| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 170/2018/0049/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2018-06-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэвдагва |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 52
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.Пүрэвдагва Шүүгдэгч А.Да- Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Да-т холбогдох 1823000550057 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ээж, 3 дүүгийн хамт Завхан аймгийн Отгон сумын Бадрал багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт А-ын Да- РД:/ИЙ********/
Шүүгдэгч А.Да- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн харъяат иргэн Б.Га- нь тус багийн нутаг Бууралын тохой гэдэг газар хаваржаандаа буухаар гэрийн эд хогшлоо хураасан байхад 2018 оны 04 дүгээр сарын 18-наас 19-ний хооронд авдарт нь байсан эд зүйлс алдагдсан болох нь мөрдөн байцаалтын шатанд түүний хохирогчоор өгсөн “2018 оны 04 сарын 18-ны өдөр ...Бууралын тохой гэх газар ...би өөрийнхээ гэрийг бууран дээрээ хурааж үлдээчихээд өвөлжөө рүүгээ буцсан. ...19-ний өдөр Ганбатыг ирэхэд манай хураагаад орхисон гэрийг буулгаад 2 авдарны цоожийг эвдээд хаячихсан байна ирж юмаа бүртгэ гэж хэлүүлсэн. 2008 оны 4 сарын 20-ны өдөр намайг ирэхэд бүтээсэн брезентийг нь хуулаад 2 авдарны цоожийг эвдэж онгойлгоод шүрэн толгойтой манан хөөрөг даалингийн хамт, эмэгтэй хүний сувдан шигтгээтэй мөнгөн даралт том жижиг 2 ширхэг, мөнгөн ээмэг зүүлт, бөгж, эрэгтэй хүний мөнгөн зүүлт, шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж, жижиг хар өнгийн радио зэрэг зүйл алга болчихсон байсан” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийхэд хохирогчийн авдарны нүүрэн талаасаа онгойдог тагийг төмрөөр хөшин эвдсэн, тагийг онгойлгосон гэж үзэх төмөр буюу лоомбо 2 авдарны хооронд байсан нь илэрсэн байдал зэргээр нотлогдож байна. Шүүгдэгч А.Да- мөрдөн байцаалтын шатанд “...2018 оны 4 дүгээр сарын 19- ны өдөр ...малаа дурандаж байхад Бууралын тохойд голын зах дээр бараа хураасан байсан. ...очсон чинь айлын гэрийн дотор эд зүйлүүдийг брезентээр бүтээсэн байсан. Тэгэхээр нь би хураасан юмнуудыг буулгаад шар өнгийн 2 авдар нь нууц цоожтой байхаар нь тэнд байсан лоомбоор урд тагийг нь хөшиж онгойлгоод даалинтай шүрэн толгойтой, мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай шаргал манан хөөрөг, цагаан өнгийн чулуун шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж, гинж 1 хос, эмэгтэй хүний сувдан шигтгээтэй мөнгөн даралт том жижиг 2 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн гинж, эрэгтэй хүний сувдан шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг зүйлүүдийг авсан. ...хулгайлсан хөөргөө *******д үзүүлээд чи ломбарданд тавиад 200000 төгрөгийг өрөндөө аваад 100000 төгрөгийг *******ид үлдээчихээрэй гэсэн. ...би *******оос 100000 төгрөгийг авсан. Тэгээд байж байтал манай нагац ах ирээд намайг хулгай хийсэн байна гээд ******* нартай уулзаад хөөргийг ломбарднаас буцааж авсан байсан. ” гэж мэдүүлэн дээрх эд зүйлийг хулгайлан авсан гэдгээ хүлээжээ. Түүнчлэн гэрч Н.*******, Ч.******* нар хөөргийг барьцаалан зээлдүүлэх газарт 300000 төгрөгийг барьцаанд тавьсан талаар, гэрч Б.*******/шүүгдэгчийн нагац ах гэх/ А.Да- хулгай хийсэн гэдгээ өөрт нь ярьсан, хөөрөгнөөс бусад зүйл нь түүнд байсан, хөөргийг Ч.*******аар барьцаалан зээлдүүлэх газраас авахуулсан гэдэг талаар мэдүүлжээ. Гэрчүүдийн мэдүүлэг болон хулгайд алдагдсан эд зүйлийг шүүгдэгчээс хураан авч хохирогчид буцаан олгосон тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтууд шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Ийнхүү шүүгдэгч А.Да- бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч Б.Га- нь алдсан эд зүйлээ буцаан авсан тул гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байна. Улсын яллагч, А.Да-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтайгаар ирүүлсэн бөгөөд шүүх хуралдааны үед дээрх саналаа дэмжжээ. Шүүгдэгч А.Да-ын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хулгайлсан эд зүйлүүдийг бүрэн буцаан өгсөн учир нөхөн төлөх хохиролгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар түүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 1.9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Тайж овогт А-ын Да-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан А.Да-ыг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар А.Да-ыг тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4.Шүүгдэгч А.Да-т тэнссэн хугацаанд хүлээлгэсэн дээрх албадлагын арга хэмжээг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч А.Да-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч А.Да- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нөхөн төлөгдсөн, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн хуулбар нь хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ