Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/703

 

 

 

  2025            06            03                                         2025/ДШМ/703          

 

 Б.Т-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Мөнхнавч,

хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч М.Б,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Билгүүн,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар ,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1012 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Билгүүн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Т-т холбогдох эрүүгийн 2402007480080 дугаар хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн ...-ын Т, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .... төрсөн, .. настай, э.эгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажиллаж байсан, ам бүл .., ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..................../;

Шүүгдэгч Б.Т нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ... дүгээр нээлттэй хорих ангийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах ажлын байран дээрээ хорих ангиас өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн нэр бүхий хоригдлын цалинг бодож олгох чиг үүргийнхээ хүрээнд Төрийн сангийн 10............. дугаарын данснаас Хаан банкны 50......, 5039..........тоот түр дансуудаар дамжуулан шилжүүлэг хийхдээ “Хоригдлын нэрийн дансны үлдэгдлийг шилжүүлэх жагсаалт”-ыг ерөнхий нягтлан бодогч, ангийн даргаар батлуулж, уг жагсаалтад бичигдсэн хоригдлуудын нэр, дансны дугаар бүхий “Excel” файлыг Хаан банкны цахим хаягаар илгээхдээ өөрийн овог, нэр, Хаан банк дахь өөрийн 55............ дугаартай дансаар сольж илгээн, 2022 оны 07 дугаар сарын 08-наас 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 26,393,438.73 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авч завших гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар ,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Т-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Т-т 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүнийг цагдан хорьж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Т-аас 19,044,635.12 төгрөг гаргуулан хохирогч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ......... дүгээр нээлттэй хорих анги /хурандаа М.Б/-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэмт хэргийн төлбөр болох нийт 26.393.438 төгрөгөөс 7.348.803 төгрөгийг төлж үлдэгдэл 19.044.635 төгрөгийг төлж барагдуулсан.

Гэм буруугаа ухамсарлан ойлгож, цаашид алдаа дутагдал гаргахгүй анхаарч амьдрах болно. Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 11 дэх жилдээ цэргийн хошууч цолтой, ээлжийн дарга албан тушаалтай ажиллаж байгаад энэхүү хэрэгт холбогдсон.

Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм хорын төлбөрөө барагдуулсан зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг дүгнэсэн хэсэгт маргаан байхгүй ч тус гэмт хэргийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн гэсэн хэсэгт өмгөөлөгчийн хувьд санал нийлэхгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгодог.

Тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдүүдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтандаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур бөгөөд эд хөрөнгийн бүртгэл, зарлага, хэрэгцээг хянах, хадгалалтыг хариуцах нярав, нягтлан бодогч, тэдгээрт үүрэг чиглэл өгөх төсвийн ерөнхийлөн захирагч, гадны халдлага, осол, аюулаас хамгаалах чиг үүрэгтэй манаач, харуул зэрэг албан тушаалтан нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу энэ гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний субъектэд хамаардаг.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь хорих байгууллагын тооцооны нягтлан бодогчийн ажлын чиг үүргийн хүрээнд хоригдлын нэрийн дансаар тэдгээрийн цалин хөлсийг шилжүүлэх, тус цалин хөлстэй холбоотой эд хөрөнгийн эрхийг шууд итгэмжлэн хариуцаж байхдаа тус гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-ийн “...Төрийн сангийн данс руу гэрээний дагуу шилжүүлж, Төрийн сангийн данснаас тооцооны нягтлан бодогч хоригдлуудад цалинг бодож хоригдлын нэрийн данс руу шилжүүлдэг.”,

гэрч Б.Ю-ы “...Хоригдлуудын ажлын байраар хангаж ажилласан хөлсийг нэрийн дансаар нь дамжуулан шилжүүлж, хоригдлууд хувийн хэрэгцээндээ зарцуулах, хохирол төлбөрөө төлж барагдуулдаг юм. Энэ мөнгийг бодож шилжүүлдэг байсан нягтлан бодогч нь Т байсан юм.”,

гэрч Б.Э-ын “...Хоригдлын нэрийн дансыг хариуцаж хорих ажил хөдөлмөр эрхэлсэн хоригдлуудын цалинг бодох, хоригдлын нэрийн данснаас ар гэр рүү нь мөнгө шилжүүлэх, хоригдлын өөрсдийн хорих ангид ашигладаг данс руу шилжүүлэх, цалинг хоригдлуудад нэрийн данснаас ар гэр мөнгө шилжүүлэх, шүүхийн төлбөр шилжүүлэх, хоригдлын өөрсдийн хорих ангид ар гэр рүү нь мөнгө шилжүүлэх, шүүхийн төлбөр шилжүүлэх, хоригдлын өөрсдийн хорих ангид ашигладаг данс руу шилжүүлэх, цалинг хоригдлуудад нэрийн дансны гүйлгээг танилцуулах, банк руу гүйлгээ хийх нэрийн жагсаалтыг файлаар явуулах зэрэг ажлыг хариуцаж ажиладаг байсан.”3 гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Цалингийн нягтлан бодогч нь өөрийн ажил чиг үүргийн хүрээнд тус хорих ангийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шууд итгэмжлэн хариуцаж ажиллаж байхдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн хэдий ч түүний ажил албан үүрэг нь завших гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжид хамаарч байгаа тул “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж дахин хүндрүүлэх үндэслэлгүй юм.

Энэ тохиолдолд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар түүний үйлдсэн гэмт хэргийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэл бүрдсэн.

Мөн түүний үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхдөл байдлыг харгалзан үзэж түүний үйлдсэн гэм бурууг ухамсарлуулах үүднээс торгох ял оногдуулах боломжтой гэж үзэж байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1012 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ......... дүгээр нээлттэй хорих ангийн хууль ёсны төлөөлөгч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдолд тайлбар байхгүй. Маргах зүйлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт төлбөрөө барагдуулсан тохиолдолд ялыг багасгах боломжтой гэж шүүгч тайлбарлаж байсан. Шүүгдэгч хохирол төлбөрөө барагдуулсан тул ялыг хөнгөрүүлэхэд хохирогч байгууллагаас татгалзах зүйлгүй. Б.Т нь 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 19,044,635 төгрөгийг хохирол төлсөн. ...” гэв.

Прокурор Ө.Мөнхнавч тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд зааснаар гэрээ хэлцэлд үндэслэн итгэмжлэн хариуцуулсан этгээд завших асуудал нь үндсэн гэмт хэргийн шинж. Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэх шинжид хамаарахаар байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ... дүгээр нээлттэй хорих ангид тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Т нь тодорхой хугацаанд албаны эрхээ урвуулан ашиглаж, өөрт ашигтай байдал бий болгохын тулд тухайн хоригдлуудын цалинг бодож олгохдоо харилцагч Хаан банк руу илгээж байгаа ялтны нэр, дансны дугаар бүхий жагсаалтыг өөрчлөн, өөрийн данс нэрийг бичиж завших гэмт хэрэг үйлдсэн. Хорих ангид ял эдэлж байгаа хоригдлын хувьд олгогдох ёстой цалинг хорих байгууллагаас олгож, тухайн мөнгөн дүнг хохирогч байгууллагад хохирол учирсан гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогчоор тогтоосон. Хорих байгууллага гэдэг нь төрийн тусгай нэгж гэдэг утгаараа Б.Т гэмт хэрэг үйлдэхдээ албан тушаалаа ашигласан байдал нь албан тушаалын байдлаа ашигласан гэх нөхцөлийг хангасан байх тул улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа нийгмийн аюулын хэр хэмжээ, завшсан мөнгөний хэмжээ, уг гэмт хэргийн үргэлжилсэн байдлаар үйлдсэн зэргийг харгалзан 2 жилийн хорих ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй бөгөөд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Билгүүний гаргасан давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Т нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ......... дүгээр нээлттэй хорих ангийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах ажлын байран дээрээ хорих ангиас өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн нэр бүхий хоригдлын цалинг бодож олгох чиг үүргийнхээ хүрээнд Төрийн сангийн 10............. дугаарын данснаас Хаан банкны 50......, 5039..........тоот түр дансуудаар дамжуулан шилжүүлэг хийхдээ “Хоригдлын нэрийн дансны үлдэгдлийг шилжүүлэх жагсаалт”-ыг ерөнхий нягтлан бодогч, ангийн даргаар батлуулж, уг жагсаалтад бичигдсэн хоригдлуудын нэр, дансны дугаар бүхий “Excel” файлыг Хаан банкны цахим хаягаар илгээхдээ өөрийн овог, нэр, Хаан банк дахь өөрийн 55............ дугаартай дансаар сольж илгээн, 2022 оны 07 дугаар сарын 08-наас 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 26,393,438.73 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авч завшисан болох нь:

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-ийн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ......... дүгээр нээлттэй хорих ангийн даргаар томилогдож одоог хүртэл ажиллаж байна. Энэ хэргийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ......... дүгээр нээлттэй хорих анги нь “Чиглэл” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хоригдлыг ажил хөдөлмөр эрхлүүлж тухайн байгууллагаас гэрээний дагуу шилжүүлсэн цалинг хоригдлуудад олгосон. Цалинг “Чиглэл” ХХК-аас шууд хоригдлуудад шилжүүлэхгүй ба “Чиглэл” ХХК-иас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ......... дүгээр нээлттэй хорих ангийн Төрийн сангийн данс руу гэрээний дагуу шилжүүлж, Төрийн сангийн данснаас тооцооны нягтлан бодогч хоригдлуудад цалинг бодож хоригдлын нэрийн данс руу шилжүүлдэг. Б.Т-аас 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 7,348,503.61 төгрөгийг ......... дүгээр ангийн Төрийн сангийн дансанд төлж барагдуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ......... дүгээр нээлттэй хорих ангиас 62 хоригдлын цалин 19,044,632.12 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хоригдлын нэрийн данс руу шилжүүлж тус мөнгийг Б.Т дээр авлага үүсгэсэн. ... ......... дүгээр ангид 19,044,632.12 төгрөгийн хохирол учраад байна ...Цалингаа аваагүй хоригдол байхгүй. ...” /1 хх 65-66/, 

гэрч Б.Ю-ы “...Ял эдэлж байгаа хоригдлуудад хязгаарлалттай нэрийн данс Хаан банканд нээлгэж өгдөг. Нэрийн дансгүй хоригдол гэж байхгүй. Хоригдлуудыг ажлаар хангаж, ажил хийлгэж нийгэмшүүлэх үүрэг нь хорих байгууллагад байдаг тул хоригдлуудыг ажлын байраар хангаж ажилласан хөлсийг нь нэрийн дансаар нь дамжуулан шилжүүлж, хоригдлууд хувийн хэрэгцээндээ мөнгөө зарцуулах, хохирол төлбөрөө төлж барагдуулдаг юм. Энэ мөнгийг бодож шилжүүлдэг байсан нягтлан бодогч нь Т байсан юм. Төрийн сангийн хоригдлын нэрийн дансаар дамжиж хоригдлуудад цалинг Хаан банкаар олгодог байсан. ... Хоригдлуудаас нэрийн данснаас мөнгө дутаад байна гэж гомдол гаргасан. Ингээд гомдлын дагуу ахлах нягтлан бодогч хошууч Б.Э-д үүрэг өгч 2023 оны 01 дүгээр сараас хойшхи хоригдлын нэрийн дансны гүйлгээг бүгдийг нь шалгах үүрэг өгсөн. Шалгалтаар тооцооны нягтлан бодогч Т нь дээрх мөнгийг хоригдлын нэрийн данснаас өөрийнхөө харилцах данс руу шилжүүлэн авсан талаар танилцуулсан. Ттай уулзаж энэ асуудал дээр халах арга хэмжээ авна гэдгээ хэлтэл “би 10 гаруй жил хорих ангид ажилласан тул халагдмааргүй байна, харуул хамгаалалтын ажил руу би өөрийн хүсэлтээр албан тушаал буурч шилжье” гэхээр нь хүн чанар зулгаагаад хүсэлтийг нь өөрөөр нь бичүүлээд захиргаа руу өөрийн хүсэлтээр албан тушаал бууруулах материалыг явуулсан. ... Үүнийг мэдээлээгүй хууль зөрчсөнийхөө хариуд танай байгууллагын албан бичгээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг ерөнхий газраас надад оногдуулж албан тушаал буурсан. ...” /1 хх 68-70/,

гэрч Б.Э-ын “...Би 2015 оны 06 дугаар сараас эхлэн одоог хүртэл ......... дүгээр ангийн ахлах няпглан бодогчоор ажиллаж байна. Хоригдлын цалин, алба хаагчдын цалин хариуцсан тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Хоригдлын нэрийн дансыг хариуцаж хорих ажил хөдөлмөр эрхэлсэн хоригдлуудын цалинг бодох, хоригдлын нэрийн данснаас ар гэр рүү нь мөнгө шилжүүлэх, шүүхийн төлбөр шилжүүлэх, хоригдлын өөрсдийн хорих ангид ашигладаг данс руу шилжүүлэх, цалинг хоригдлуудад нэрийн дансны гүйлгээг танилцуулах, банк руу гүйлгээ хийх нэрсийн жагсаалтыг файлаар явуулах зэрэг ажлыг хариуцаж ажилладаг байсан. ... Т 2020 оноос 2024 оны хооронд ажилласан. ... Хоригдлуудын дундаас 2023 оны 05, 06 дугаар сарын үеэс хоригдлын нэрийн данстай холбоотой санал, гомдол гараад байсан. Үүнийг Т нэрийн данс хариуцдаг байсан болохоор хоригдлуудтай уулзаад асуудлыг шийдвэрлээд байсан. Ингээд 2023 оны 10 дугаар сард санал, гомдол нь гараад байсан тул ангийн даргаас 2023 оны бүх гүйлгээг шалгах үүрэг өгсөн. Тус үүргийн дагуу Хаан банкнаас 2023 оны хоригдлын нэрийн дансны гүйлгээний лавлагааг авч, 2023 оны 01 дүгээр сараас эхэлж хоригдлын нэрийн дансны бүх гүйлгээг шалгаж Т 3 удаагийн гүйлгээнд өөрийн дансыг Хаан банк руу илгээсэн excel файл руу сольж шилжүүлсэн байсан. ... Цалингаа аваагүй, хохирол учирсан хоригдол одоо байхгүй. Бүгдийг нь санхүүгийн өглөг, авлага үүсгэж залруулга хийж төлөгдөөгүй байсан 19.044.635.12 төгрөгийг Тын нэр дээр ......... дүгээр ангиас авлага үүсгэсэн. Өнөөдрийн байдлаар ял эдэлж байгаа 15 хоригдол байгаа. Бусад хоригдол суллагдсан. ...” /1 хх 75-78, 80-81/,

гэрч Б.Т-ын “...орж ирсэн гүйлгээний нэрсийн жагсаалтыг мөнгөн дүнтэй нь танилцаад гүйлгээг баталгаажуулдаг. Би Төрийн сангаас гүйлгээ хийхгүй ба ерөнхий нягтлан бодогч намайг нэгдүгээр гарын үсэг зурж баталгаажуулсны дараа Төрийн сангийн данснаас хийдэг байсан. ...Гүйлгээний мэдээлэл илгээх үүргийг тооцооны нягтлан бодогч хариуцдаг байсан. ... Миний санаж байгаагаар 2023 оны 04 дүгээр сард хоригдлын цалин олгогдоогүй талаар яриа гарж байсан, тухайлан нэр зааж санахгүй байна. Үүнийг шалгах талаар амаар орлогч даргад үүрэг өгч байсан шиг санагдаж байна. Би эдгээр 11 гүйлгээг төрийн сангаас хийх гүйлгээг нэгдүгээр гарын үсэг зурж баталгаажуулсан. Задаргаа жагсаалтуудыг би баталсан миний гарын үсэг мөн байна. Тухайн задаргаа жагсаалтад Т-ын нэр байгаагүй, хоригдлын нэрс байсан. ...Т-ын нэр орсон жагсаалт баталж байгаагүй. Намайг томилогдож ирэхэд Т хоригдлын цалин хариуцсан тооцооны нягтлан бодогчоор ажилладаг байсан. ...” /1 хх 83-84/, 

гэрч Б.М-гийн “...2013 онд Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгчийн хамтарсан 24/24/А-9 дугаартай “Засгийн газрын болон төсвийн байгууллагын дансыг Монгол банк арилжааны банканд нээх хаах журам”-ын 3.1.6 дахь хэсэгт “төсвийн байгууллагын ажилчдын цалин олгох харилцах данс” гэж заасны дагуу бүх төрийн байгууллагууд түр дансаар дамжуулан цалингаа 2023 оны 03 дугаар cap хүртэл олгодог байсан. 2023 оны 03 дугаар сараас Төрийн албаны нэгдсэн системийг сангийн яамнаас хөгжүүлснээр цалингийн гүйлгээг түр дансаар дамжуулахгүйгээр шууд гүйлгээ хийгддэг болсон. Хоригдолд цалин олгох асуудал нь манай байгууллагад ганцхан байдаг ба бусад төрийн байгууллагад хоригдолд цалин олгох асуудал байхгүй тул төрөөс тусгайлсан хоригдолд цалин олгоход гүйлгээний журмыг зохицуулаагүй. 2022 оноос 2023 онд хоригдолд цалин олгохдоо 2013 онд Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгчийн хамтарсан 24/24/А-9 дугаартай “Засгийн газрын болон төсвийн байгууллагын дансыг Монгол банк арилжааны банканд нээх хаах журам”-ын 3.1.6 дахь хэсэгт зааснаар түр дансаар дамжуулан цалинг олгодог байсан. Тухайн хорих ангиас тухайн банктай байгуулсан хамтран ажиллах дэд гэрээнд заасны дагуу мэдээллээ илгээдэг. ......... дүгээр ангийн дэд гэрээнд мэдээллээ цахим хаягаар файлаар илгээхээр заасан байсан. ... Бүх арилжааны банк түр дансаар дамжуулах гүйлгээний жагсаалыг excel файлаар ирүүлэхийг шаарддаг байсан. Бүх анги байгууллагууд түр дансаар дамжиж гүйлгээ хийгддэг байхад excel файлаар гүйлгээний жагсаалтаа хүргүүлдэг байсан. ...” /1 хх 86-87/,

гэрч Н.Э-ийн “...2019 оноос 2023 оны 11 дүгээр сарын хооронд хорих ял эдэлж байсан. Хорих ял эдэлж байхад хорих ангиас олгосон ажил хийж цалин авдаг байсан. Энэ цалин ороогүй талаар нягтлан бодогч Т-аас асууж тодруулахад цалингийн санхүүжилт ирээгүй байгаа ирэхээр нь цалин олгогдоно гэж хэлдэг байсан. Цалин opooгүй талаар бичгээр гомдол гаргаж байгаагүй. Тухайн авах ёстой цалинг хорих ангиас гарсны дараа хорих ангид ашиглаж байсан Хаан банкны нэрийн данс руу шилжүүлсэн байсан. Тус аваагүй удсан цалингаа 100 хувь хүлээн авсан. Одоо надад цалинтай холбоотой учирсан хохирол байхгүй. Т өөрөө надад хэлсэн. Би таны цалинг авсан юм ангийн удирдлагуудад битгий хэлээрэй би өөрөө өгнө өө гэж хэлж байсан. ...” /1 хх 89-90/,

гэрч Х.О-ын “... Би 2022 оны 11 дүгээр сараас эхлэн Хаан банкны Амгалан тооцооны төв ахлах теллерээр одоог хүртэл ажиллаж байна. Тус хорих ангиас банкнаас авах бүх төрлийн үйлчилгээгээр хамтран ажилладаг. Хамтран ажиллах гэрээг захиралтай байгуулсан байдаг. ...2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 3,054,640.37 төгрөгийн гүйлгээ, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3,344,916.28 төгрөгийн гүйлгээ манай салбараар дамжиж хийгдсэн гүйлгээ байна. 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн гүйлгээг би хийсэн байна. ... Миний 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хийгдсэн 3,344,916.28 төгрөгийн гүйлгээ хийх мэдээлэлд ......... дүгээр ангиас цахимаар ирүүлсэн мэдээлэлд Баттулгын Т гэх хүний Хаан банкны 55............ дугаарын данс руу шилжүүлэх мэдээллийг ирүүлсэн байна. Тус ирүүлсэн мэдээллийн дагуу тухайн данс руу 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн байна. ...” /1 хх 93-95, 97/,

гэрч Д.Э-ын “...Би 2015 оноос эхлэн Хүнсний дэлгүүр одоог хүртэл ажиллуулж байна. Манай хүнсний дэлгүүр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Офицеруудын ордны 032 дугаар цэргийн ангийн эсрэг талд байрладаг. ... Би Хаан банканд 5019487167 тоот дансыг 2021 оноос хойш ашиглаж байна. Энэ дансаараа хүнсний дэлгүүрийн орлогоо хүлээн авч ашигладаг. Эдгээр гүйлгээ манай дэлгүүрээр үйлчлүүлж хүнсний бараа худалдан авсан гүйлгээ байна. ... Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилчдын байранд амьдардаг хүн байх гэж бодож байна. ...” /1 хх 99-100/ гэсэн мэдүүлгүүд,

Төрийн сангийн дансны хуулгад үзлэг хийсэн гэх тэмдэглэл /1 хх 126/,

Б.Т-ын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 127-134/,

Хаан банкнаас ирүүлсэн мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 135-149/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 05/2846 дугаартай албан бичгээр ирүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар Б.Т-ыг ......... дүгээр нээлттэй хорих ангийн тооцооны нягтлан бодогчоор томилсон тушаал, албан тушаалын тодорхойлолт /1 хх 225-232/, 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий ангийн харьяа хорих ......... дүгээр ангийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/879 дугаар албан бичиг, хавсралт /2 хх 8-111/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий ангийн харьяа хорих ......... дүгээр ангийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/1018 дугаар албан бичгээр ирүүлсэн 30 хоригдлын цалинг буцаан олгосон жагсаалт /2 хх 11-17/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Т-ыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Т нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ......... дүгээр нээлттэй хорих ангийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан хоригдлын цалин хөлс болох 26,393,438.73 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авч завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “ Хөрөнгө завших” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Т “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө барагдуулсан байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Б.Билгүүн “...“албан тушаалын байдлаа ашиглаж” гэж хүндрүүлэх үндэслэлгүй тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, торгож өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

1. Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан заалтын агуулгаас үзэхэд, тухайн зүйл хэсгүүдэд заасан шаардлагыг бүрэн хангасан шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх эрхийг шүүхэд олгосон.

Дээрх хуулийн заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй, заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш юм. 

Тодруулбал, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон үзэхээр хуульчилсан бөгөөд оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялыг биечлэн эдлүүлэх, биечлэн эдлүүлэх дэглэм зэргийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

2. Шүүгдэгч Б.Т нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ......... дүгээр нээлттэй хорих ангийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “Чиглэл” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хоригдлыг ажил хөдөлмөр эрхлүүлж тухайн байгууллагаас гэрээний дагуу шилжүүлсэн цалинг хоригдлуудад шилжүүлэхгүй өөрийн дансаар авч хэрэгцээндээ зарцуулсан нь завших гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байгаа төдийгүй завших гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Т болон түүний өмгөөлөгч Б.Билгүүн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Б.Т нь 19,044,637 төгрөгийн бүрэн төлж барагдуулсан болохыг дурдаж, түүний 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 42 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1012 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т болон түүний өмгөөлөгч Б.Билгүүн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Т нь хохирогч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ......... дүгээр нээлттэй хорих анги /хурандаа М.Б/-д 19,044,637 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ын цагдан хоригдсон 42 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

                                   ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                                   ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР