөлсийг тоцохдоо Нийгмийм хамгаалал хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалд заасны дагуу тогтоодог. Ажилтанд олгож байгаа бүх төрлийн тэтгэмжүүд, нөхөх олговор хөнгөлөлтийн орлого, /унаа түлш байр хоолны үнийн хөнгөлөлт/-ыг ажилтаны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан.
Цалингийн тооцооны картнаас цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүй хэсгийг хасаж тооцоход нэг өдрийн дундаж цалин хөлс нь 48 675.8 төгрөг байх бөгөөд нийт 45 хоногт тооцоход 2 190 413 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас илүү бодогдсон 1 352 842 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Ж:Х нь хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 543 255 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилснээс хариуцагч байгууллага 2 190 413 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт шүүхийн хүчин төгөлдөр болсон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03105 дугаар шийдвэр авагдсан байна. Уг шийдвэрээр нэхэмжлэгч Ж:Х ыг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын их эмч, тасгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3 779 500 төгрөгийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гаргуулан Ж:Х т олгон, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. /хх8-10/
Хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Ж:Х ажилдаа эгүүлэн орсон болох нь хэргийн 38-39 дэх талд авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. Иймээс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэх учир дээрх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин, хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах боломжгүй байна.
Харин нэхэмжлэгчийн бодитоор ажлаагүй хугацааны илүү цаг, хоол, унааны мөнгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй болжээ. Учир нь цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс буюу илүү цагийн хөлс багтах хэдий ч нэхэмжлэгч нь илүү ажил үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд цагийг нь тооцон хөлс олгох боломж бүрдэх юм. Түүнчлэн ажилтан бодитоор ажиллаж буй нөхцөлд хоол, унааны мөнгийг тооцон олгох тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас илүү цагийн хөлс 684 073 төгрөг, хоол, унааны 115 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч байгууллагаас 2 744 182 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 799 073 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01782 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 3 543 255 /гурван сая таван зуун дөчин гурван мянга хоёр зуун тавин тав/ гэснийг 2 744 182 /хоёр сая долоон зуун дөчин дөрвөн мянга нэг зуун наян хоёр/ гэж, олгосугай, гэснийг олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 799 073 /долоон зуун ерэн есөн мянга далан гурав/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай, 3 дахь заалтын 71 642 /далан нэгэн мянга зургаан зуун дөчин хоёр/ гэснийг 58 857 /тавин найман мянга найман зуун тавин долоо/ гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Ч.ЦЭНД