| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 2436004840017 |
| Дугаар | 39 |
| Огноо | 2025-07-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 39
2025 07 03 2025/ДШМ/0039
*******ид холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа, нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Энхтулга, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******ид холбогдох эрүүгийн 2436004840017 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн ******* ******* ******* *******т оршин суух хаягтай боловч Ховд аймгийн Ховд ******* ******* *******т түр оршин сууж байгаа, урьд ял шийтгүүлж байгаагүй, Тольтон ******* регистрийн дугаартай.
2. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Ховд ******* ******* *******ийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй инженерийн хийцтэй гүн өрөмдлөгийн ундны худаг руу 2024 оны 06 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө хууль бусаар нэвтрэн орж, худгийн усыг газрын гүнээс татах зориулалт бүхий хуванцар, цагаан өнгийн хоолой болон цахилгаан хянах самбар, модон хаалга, гүний худгийн насос зэргийг эвдэлж, хохирогчид 735,000 төгрөгийн хохирол учруулан "Хулгайлах" гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрт хууль бусаар нэвтэрч, худгийн дээрх эд зүйлсийг хулгайлахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч Тольтон ******* ид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Тольтон ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан есөн зуун мянган төгрөгийн торгох ялыг Дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
4.4 Эрүүгийн 2436004840017 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,
4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэх журмыг шүүгдэгч Э.Зид мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.6 Тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
4.7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс шүүгдэгч *******ид холбогдох хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө "...шүүгдэгч *******ийн үйлдэл нь "бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол" гэмт хэргийн обьектив болон субьектив талын үндсэн шинж хангагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. "Бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно" гэж тодорхойлсон байх ба шүүгдэгч *******ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг үйлдэх шунахайн сэдэлт зорилгыг агуулаагүй гэж үзэх үндэслэлтэй. Мөн шүүгдэгч ******* нь тухайн худагт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж аваад цааш худалдан борлуулах, өөрт ашигтай байдлаар захиран зарцуулах шууд санаатай үйлдэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх ба шунахайн сэдэлттэй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр хулгайлах гэмт хэргийн үйлдэлдээ хандсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ хэргийн тухайд шүүгдэгч нь 2024 оны 06 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө худгийн усыг газрын гүнээс татах зориулалт бүхий хуванцар цагаан өнгийн хоолой болон цахилгаан хянах самбар, модон хаалга, гүний худгийн насос зэргийг эвдэлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Худгийн усыг газрын гүнээс татах зориулалт бүхий хуванцар цагаан өнгийн хоолой болон цахилгаан хянах самбар, модон хаалга, гүний худгийн насос зэргийг эвдэлсэн шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулж байх боловч харин өөртөө ашиг олохыг хүссэн, шунахайн сэдэлтээр захиран зарцуулж ашиг олох зорилгоор хийсэн гэж дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эд хөрөнгө устгах, гэмтээх" гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна хэмээн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй байна.
Шийтгэх тогтоолын "Эрүүгийн хариуцлагын дүгнэлт хийсэн" хэсэгт "Шүүгдэгч *******ийн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан, энэ хэргийг хүч хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас *******а хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй" хэмээн тусгасан. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн талаар хэрэгт баримт авагдаагүй, шүүгдэгчийг тухайн зүйл хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байхад тухайн гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэлт хийжээ.
Мөн шийтгэх тогтоолын улсын яллагчийн дүгнэлт хэсэгт "...шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү..." гэх дүгнэлт гаргасан гэж дурдсан байх ба шүүх хуралдааны явцад гаргасан улсын яллагдагчийн дүгнэлтээс зөрүүтэй бичсэн.
Учир нь улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж өгнө үү гэх дүгнэлтийг гаргасан.
Шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт "...Худгийн усыг газрын гүнээс татах зориулалт бүхий хуванцар цагаан өнгийн хоолой болон цахилгаан хянах самбар, модон хаалга, гүний худгийн насос зэргийг эвдэлсэн шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулж байх боловч харин өөртөө ашиг олохыг хүссэн, шунахайн сэдэлтээр захиран зарцуулж ашиг олох зорилгоор хийсэн гэж дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эд хөрөнгө устгах, гэмтээх" гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв..." гэж дүгнэсэн атлаа Тогтоох хэсгийн 1 дэх заалтад "Шүүгдэгч Тольтон ******* ид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Эд хөрөнгө устгах, гэмтээх" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай." гэж зүйл заалтыг зөрүүтэй бичсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дүгээр зүйл нь "Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах" гэмт хэрэг байхад тогтоох хэсэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон хуулийн зүйл заалт нь зөрүүтэй бичигдсэн байна.
Дээрхээс үзэхэд шийтгэх тогтоол нь үндэслэлгүй болсон байна гэж үзэхээр байна. Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн нийтийн шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор баталсан "Шүүхийн шийдвэр боловсруулах журам"-ын 3.1 дүгээр зүйлд "тогтоолын бүх хэсэг нь хоорондоо харилцан уялдаа холбоотой тул тогтоох хэсэг нь удиртгал болон тодорхойлох хэсгийн үргэлжлэл юм. Тогтоох хэсэг нь удиртгал болон тодорхойлох хэсэгтэй зөрчилдвөл тогтоолыг үндэслэлгүй болсон гэж үзнэ" гэж тусгасан. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д " урьд сонсгосон ялыг шүүхээс хөнгөрүүлэн өөрчилсөн бол түүний үндэслэл, тэдгээрийг нотлох баримтыг агуулгыг тусгана гэж заасан.
Гэтэл шүүх хөнгөрүүлсэн нотлох баримтыг тусгаагүйгээс гадна, прокурорын яллах талын нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн талаар шийтгэх тогтоолд тусгаагүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлага хангаагүй байна. Иймд Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
6. Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Н.Очирбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон баримтыг үнэлэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
2. Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг Ховд аймгийн Ховд ******* ******* *******ийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй инженерийн хийцтэй гүн өрөмдлөгийн ундны худаг руу 2024 оны 06 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө хууль бусаар нэвтрэн орж, худгийн усыг газрын гүнээс татах зориулалт бүхий хуванцар, цагаан өнгийн хоолой болон цахилгаан хянах самбар, модон хаалга, гүний худгийн насос зэргийг эвдэлж, хохирогчид 735,000 төгрөгийн хохирол учруулан "Хулгайлах" гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, худгийн дээрх эд зүйлсийг хулгайлахаар завдсан гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
3. Анхан шатны шүүх “шүүгдэгч *******ийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, мөн зүйл хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож” шийдвэрлэжээ.
4. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэлдээ: ”... өөртөө ашиг олохыг хүссэн, шунахайн сэдэлтээр захиран зарцуулж ашиг олох зорилгоор хийсэн гэж дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна хэмээн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй, прокурорын яллах талын нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн талаар шийтгэх тогтоолд тусгаагүй, шийтгэх тогтоол алдаатай гарсан байх тул хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.
4.1 Анхан шатны шүүх “шүүгдэгч ******* нь худгийн хаалгыг эвдэж ороод, цагаан шланкыг хоёр хувааж татаж гаргасан, улмаар гүний насосыг дүүжилсэн байсан тросыг нь тайлж, насосыг дээш нь татаж гаргахаар зогсож байсан” гэх үйл баримтыг шууд харсан гэрч , , нарын мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлээ дурдахгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т нийцэхгүй болжээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ийн “худгийн хаалгыг эвдэн орж, цэвэр усны цагаан шланкыг нь дээш татаж гаргасан, улмаар гүний насосыг нь дээш нь татаж гаргах гэж байсан” үйлдлийг шүүх “бусдыг эд хөрөнгийг хулгайлах шунхай сэдэлт байхгүй байсан” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
4.2 Түүнчлэн шүүгдэгч ******* нь “уг худгийг гэрээгээр харж, хамгаалдаг байсан гэрч Х.Мадениеттэй хувийн таарамжгүй харилцаатай байсны улмаас худгийн цагаан шланк, гүний насос зэрэг эд зүйлийг устгах, гэмтээх санаа зорилготой байсан” гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад шүүх үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн байна.
4.3 Мөн прокуророос шүүгдэгч *******ийн үйлдлийг “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрт нэвтэрч үйлдэхээр завдсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн байхад шүүх “түүний гэмт үйлдлээ төгсгөж чадаагүй нөхцөл байдал”-ыг нь “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэх шунхай сэдэлт, зорилгыг агуулаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА