Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 318/ШШ2025/01177

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 318/ШШ2025/01177

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Г гийн,

Хариуцагч: УАЭМГ т холбогдох,

УАЭМГ  даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7,561,280 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Г , түүний өмгөөлөгч Т.У ,

Хариуцагч УАЭМГ  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 9 сарын 19-ний Б/52 тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл өгсөн. Нэхэмжлэлийн үндэслэл нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.4 дүгээр заалт, мөн Хүний эрхийн үндэсний комиссын 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 03/46 дугаар зөвлөмжийг тус тус баримталсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуули йн 80.1.2 дээр Ажилтан ажил мэргэжлийн хувьд ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд ч гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил мэргэжлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон гэдэг заалт байгаа 80.4 дээр Ажил олгогч нь энэ хуулийнхаа заалтаар үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30 хоногоос доошгүй хоногийн өмнө бичгээр эсвэл цахим хэлбэрээр мэдэгдэнэ гэж заасан. Иймд маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байна. Түүнчлэн миний сарын дундаж цалин хөлс 2,028,640 төгрөг бөгөөд өдрийн дундаж цалин 92,210 төгрөг. Миний бие 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар ажлаас чөлөөлөгдөөд 3 сар 16 хоног өнгөрч байх тул энэ хугацааны цалинд 7,561,280 төгрөг гаргуулж өгнө үүгэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У  шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийг УАЭМГ  даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тухайн тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, Эрүүл мэндийн сайдын 2024 оны 3 сарын 15-ны өдрийн А/122 тоот тушаалын 2.9 дэх заалтыг үндэслэж ажлаас чөлөөлсөн байгаа. Гэтэл Увс аймгийн Э ө  өрхийн эрүүл мэндийн төвтэй 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гуравласан гэрээг байгуулсан байдаг. Гуравласан гэрээний 1.2 дээр гэрээний салшгүй хэсэг маань тухайн гэрээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт байна аа гээд заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл тухайн гэрээг ямар шалгуур үзүүлэлтээр дүгнэх юм бэ гэдгийг гэрээтэйгээ хамтад нь батлаад тухайн гэрээнийхээ салшгүй хэсэг байхаар зохицуулаад өгчихсөн. Хэрэгт авагдсан Э ө  өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 1 сарын 10-ны өдрийн гэрээний шалгуур үзүүлэлтийг хуучин журмаараа буюу Эрүүл мэндийн сайдын 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн А/104 тоот тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан шалгуур үзүүлэлтээр гэрээг анх байгуулахдаа баталж өгсөн. Гэтэл Эрүүл мэндийн газар ажлын хэсэг гаргаад хагас жилийн ажлыг дүгнэхдээ яасан бэ гэхээр шинэчлэгдсэн журам буюу шинэ журмаараа 2024 оны 3 сарын 15-ны өдрийн А/122 дугаартай тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан шалгуур үзүүлэлтээр ажлыг дүгнэсэн байгаа. Тэгэхээр энэ өөрөө гэрээний 1.2-ыг зөрчиж байгаа асуудал байгаа. Өөрөөр хэлбэл А/122 дугаар тушаалын 3 дугаар хавтаст тал дээр батлаад байгаа шалгуур үзүүлэлтийг энэ гэрээний салшгүй хэсэг байна аа гэж анхнаасаа гэрээ байгуулахдаа тохироогүй. Тэгэхээр энийг үндэслэж дүгнэж байгаа процесс өөрөө буруу байна аа гэж харж байгаа. Хоёрдугаарт гэрээг дүгнээд хангалтгүй гэдэг үнэлгээ авсан учраас гэрээний зохицуулалт болон 2024 оны А/122-оор баталсан журмын 2.9-ийг үндэслээд ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан гэж байгаа. Гэтэл тухайн Эрүүл мэндийн сайдаар тушаалаар баталсан журам өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу хэм хэмжээ тогтоосон акт байгаа. Хэм хэмжээ тогтоосон акт нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Хууль зүйн яаманд бүртгэгдсэн байх ёстой. Бүртгэгдэж байж өөрөө хүчин төгөлдөр болно оо гээд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дээр зохицуулаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл тухайн акт маань нэгдсэн бүртгэлд бүртгэгдээд, албан ёсоор нийтлэгдэж байж хүчин төгөлдөр дагаж мөрдөх үүрэг үүсдэг. Гэтэл Хууль зүйн яамнаас ирсэн лавлагаагаар А/122 гээд байгаа Эрүүл мэндийн сайдын 24 оны 3 сарын 15-ны өдрийн тушаал маань өөрөө хэм хэмжээ тогтоосон актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй гэсэн. Ингэхээр албан ёсоор хүчин төгөлдөр болоогүй эрх зүйн хэм хэмжээний акт байгаа. Тэгэхээр хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний актыг үндэслэж ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох ийм эрх зүйн үр дагавар байхгүй байна аа гэж харж байна. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дээр заачихсан байж байгаа. Хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний актыг үндэслэж дагаж мөрдөх үүрэг байхгүй, тухайн актыг үндэслэж хариуцлага хүлээлгэхгүй гэсэн ийм хуулийн зохицуулалттай байгаа учраас А/22-ын дагуу хангалтгүй ажлаа дүгнүүлсэн юм байна гэж үзэж ажлаас чөлөөлөх ийм боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа. Ерөнхийдөө ажил дүгнэсэн, ажлаас чөлөөлж байгаа процесс тэр чигтээ тухайн эрх зүйн актын өөрөө хүчин төгөлдөр болоогүй байгаа учраас үндэслэлгүй болж байгаа тул 80.1.2-т заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж харж байна. За ийм учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж УАЭМГ  2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоож өгнө үү гэсэн ийм шаардлагыг гаргаж байгаа. За ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг анх нэхсэн байдаг. Энэ дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд заасныг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалинг тооцож гаргаж өгнө үү” гэв.

Хариуцагч УАЭМГ  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Эрүүл мэндийн газрын даргын Б/52 дугаартай тушаалд зөвхөн Эрүүл мэндийн сайдын А/122 дугаар тушаалыг үндэслээгүй, Хөдөлмөрийн тухай хууль, Хүний эрхийн комиссын тушаал болон аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн үнэлгээний дүгнэлтийг мөн авч үндэслэл хэсэг болгосон байгаа. Үүнтэй уялдуулаад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаж шийдвэрийг гаргаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч талаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, УАЭМГ  даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 дугаар тушаал, тус газрын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 294 дугаартай тушаал, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/07 дугаар тушаал, Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаартай тэмдэглэл, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2024/00208 дугаартай шийдвэрийн хуулбар, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Ц.А г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б.Бг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж мэдүүлэг авав.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооноос тус хорооны 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаартай тэмдэглэл/шийдвэр, Увс аймгийн Эрүүл мэндийн газраас 2024 онд Э ө өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээг, Э ө өрхийн эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэгч Г.Г гийн цалингийн цэсийг, Увс аймгийн Эрүүл мэндийн газраас Э ө  ӨЭМТ-тэй 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гурвалсан гэрээний салшгүй хэсэг болох гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг, Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/104 дүгээр тушаал, тус тушаалын хавсралтаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам болон тус сайдын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаал, тус тушаалын хавсралтаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журмыг, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/104 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам болон тус сайдын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам нь тус тус захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн эсэх талаарх лавлагааг тус тус нотлох баримтаар бүрдүүлэв.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Э ө ББН-өөс түүний 2024 оны 5,6,7,8 дугаар сарын цалингийн хүснэгтийг нотлох баримтаар бүрдүүлэв.

Хариуцагч талаас 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэл, 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 272 дугаартай албан бичгийн хуулбар, тус албан бичгийн хавсралт, Хүний эрхийн үндэсний комиссын 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 03/46 дугаартай зөвлөмжийн хуулбар, Эрүүл мэндийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаалын хуулбар, Э ө өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны эхний хагас жилийн гэрээний биелэлтийн нэгтгэл, Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай Увс аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/376 дугаар захирамж, өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийн илтгэх хуудсыг эхээр, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэл, зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр Г.С г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

Шүүхийн санаачилгаар Увс аймгийн Эрүүл мэндийн газраас 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар тус байгууллагад хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн дотоод журам, тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Бг томилсон шийдвэр гарсан эсэх талаар баримтыг нотлох баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь хариуцагч УАЭМГ т холбогдуулан, тус газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7,561,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-д заасан үндэслэлээр буюу мэргэжил, ур чадвар, мэргэшлийн хувьд, ажил үүргийн хувьд тухайн ажлын байранд тэнцэхгүй байна гэж үзэж чөлөөлж байгаа бол тухайн хүн тухайн ажлын байран дээр мэргэжил, ур чадвар, мэргэжлийн түвшин, ажлын гүйцэтгэлийн хувьд тэнцэхгүй байгаа талаар албан ёсны дүгнэлт тогтоогдсон байх ёстой. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдээгүй.

2.2. Харуицагч УАЭМГ  нь Э ө  өрхийн эрүүл мэндийн төвьэй 2024 оны 1 сарын 10-ны өдөр гурвалсан гэрээ байгуулахдаа тухайн гэрээний салшгүй хэсэг болох гэрээний шалгуур үзүүлэлтийг хуучин журмаараа буюу Эрүүл мэндийн сайдын 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн А/104 тоот тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан шалгуур үзүүлэлтээр байгуулахдаа баталж өгсөн. Гэтэл Эрүүл мэндийн газар ажлын хэсэг гаргаад Э ө өрхийн эрүүл мэндийн төвийн хагас жилийн ажлыг дүгнэхдээ шинэчлэгдсэн журмаар буюу 2024 оны 3 сарын 15-ны өдрийн А/122 дугаартай тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн. Тэгэхээр энэ нь гэрээний 1.2-ыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл А/122 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан шалгуур үзүүлэлтийг энэ гэрээний салшгүй хэсэг байна аа гэж анхнаасаа гэрээ байгуулахдаа талууд тохироогүй. Тэгэхээр үүнийг үндэслэж дүгнэж байгаа процесс өөрөө үндэслэлгүй.

2.3. Э ө өрхийн эрүүл мэндийн төв хангалтгүй гэдэг үнэлгээ авсан учраас гэрээний зохицуулалт болон 2024 оны А/122 дугаар тушаалаар баталсан журмын 2.9-ийг үндэслээд ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан гэж байгаа. Гэтэл Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан журам өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу хэм хэмжээ тогтоосон акт байгаа. Хэм хэмжээ тогтоосон акт нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Хууль зүйн яаманд бүртгэгдсэн байх ёстой. Бүртгэгдэж байж хүчин төгөлдөр болно гээд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дээр заасан.. Өөрөөр хэлбэл тухайн акт нь нэгдсэн бүртгэлд бүртгэгдээд, албан ёсоор нийтлэгдэж байж хүчин төгөлдөр дагаж мөрдөх үүрэг үүсдэг. Гэтэл Хууль зүйн яамнаас ирсэн лавлагаагаар Эрүүл мэндийн сайдын 2024 оны 3 сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаал нь хэм хэмжээ тогтоосон актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй гэсэн. Ингэхээр албан ёсоор хүчин төгөлдөр болоогүй эрх зүйн хэм хэмжээний акт байгаа. Тэгэхээр хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний актыг үндэслэж ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох боломжгүй.

2.4. Нэхэмжлэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдөхийн өмнө авч байсан нэг өдрийн дундаж цалин хөлс 92,210 төгрөг байх тул 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7,561,280 төгрөг гаргуулна гэв.

3. Хариуцагч УАЭМГ  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна.

3.1. Эрүүл мэндийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаалын 3.1 дэх заалтад заасны дагуу өрхийн эрүүл мэндийн төвийн ажлыг жилд 2 удаа үнэлдэг. Үүний дагуу аймгийн Засаг даргын 2024 оны А/376 дугаар захирамжаар томилогдсон үнэлгээний баг ажиллаад Э ө өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээ хангалтгүй буюу 69,25 хувьтай гэж үнэлсэн. Мөн Эрүүл мэндийн даатгалын газрын шалгалтаар санхүүгийн зөрчилтэй гэж үнэлэгдэж, Г.Г д акт тавьсан байсан. Иймд Эрүүл мэндийн сайдын А/122 дугаар тушаалаар батлагдсан журмын 2.8, 2.9 дэх заалт, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 03/46 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул шийдвэр үндэслэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Г.Г  нь УАЭМГ  даргын 2024 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Увс аймгийн Улаангом сумын Э ө өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогджээ.

Хэдийгээр хэрэгт хариуцагч УАЭМГ  нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг Увс аймгийн Э ө өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлсөн боловч нэхэмжлэгч нь тухайн тушаалын дагуу ажлаа хүлээлцээгүй, албан үүргээ гүйцэтгэж, цалин хөлс авч байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Э ө өрхийн эрүүл мэндийн төвөөс нотлох баримтаар гаргуулсан нэхэмжлэгчийн цалингийн цэс, гэрч Г.С гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл Увс аймгийн Улаангом сумын Э ө өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар тасралтгүй ажиллаж байжээ.

4.2. УАЭМГ  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалт, 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэг, Эрүүл мэндийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 2.9 дэх заалт, Хүний эрхийн үндэсний комиссын 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 03/46 дугаар зөвлөмжийг тус тус баримтлан Э ө өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны үйл ажиллагааны хагас жилийн тайлан хангалтгүй буюу 69,25 хувьтай үнэлэгдсэн тул дарга Г.Г г 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.

4.3. Нэхэмжлэгч нь хариуцагчийн шийдвэрийг эс зөвшөөрч, Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч тус хорооны хуралдаанаар “талууд тохиролцоогүй” гэх үндэслэлээр маргаан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгожээ.

5. Дараах үндэслэлээр хариуцагч УАЭМГ  даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Г г урьд эрхэлж байсан Увс аймгийн Улаангом сумын Э ө өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

5.1. УАЭМГ , Увс аймгийн Засаг дарга нь Увс аймгийн Улаангом сумын Э ө өрхийн эрүүл мэндийн төвтэй 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 01 дугаартай, өөрийн үйлчлэх хүрээний хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх тухай гэрээ байгуулж, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон байх бөгөөд гэрээний 1.2 дахь заалтад гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байхаар заажээ.

Талууд дээрх гэрээг байгуулах үед өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих харилцааг Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/104 тоот тушаалаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журмаар зохицуулж байсан бол 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам үйлчилж эхэлсэн байна.

Талууд Эрүүл мэндийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу гэрээг шинэчлэн байгуулаагүй, гэрээний салшгүй хэсэг болох гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг шинэчлэгдсэн журмын дагуу тодорхойлоогүй боловч Увс аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/376 дугаар захирамжаар байгуулагдсан өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээг дүгнэх ажлын хэсгээс Увс аймгийн Улаангом сумын Э ө өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааг үнэлж дүгнэхдээ Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/122 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу үнэлсн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, шүүхийн журмаар Увс аймгийн Эрүүл мэндийн газраас нотлох баримтаар гаргуулсан Э ө өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны гэрээ, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийн илтгэх хуудас, Э ө өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны эхний хагас жилийн гэрээний биелэлтийн нэгтгэл, УАЭМГ  2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 272 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно” гэж заасан бол мөн хуулийн 67.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж заажээ.

Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/104 дугаартай, Журам, гэрээний загвар, шалгуур үзүүлэлт батлах тухай тушаал, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам” нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй болох нь Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/112 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд Эрүүл мэндийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам” батлагдсан цагаас хойш эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд тухайн журмын дагуу Увс аймгийн Улаангом сумын Э ө  өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааг үнэлж, улмаар тус журмын 2.9 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэл бүхий гэж дүгнэх боломжгүй байна.

5.2. Мөн хариуцагчийн зүгээс маргаан бүхий тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтыг баримталжээ.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч Г.Г  нь мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтыг баримтлах урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй байхад дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэр хууль бус байна.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч нь 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүргтэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газраас шаардах эрхтэй.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно”, 2.3.5 дахь заалтад “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор” гэж заасан.

 Нэхэмжлэгч Г.Г  нь 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө 2024 оны 8 дугаар сард 3,521,517 төгрөг, 2024 оны 7 дугаар сард, 2,158,597 төгрөг, 2024 оны 6 дугаар сард 1,603,804 төгрөгийн цалин хөлс авч байсан болох нь шүүхийн журмаар Увс аймгийн Улаангом сумын Э ө өрхийн эрүүл мэндийн төвөөс нотлох баримтаар бүрдүүлсэн нэхэмжлэгчийн цалингийн хүснэгтээр тогтоогдож байна.

Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.5 дахь заалтад “Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй” гэж заасан.

Ийнхүү нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнээс хоолны үнийн хөнгөлөлтийг хасч тооцвол, нэхэмжлэгч нь 2024 оны 8 дугаар сард 3,485,517 төгрөг, 2024 оны 7 дугаар сард 2,101,597 төгрөг, 2024 оны 6 дугаар сард 1,562,179 төгрөгийн цалин хөлс авсан байх бөгөөд нэг сарын дундаж цалин хөлс 2,383,097 (3,485,517+2,101,597+1,562,179=7,149,293/3) төгрөг байна. Харин нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлс 119,154.8 төгрөг (7,149,293/60) байна.

Нэхэмжлэгч Г.Г  нь 2024 оны 9 дүгээр сард ажилгүй байсан 8 хоног, 2024 оны 10,11,12 дугаар сар, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 6 хоногт нийт 8,817,460 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй боловч өөрийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,561,280 төгрөгийг хариуцагчаас шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд 7,561,280 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулж нэхэмжлэгч Г.Г д олгох нь зүйтэй.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг хүчингүй болгосон тул хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

Иймд нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч УАЭМГ т даалгах үндэслэлтэй байна.

8. Нэхэмжлэгч Г.Г гийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газраас улсын тэмдэгтийн хураамж 206,130 төгрөг гаргуулж улсын орлогод буюу Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан УАЭМГ  даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Г г урьд эрхэлж байсан Увс аймгийн Улаангом сумын Э ө өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлын байранд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 7,561,280 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулж, нэхэмжлэгч Г.Г д олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч УАЭМГ т даалгасугай.

3. Нэхэмжлэгч Г.Г гийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газраас улсын тэмдэгтийн хураамж 206,130 /хоёр зуун зургаан мянга нэг зуун гуч/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй .

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА