| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 170/2018/0045/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2018-06-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 49
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.Одонтуяа Шүүгдэгч Б.Да- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяагаас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Да-д холбогдох 1823000030007 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Жавхлант хэсэг **-**тоотод оршин суух хаягтай, урьд нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар, мөн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Тарвагачин овогт Б-ийн Да- РД:/ИФ********/ Шүүгдэгч Б.Да- нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Хөдөө аж ахуйн хэсгийн **-** тоот хашаанд оршин суух иргэн Д.Ня-ы гэрээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой 4 ширхэг мөнгөн аяга, хүүхдийнх нь шинэ жилийн гацуур модон дээр байсан 150000 мянган төгрөг алдагдсан, уг эд зүйл, мөнгийг авсан этгээд гэрийнх нь тооноор орж авсан болох нь хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ. Тухайлбал хохирогч тухайн цаг хугацаанд гэрээсээ эд зүйл, мөнгө алдсан талаараа мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Тэр өдөр манайхан 19 цагийн үед гэрээсээ гараад айлд очоод 21 цаг 30 минутад гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байдалтай байсан. Тэгээд эд зүйлээ шалгаж үзэхэд хүүхдийн мөнгөний авдар дээр байсан 5 ширхэг мөнгөн аягыг аваад тооноор гарахдаа 1 жижиг мөнгөн аягыг зуухны урд унагаад 4 аягыг аваад гарсан байсан. Мөн хүүхдийн гацуур дээр тавьсан байсан 150000 төгрөг алга болсон байсан. Тооноор орохдоо рамны шилийг хагалж, тооны баатрыг хугалсан, нэг унь хугалсан байсан.” гэж мэдүүлжээ. Хохирогчийн эхнэр Д.Ж-ыг мөрдөн байцаалтын шатанд гэрчээр байцаахад дээрхтэй ижил агуулгатай мэдүүлэг өгсөн байна. Мөн 2017 оны 12 дугаар сарын 31-ний 22 цаг 58 минутад хохирогчийн гэрт буюу хэргийг газар хийсэн үзлэгээр гэрийнх нь тотгоны унь хугарсан байдал илэрчээ. Дээрх нотлох баримтууд нь хулгай хийсэн этгээд хохирогчийн гэрийн тооноор орж 4 ширхэг мөнгөн аяга, гацуур модон дээр байсан 150000 төгрөгийг нь хулгайлсан үйл баримтыг нотолж байна. Гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авахад тэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа дээрх мэдүүлгийг өгсөн бөгөөд мэдүүлгүүдийнх нь эх сурвалж тодорхой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолж байх тул шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй. Шүүгдэгч Б.Да- мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар байцаагдахдаа "...Тэр орой ...Ня-ы хашааны урдуур явж таарсан. Тэр үед Ня-ы гэр нь цоожтой байхаар нь гэрийн тооноор нь ороод баруун талын орны дээд талд байсан тавиур дээрээс 4 ширхэг мөнгөн аяга авсан, мөн ёлкон дээр нь байсан мөнгийг аваад гэрийн тооноор нь буцаад гарсан. Тэгээд урд талын гудамжинд очоод айлын хашааны буланд 4 ширхэг мөнгөн аягыг нуучихаад явж байсан чинь цагдаагийн машин таараад цагдаад баригдсан. Тэгээд би цагдаа нартай буцаж очоод нуусан 4 ширхэг мөнгөн аягыг гаргаж өгсөн. Мөнгийг нь тоолоогүй." гэж хэргээ хүлээн мэдүүлсэн байна. Тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөө зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн гэрт тооноор нь орсон, 4 ширхэг мөнгөн аяга хулгайлсан гэдгээ баталж мэдүүлжээ. Харин гацуур модон дээр байсан мөнгийг авсан эсэхээ мэдэхгүй байна гэх боловч түүний мөрдөн байцаалтын шатанд мөнгө авсан тухай мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн “гацуур модон дээр мөнгө тавьсан байсан 150000 алдагдсан” гэх мэдүүлгээр нотлогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн, хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Ийнхүү шүүгдэгч Б.Да- нь хохирогчийн гэрийн тооноор орж эд зүйл, мөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байх тул түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгчийн хулгайлан авсан 4 ширхэг мөнгөн аягыг хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бөгөөд шүүх хуралдааны үед шинжлэн судлахад хохирогч өөрийн алдсан аяганууд мөн гэж байх тул хохирогчид буцаан олгож 150000 төгрөг болон тооныг нь эвдсэнээс учирсан хор уршиг болох 120000 төгрөг нийт 270000/хоёр зуун далан мянган/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэстэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Тарвагачин овогт Б-ийн Да-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Да-ийг 02 жил 06 сарын/хоёр жил зургаан сарын/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Да-д оногдуулсан 02 жил 06 сарын/хоёр жил зургаан сарын/ хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Да-ийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 11/арван нэгэн/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Да-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Б.Да-ээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг мөнгөн аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Ня-д буцаан олгосугай.
8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Да-ээс 270000/хоёр зуун далан мянган/ төгрөг гаргаж хохирогч Д.Ня-д олгосугай.
9. Шүүгдэгчийн эзэмшлийн гэх Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Жавхлантын хэсгийн **-** тоот хаягт байршилтай 3 тал хашааг битүүмжилсэн битүүмжлэлийг тогтоолын 8-р заалтыг биелж дуустал үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ