Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 53

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.Пүрэвдагва Шүүгдэгч П.Ня- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэвдагваас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ня-ид холбогдох 1723000550054 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн,1970 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хуурч овогт П-ын Ня- РД:/ИА********/

Шүүгдэгч П.Ня- нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч П.Ня- нь мөрдөн байцаалтын шатанд “2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн Баянбулаг гэх газар 247 ширхэг нойтон бургас бэлтгэж тавьсан. ...Би бургасыг сүх болон жижиг хөрөөгөөр бэлтгэсэн. Зөвшөөрөл авдагийг мэдэхгүй. Өөрийн өвөлжөөний дэргэд болохоор болох байх гэж бодсон.” гэж мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн дээрх мэдүүлгийг гэрч Т.Батчулууны “2018 оны 4 сард сумын Засаг даргын баталсан удирдамжийн дагуу ...Баянбулгийн шугуйд хяналт шалгалт хийх явцад 4 хэсэг газарт монгол гэрийн ханын зориулалтаар бэлтгэсэн нийт 257 ширхэг нойтон бургас байхыг илрүүлсэн. ...Ня- гэгчтэй уулзахад бөөн байсан модыг бэлтгэсэн талаараа мэдүүлэг өгсөн” гэсэн, гэрч П.Тө-ын/шүүгдэгчийн төрсөн ах/ “...гэртээ очтол манай гэрийн ард бургас бэлдэж тавьсан байсан. ...Тухайн үед хэн бэлтгэснийг мэдээгүй. Дараа нь аймаг орж ирсэн чинь манай дүү Ня- бэлтгэсэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлгүүд давхар нотолж байна. Мөн шүүгдэгч П.Ня-ийн нойтон бургас бэлтгэсэн гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох ургаа нойтон бургасыг огтолж бөөгнүүлсэн байдлыг бэхжүүлсэн хэргийн газрын тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээр нотлогджээ. Шүүгдэгч П.Ня- бургас бэлтгэхдээ холбогдох журмын дагуу зөвшөөрөл аваагүй гэдгээ хүлээн мэдүүлсэн бөгөөд Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан учир түүнийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх үндэстэй. Шүүгдэгчийн бэлтгэсэн 257 ширхэг бургас нь 1.93 м3 хэмжээтэй бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 115800 төгрөгийн хохирол учирсан болох нь сум дундын ойн ангийн мэргэжилтний шинжилгээ хийсэн дүгнэлтээр тогтоогдсон байна. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо. Иймд шүүгдэгч П.Ня-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч ойн санд учруулсан 115800 төгрөгийн хохирол болон хор уршиг болох 35000 төгрөгийг нөхөн төлсөн нь мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. Шүүгдэгч П.Ня-ийн хууль бусаар бэлтгэсэн 2.1 метрийн урттай, 257 ширхэг буюу 1.93 м3 хэмжээтэй бургас модыг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 1.9, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хуурч овогт П-ын Ня-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Ня-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ня-ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450000/дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойшх 3/гурван/ сард сар тутам тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч П.Ня- торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5. Шүүгдэгч П.Ня-ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан П.Ня-ийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 2.1 метрийн урттай, 257 ширхэг буюу 1.93 м3 хэмжээтэй бургас модыг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. П.Ня- нь тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч П.Ня-ийн эд хөрөнгө болох 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 5/40, 2.1 метрийн урттай, 257 ширхэг буюу 1.93 м3 хэмжээтэй бургас модыг битүүмжилсэн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5/01 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоолын 3.6 дугаар заалтыг биелэгдтэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ