Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 318/ШШ2025/01111

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 318/ШШ2025/01111

 

 

 

                                                                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Ж гийн,

Хариуцагч: Б.От холбогдох,

Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Ж , түүний өмгөөлөгч Г.А ,

Хариуцагч Б.О , түүний өмгөөлөгч Т.У ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ж  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Увс аймгийн Засаг даргын 2017 оны захирамжаар *********** нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 786,7 мкв газар өмчилж авсныг Улсын бүртгэлийн хэлтсээс бүртгэж 000421686 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. Гэтэл миний өмчлөлийн газарт манайхыг эзгүй байх үед Увс аймгийн Улаангом сумын иргэн /хажуу хашаанд амьдардаг/ Ц  миний зөвшөөрөлгүйгээр манай хашааг буулгаж байшин барьсан байсан. Чөлөөлж өгөхийг хүссэн боловч чөлөөлж өгөөгүй. Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргаж чөлөөлүүлэх хүсэлт өгснөөр Газрын албанаас хүмүүс ирж шаардлага тавьсан боловч өдий хүртэл чөлөөлж өгөөгүй байна. Иймд миний эзэмшлийн газрыг бусдыг эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Үйлчлүүлэгчтэйгээ тухайн маргаан бүхий газар очиход амбаар гэхээсээ илүү том байшин шахуу юм барьчихсан байсан. Өмнө нь яагаад нэхэмжлээгүй юм гэвэл Б  нь өөрөө Улаанбаатар хотод амьдардаг, тухайн хашааг удаан эзэнгүй байлгаж байгаад 2021 онд Б.О т зарсан. Энэ хугацаанд Ц.Ж  нь хэдийгээр өөрийнх нь эзэмшлийн газар дээр баригдсан амбаар боловч газраа чөлөөлүүлэх талаар хэнд хандаж нэхэмжлэл гаргахаа мэдэхгүй байсан учраас шүүхэд хандахгүй байсаар ирсэн. Хавтаст хэргийн 43-р талд авагдсан Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр Б.О  нь бусдын газрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэдэг нь тогтоогдож байгаа. Ц.Ж  хэлэхдээ тухайн амбаарын газар миний эзэмшлийнх гэдгийг би мэдэж байсан. Уг амбаар анх 2*3 хэмжээтэй байсныг сүүлд амбаар барихдаа сунгаад томруулаад барьчихсан гэдэг. Гэрчийн мэдүүлгээр сүүлд барьсан амбаар нь 5*9 харьцаатай буюу 45 м.кв талбайтай том объект, дунджаар 2 өрөө байрны дайны хэмжээтэй газар байгаа юм. Ийм учраас нэхэмжлэгч маань өөрийнх нь хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Тухайн маргаан бүхий амбаар баригдаж байх хугацаанд миний үйлчлүүлэгч гэртээ байгаагүй. Таван толгой руу ажилдаа явсан хойгуур бариад дууссан байсан. Гэрчүүд буюу тухайн амбаарыг барьсан хүмүүс мэдүүлэгтээ суурь гэх зүйл байгаагүй гэсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан зургаас харахад шавар нь унасан блокон амбаарыг огт суурьгүйгээр барьчихсан байдаг. Хуучин амбаарыг нураагаад Ц.Ж гийн газар луу илүү оруулаад шинэ амбаарыг барьсан. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж маргаан бүхий газрыг хариуцагч Б.О ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэв.

 Хариуцагч Б.О  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манайх 2021 онд хашаагаа Б  гэдэг хүнээс худалдаж авсан. Б  гэж хүн хотоос эхнэртэйгээ ирээд гэрчилгээгээ шилжүүлэхдээ энэ хэсэг нь манай тал, энэ хэсэг нь танай тал шүү гэдгийг ярилцсан. Тэр үед Ц.Ж  гуай эхнэртэйгээ хамт байсан. Манайх айлын хашаа руу оруулаад бариад байсан юм бол байхгүй. Олон жил үе дамжиж ирсэн хуучин амбаарын суурин дээр шинээр амбаар барьсан. Нэхэмжлэгчийн байшингийн цонхны хажууд манай хашаа байсан. Нэхэмжлэгч нь манай байр харанхуйлаад байна танайх хашаагаа жаахан цаашаа тавиад өгөөч гэхээр нь манайх хашаагаа бага зэрэг өөрийн тал руу шахаж барьсан. Манайх өөрөө их том хашаатай. Хүний 5, 10 метр газрыг булаацалдаад байх шаардлагагүй. Б  гэдэг хүн байхад тэр газар манайх шүү гэдгийг огт хэлээгүй байж, хүн зардал мөнгө, хүч хөдөлмөрөө гаргаад барилга барьсны дараа гэнэт газрын талаар маргаан гаргаад байгааг ойлгохгүй байна. 2021 оноос хойш 3 жилийн хугацаанд тэр хашаа амбаар нь тэндээ бариатай хэвээрээ байж л байсан. Тэр хугацаанд ч бидэнд юу ч хэлээгүй. Ямар шалтгаанаар ингээд байгааг ч асуух хүсэлтэй байна” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.У  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо тухайн амбаарын доорх газар тэр чигээрээ буюу бүхэлдээ миний эзэмшлийн газар учраас бүхэлд нь чөлөөлүүлье гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэж тодорхойлсон. Ийм тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ёстой. Өөрөөр хэлэх юм бол ямар ч төрлийн иргэний эрх зүйн маргаан, нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлоод байгаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл ч гэсэн эрхээ хамгаалуулахаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаатай байх ёстой. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад төрлийн маргаанд хөөн хэлэлцэх хугацаа хамаарна. Иймд 106.1-д заасан бусдын хууль бусаар эзэмшлээс хөрөнгөө гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа буюу 10 жилийн хугацаа тоологддог маргаан. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, нэгж талбарын хувийн хэрэг, улсын бүртгэлийн хувийн хэрэг зэрэг баримтуудыг аваад үзвэл Ж  гэдэг хүний тухайн амбаар барьсан газрыг чөлөөлүүлэх гээд байгаа эрх ашиг яг хэзээ хөндөгдчихөв гэвэл Ж  гэдэг хүний өмнө эзэмшиж байсан Ц  гэдэг хүний гэрчээр өгсөн мэдүүлэг байна. Энэ хүн мэдүүлэгтээ тодорхой тусгачихсан. За мөн нэхэмжлэгч ч энэ талаар хэлдэг. Өөрөөр хэлбэл 1998 онд газраа зарахад Д  гэдэг хүний 2*3 харьцаатай амбаар байсан. Тухайн амбаар бол өөрийн чинь эзэмшлийн газар учраас энийг чөлөөлж авах талаар шаардлагаа тавиарай. Энэ бол чиний газар шүү гэдэг байдлаар би зааж өгсөн гэж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол энэ хүн 1998 онд худалдаж авахдаа Д гийн эзэмшиж байгаа тухайн амбаарын газар өөрийнх нь эзэмшлийн газар юм байна аа гэдгийг буюу эрх нь зөрчигдчихсөн явж байгаа юм байна гэдгийг мэдчихсэн. Тэгвэл энэ 10 жилийн хугацааг хэзээнээс тоолох вэ? Гэхдээ хэрэгт авагдсан баримт дээр үзэхээр 1998 онд нэхэмжлэгч газрыг худалдаж авсан, худалдсан гэдэг процесс байгаа боловч яг албан ёсны худалдан худалдан авах гэрээ, нэхэмжлэгч Ж гийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ буюу яг хуулиар баталгаажсан эрх бол 2004 онд эзэмших эрхийн гэрээг байгуулаад гэрчилгээ гаргуулж авсан. Өмнө нь 1998 оноос 2004 оны хооронд ямар нэгэн байдлаар худалдаж авсан газраа хуулийн дагуу гэрчилгээ гаргуулж, гэрээ байгуулж аваагүй учраас шаардлага гаргах боломжгүй байсан юм байна гэж үзэх юм бол анх эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж авсан буюу 2004 оноос энэ хүн эрх нь зөрчигдсөн гэдгээ мэдэж байсан учраас тухайн амбаарын газрыг чөлөөлж өг, одоо би газраа авъя гэдэг шаардлагыг гаргах бүрэн боломж байсан гэж харж байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т заасны дагуу шударгаар газрыг эзэмшиж байгаа этгээд нь гуравдагч этгээдээс газраа 3 жилийн дотор одоо бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна гээд зохицуулчихсан. Ерөнхий хугацаагаа 2004 оноос буюу эзэмших эрх олж авсан хугацаанаасаа тооцсон ч гэсэн 2014 онд энэ хүний энэ амбаарыг чөлөөлүүлье ээ гэдэг нэхэмжлэл гаргуулах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байна гэж харагдаж байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг хэдий үеэс тоолох юм бэ гэдгийг бас Иргэний хуулиар зохицуулаад өгчихсөн. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг тоолох гэдэг асуудлыг хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлээд тоолно зохицуулаад өгчихсөн. Шаардах эрх хэзээ үүсээд байна вэ гэхээр энэ хүний эрхийг зөрчсөн үеэс үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл 1998 онд энэ хүн газраа худалдаж авахдаа тухайн газар өөрийнх нь гэдгийг мэдчихсэн, 2004 онд эзэмших эрхийн гэрчилгээ авсан, 2007 онд энэ хүн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан ийм процесс явагдсан байгаа. Тэгэхээр эзэмших эрхтэй байхдаа ч гэсэн бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлье гэдэг асуудлыг хөндөх эрхтэй байсан. За тухайн хариуцагч буюу Б  газраа эзэмшдэг байна уу, эзэмшдэггүй байна уу, Батсуурийн нэр дээр газар байна уу, О ийн нэр дээр газар байна уу гэдэг нь бол нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлье гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг гаргахад ямар нэгэн хязгаарлалт буюу хориг саад, хуулиар хязгаарлагдсан зүйл бол байхгүй. Анхнаасаа тухайн амбаар байсан уу, байсан, одоо хүртэл байсан. Ийм процесс байгаад байгаа учраас газраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах буюу энэ эрх нь зөрчигдсөн хугацаа бол гэрчилгээ авсан хугацаанаасаа тоолох юм бол 2004 оноос тоолох ёстой байна гэж харж байгаа. Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн он оны тухайн маргаан бүхий амбаарын сансрын зураг байгаа. Хэрэгт авагдсан сансрын зургаас харах юм бол 2005 он, 2007 он, 2024 онд тасралтгүй энэ хүн эзэмших эрх, өмчлөх эрхтэй байх хугацаанд маргаан бүхий амбаар тухайн маргаан бүхий газар дээр байсан байна. Ийм учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн энэ тохиолдолд Иргэний хуулийн 106 дугаар зүйлээс гадна хөршийн эрх яригдах ёстой. Өөрөөр хэлбэл энэ амбаараар тухайн 2 айлын хил зааг ялгагддаг буюу хил залгаа эд хөрөнгийг эзэмшиж, өмчилж байгаа этгээдүүд учраас Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д заасны дагуу хөрш залгаа эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгч нар байна гэж харж байгаа. Энэ тохиолдолд 137 дугаар зүйлийн 137.1 дээр хөршийг юу гэж зохицуулсан байна вэ гэхээр газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгуулан барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй гээд заачихсан байгаа. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр Б.О  гэдэг хүн анхнаасаа байсан амбаарыг 2024 оны 5 дугаар сарын 17-ноос 5 дугаар сарын 27-ны өдрийн хооронд шинэчилж шинээр барьсан гэдэг үйл баримт бол маргаангүй тогтоогдчихсон. За тэгэхээр энэ үед бол гэрч нар хэлж байгаа. Ж  гэдэг хүн өөрөө байсан. Байхдаа ямар нэгэн байдлаар зогсоо боль гэдэг шаардлагыг бол тавьж байгаагүй. Гарч ирээд надаар юм хийлгэнэ ээ гэдэг байдлаар бид нартай ярилцаж байсан гэдэг зүйлийг ярьдаг. Эхнэр, хүүхдүүд нь ч гэсэн ногоо тариад, хараад байж байсан гэдэг зүйлийг ярьж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ хүн үнэхээр 2024 онд томсгож барихдаа миний эрхийг зөрччихлөө гэж байгаа тохиолдолд яг тухайн барилгын ажил эхлэх үед буюу эс үгүй бол дөнгөж эхэлж байх үед зогсоох арга хэмжээ авах ёстой. Гэтэл шүүхэд 2024 оны 7 сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Энэнээс өмнө одоо газар чөлөөлүүлэх асуудлаар бол сумын Засаг даргад бас өргөдөл гаргах боломжтой байдаг. Гэтэл аймгийн болон сумын Засаг даргын тамгын газарт газар чөлөөлүүлэх асуудлаар ямар нэгэн байдлаар шаардлага гаргаж байгаагүй, өргөдөл гомдол гаргаж байгаагүй гэдэг үйл баримт тогтоогдсон. Ингэхээр барилгын ажил дууссанаас хойш 2 сарын дараа одоо энэ барилгаа нураа гэдэг асуудлыг ярьж байгаа нь өөрөө хөршийн эрх буюу Иргэний хуулийн 137.1-д заасан нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөх үүрэгтэй байна гэж харж байгаа. Яагаад вэ гэхээр тухайн барилгыг барьснаараа О  гэдэг хүн бас тодорхой хэмжээнд санхүүгийн хохирол амсчхаад байгаа. 45 м.кв барилгыг барихад бол одоо бид нар яг тухайн үедээ яг ийм маргаан гарна гэж мэдээгүй байсан учраас бол нэг бүрчлэн санхүүгийн баримтуудыг бүрдүүлээгүй. Гэхдээ яг том хэмжээний баримтуудаа харахаар хэрэгт авагдсан блокийн зардалд 1,840,000 төгрөгийн зардлыг, 1,5 тонн цементийг авахад 565,000 төгрөгийн зардал, барилгын ажлыг гүйцэтгэсэн 2 барилгын ажилтан Н 3 сая төгрөг, Л  1,200,000 төгрөгийн хохирол гээд нийтдээ яг одоо хэрэгт авагдсан баримтаар 6,605,000 төгрөгийн зардлыг гаргаад тухайн барилгыг барьчихсан. Гэхдээ 45м.кв барилга өөрөө ийм үнийн дүнгээр босгохгүй. Энэнээс гадна тухайн барилгыг барьж байгаа элс хайрга, мөн бусад дээврийн төмөр цонх, хаалганаас авхуулаад урсгал зардал бол зөндөө гарч байгаа. Энэд нэг бүрчлэн баримтууд яг одоо бол байхгүй байгаа. Дээрээс нь хариуцагчийн хувьд зах дээр хүнсний лангуу ажиллуулж, амьдралаа залгуулдаг хүн. Тэгэхээр дэлгүүрийнхээ орлогоос бэлэн мөнгөөр зарим зардлуудыг тухайн үед нь гаргаад явчихсан учраас бэлнээр гарсан зардлуудаа бид нар нотлох баримт байхгүй байгаа учраас нотолж чадаагүй. Хариуцагчийн барилга барьсан 45 м.кв газар тэр чигээрээ Ц.Ж гийн газар биш, эндээс 17,2 м.кв орсон юм байна гэдэг дүгнэлт бол гарсан гэдэг асуудлыг яриад байгаа. Гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдэх ёстой. Нэхэмжлэгч 17,2  м.кв газрыг чөлөөлнө гэдэг гэж нэхэмжлэл гаргаагүй. Тухайн амбаарын газрыг тэр чигээр нь чөлөөлүүлье л гэдэг асуудлыг ярьсан учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэгч Ц.Ж гийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, газрын кадастрын зураг, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 35-31-01/046-01 дугаартай дүгнэлт, кадастрын зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Увс аймгийн Улаангом сумын ********тоот хаягт байрлах газрын эзэмшигч, өмчлөгчийн лавлагаа, газрын нэгж талбарын хувийн хэрэг,  Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс тухайн газарт байрлах амины орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Т.Ц , Б.Н , Г.Г , Н.Ө  нараас гэрчийн мэдүүлэг авав.

Хариуцагч талаас үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Б.О ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, гэрэл зураг, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, зарлагын баримтууд (1 1 х.х-181-182)-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Ц.Ж гийн өмчлөлийн *********** дугаартай газрын нэгж талбарын хувийн хэрэг, Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хариуцагч Б.О ийн эзэмшлийн Увс аймгийн Улаангом сумын ********тоот хаягт байрлах газрын газар эзэмших эрхийн түүхчилсэн лавлагаа, google earth цахим хуудаснаас хариуцагчийн эзэмшлийн газрын сансрын түүхчилсэн зургийг нотлох баримтаар бүрдүүлэв.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Н.Б , Д.Л , Ж.Н  нараас гэрчийн мэдүүлэг авч, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газар, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгч Ц.Ж  газрын маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга, Увс аймгийн Засаг даргад хандаж байсан эсэх лавлагааг нотлох баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Ц.Ж  болон түүний өмгөөлөгч нь хариуцагч Б.О т холбогдох, бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

2.1. Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг 1998 оноос хойш эзэмшиж, өмчилж байгаа. Уг газрыг анх худалдан авахад хөрш н.Д гэх хүн 2*3 хэмжээтэй блокон амбаарыг нэхэмжлэгчийн эзэмшлийн газар луу оруулж барьсан байсан. н.Д-ийн газрыг худалдаж авсан н.Б  гэх хүн амьдарч байгаад Улаанбаатар хот руу нүүсэн бөгөөд олон жил хашаагаа эзгүй байлгаж байгаад 2021 онд Б.О т зарсан. Б.О  нь 2024 оны хавар хуучин блокон амбаарыг нурааж байшин барихдаа миний эзэмшлийн газар луу оруулж барьсан тул хариуцагч Б.О ийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх хүсэлтэй гэв.

3. Хариуцагч Б.О  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна.

3.1. Маргаан бүхий газрыг 2021 онд Н.Б  гэх хүнээс худалдаж авсан бөгөөд тухайн үед нэхэмжлэгч Ц.Ж  түүний эзэмшлийн газар луу оруулж блокон амбаар барьсан асуудлын талаар мэдэгдээгүй. Өмнө нь шүүхэд хандаж шаардлага гаргах боломжтой байсан боловч эрхээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч Ц.Ж  нь 2004 онд газар эзэмших эрхийг шилжүүлж авснаас хойш тооцвол Иргэний хуулийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа болох 10 жилийн хугацааг хэтрүүлсэн байх тул шаардлага гаргах эрхгүй. Мөн нэхэмжлэгч болон хариуцагч нар хөрш залгаа газрын эзэмшигч, өмчлөгч нар бөгөөд хариуцагч Б.О ийг маргаан бүхий газарт байшин барьж байгааг нэхэмжлэгч Ц.Ж  мэдсээр байж шаардлага гаргаагүй. Иймд Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Ц.Ж  нь Увс аймгийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар захирамжаар Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 12-02 тоот хаягт байрлах 572 м.кв газрыг гэр хашааны зориулалтаар эзэмшиж, Увс аймгийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 124 дугаартай захирамжаар 786 м.кв газрыг өмчилсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ц.Ж гийн өмчлөлийн нэгж талбарын *********** дугаартай газрын хувийн хэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Б.О т Увс аймгийн Улаангом сумын **** тоот хаягт байрлах 266 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/224 дугаар захирамжаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Маргаан бүхий газарт 1998 оноос өмнө буюу нэхэмжлэгч Ц.Ж д газар эзэмших эрх шилжихээс өмнө иргэн н.Д  гэх хүн 2х3 хэмжээтэй блокон амбаар барьж, ашиглаж байсан, тухайн амбаарыг хариуцагч Б.О  2024 оны 5 дугаар сард нурааж, амбаар байсан гэх газарт барилга барьсан болох нь гэрч Ж.Н , Б.Н , Г.Г ,Т.Ц  нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 35-31-01/046-01 дугаартай дүгнэлтээр хариуцагч Б.О  нь нэхэмжлэгч Ц.Ж гийн өмчлөлийн газраас 17.2 м.кв талбай бүхий газар дээр барилга барьсан болохыг тогтоожээ.

Зохигчид дээрх улсын байцаагчийн дүгнэлтийн талаар маргаагүй болно.

4.2. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт “Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ” гэж заажээ.

Нэхэмжлэгч Ц.Ж , хариуцагч Б.О  нар нь хөрш залгаа газрын өмчлөгч, эзэмшигч болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын кадастрын зураг (1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр тал), хариуцагчийн эзэмшлийн газрын кадастрын зураг, google earth цахим хуудаснаас татсан сансрын зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч ба хариуцагч нарыг хөрш залгаа газрын өмчлөгч, эзэмшигч гэж үзэх ба талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд өмчийн эрх зүйн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн зохицуулалтаас гадна хөрш залгаа эд хөрөнгийн талаарх хөршийн эрхийн харилцааг нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн Арван хоёрдугаар бүлгийн дөрөвдүгээр дэд бүлэгт хөршийн эрхийн талаар зохицуулсан байх бөгөөд 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт “Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй” гэж заажээ.

Нэхэмжлэгч Ц.Ж  нь хариуцагч Б.О ийг хөршийн хил зөрчин барилга барих үед гэртээ байгаагүй, хариуцагчийн хууль бус үйлдлийн талаар мэдээгүй гэх тайлбар гаргасан боловч нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь гэрч Ж.Н гийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, гэрч Ж.Н  нь 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хариуцагч Б.О ийн хашаанд амбаар буюу байшин барьсан, байшин барих үед хөрш Ц.Ж  болон эхнэр, хүүхдүүд нь байсан. Бид нартай ярилцаад, хашаан дотроо бетон цутгуулмаар байна гэж надад хэлж байсан. Амбаар барьж байх үед Ц.Ж  гэх хүн манай газар луу жаахан орчих шиг боллоо гэж хэлсэн. Харин барилгын ажлаа зогсоо гэж хэлж шаардлага тавьж байгаагүй гэж мэдүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч Ц.Ж  нь хариуцагч Б.О ийг хөршийн хил зөрчиж барилга барих үед буюу барилга барихаас өмнө уг үйлдлээ зогсоох талаар шаардлага гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ж  нь хариуцагч Б.О ийн хөршийн хил зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ж гийн бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ж гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Я.УРНАА