Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 207/МА2018/00074

 

 

Г.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Өгөөмөрт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00420 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Г.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Өгөөмөрт холбогдох,

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч Б.Өгөөмөр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.Мягмарсүрэн миний үеэл ах Б.Батдээж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тооцоолон бодох цехэд ажилладаг байсан бөгөөд 2012-08-22-ны өдөр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох Цагаанчулуут багийн 50-р гудамж 01 тоот хашаа газрыг маань өөрийн төрсөн хүү Б.Өгөөмөртөө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлүүлээд оронд нь миний бага хүү одоо 28 настай Б.Шинэбаярыг Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажилд оруулж өгнө гээд авсан. Гэтэл Б.Батдээж ах, хүүг маань ажилд оруулахгүй байсаар тэтгэвэртээ гараад өөрийн хүүгээ үйлдвэрт ажилд оруулсан боловч намайг хүлээж бай гэсээр өнөөдрийг хүрлээ. Би саяхан ажил бүтэхгүй бол хашаа газраа авьяа гэсэн чинь 2 өрөө байрны үнэтэй газраа чамд өгөхгүй чи оронд нь 8*10 хэмжээтэй өвөл зуны палкаар барьж тоосгоор өнгөлсөн 3 өрөө сууцыг ав гэж намайг доромжиллоо. Би дээрх хашаа газраа хүнд алдаад арай гэж шүүхээр явж байж авсан. Энэ үедээ би надаас хашаа газрыг авсан гээд шүүхдэж байсан хүнд 1 500 000 төгрөгийн өрийг миний өмнөөс төлсөн учир би хүүгээ ажилтай болгож байвал яасан ч яах вэ гээд Б.Батдээж ахын үгэнд итгээд хашаа газраа түүний хүүгийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн юм. Бэлэг хүлээн авагч Б.Өгөөмөртэй уулзсан чинь намайг хэл амаар доромжилж хашаандаа байгаа байшинг буулгаж аваад зайл гэх мэтээр доромжиллоо. Тэгээд ч бэлэглэлийн гэрээ хариу төлбөргүй байхад надад хашаа газрын үнэ гэж хэдэн төгрөг өгсөн бөгөөд хашаан дотор байгаа байшингаа намайг ав гэж байна. Иймд 2012-08-22-ны өдрийн Б.Өгөөмөр Г.Мягмарсүрэн бид хоёрын хооронд хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

... 2014 онд хүүг маань ажилд оруулж чадахгүй бол хашаа газраа авъя гэхээр хүлээж бай гээд Б.Батдээж Г.Мягмарсүрэнгийн ХААН банкан дахь дансанд нь 400 000 төгрөг хийсэн. 2018 оны 2-р сарын эхээр хүүг нь ажилд оруулахгүй болсон нь тодорхой болсон учир хашаагаа суллаж өгөхийг хүсэхэд нь энэ байшинг аваад яв гэж хэлсэнээр шүүхэд хандсан байна. 2012-08-22-ний өдрийн 2 талын гэрээг хийхдээ Иргэий хуулийн 276-р зүйлийн 276.1, 276.2 дахь хэсгийн заалтуудыг үндэслэсэн байна. Иргэний хуулийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэжээ.Гэтэл бэлэглэгч Г.Мягмарсүрэн бэлэг хүлээн авагч Б.Өгөөмөртэй энэ талаар огт ярилцаагүй болох нь нотлогддог. Иргэний хуулийн 276-р зүйлийн 276.2-т Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэжээ. Г.Мягмарсүрэн Б.Өгөөмөрт бус Б.Батдээжид шилжүүлсэн болох нь төлбөр төлсөн баимтуудаар нотлогдож байна. Бэлэглэлийн гэрээ өөрөө хариу төлбөргүй байх учиртай байтал Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүүг нь ажилд оруулахын шан харамж гэж, мөн 56.1.3-т заасанчлан худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл болох нь тодорхой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Өгөөмөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдээж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Г.Мягмарсүрэн нь миний хүү Б.Өгөөмөрт холбогдуулж өргөдөл гаргажээ. Энэ нь намайг хүүхдийг нь ажилд оруулж өгөөд хашаа газрыг хүүхэддээ бэлэглэлийн гэрээгээр шилжүүлүүлсэн гэжээ. Бид уг нь үеэлүүд юм. Би Эрдэнэт үйлдвэр-т ажиллаж байгаад тэтгэвэртээ гарахдаа орондоо өөрийн хүү Өгөөмөрийг ажилд оруулсан. Энэ бол Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын гэрээнд заасны дагуу зөвхөн өөрийн хүүхдийг ажилд оруулах зохицуулалтаар болсон явдал. Өөр хүний хүүхдийг оруулах боломжгүй тул Мягмарсүрэнгийн хүүхдийг ажилд оруулж өгнө гэж хэлээд хашаа газрыг авсан гэдэг нь худлаа. Г.Мягмарсүрэн нь хэдэн жилийн өмнө энэ хашаа газраа Мөнхбаяр гэдэг хүнд зарчихаад шүүхээр заргалдаж байгаад газраа буцааж аваад тэр хүнээс авсан мөнгөө буцааж өгөх гэсэн боловч мөнгийг нь үрчихсэн гээд өгч чадахгүй надаас мөнгө гуйгаад би түүнд тусалж 1 500 000 төгрөг өгч өрнөөс гаргасан юм. Өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байна. Тэгээд шүүхээр заргалдаад хашаа газраа авахаар шийдвэр гарсан ч нөгөө худалдаж авсан хүнд хашаан дотор барьсан байшингийнх нь үнэ бил үү нүүлгэх зардал ч бил үү хэдэн төгрөг өгөхөөр болсон гээд л яваад байдаг байсан. Тэгээд та энэ хүний байшинг авчих. Надад мөнгө байхгүй. Би таньд хашаа газраа өгье гэхээр нь ярьж байгаад дутуу барьсан байшинг нь 7 700 000 төгрөгөөр Мөнхбаяраас худалдаж авсан юм. Ингээд Мягмарсүрэн нь өр ширнээс гаргалаа гэж баярласан сэтгэлээр хашаа газраа миний хүү Өгөөмөрийг ав гэсэн. Тэгж хэлчихээд Мягмарсүрэн нэг хэсэг манайхаар орж гарахаа больсон. Бид нар ч хашаа газрыг нэр дээрээ яаж шилжүүлж авах ёстойг ч мэдэхгүй, юу ч бодсон юмгүй, нөгөө дутуу байшингаа нөхөж гүйцээж байтал 2 сар гаран болсны дараа гэнэт хүрч ирээд Байшингаа сайхан болгочихож, одоо хашаа, газраа шилжүүлж өгөхөөс өөр аргагүй боллоо доо гээд инээж хөхрөөд л нотариат орж бэлэглэлээр шилжүүлдэг юм гээд хүүг дагуулж яваад бэлэглэлийн гэрээ хийсэн. Энэ бэлэглэлийн гэрээг яагаад хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байгааг ойлгохгүй байна. Хууль номын дагуу Мягмарсүрэнгийн өөрийнх нь хүслээр хийгдсэн гэрээ шүү дээ. Тийм учраас энэ өргөдөлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00420 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасныг тус тус баримтлан Г.Мягмарсүрэн Б.Өгөөмөр нарын хооронд байгуулагдсан 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 50 дугаар гудамжны 01 тоот нэгж талбарын 18429432044795 дугаартай, улсын бүртгэлийн Г-2101009088 дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 626 м2 газрын бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах Г.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 143 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Маргаан үүссэн гол асуудлууд гэвэл 2008 онд нэхэмжлэгч Г.Мягмарсүрэнгийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 50-р гудамж 1 тоот хашаа газрыг Орхон аймгаас хувьчлахгүй гээд байсан учир 2008 оны 4-р сард иргэн Ж.Мөнхбаярт 3.500.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэдэг боловч 1.500.000 төгрөг өгчихөөд 2001 онд Г.Мягмарсүрэнд хашаа газраа зарсан иргэн Ц.Болортулгаас бичиг авч газрыг нь хувьчлаад авсан байсан учир Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010.07.22-ны өдрийн 866 дугаартай шийдвэрээр бие даасан шаардлагаа хангуулж УДШ-ийн хяналтын шатны иргэний хэргийн танхимын 2010-11-30-ны өдрийн 917 дугаартай тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээснээр Г.Мягмарсүрэн хашаа газрынхаа өмчлөгч болсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Г.Мягмарсүрэн өөрийн өмгөөлөгчөөрөө Д.Оюунчимэгийг авч Ж.Мөнхбаяраас авсан 1.500.000 төгрөгийг өмгөөлөгч Д.Оюунчимэгт 2008-9-23-нд Ж.Мөнхбаярт өгнө гэхээр нь өгсөн гэдэг бөгөөд энэ 1.500.000 төгрөгийг үеэл ах Б.Батдээжээс аваад өгсөн гэдэг. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч Б.Батдээж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: шүүхийн шийдвэр гарснаас хойш намайг өрнөөс гаргахын тулд сайхан сэтгэл гарган 1.500.000 төгрөгийг Ж.Мөнхбаярт өгсөн гээд энэ мөнгөө буцааж аваагүй бөгөөд 2008-09-23-ны өдөр Д.Оюунчимэгт 1.500.000 төгрөг өгсөн болох нь түүний Г.Мягмарсүрэнгээс мөнгө авсан баримт, шүүхийн шийдвэр зэргүүдээр нотлогдоно. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Мягмарсүрэнгийн хүсэлтээр Ж.Мөнхбаяраас байшинг нь худалдаж авсан,байшинг буулгах зардлыг төлсөн гэжээ.Б.Батдээж анх 1.500.000 төгрөг зээлдүүлсэн цагаасаа хойш газрыг нь өөрийн болгохын тулд өөрөө л уг байшинг худалдаж аваад өнөөдрийг хүртэл бусдад түрээслүүлж ашиг олж байгаа юм байна. Хариуцагчийн төрсөн эцэг Б.Батдээж Г.Мягмарсүрэнгийн бага хүү Б.Шинэбаяр ажилгүй байсан учир хүүг нь "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"ХХК-д талбайн үйлчлэгчээр оруулж өгнө гээд мөнгө их хэрэг болно хашаа газраа надад шилжүүлээд өгчих гээд үгэлсээр байгаад Ж.Мөнхбаяр Г.Мягмарсүрэн хоёрын маргаантай асуудал шийдэгдсэнээс хойш 2 сарын дараа хашаа газраа сайн дураараа шилжүүлсэн гэж тайлбарласан нь худлаа бөгөөд шийдвэр гарснаас хойш нэг жил 9 сарын дараа шилжүүлж авсан болох нь нотлогдож байгаа бөгөөд хариуцагчийн хариу тайлбарт Ж.Мөнхбаяраас байшин авсанаас хойш Г.Мягмарсүрэн 2 сар гаруй алга болчихсон газраа яаж авах вэ гэж бодож байтал өөрөө ирээд хүүгийн нэр дээр бэлэглэлийн гэрээ хийсэн гэжээ. Хариуцагчийн энэ тайлбараас харахад хашаа газрыг худалдаж авсан болох нь нотлогдож байхад шүүх үүнд бодит дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгч Г.Мягмарсүрэнгий хүүг ажилд оруулж өгөхгүй болохоор нь 2004 оноос хойш Б.Батдээжтэй уулзаж хашаа газраа буцааж авах тухай саналаа хэлэхээр байж бай хүүд чинь машин авч өгнө, ажилд ортлоо таксинд яв,одоохон ажил бүтэх гэж байна гэсээр 2014-04-23-нд 300.000 төгрөг, 2014-07-24-нд 100.000 төгрөг нэг удаа нийт 400.000 төгрөг өгөөд хүүг нь ажилд |оруулж өгөөч үгүй машин ч авч өгөлгүй өнөөдрийг хүрсэн.Эцэст нь хэл амаар доромжлон наад Зайшингаа ачаад яв өөр өгөх юм байхгүй гээд байхаар нь аргаа бараад шүүхэд хандсан юм байна. Б.Батдээж Г.Мягмарсүрэнгийн хүүг ажилд оруулж өгч чадахгүй удаад байхаар нь өөрийн хамаатан болох У.Энхбаярт 2004 онд хүүгээ мөн л "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ" ажилд оруулуулахаар 6.260.000 өгөөд хууртагдсан болохоо мэдэж шүүхээр явж байж мөнгөө 2016 онд буцааж авсан болох нь хэрэгт авагдсан баимтуудаар нотлогдож байгаа юм. Хариуцагч Б.Батдээжийнх 3 хүүхэдтэй хүүхдүүд нь бүгд ажил албатай, 6-5-97 тоот 2 өрөө тохилог орон сууцанд амьдардаг.Бага хүү Б.Өгөөмөрийгөө "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ХХК-д 2016 онд Холбоо мэдээлэлийн цехэд цахилгаанчинаар оруулсан тэнд ажиллаж өндөр цалин орлоготой,том хүү нь Солонгос улсад ажиллаж амьдардаг мөн орон сууц авсан бөгөөд хүнд хөлслүүлж орлого олдог хүмүүс нэхэмжлэгчийн муу хашаагаар дутахгүй шүү дээ. Хариуцагчийн төлөөлөгч Б.Батдээж 2008 оноос Цагаанчулуут баг 50-р гудамж 1 тоот хашаа газрыг нь хувьчилж эхэлснээр газарт нь шунаж Г.Мягмарсүрэнд тусалсан дүр эсгэн явсаар 4 жилийн дараа түүний эмзэг асуудал болох ажилгүй хүүг нь ажилд оруулах нэрээр хашаа газрыг залилан авсан байж нохой зан гаргаж нохойтлоо гээд бичиж байгаагаас харахад ядарсан хүнтэй яаж харьцаж байгаа нь ойлгомжтой байна. Бэлэглэлийн гэрээ хариу төлбөргүй байх учиртай байтал 2008-09-23-нд 1.500.000 төгрөг,2014 онд 400.000 төгрөг,7.700.000 төгрөг,Ж.Мөнхбаярын байшинг нүүлгэхэд гарах зардал болох 3.250.000 төгрөгийг Г.Мягмарсүрэнгээс гаргуулж Ж.Мөнхбаярт олгохоор шийдвэрлэсэн зэргүүдийг төлбөр болгон өгч байгаагаа юу гэж тайлбарлах боллоо. Г.Мягмарсүрэн өрх толгойлсон хэдэн хүүхдээ амьдралд нь хүрэлцэх цалин орлоготой болгох гэж хамаатан садангууддаа итгэн нэхсэн мөнгө болон үл хөдлөх хөрөнгөө өгч өөрийгөө хохироосоор яваа болох нь хэрэнгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа юм. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-04-24-ний өдрийн 142/ШШ2018/00420 дугаар шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийдвэрт нэхэмжлэлийн шаарлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Мягмарсүрэн хариуцагч Б.Өгөөмөрт холбогдуулан 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Г.Мягмарсүрэн тус сумын Цагаанчулуут багийн 50-01 тоотод байрлалтай, 18129132011795 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Г-2101009088 дугаарт бүртгэгдсэн 626 м/кв талбай бүхий өөрийн өмчлөлийн газрыг 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Б.Өгөөмөрийн өмчлөлд шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлснээр талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна./хх-ийн 5.6.49 тал/

Нэхэмжлэгч Г.Мягмарсүрэн нь ...хүүхдийг маань ажилд оруулж өгнө гэхээр нь тухайн газрыг хүүхдийнх нь нэр дээр бэлэглэлийн гэрээ байгуулж шилжүүлсэн, ...бүтэхгүй болонгуут надад мөнгө шилжүүлж өгч байсан тул хариу төлбөртэй гэж үзэж байгаа тул бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү гэж тайлбарлаж байх боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Мягмарсүрэн хариуцагч Б.Өгөөмөр нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсанаас хойш харуицагчийн төрсөн эцэг Б.Батдээж нэхэмжлэгчийн эзэмшлийн дансанд 2 удаагийн мөнгөн гуйвуулгаар бүгд 500.000 төгрөгийг бэлэн бусаар, 1500.000 төгрөгийг бэлнээр өгснийг газрын үнэ төлбөрт тооцож шилжүүлсэн өөрөөр хэлбэл хариуцагч нь уг газрыг хариу төлбөртэйгээр авсан гэж үзэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Мягмарсүрэнгийн шүүхэд гаргасан 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан ...бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөртэй байх учиртай байтал 2008 оны 9 сард 1.500.000 төгрөг, зардал 3.250.000 төгрөгийг Мөнхбаярт олгохоор шийдвэрлэснээс дүгнэж үзэхэд газрыг хариу төлбөртэйгээр авсан болох нь харагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00420 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Г.Мягмарсүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 143.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

 

Б.ОЮУНЦЭЦЭГ