| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 305/2026/00066/И |
| Дугаар | 305/ШШ2026/00088 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 305/ШШ2026/00088
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *****-ын хүсэлттэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр тэмдэглэл хөтлөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагч *****в нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн агуулга: 1989 оны 09 дүгээр сарын 01-нээс 1994 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл Говь-Алтай аймгийн Алтай сумын 8 жилийн дунд сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлт гаргагч ***** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ***** онд төрсөн. Одоо ***** настай. ***** сумын ***** багт амьдардаг. Би 1986-1988 онд хугацаат цэргийн алба хааж сумдаа ирээд ерөнхий боловсролын сургуульд 1989 оны 09 дүгээр сарын 01-нд биеийн тамирын багшаар ажилд орж 1994 оны 1 дүгээр сарын 01-нд 5 жил ажиллаад гарсан. 1995 оноос хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад биеийн эрүүл мэндийн улмаас 2019 онд групп орсон. Одоо өндөр насны тэтгэвэрт шилжих гэтэл аймгийн архивт сургуулийн 1989-1994 оны баримт байхгүй. Баримтаа хүлээлгэж өгөөгүй. Тухайн үед бичигдэж байсан хөдөлмөрийн дэвтэрээ групп тогтоолгохдоо нийгмийн даатгалын байцаагчид өгсөн боловч хувийн хэрэгт байхгүй. Нийгмийн даатгалын улсын байцаагч бид хоёрын дунд алга болсон тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэжээ.
3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар
- Алтай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай багш, ажилчдын 1990 оны ээлжийн амралт олгох тухай тушаал, уг тушаалын хавсралт
- Алтай сумын 8 жилийн дунд сургуулийн багш нарын 1991-1992 оны хичээлийн жилд гүйцэтгэх сургалт арга зүйн цагийн хэмжээ, цалин тогтоолт
- Говь-Алтай аймгийн Алтай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай багш, ажилчдын 1992 оны ээлжийн амралт олгох тухай тушаал, уг тушаалын хавсралт
- Алтай сумын 8 жилийн дунд сургуулийн багш нарын 1993 оны ээлжийн амралтын хуваарь
- Дунд сургуулийн 4, 5, 6 дугаар сургуулийн цалингийн тооцооны хүснэгт
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:Байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч *****-ын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч *****в нь 1989 оны 09 дүгээр сарын 01-нээс 1994 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл Говь-Алтай аймгийн Алтай сумын 8 жилийн дунд сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Хүсэлт гаргагч ***** нь дээрхи хугацаанд ажиллаж байсан болох нь:
- Алтай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай багш нарын ээлжийн амралтыг хавсралт 1-р, бусад ажилчдынхыг 2-р тавьж олгосугай гэсэн заалттай багш, ажилчдын 1990 оны ээлжийн амралт олгох тухай тушаал, уг тушаалын хавсралтын 15-рт *****, тасралтгүй ажилласан жил 1, амралт бодох ажилласан сар 12, 1989 оны бүгд амралт хоног 48, амрах хугацаа 06.22-08.18 гэсэн бичилт хийгдсэн багш нарын 1990 оны ээлжийн амралтын хуваарь,
- Алтай сумын 8 жилийн дунд сургуулийн 1991 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн багш нарын 1991-1992 оны хичээлийн жилд гүйцэтгэх сургалт арга зүйн цагийн хэмжээ, цалин тогтоолтын хүснэгтийн 9-рт *****, мэргэжил албан тушаал Б.тамир, багшилсан жил 3, бүгд цаг 7 хоногт 8, жилд бүгд цаг 240 гэсэн бичилт хийгдсэн төлөвлөгөө,
- Говь-Алтай аймгийн Алтай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай багш, ажилчдын 1992 оны ээлжийн амралтыг хавсралт 1, 2-т заасан хоногт хугацаагаар олгосугай гэсэн заалттай багш, ажилчдын 1992 оны ээлжийн амралт олгох тухай тушаал, уг тушаалын хавсралтын 18-рт *****, албан тушаал дундын багш, ажилласан жил 3, үндсэн амралт 21, нэмэгдэл 27, жинхэнэ амрах 48 гэсэн бичилт хийгдсэн багш нарын 1990 оны ээлжийн амралтын хуваарь,
- Алтай сумын 8 жилийн дунд сургуулийн багш нарын 1993 оны ээлжийн амралтын хуваарийн 14-рт ...*****, тасралтгүй ажилласан жил 6, амралт тогтоох ажилласан сар 6, 1993 онд амрах ажилласан сар 12, 1993 онд амралт олгох хоног 48... гэсэн бичилт хийгдсэн,
- Дунд сургуулийн 1994 оны 4 дүгээр сарын 10-рт *****, ажилласан хоног 25, сарын цалин 8040, 4-5- р сарын ЭМД 723, суутгал дүн 723, жинхэнэ гарт олгох 7619, 1994 оны 5, 6 дугаар сарын 10-рт *****, ажилласан хоног 23, сарын цалин 7900, 7,8 дугаар сарын ЭМД 492, суутгал дүн 10504, жинхэнэ гарт олгох 19578 гэсэн бичилтүүд хийгдсэн сургуулийн цалингийн тооцооны хүснэгт зэрэг нотлох баримтаар батлагдаж байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч ***** овгийн *****-гийн *****-ыг 1989 оны 09 дүгээр сарын 01-нээс 1994 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл Говь-Алтай аймгийн Алтай сумын 8 жилийн дунд сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч 1994 оны 11 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласнаар тогтоолгох хүсэлт гаргасан боловч шүүх тухайн үйл явдал болсон хугацааны сүүлийн хугацаагаар буюу 1994 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаагаар тооцож тогтоох нь зүйтэй юм.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ***** овгийн *****-гийн *****-ыг 1989 оны 09 дүгээр сарын 01-нээс 1994 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай сумын 8 жилийн дунд сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН