| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0596/э |
| Дугаар | 616 |
| Огноо | 2018-07-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Чинбилиг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 616
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Б.Чинбилиг,
шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808021020729 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ө овогт Н.М, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандалд суманд 1984 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн бус дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 37-10 тоотод оршин суух бүртгэлтэй, 1998 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
2002 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 664 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 4 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар МО84042417,
ТОДОРХОЙЛОХ нь
Прокуророос тогтоосон хэргийн агуулга
Шүүгдэгч Н.М нь 2018 оны 04 сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд Нарангийн 4 дүгээр гудамжинд хамтран амьдрагч Б.Х-ийг бусадтай хардсаны улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:
2018 оны 4 дүгээр сарын 15-ны шөнө эхнэр Б.Х залгаад найзындаа байна ирээд аваадах гэхээр нь би явсан. Замд явж байхад нилээн олон удаа дуудлага ирсэн. Утсаа авахаар эхнэр юм ярихгүй мөртлөө цаанаа эхнэр янз бүрийн юм яриад байсан. Намайг очиход мөн янз бүрийн юм яриад байхаар нь машинаас татаж буулгаад нүүрэнд нь нэг удаа алгадаад яваад өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугийн талаар маргахгүй, прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын ялыг зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 4 сарын 14-15нд шилжих шөнө унтаж байхад 01 цагийн үед найз С над руу залгаад Их Наранд хүрээд ир гэсэн, би орой болсон байна, чадахгүй гэхэд байн байн залгаад чи найз л юм бол ир гээд уурлаад байхаар нь босоод түүний сууж байсан Их Нарангийн эцэст байдаг нэг караокед заалгаад очсон. Тэр төрсөн ахтайгаа юм уучихсан сууж байсан ба надад архи өгөөд шахаад байсан. 03 цагийн орчим тэр караокегоос гараад С-г ахтай нь гэрт нь оруулж өгөөд салсан нөхөр М-тай яриад намайг ирээд ав гэж ярьж байхад С цаанаас нь согтуу чи манай нөхөртэй унтсан биз дээ гээд аймар чанга орилсныг нөхөр сонсоод уурлахаар нь би утсаа тасалсан. Тэгтэл нөхөр С-ийн хэлсэн үгнээс болж чи манай найзтай унтсан байна гээд би болохоор үгүй гээд маргалдаж байтал нөхөр намайг үснээс зулгаан хойд сандал руу орж ирээд гараа атган хаа хамаагүй нүүр нүдгүй олон удаа цохьсон. Өвдгөөрөө миний хэвлий хэсэг рүү 2 удаа өвдөглөсөн, 2 гараараа миний хүзүүнээс багалзуурдан хумсаа шигтгэн багалзуурдсан. Нөхөр намайг аргадаад бид хоёр эвлэрсэн ба үүр цайгаад би нөхөртөө туниад дэлгүүр ороод дахин архи авч уугаад жаахан согтонгуутаа нөхрийнхөө уурыг хүргэхээр үгнүүд зөндөө хэлсэн учир тэр дахин уур нь хөдлөөд хамар руу нэг удаа өшиглөхөд хамраас цус гараад би машинаас буугаад цусаа арчаад байж байхад араас бууж ирээд дахин газар унаган хөл рүү өшиглөсөн. Надад одоо цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй, энэ хэргийг хааж өгнө үү....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35),
Гэрч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х нэг М гэх залуутай хамтран амьдардаг. Өглөө 08:00 цагийн үед хүүхдийнхээ тариаг хийчихээд Х байна уу хартал бас ирээгүй байсан. 10:00 цагийн орчимд Х над руу залгаад “хурдан гараад ир” гээд уйлаад байсан. Би гүйгээд гарсан чинь 4-р гудамжинд машины хажууд М-д зодуулсан байдалтай, хамраас нь цус гоожсон, үс гэзэг нь сэгсийчихсэн, куртик нь нил шороо болсон байдалтай зогсож байхаар нь би сандраад шууд цагдаа дуудсан. Нөхөр нь надад танай найз чинь миний найзтай унтсан байна гээд байхаар нь “хохино чи хүнийг хайрлаж чадахгүй бол чиний хохь” гэж хэлсэн. Х-ийн ярьж байснаар олон удаа зодож цохиж байсан гэж дуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11,37),
Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэд хоногийн өмнө Х над руу залгаад найз нь сэтгэл санаа тавгүй хэцүү байна гэж ярьж байсан. 4 сарын 14-ний өдөр манай гэрт ах ирээд бид хоёр гараад Их Нарангийн эцэст байдаг Болор тааз гэдэг караокед ороод нэг шил архи хувааж уунгаа би 23 цаг өнгөрч байхад Х-г утсаар дуудсанаар тэр ирсэн. Хамт ууж байгаад Х-д хэдэн үг хэлье гэж бодоод чи муу манай нөхөртэй унтах гээд байгаа юм бишүү гэж хэлсэн...Миний согтуудаа ярьсан зүйлийг нөхөр М нь тэр өдөр Х-тэй утсаар ярьж байгаад сонссон байсан тул маргааш нь Х-тэй хамт ирээд надаас асуухаар нь тийм болоогүй гэж хэлээд явуулсан. Маргааш өглөө нь ирэхдээ Х-ийн хүзүү нь улайсан, энэ намайг зодсон гэж ярьсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36),
Гэрч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...миний дүү М нь Х-тэй 2009 оноос хойш хамт амьдарсан, их тайван уян хатан, олон эмэгтэй хүнтэй хамт амьдарч байсан болохоор тайван, зөөлөн сэтгэлтэй, М нь Х-г зодож цохиж байсан удаа байхгүй, дундаасаа хүүхэдгүй, мөн гэрлэлтийн баталгаа байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39),
Шүүх эмнэлгийн 2018 оны 04 сарын 19-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 4936 дугаар дүгнэлт
Хамрын нуруу хавдсан, 2х1см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай, эмзэглэл ихтэй, баруун хацарт 1х0.5см, хүзүүний баруун хажууд 11х4см, 2х2.5см, 2х2см улаан ягаан өнгийн цус хуралттай. Зүүн бугуйн дотор хэсэгт 7х5.5см, зүүн сарвууны ард 3х4см, баруун сарвууны ард 3х2см, баруун шууны ар дунд хэсэгт 4х0.5см хөх ягаан өнгийн цус хуралттай, баруун тохойд 1.5х1.5см хүрэн улаан өнгийн зулгаралттай. ДҮГНЭЛТ
1.Х-ийн биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хүзүү, зүүн бугуй, 2 сарвуу, баруун шуунд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43),
Яллагдагч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 сарын 15-ны үүрээр 04 цагийн үед хувийн автомашинтайгаа халтуур хийгээд явж байхад эхнэр Б.Х согтуу байдалтай залгаад “найзындаа байна, хүрч ирээд авчих” гэж хэлэхэд нь хаана байгааг нь асуухад Их Нарангийн шинэ хуучин эцэс дээр С-ийн гэрт байна гэж хэлсэн. Тэгтэл утасных нь цаанаас С Х-г “чи манай нөхөртэй унтсан” гээд чанга чанга яриад байхаар нь утсаа салгаад С-ийн гэрийн үүдэнд очиход Х С-тай би хэзээ танай нөхөртэй унтаж хэвтсэн юм бэ гээд маргалдаад зогсож байхаар нь Х-г найзындаа очоод амар гэхэд Х- орохгүй гээд өглөө 06 цагийн үед дэлгүүрээс архи авч машиндаа хувааж уусан...Би согтоод С-ийн ярьсан зүйлээр хэрүүл маргаан хийж байхад Х миний толгой руу архины шилээр цохьчихоор нь уур хүрээд машинаасаа буугаад Х-г машинаас татаж унагаад алгадаж газар чирчихсэн. Би Б.Х-ийн хацар, хамартай хавсраад 1 удаа гараараа алгадсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-55) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.М холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Н.М нь 2018 оны 04 сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд нарангийн 4 дүгээр гудамжинд хамтран амьдрагч Б.Х-г бусадтай хардсаны улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нөхөр намайг үснээс зулгаан хойд сандал руу орж ирээд гараа атган хаа хамаагүй нүүр нүдгүй олон удаа цохьсон. Өвдгөөрөө миний хэвлий хэсэг рүү 2 удаа өвдөглөсөн, 2 гараараа миний хүзүүнээс багалзуурдан хумсаа шигтгэн багалзуурдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35),
Гэрч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гүйгээд гарсан чинь 4-р гудамжинд машины хажууд М-т зодуулсан байдалтай, хамраас нь цус гоожсон, үс гэзэг нь сэгсийчихсэн, куртик нь нил шороо болсон байдалтай зогсож байхаар нь би сандраад шууд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11),
Шүүх эмнэлгийн 2018 оны 04 сарын 19-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн №4936 дугаар дүгнэлт, Аюулгүйн зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 17-18), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 19-28), шүүгдэгч Н.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна”, 3.1.1-д “...хамтран амьдрагч”, 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг, 6 дугаар зүйлийн 6.1-д “энэ хуульд заасан дараах үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ”, 6.1.1-д “бие махбодийн хүчирхийлэл”, 6.2-д “....энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Х-ийн өгсөн “...Би М-тай 2011 оноос хойш хамт амьдарч байна, бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа хүүхэдгүй”, гэрч Н.Н-ын өгсөн “...миний дүү М Х-тэй 2009 оноос хойш хамт амьдарсан” гэх мэдүүлгүүдээр хохирогч Б.Х, шүүгдэгч Н.М нар нь гэр бүлийн харилцаа бүхий хамтран амьдрагч буюу энэ нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.
Хууль зүйн хувьд Н.Мнь хамтран амьдрагч Б.Х-ийн толгой, нүүр, гар хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Б.Х нь нэхэмжилсэн зүйлгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.М-т дээрхи зүйл, хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Н.М-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.