Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/705

 

 

 

 

     2025          06           03                                       2025/ДШМ/705

 

Ц.М, Ү.Х нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Амгалан,

хохирогч  Ж.М-ын өмгөөлөгч Н.Болортуул, П.Ундрах-Эрдэнэ,

шүүгдэгч Ү.Х, түүний өмгөөлөгч Б.Алтанзаяа,

шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал, Ц.Дэлгэрням,

шүүгдэгч Ц.М, Ү.Х нарын өмгөөлөгч Ц.Батзаяа, М.Билгүтэй,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/794 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.М, Ү.Х, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Батзаяа, М.Билгүтэй нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ү.Хгийн өмгөөлөгч Б.Алтанзаяа, шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Г.Буянбадрал, Ц.Дэлгэрням нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.М, Ү.Хнарт холбогдох 2210018211185 дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .......................,

2. .....................;

Шүүгдэгч Ц.М, Ү.Х нар бүлэглэж Э.О нь 2019 онд Улаанбаатар хотын банкны барьцаанд байсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол 13334, Нарны зам гудамж ... тоот хаягт байршилтай Ү-..............улсын бүртгэлийн дугаартай, 3691.06 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хамтарч худалдан авч, засвар хийж, цаашид үйл ажиллагаа явуулах саналыг -Б.Н-д тавьж, Б.Н нь уг саналыг хүлээн зөвшөөрч худалдан авч буй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, “М Ш О” ХХК-ийн өөрийн болон өөрийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшлийн 15 үл хөдпөх хөрөнгө, газар зэргийг барьцаалж Улаанбаатар хотын банкнаас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Зг9101/190319 дугаартай зээлийн гэрээ байгуулж 3,400,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлж уг зээлээс 3,000,000,000 төгрөгийг Улаанбаатар хотын банкны дансанд тушааж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах явцад банканд хугацаа хэтэрсэн зээлтэй, мөн Улаанбаатар банктай нууцлалын гэрээтэй тул хамтран зээлдэгчээр оролцох боломжгүй гэх тайлбарыг өгч өөрийн нөхөр Ц.М-ын төрсөн дүү Ц.Д-ын эхнэр Ү.Хг уг үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн эзэмшигчээр бүртгүүлсэн, улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсны улмаас хохирогч Ж.М-ын худалдан авсан үл хөдлөх хөрөнгө, түүний өөрийн болон хамаарал бүхий иргэдийн хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг “М Ш О” ХХК-ийн үйл ажиллагааны орлого, бусад банкаар орж буй орлого зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилж хохирогчийн амьдралын эх үүсвэрт ноцтой хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.М, Ү.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.М, Ү.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийн бүлэглэн үйлдсэний улмаас бусдад ноцтой хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ү.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ад шийтгэсэн 03 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ү.Х-д шийтгэсэн 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ын цагдан хоригдсон 200 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, ... тоот хаягт байршилтай, 3,691.06 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай Ү-..............дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны хоёр өмчлөгчөөс Монгол Улсын иргэн Ү.Х-г хасаж, тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Монгол Улсын иргэн Шавт овогт Ж-ийн М-ыг бүртгэхийг Үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн газарт даалгаж, шүүгдэгч Ц.М, Ү.Х нараас тус бүр 306,058,106 төгрөг нэхэмжилснийг хангахаас татгалзаж, Эрүүгийн 2210018211185 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.М, Ү.Х нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, шүүгдэгч Ү.Х цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.М гомдолтой гэснийг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.М, Ү.Х нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч нарыг цагдан хорьж, тэдний эдпэх ялыг 2025 оны 03 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгч Алтанжигүүр нь илтэд хууль бусаар зөвхөн хохирогчийн худал үгэнд үндэслэн хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад шударгаар дүгнэлт хийж чадаагүй.

Шүүгч илтэд ойлгомжтой байсан надаас гарсан мөнгө хөрөнгийг үнэн зөв шийдвэрлээгүй, хэт нэг талг барьж Үндсэн хуульд заасан хүн бүхэн хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй гэсэн заалтыг алдагдуулсан.

Энэ хэрэгт огт хамааралгүй дүү Х-д хохирогч нарын захиалгаар хорих ял оногдуулсан. Мөн миний оруулсан миний оруулсан хөрөнгө оруулалт болох В1 давхарын 540 мкв талбайн караокений иж бүрэн тохижилт, тоног төхөөрөмж бараа мөн гадна үүдний хэсэгт одоо ажиллаж байгаа 230 мкв талбай бүхий авто засварын төвийн барилга зэргийг миний өөрийн хөрөнгөөр хийгдсэн гэдгийг хохирогч М хүлээн зөвшөөрч байхад энэ оруулсан хөрөнгө оруулалтыг дан ганц хохирогчид шилжүүлэн өгөхөөр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шударга ёс гэж байдаг бол гаргасан зардал тус бүрийг нарийн тооцон тус тусад нь хувьчлан хувь тогтоон шийдвэрлэх байсан. Тус хэргийг иргэний маргаан гэж үзэж байгаа.

Иймд надад болон дүү Ү.Х-д холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би хэнийг ч хуурч, залилан мэхлээгүй хамтран ажиллаж байсан болохоос биш залилан мэхэлсэн зүйлгүй. ...” гэв.

Шүүгдэгч Ү.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хэн нэгэнтэй гэмт хэрэг үйлдэхээр тохиролцоогүй, хэн нэгний эд хөрөнгийг хууль бусаар, шунахай сэдэлтэйгээр ашиг олох зорилгоор өөртөө аваагүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, хорих ял оногдуулж байгаад маш их гомдолтой байна.

Анх Э.О эгч, Ц.М ах хоёр намайг гуйхдаа зээлгүй, муу зээлийн ангилалд ороогүй болохоор чиний нэрийг оруулмаар байна, ямарч асуудалгүй ах, эгч хоёр нь нөгөө хүмүүстэйгээ зээлээ төлөөд л яваад байна, төлж дуусаад чамаас 50 хувиа шилжүүлээд авна өөрсдрүүгээ, ах эгч хоёртоо тусалчих, тухайн хүмүүс нь ч гэсэн гэрээ хэлцэл байгуулах, чиний нэрийг оруулах талаар зөвшөөрсөн гэрээгээ хийх үед бүгд хамт байж байгаад нотариат орж хийнэ гэж гуйсан. Миний хувьд тухайн үед бага хүүхдээ төрүүлээд удаагүй, хүүхдээ хараад гэртээ суудаг байсан. Мөн огт танихгүй хүмүүс биш хадам ах, бэр эгч хоёр маань гуйсан болохоор л чадахаараа туслъя гэж бодсон.

Надад Б.Н эгч, Ж.М ах хоёрыг хуурч мэхлэх, хохироох бодол огт байхгүй, анха гэрээ байгуулахад л энэ хоёр хүнийг харж байсан. Өмнө нь таньж мэдэхгүй, нэг ч удаа уулзаж байгаагүй. Миний хувьд тухайн үл хөдлөх хөрөнгөд ямар нэгэн хөрөнгө оруулаагүй, ашиг хүртээгүй, тодорхой ашиг сонирхол агуулаагүй. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, намайг дуудах үед би Э.О, Ц.М, Б.Н, Ж.М гэх 4 хүний асуудал юм байна. Шүүх, цагдаа нь хэний өмч гэж шийднэ, тэр хүнд нь шилжүүлээд өгнө, энэ асуудлыг эрх бүхий байгууллага нь шийдээд хэн нь хэдэн төгрөг яаж оруулсан, хэнд шилжүүлэх талаар тодорхой шийдвэр гарвал тухайн хүнд шилжүүлж өгөхөд асуудалгүй гэдгээ хэлсэн. Энэ талаар өмнөх шүүх хурлуудад удаа дараа илэрхийлсэн. Ингэж хэлснийг яагаад буруу гэж үзээд байгаа юм бэ.

Би өнөөдөр хуульч, эрх зүйч биш хэн нэгнийг залилах, хохироох санаа зорилгогүй шүүхийн шийдвэрийн дагуу шилжүүлж өгнө гэснээрээ гэмт хэрэгтэн болж байгаа юм уу? Үүнийг анхаарч өгнө үү.

Би нөхөр болон бага насны хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Хоёр хүүхдээ хооллох, хувцаслах, сургууль руу нь зөөх, гэрийн даалгаврыг нь хийлгэх, агаар салхинд гаргах, бусад хүүхдүүд болон томчуудтай харилцах, бие даах  чадвар зэргийг хариуцан хүмүүжүүлдэг.  Хүүхдүүдийн маань хувьд бага насны бага ангийн сурагчид юм. Ийм үед сэтгэл зүйн хувьд эмзэг байдаг тул ээжийн үүрэг оролцоо нэн чухал.

Анхан шатны шүүх хуралдаанаас хойшхи хугацаанд миний хаана байгааг мэдэхгүй нөхцөл байдалтай байна. Маш их гомдолтой байна. Хийсэн ямар нэгэн гэм буруу байхгүй, ах, эгч хоёрынхоо гуйлтаар тухайн үл хөдлөх хөрөнгөд нэрээ бүртгүүлсний төлөө ял шийтгэл хүлээн болоод байгаад гомдолтой байна. Тухайн эд хөрөнгөд ямар нэгэн хөрөнгө оруулаагүй, ашиг хүртээгүй, тодорхой ашиг сонирхол агуулаагүй болохоо дахин илэрхийлмээр байна.

Иймд энэхүү хэргийг үнэн, зөвөөр шийдвэрлэж Ү.Хминий хэн нэгнийг хуурч, мэхлээгүй, эд хөрөнгөтэй болох, ашиг олох зорилгоор ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй болохыг тогтоож, намайг буруутгаж буй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.М, Ү.Х нарын өмгөөлөгч Ц.Батзаяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/869 дүгээр магадлал биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэж үндэслэлгүй шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/794 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 2.3 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахаар байгаа болно.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасан нотолбол зохих байдлуудыг нотолж тогтоож чадаагүй. Энэхүү зөрчлүүдийг, нэмж мөрдөн шалгах ажиллагааг хийж тогтоох асуудлыг урьд давж заалдах шатны шүүхээс дүгнэж байсан ч энэхүү зөрчил арилаагүй байгаа болно.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/794 дүгээр шийтгэх тогтоолд “...Шүүхийн шатанд шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч нараас тухайн үл хөдлөх хөрөнгийг Б.М засаж, сайжруулахад тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан, үүнтэй холбоотой гэж нийтдээ 546 хуудас санхүүгийн гэх баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүхээс Ц.М, Э.О, Б.Н, Ж.М нараас тухайн үл хөдлөх хөрөнгийг засаж сайжруулахад ямар хэмжээний төлбөр гарсан талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар шүүхээс шийдвэрлэсэн боловч дүгнэлт гаргуулах боломжгүй талаар хариу ирүүлсэн бөгөөд тухайн баримтуудаар Б.Маас тухайн үл хөдлөх хөрөнгийг засаж сайжруулахад зардал гарсан гэж үзэх нотлох баримтын шаардлага хангасан санхүүгийн баримтууд гэж үзэх боломжгүй тул шүүх үнэлээгүй болно. Мөн шүүгдэгч Ц.М нь тухайн үл хөдлөх хөрөнгийг өөрийн хөрөнгөөр засварласан, гомдолтой гэсэн энэ тухай нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй...” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

3 хх  46-47 дугаар талд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 546 хуудас баримтыг гаргаж өгөхдөө маш дэлгэрэнгүй байдлаар баримтуудыг тайлбарласан хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шийтгэх тогтоолд дурдсан “тухайн баримтуудаар Б.Маас тухайн үл хөдлөх хөрөнгийг засаж сайжруулахад зардал гарсан гэж үзэх нотлох баримтын шаардлага хангасан санхүүгийн баримтууд гэж үзэх боломжгүй” гэх байдлаар л дүгнэх хэмжээний баримтууд огтоос биш юм. Өөрөөр хэлбэл, нотлох баримтын шаардлага хангасан, санхүүгийн болон санхүү, тооцоолол хийхэд чухал ач холбогдолтой баримтууд болно. Гэтэл шүүх баримт бүрт тухайлан дүгнэлт хийлгүйгээр нийт 546 хуудас баримтын хэмжээнд бүхэлд нь нотлох баримтын шаардлага хангаагүй мэтээр дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтыг ноцтой зөрчсөн.

3. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 434 дүгээр “Шүүх хуралдааныг хойшлуулж, мөрдөн шалгах зарим ажиллагаа хийлгэх тухай” захирамжаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 869 дүгээр магадлалд заасан “тусгай мэдлэгийн хүрээнд эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах замаар гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тогтоох зайлшгүй шаардлагатай” гэх заавал биелэгдэх шинжтэй дүгнэлтийг биелүүлэхдээ “Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргах шинжилгээний байгууллагаар томилж” магадлалд заагдсан ажиллагааг явцууруулж, улмаар уг ажиллагаа хийгдэх боломжгүй нөхцөл байдлыг анхан шатны шүүх бий болгосон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 13/796 дугаар “Шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах тухай” албан бичгийг л үндэслэн магадлалд заагдсан ажиллагааг хийх боломжгүй мэтээр явцуу дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Магадлалд эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах замыг тодорхойлсон гол үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг”-ийг буюу нотолбол зохих байдлын асуудал юм. Өөрөөр хэлбэл эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах асуудал нь энэхүү нотолбол зохих байдлыг нотолж тогтоох нэг л арга зам болохоос биш эцсийн зорилго огт биш бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг тогтоож чадаагүй тохиолдолд хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм.

Зүй нь хэрэв Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар эдийн засгийн шинжилгээний обьектын хувьд эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гарсан байх шалгууртай юм бол хэрэгт авагдсан санхүүгийн анхан шатны баримтад үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тогтоохтой холбоотой бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах шаардлагатай байсан бөгөөд энэ нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 869 дүгээр магадлалд заасан дүгнэлтэд нийцнэ.

Хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хэрэгжээгүй талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж заасан тул уг хэрэгт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/794 дүгээр шийтгэх тогтоол гарсны дараа шүүгдэгч Ц.М, Ү.Х нарын өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаад өмгөөлөгч бид оролцож байгаа учраас дараах асуудалд дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна.

Шийтгэх тогтоолд “...Э.О-т холбогдох хэргийг тусгаарласныг буруутгахгүй, хууль зөрчөөгүй гэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв” гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь, энэхүү дүгнэлт нь хэргийн бодит байдлыг тогтоох, мэтгэлцэх зарчимыг зөрчиж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлзх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийг зөрчсөн. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэж, 7 дахь хэсэгт “Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэж тус тус заасан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ” гэж заасан атал Э.О-ийг яллагдагч гэж үзэж, 2 хх 26-27 дугаар талд Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” хууль зөрчсөн үндэслэлгүй шийдвэрийг гаргасан атал шүүх энэхүү хууль зөрчсөн прокурорын шийдвэрийг “буруутгахгүй, хууль зөрчөөгүй” гэж илт үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

1 хх 20-29 дүгээр талд Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2210018211185 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор Э.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх бөгөөд уг тогтоолыг Э.О танилцаж гарын үсэг зураагүй болох нь, мөн 1 хх 223-224 дүгээр талд Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар Э.О нь 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан талаар тодорхой нотлох баримт авагдсан шүүх хууль зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “хэргийг буруу тусгаарласан бол” хэргийн оролцогчийн санал хүсэлтээс үл шалтгаалан шүүх өөрийн санаачилгаар хэргийг буцааж шийдвэрлэхээр хуульд заасан атал энэ хуулийг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүйд гомдолтой байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/794 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.М, Ү.Х нарын өмгөөлөгч М.Билгүтэй гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бичгээр гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тохиолдолд шүүгдэгч нарт авсан таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ү.Хгийн өмгөөлөгч Б.Алтанзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Ү.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэний улмаас бусдад ноцтой хохирол учруулсан гэм буруутайд тооцож нэг жил зургаан сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй ба миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хөдөлбөргүйгээр нотлогдохгүй байхад шүүхээс гэм буруутайд тооцож, эрх зүйн байдлыг нь дордуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1. “...гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” зорилт, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг ноцтой зөрчиж, хууль бусаар ял оногдуулсан, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шүүх хуралдааны шатанд шинжпэн судлуулж, цагаатгах байр суурьтай оролцсон. Тухайлбал,

1. Хохирогч Ж.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад “...О надад хэлэхдээ Ремаксын шугамаар зарж байгаа учраас миний болон нөхрийн нэр маань орж болохгүй гэж хэлээд О нөхрийн Д-ын эхнэр Х-гийн нэрийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд оруулна гээд оруулсан. Уг нь би өөрийнхөө эд зүйлийг барьцаалж зээл аваад тухайн үл хөдлөх хөрөнгө дээр ганцаараа миний нэр байх ёстой байсан чинь О нь Хгийн нэрийг оруулсан...” гэх мэдүүлэг /1 хх 1-3/,

2. Гэрч Ц.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Миний эхнэр Х тухайн барилгад ямар нэгэн хөрөнгө оруулалт болон бэлэн мөнгө гаргасан зүйл байхгүй. ...2019 он байх О, М нартай хамт явж байсан чинь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Смарт барилгыг авах гэж байгаа зээлийн түүх сайтай, урьд өмнө нь ямар нэгэн зээлтэй холбоотой асуудал байхгүй хүнийг оролцуулах гэсэн юм гэж Х бид хоёрт хэлэхээр нь би үгүй, хэрэггүй гэхэд О, М хоёр ямар нэгэн зээлийн төлөлт дээр асуудалгүй гэж гуйгаад байсан. ...Зээл авахад Н эгч барьцаа тавьсан гэдгийг маш сайн мэдэж байгаа. ...Х тухайн барилга дээр очиж үзээгүй ...” гэх мэдүүлэг /1 хх 75-77/,

3. Гэрч Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэл нөхөр М болон Х гэх хүний нэр дээр бүртгэлтэй. Х гэдэг эмэгтэй бол Оийн нөхөр М-ын төрсөн дуу Ц.Д-ын эхнэр. банкнаас гэрчилгээ гарсан чинь О өөрийнхөө ашиг сонирхлын төлөө Х гэдэг эмэгтэйг 50 хувийн эзэмшигчээр оруулсан, О өөрөө ороогүй шалтгаан нь нууцлалын гэрээгээр зарж байгаа, дээр нь Улаанбаатар хотын банкнаас зарж өгсөн гэж 99.000.000 төгрөгийн шимтгэл авсан учраас тухайн үед О нэрээ оруулаагүй гэж хэлж байсан. ...О бид хоёр засвар үйлчилгээ хийгээд дуусахаар нь лангуунуудыг зараад ашгаа хувааж авна гэж тохирсон учраас би Оийн хамаарал бүхий Х гэдэг хүнийг нөхрийнхөө хамт хамтран эзэмшигчээр оруулсан ...” гэх мэдүүлэг /1 хх 80-82/,

4. гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад “...2019 онд Н, М болон өөрийнхөө нөхөр М нарын хамтаар тухайн үед Улаанбаатар хотын банкнаас 3,4 тэрбум төгрөгийн зээл аваад Б гэдэг хүнээс 3 тэрбум төгрөгөөр худалдаж авсн. ...Х бол ямар ч хамааралгүй нөхөр бид хоёр зээлийн түүх муу байсан учраас миний хамаатны дуу Хг оролцуулж гарын үсэг зуруулсан...” гэх мэдүүлэг /1 хх 113-117/,

5. Шүүгдэгч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Эхнэр О нь 2019 оны 2 дугаар сараас эхлэн Б.Н гэх хүнтэй хамтарч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам гудамж, ... тоот хаягт байршилтай 3691.6 мкв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай ул хөдлөх эд хөрөнгийг газрын хамт худалдан авч, бизнесийн үйл ажиллагаа явуулна гэж ярих болсон. ...манай эхнэр О нь Ремакс үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компанийн франчайз гэрээний эрх эзэмшдэг, мөн миний бие төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байсан тул бид өөрсдийн нэр дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах боломжгүй байсан. Мөн Н-тэй тохиролцсоны дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг 2 талаас 1, 1 хүний нэр дээр бүртгүүлээд 50, 50 хувь өмчлөгчөөр бүртгүүлэхээр тохиролцсон байсан тул хамгийн ойр дотны итгэлтэй хүмүүсийн нэг болох Ц.М миний төрсөн дүү Ц.Д-ын эхнэр Ү.Х-д хандаж, түүний нэр дээр 50 хувийн өмчлөх эрхийг бүртгүүлсэн ...” гэх бичгэн мэдүүлэг /1 хх 1...-158/,

6. Ү.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад “... 2019 оны 03 дугаар сард манай нөхөр Доржбат ах Ц.М-ын эхнэр Э.О нар нь надтай холбогдоод ах, эгч хоёр нь хүнтэй нийлж үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахаар болсон, авах гэж байгаа үл хөдлөхөө газартай нь хамт барьцаалаад дээрээс нь хоёр талаасаа эд хөрөнгө нэмж барьцаалаад 100 хувь зээлээр авах юм. Дараа нь энэ обьектоо засаж янзлаад ашиг орлогоос нь зээлээ төлөөд дуусгаад 50, 50 хувиар өмчлөх юм. Манай талаас нэг хүн, нөгөө талаас нэг хүн өмчлөгчөөр бүртгэгдэх ёстой. Эгч нь Ремаксд ажиллаж байгаа болохоор өмчлөгчөөр орол-ож болохгүй байна гэж хэлсэн. ...Тэгэхээр нь би энэ талаар нөхөр Доржбаттай зөвлөлдөөд Э.О эгчийн саналыг зөвшөөрсөн, үүнийхээ хариуд би Э.О эгч, түүний нөхөр Ц.М ах нараас ямар нэг шан харамж аваагүй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах процесс, банкнаас зээл авах зэрэгт нь яг биечлэн оролцоогүй, шаардлагатай үед нь очиж гарын үсгээ зурж өгч байсан нь үнэн. ...Миний хувьд Б.Н гэх хүнийг танихгүй, түүнтэй бие даан харилцаж байгаагүй, түүний эд хөрөнгийг залилж авсан, бусдыг хуурч мэхэлсэн зүйл ч байхгүй бөгөөд хадам ах Ц.М-ын эхнэр Э.О гэх хүний гуйснаар үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөгчөөр буртгэгдсэн нь үнэн. Тэгэхээр үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ эзэн нь Э.О учраас түүний зөвшөөрөлгүй энэ эд хөрөнгийн эрхийг хэн нэгэнд шилжүүлэн өгөх боломжгүй” гэх бичгэн мэдүүлэг /1 хх 164/ зэргийг шинжлэн судлуулсан боловч шүүхээс дээрх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт авагдсан ямар баримтаар, хэрхэн няцааж байгаа талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

Шийтгэх тогтоолд тусгагдсан “Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт”-тэй танилцахад: “...Шүүгдэгч Ц.М, Ү.Х нар нь ашиг олох зорилгоор Ж.М-тай хамтран ажиллахаар харилцан тохиролцсон гэх үйл баримт тогтоогдох боловч бусдын хууль журмын дагуу худалдан авсан эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авч үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрсдийн нэрийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, улмаар хасуулаагуй, хасуулахгүй байхаар тохирсон, мөн үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулж банкнаас авсан үндсэн зээл, хүү, алданги бусад төлбөрийг төлөхгүй байгаа нь хууль бус бөгөөд тэдний дээрх үйлдэл нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэний улмаас бусдад ноцтой хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зуйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна”, гэж үзэн, ... Шүүгдэгч Ү.Хгийн хувьд хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор тухайн хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөр тогтоогдоогүй, бусдын хууль бус үйлдэлд хамтран оролцож, хөрөнгийн эзэмшигчээр тогтоогдсон, улмаар тухайн хөрөнгийг хууль ёсны өмчлөгчид өгөхгүй байгаа, өгөх талаар санал санаачилга гаргаагүй буюу бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авч, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн шунахайн сэдэлтээр, бичиг баримт болон буцааж өгөх байх, эсхүл зээл төлөх байх гэсэн хохирогчийн бусад байдлыг ашиглаж төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, итгэл эвдэх, худал амлах зэрэг аргаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэж, хохирол учруулсан нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч Ү.Хгийн хувьд хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор хөрөнгийг олж аваагүй, Э.О, Ц.М нарын гуйлтаар хөрөнгийн эзэмшигчээр бүртгүүлсэн атлаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхгүй байгаа нь Ц.М-тай үйлдлээрээ энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл болж байна" гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцээгүй, илтэд үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Ү.Х нь шүүгдэгч Ц.М-ын төрсөн дүү Ц.Д-ын эхнэр нь бөгөөд 2019 оны 3 дугаар сард бага насны 2 хүүхдээ харан гэртээ байх үед хадам ах Ц.М, түүний эхнэр Э.О нар утсаар ярьж, “бусадтай нийлж үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч бизнес эрхлэх болсон тухайгаа хэлж, худалдан авч буй үл хөдлөхөө хамтарч бизнес эрхлэх хүмүүстэйгээ 50:50 хувиар хувааж өмчлөх юм бид өөрсдөө орж өмчлөгчөөр буртгуулж болохгүй байна биднийг төлөөлж 50 хувийн өмчлөгчөөр бүртгүүлээд өгөөч” гэж гуйсных нь дагуу 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №01/16 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээн”-д худалдан авагчаар Ж.М-ын хамт гэрээ байгуулж, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөгчөөр Ж.М-ын хамт улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Миний үйлчлүүлэгч Ү.Х нь Э.О, Б.Н, Ц.М, Ж.М гэх 4 хүний хамтарч бизнес эрхлэхээр харилцан тохиролцсон харилцаанд анхнаасаа оролцоогүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах санаа зорилго байгаагүй, үл хөдлөх эд хөрөнгөд ямар нэгэн эрхийн сонирхолгүй, зээлийн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, тухайн үл хөдлөх хөрөнгийг бодитоор эзэмшиж ашиглаж байгаагүй, засаж сайжруулах ажлыг Ц.М, Б.Н, Э.О, Ж.М нар л хэрэгжүүлж байсан ба гагцхүү Э.О, Ц.М нарын гуйлт болон Ж.М, Б.Н нарын зөвшөөрлийн дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд оролцож, 50 хувийн өмчлөгчөөр бүртгүүлсэн, үүнийхээ төлөө хэнээс ч ямар ч шан харамж аваагүй, Ү.Х анхнаасаа тухайн харилцаанд ашиг хүртэх зорилгоор оролцоогүй болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогддож байгаа ба хэргийн бусад оролцогч нар ч шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар тодорхой мэдүүлж, тухайн мэдүүлэг нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан.

Шүүхээс Ү.Х-г “хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор тухайн хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөр тогтоогдоогүй” гэж үзэж байгаа нь үндэслэлгүй талаар:

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсоор олж авах зохицуулалтыг хуульчилсан.

Энэ нь иргэний эрх зүйн харилцаанд оролцож гэрээ байгуулж байгаа талууд хэн хэн нь харилцан зөвшөөрсөн тохиолдолд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж гэрээг чөлөөтэй байгуулах эрхийг гэрээний харилцааны талуудад олгосон нэн чухал ач холбогдол бүхий зарчим бөгөөд үүний дагуу Э.О, Ц.М, Б.Н, Ж.М нар нь бүгд харилцан зөвшилцсөний үндсэнд Ү.Хг үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд Ж.М-ын хамт худалдан авагчаар оруулж, гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулж, үл хөдлөх хөрөнгийн 50 хувийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Хэрэв хорхирогч Ж.М, Б.Н нар нь Ү.Х-г энэ харилцаанд оруулахыг зөвшөөрөөгүй бол миний үйлчлүүлэгч гэрээнд оролцохгүй, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэхгүй байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдсан дүгнэлт нь Иргэний хуульд тусгагдсан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг илтэд үгүйсгэсэн, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар тухайн гэмт хэрэг үйлдэгдэж төгссөнд тооцохоор хуульчилсан. Ү.Х-гийн хувьд 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулах үед очиж гэрээнд гарын үсэг зурж 50 хувийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээс өөр үйлдэл хийгээгүй. Гэтэл шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төгссөн гэж дүгнэсэн атлаа Ү.Х-г буруутгаж байгаа, гэм буруутай гэж үзсэн дүгнэлтийг нь харахаар 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс өмнө хийсэн үйлдлийг нь хууль ёсны гэж үзчихээд тухайн гэмт хэрэг нь төгссөн гэх үеэс хойш буюу 2023 онд цагдаа шалгаж байхад өмчлөх эрхийг нь шилжүүлж өгөөгүй үйлдлээрээ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж байгаа нь илтэд үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Ү.Х-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусга ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж, төгс үйлдэгдсэн гэмт хэрэг гэж тооцогдохын тулд субъектив талын шинжийг хангах ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчилсан гэмт хэргийн тухайд гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл Ү.Хнь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх ёстой буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд оролцож, тухайн хөрөнгийн 50 хувийн өмчлөгчөөр бүртгэгдэж байгаа үйлдэл нь хууль бус үйлдэл гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн байхыг шаардана. Гэтэл Ү.Х нь /хадам ах Ц.М, түүний эхнэр Э.О нар нь хохирогч Э.М, Б.Н нарыг хуурч мэхэлж, хууль бус үйлдэл хийж залилаж байгаа гэдгийг/-ыг мэдсэн эсэх, мэдэх боломжтой байсан эсэхийг тогтоогоогүй. Түүнчлэн Ц.М, Э.О нарын үйлдэл гэмт хэрэг мөн эсэх нь ч хангалттай тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Э.О, Ц.М, Ж.М, Б.Н нар нь хамтарч бизнес эрхлэхээр тохиролцсоны үндсэнд тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авч хамтарч ажиллахаар тохиролцсоныхоо дагуу миний үйлчлүүлэгчийг үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд оруулж, өмчлөгчөөр бүртгүүлсэн. Мөн Ү.Х-гийн хувьд тухайн объектэд хадам ах Ц.М, Э.О нар хөрөнгө оруулсан болохыг мэдэхийн хувьд өөрөө дур мэдэж /бодитоор хадам ах Ц.М, Э.О нарын өмчлөх ёстой/ тухайн үл хөдлөх хөрөнгийн 50 хувийг өмчлөх эрхийг бусдад шилжүүлж өгөх эрхгүй юм. Ү.Х-гийн хувьд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд л 50 хувийг нь өмчлөх эрхтэй гэсэн нэр л байгаа болохоос тухайн хөрөнгөтэй холбоотой эрхийг Э.О, Ц.М, Б.Н, Ж.М нар л хэрэгжүүлдэг гэх үйл баримт хангалттай тогтоогдсон бөгөөд Ү.Х нь өмчлөгчийн маргаантай үйл баримтыг эцэслэн шийдвэрлэгдсэн тохиолдолд дээрх нэр бүхий 4 этгээдийн хэн нь байсан хамаагүй, шийдвэрт өмчийн эзэн гэж тогтоогдсон хүнд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгөх талаараа илэрхийлдэг. Мөн түүний хувьд хэзээ ч, хэнд ч би энэ үл хөдлөх хөрөнгийн эзэн, үүнийхээ 50 хувийг шилжүүлэх, шилжүүлэхгүй байхын хариуд ийм шан харамж авна гэж хууль бус аливаа шаардлага тавьж байгаагүй юм.

Миний үйчлүүлэгч Ү.Х-д бусдыг залилах, гэмт хэрэг үйлдэх санаа, зорилго байгаагүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаар түүнийг гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1. “...гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” зорилт, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЦТ/794 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ү.Хд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Г.Буянбадрал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.М-ыг, шүүгдэгч Ү.Х-тай бүлэглэн, урьдын харилцааны явцад бий болсон иттэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн өмчлөх эрх, эзэмших эрхийг шилжүүлэн авсны улмаас бусдад ноцтой хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй буюу дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, ач холбогдолтой нотлох баримтуудын нэгийг үнэлэхдээ нөгөөг нь үгүйсгэж байгаа үндэслэлийг заагаагүй, шүүгдэгч нь нар нь хэзээ, ямар үйлдэл хийсэн нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байгаа талаар дүгнэлтэд заагаагүй, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно” гэж заасан ба үүнд “Гэмт хэрэг гарсан байдал” /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон эрүүгийн хуульд заасан бусад байдал/ гэж заасан. Гэтэл эрүүгийн 2210018211185 дугаар хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны шатанд ч, шүүхийн шатанд ч шүүгдэгч Ц.М, Ү.Х нар нь яг хэзээ, яг хаана хийсэн, ямар үйлдлээрээ гэмт хэрэгтэн болоод байна вэ гэдэг нь огт тогтоогдоогүй гэж үзэхээр байна.

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжгүй талаар, гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацааг тогтоогоогүй талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд явагдана” гэж, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад яллах дүгнэлтэд “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгана” гэж тус тус хуульчилсан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн хэмжээ хязгаараар хязгаарлагддаг.

Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд Ц.М болон шүүгдэгч Ү.Х нарын холбогдсон гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар тусгахдаа яллагдагч Ц.М, Ү.Х нар нь бүлэглэн ... Э.О нь үл хөдлөх эд хөрөнгийг хамтарч худалдан авч, засвар хийж, цаашид үйл ажиллагаа явуулах саналыг Б.Н-д тавьж, Б.Н нь саналыг зөвшөөрч. ... Э.О нь үл хөдлөх эд хөоөнгийг худалдан авах явцад “...хамтран зээлдэгчээр орох боломжгүй...” гэх тайлбарыг өгч, өөрийн нөхрийн төрсөн дүүгийн эхнэр Ү.Хг 50 хувийн эзэмшигчээр бүртгүүлсэн. Улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулна, эсхүл өөрөө худалдаж авна гэж итгүүлэн, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсны улмаас хохирогч Ж.М-ын ... амьдралын эх үүсвэрт ноцтой хохирол, хор уршиг учруулсан” гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдэж, залилах гэмт хэрэг үйлдсэн” гэж тусгасан байна. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд тусгагдсан шүүгдэгч Ц.М, Ү.Х нарын үйлдлийг товчлоод үзвэл шүүгдэгч нар нь бүлэглэн Э.О нь залилах гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ нэгдэж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж тусгагдсан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийг хууль тогтоогчоос хуульчлахдаа “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ззэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх талаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл гэмт этгээдийн бусдыг “Хуурсан, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, сүсэг бишрэлийг далимдуулсан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан зэрэг үйлдлийн арга хэрэгслээр бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол гэмт хэрэг гэж үзнэ. Гэтэл эрүүгийн 2210018211185 дугаартай хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүх хуралдааны шатанд Ц.М, Ү.Хнар нь хохирогчийг хуурсан эсэх, зохиомол байдлыг зориудаар бий болгосон эсэх, сүсэг бишрэлийг нь далимдуулсан эсэх, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан эсэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан эсэх үйл баримт тогтоогдоогүй. Тэр ч байтугай шүүгдэгч Ц.М, Ү.Х нар нь хохирогч Ж.М, түүний эхнэр гэрч Б.Н нартай биечлэн харилцаагүй, бизнесийн харилцаа үүсгэх, хамтран ажиллах үл хөдлөх эд хөрөнгийг хамтран худалдан авах санал тавиагүй, үл хөдлөх эд херөнгийг бусдад худалдан борлуулаад банкны зээлийг бүрэн төлж дуусгана гэж амлалт баталгаа өгсөн зэрэг үйл баримтад нэг ч оролцоогүй бөгөөд хохирогч Ж.М-ын эхнэр Б.Н нь иргэн Э.О-тэй харилцан тохиролцож, хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтын үйл ажиллагаагаа явуулах зорилгоор “Д С” ХХК-ийг үүсгэн байгуулж, тус бүр 50 хувийн хувьцаа эзэмшиж, хамтын үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдсон байдаг.

Мөн түүнчлэн Б.Н, Э.О нарыг хооронд үүссэн хамтын ажиллагаатай холбоотой харилцааг авч үзвэл, анхнаасаа хуурч мэхэлсэн, залилсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дээрх үйлдлүүдийн хаана нь ч хуурсан, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуусан, төөрөгдүүлсэн үйлдэл байдаггүй. Талууд анхнаасаа Зээлийн санхүүжилтээр үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авъя, хамтдаа өмчилье, хамтарч ажиллаад үйл ажиллагааных нь ашгаар зээлээ төлье гэж тохирсон үйл баримт тогтоогддог. Дундаа хуулийн этгээд үүсгэж байгуулаад Б.Н гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад компанийнхаа хувыдаа, компанийн эрхийг шилжүүлж өгөөд өөрөө хамтын үйл ажиллагаагаа дуусгавар болгосон үйл баримт бодитоор тогтоогдож байхад энэ үйлдлийг ямар байдлаар залилсан, бусдыг хохироосон гэж үзээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд дээрх хамтран ажиллах гэрээ байгуулсан, хуулийн этгээд үүсгэн байгуулсан, хамтын ажиллагааг дуусгавар болгохоор тохиролцсон зэрэг үйлдэлд Ц.М, Ү.Х нарын идэвхтэй үйлдэл оролцоо нэг ч байхгүй байгаа нь шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн объектив талын шинж тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хохирогч Ж.М, Б.Н нар нь мэдүүлэгтээ хэлдэг: “...барьцаанд тавьж зээл авсан хамт бизнес хийх гэж байсан, ... одоо тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Э.О, Ц.М нар эзэмшиж, ашиглаж байгаа ... банкны зээл төлөгдөөгүй улмаас хохирч байна” гэж хэлдэг. Банкны зээлийн төлбөр төлөгдөөгүйн улмаас барьцаа хөрөнгөөс үүргийн гуйцэтгэлийг хангуулах, хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа яахаараа залилах гэмт хэргийн үйлдлийн шинж болж тодорхойлогдоод байна вэ.

Залилах гэмт хэрэг бол анхнаасаа буюу үйлдэгдсэн цаг хугацаанаасаа эхлэн хуурч мэхэлсэн, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, гэмт санаа зорилготойгоор хийгдсэн байх ёстой. Гэтэл талуудын тохиролцоо, хамтран ажиллах харилцаа үргэлжилсэн, дууссан цаг хугацаанаас хойш бий болж буй үйл баримтад тулгуурлан гэмт хэрэг гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Үнэхээр хохирогч Ж.М, Б.Н нарын мэдүүлэгт дурдагдсан шиг банкны зээлийн төлбөр төлөгдөхгүй болсны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Ж.М, Б.Н нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа үйл баримт байдаг. Гэхдээ үүнд зээлийг төлөхөөр тохиролцсон үүргээ санаатайгаар биелүүлэхгүй байна уу, эсхүл бизнесийн үйл ажиллагаатай холбоотой доголдол үүсч, хамтын тохиролцоогоор хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон уу гэдгийг анхаарах хэрэггэй. Ц.М нь өөрийн мэдүүлэг, тайлбартаа тодорхой дурдцаг, “...би энэхүү Смарт худалдааны төвийн үйл ажиллагаанд анхнаасаа ямар ч оролцоогүй байсан, ... Э.О нь иргэн Б.Н-тэй харилиан тохиролцсон байсан. ... бүх үйл ажиллагааг Э.О өөрөө xapиуцаад, Б.Н-тэй харилцаад шийдэж байсан. ... Э.О нь Турк Улс руу эмчилгээ хийлгэхээр явсан тул би гэр бүлийн хуний хувьд яалт ч үгүй хэдэн жилийн хөдөлмөрийг нь үр дунгүй болгоод, хоосон хаягдал барилга болгочихгүйн тулд цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулаад Смарт худалдааны төвийн үйл ажиллагааг жигдлэх гээд хичээж ажиллаж байсан. ... анх тухайн барилгыг худалдан авах үед үйл ажиллагаа явагдаж эхлээгүй, тухайн барилгын үүдний хэсэг нэг давхарт хийгдсэн засвар тохижилт нь төлөвлөж байсанчлан авто хэрэгслийн худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалтаар тохижуулагдаагүй байсан тул барилгын гадна үүдний хэсгээс эхлүүлээд бүх давхрын дотоод заслыг дахин буулгаж автотээврийн хэрэгсэл худалдаалах зориулалтаар дахин засварлаж, тохижуулан лангуунуудын тасалгаа хийж ... 5 жилийн хугацаанд маш их хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хичээл зүтгэл зарцуулж тус барилгад нэг давхар сэндвичэн өргөтгөл барьсан, 5 давхарт ахуйн хэрэглээний газ хэрэглэх системийн суурилуулж, олон үндэсний хоолны газар ажиллах боломжтой болгосон, дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэх, түрээслэх боломжтой лангуу, тасалгаа болгосон, агааржуулалт, камержуулалтын систем суурилуулсан, В1 давхрын караокег бүрэн тохижуулсан. ... Э.О. Б.Н нарын тооцоолсон шиг их хэмжээний ашигтай ажиллах боломж бүрдээгүй, бизнесийн хувьд үйл ажиллагаагаа бүрэн тогтвортой хэрэгжүүлж эхлээгүй байгаа нь иргэний шүүхэд харилцагч нарын гаргасан нэхэмжлэл, хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдээр нотлогдож байгаа” гэх талаар мэдүүлсэн ба энэ ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог.

Хавтаст хэрэгт тус үл хөдлөх эд хөрөнгөд хөрөнгө оруулалт хийсэн, засан сайжруулсан, үйл ажиллагааг нь хариуцан ажиллуулж байсан талаар 500 гаруй хуудас нотлох баримт гарган өгч, шүүх хуралдааны шатанд шинжлэн судлуулсан. Хохирогч Ж.М ч шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэгтээ дурддаг “в1 давхрын караоке, нэг давхрын сэндвичэн өргөтгөлийг бол Ц.М өөрсдөө хийсэн юм байна лээ” гэж мэдүүлдэг. Гэтэл шийтгэх тогтоолд Ц.М, Э.О нар нь хөрөнгө оруулалт хийсэн, засан сайжруулалт хийсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна, шүүгдэгч нарын гэм бурууг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй гэж дурдаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн эрүүгийн 2210018211185 дугаартай хэргийн яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцахад шүүгдэгч Ц.М, Ү.Х нарыг яг хэзээ гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ж.М-т хэзээ хохирол учруулаад байгаа талаар буюу гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн /хэзээ эхэлсэн, хэзээ төгссөн/ гэх үйл баримтыг огтхон ч дурдаагүй орхигдуулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг гарсан цаг хугацааг нарийн тоггоох ёстой бөгөөд үүнийг яллах дүгнэлтэд, шийтгэх тогтоолд тодорхой тусгах ёстой. Хэзээ гэмт хэрэг үйлдэгдсэн, хэзээ эхэлсэн, хэзээ төгссөнөөс шалтгаалж, тухайн гэмт хэрэгт хэн хамтран оролцсон бэ, ямар үйлдлээр хамтран оролцоод байна гэдгийг нотлох тогтоох боломжтой болно.

Залилах гэмт хэрэг бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг. Яллах дүгнэлтэд шүүгдэгч нар нь яг хэзээ гэмт хэрэг үйлдсэн талаар тодорхой тусгаагүй байдаг. Тийм ч учраас анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагч: “Гэмт хэрэг нь 2019 оны 04 дүгээр  сарын 19-ний өдөр төгссөн /яллах дүгнэлтэд тусгаагүй үйлдлээр”, хохирогчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ: “Гэмт хэрэг нь 2019 оны 11 дүгээр  сарын 12-ны өдөр Ж.М-аас Э.О-т итгэмжлэл олгосноор төгссөн”, хохирогчийн өмгөөлөгч Н.Болортуул: “2019 оны 11 дүгээр  сарын 22-ны өдөр “Д С” ХХК-ийн хувьцааг шилжүүлснээр гэмт хэрэг төгссөн” гэх дүгнэлтийг гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаж, шүүхээс 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэмт хэрэг төгссөн гэх дүгнэлтийг хийсэн байдаг. Гэтэл яллах дүгнэлтэд Ц.М-ыг, эсхүл шүүгдэгч Ү.Х-г 2019 оны 04 дүгээр  сарын 19-ний өдөр хохирогч Ж.М-аас, гэрч Б.Н-гээс 100.000.000 төгрөг авсан гэх үйлдлээр яллаагүй, яллаж буй хэргийн товч агуулга хэсэгт ийм үйлдэл тусгагдаагүй байдаг. Хэрэв дээрх үйлдлээр яллаж байгаа юм бол шүүхийн шатанд нэмэлт ажиллагаа хийхдээ яллах дүгнэлтдээ өөрчлөлт оруулах бүрэн боломжтой байсан боловч ийм ажиллагаа хийгдээгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэх дүгнэлтийг хийдээ Ц.М, Ү.Х нар нь яг ямар үйлдлээрээ гэмт хэрэгт хамтран оролцсон бэ гэдгийг нарийвчлан тогтоогоогүй. Харин гэмт хэрэг төгссөн гэх цаг хугацаанаас хойш буюу өмчлөх эрхийг нь одоо буцаан шилжүүлэхгүй байна, 100 хувь өөрийнх нь хөрөнгө биш байхад засан сайжруулаад байгаа нь үндэслэлгүй, Ц.М эд хөрөнгийг шилжүүлж авснаас хойш хариуцан ажиллуулж байсан байна гэх зэрэг гэмт хэрэг төгссөнөөс хойш болсон үйл баримтыг үндэслэн яллаж байгаа нь үндэслэлгүй юм.

Нэгэнт шүүх 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэмт хэрэг төгссөн гэж үзэж байгаа юм бол гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нар нь ямар идэвхтэй үйлдэл хийсэн, дэмжлэг үзүүлсэн юм уу, хамтран оролцсон юм уу, итгэл үнэмшил төрүүлсэн, хуурч мэхэлсэн юм уу гэдгийг тогтоох ёстой боловч шүүгдэгч Ц.М, Ү.Х нар нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс өмнө хохирогч Ж.М, гэрч Б.Н нартай биечлэн харилцаж, тэдгээрт итгэл үнэмшил төрүүлсэн хууран мэхэлсэн үйлдэл хийгээгүй, идэвхитэй үйлдлээр гэмт хэрэгт хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

2. Шүүгдэгч Ц.М, Ү.Х нарын үйлдлийн улмаас хохирогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд ноцтой хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй талаар:

Хохирогч Ж.М нь мэдүүлэгтээ “нийт 4.809.250.965 төгрөгийн хохирол учраад байна, маш их гомдолтой байна” гэх талаар, гэрч Б.Н нь мэдүүлэгтээ “... нөхөр бид хоёр тухай үл хөдлөх эд хөрөнгөөс Ү.Хгэдэг хүний нэрийг хасуулж, өөрсдөө дангаар эзэмшиж, уг барилгыг зарж, банкны өрийг төлж, өөрсдийн хөрөнгийг авч үлдэх санаатай байгаа юм” гэх талаар тус тус мэдүүлснийг яллах дүгнэлтэд яллах талын нотлох баримтаар дурдагдсан.

Гэтэл хэрэгт авагдсан “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тухайн Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 3691.06 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 540 м.кв газрынхаа хамтаар 9.7 тэрбум төгрөгийн үнэтэй болох нь тогтоогддог. Гэрч Б.Н, хохирогч Ж.М нар нь болохоор манайх маш их гомдолтой байна, их хэмжээний мөнгөөр хохирч байна гээд байдаг гэтэл 9.7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг 100 хувийн өөрсдийн болгож авна гээд байдаг. Улсын яллагчийн яллаж байгаагаар бол Ж.М нь бусдад залилуулснаараа өөртөө 5 тэрбум төгрөгийн санхүүгийн ашиг шууд олох нөхцөл байдал харагдаж байна. Хавтас хэрэгт авагдсан хохирогч Ж.М, гэрч Б.Н, яллагдагч Ц.М, Э.О нарын мэдүүлэг болон бусад бичгийн баримтууд, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, “Д С” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичиг, хуулийн этгээдийн гэрчилгээ зэрэг баримтуудаар “Б.Н, Э.О нар нь Смарт худалдааны төвийн үл хөдлөх эд хөрөнгийг 100 хувь зээлийн санхүүжилтээр худалдан авах, зээлийн төлбөрийг 100 хувь үйл ажиллагааны ашгаас төлөхөөр тохиролцсон, Э.Оийн өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг "ЖНДБ” ХХК нь 2019 онд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зуучлалын гэрээг тус үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөгч Т.Б-тай 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан байсан тул Э.О өөрийн нэрийг өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй /зуучлагч, өөртэйгөө гэрээ байгуулахыг хориглодог/ байсан, бизнесийн үйл ажиллагааг эхлүүлсэн боловч тооцоолсон хэмжээний ашиг орлого олж чадаагүй, ингээд 2019 оны 11 дүгээр сард Б.Н нь “Д С” ХХК-ийн 50 хувийг хувьцаа, компанийн эрхийг, гүйцэтгэх захирлын албан тушаалын хамт Э.О-т шилжүүлж өгсөн. Э.О компанийн үйл ажиллагааг ганцаараа үргэлжлүүлж, үйл ажиллагааны орлогоор зээлийг төлж, Б.Н, Ж.М нарын барьцааны хөрөнгүүдийг суллаж өгөхөөр тохиролцсон боловч зээлийн төлбөр бодитоор төлөгдөөгүй, барьцаа хөрөнгүүдийг суллаж өгөөгүй” нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Ингээд анх тохиролцсоны дагуу Б.Н банкнаас 3.4 тэрбум төгрөгийн зээлийг авсан бөгөөд 3 тэрбум төгрөгөөр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөгчөөр өөрийнхөө нөхөр Ж.М-ыг, 50 хувийн өмчлөгчөөр Ү.Х-г тус тус бүртгүүлсэн байх ба хамтын ажиллагаа болон хамтын ажиллагааг дуусгавар болгосноос хойш Э.Оийн бие даан явуулж, нөхөр Ц.М-ын зүгээс дэмжлэг үзүүлж байсан үйл ажиллагааны үр дүнд анх 3 тэрбум төгрөгөөр худалдан авсан, дотор засал, зохион байгуулалтын ажиллагаа нь бүрэн дуусаагүй, үйл ажиллагаа явуулж эхлээгүй үл хөдлөх эд хөрөнгө нь дотор заслын ажил бүрэн хийгдэж, давхар тус бүрийг лангуунд хувааж тусгаарлалт хийж, камержуулж, агааржуулалтын шугам хийлгэж, олон үндэсний хоолны газар ажиллуулах зорилгоор тавилга эд хогшилтой болж, ахуйн буюу хоол үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах хийн газын холболтын систем 1 давхраас 5 давхар хүртэл аюулгуй байдлын хангасан системээр холбогдож, газар дээр нэмэлт өргөтгөл баригдаж, хаягаа шинэчилж, Дүүргийн эрх бүхий байгууллагатай холбогдож үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авч, 5 давхартаа хоолны газартай, В1 давхартаа караокены үйл ажиллагаа явуулах тохижилт хийгдэж, бусад талбайг зориулалтын дагуу түрээслэн ашиг олох боломжтой болгож, капиталжуулсны үндсэнд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 9.714.291.018 төгрөгөөр үнэлэгдсэн үйл баримт тогтоогддог. Өөрөөр хэлбэл анх гэрээ байгуулагдаж, хамтран ажиллахаар тохиролцож, хуулийн этгээд байгуулах үедээ өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн 50 хувийн үл хөдпөх хөрөнгөөс өөрт ногдох эрхийн үнэлгээ 4.857.145.509 төгрөгөөр үнэлэгдэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан.

Гэтэл хамтарч бизнес хийхээр тохиролцож, Хамтран ажиллах гэрээний харилцаанд оролцож, үүнээсээ ашиг олсон нөхцөл байдал тогтоогдож, хамтын үйл ажиллагаа дуусгавар болгоход үүрэг хүлээсэн тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ бодитоор биелүүлж, банкны зээлийг төлж чадаагүй нөхцөл байдлыг гэмт хэрэг гэж үзэж, гэмт хэргийн улмаас хохирсон гэх этгээдүүд нь бодит байдалд хохироогүй, анх авсан зээл, зээлийн төлбөрөөс хамаагүй өндөр үнийн дүнтэй үл хөлдөх эд хөрөнгийн эрхээр хөрөнгөжсөн байх ба бусдын буюу Ц.М, түүний эхнэр Э.О нарын 5 жилийн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалт, хүч хөдөлмөрийг хууль шүүхийн байгууллагаар дамжуулан булаан авч, өөрсдөдеө 5 тэрбум төгрөгийн хууль бус давуу байдлыг өөртөө бий болгож байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, хохирогч гэх Ж.М, түүний эхнэр Б.Н нар бодит байдалд нэг ч төгрөгөөр хохироогүй гэж үзэхээр байна.

Иргэний хуульд заасан хөрөнгө оруулж, хамтран ажиллах харилцаа, хамтран ажиллах гэрээний харилцаа, талууд өөрсдөө гэрээний эрх, үүрэг, оролцоогоо тодорхойлж, дундын өмч бий болгож, нэг нь эхний санхүүжилтийг зээлээр шийдвэрлэж, нөгөө талаас хөрөнгө оруулж, дундын өмч бий болгон байгаа энэхүү асуудлыг яагаад гэмт хэрэг гэж үзээд байгаа нь ойлгомжгүй.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран емчилж болно” гэж заасан. Зээлийн санхүүжилтээр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг урьдач байдлаар харахад төлбөрийг Ж.Нгийн Улаанбаатар хотын банкнаас авсан зээлээр төлсөн бодит байдал тогтоогдох боловч үүнд эд хөрөнгөө нийлүүлж, засан сайжруулж, шинээр өргөтгөл барьж, салшгүй капиталжуулалт хийж, эд хөрөнгөө нэгтгэн нийлүүлж, анх тохиролцсоны дагуу дундаа хэсгээр өмчилсөн энэхүү харилцааг гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалт, тус заалтын тайлбарласан Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тоггоолд тусгагдсан “гэм буруутай эсэхэд” гэх ойлголтод ... шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээг ойлгоно, “эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал” гэдэгт ... нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээг ойлгоно “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно гэж тус тус заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Мад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ү.Хгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ц.М-ын гэр бүлийн хүн болох Э.О тухайн үед “Ремакс”-ын үл хөдлөх хөрөнгийн зуучлалын чиглэлээр ажилладаг байсан. Ажлын шугамаар энэ объекттой танилцсан. Уг объект нь тухайн үеийн зах зээлийн ханшаас харьцангуй хямд, ирээдүйд ашигтай байршилтай, зам талбай сайтай, том хэмжээний хашаатай, худалдаж аваад шууд бизнесийн зориулалтаар ашиглах боломжтой үл хөдлөх хөрөнгө байсан. Гэтэл Э.О-т уг объектыг бие даан худалдан авах хэмжээний хөрөнгө байгаагүй. Иймд нөхцөл байдлаас шалтгаалан тухайн үед хамтын ажиллагааны санал тавьж, Ж.М-т хандсан. Ингээд энэ саналыг харилцан тохиролцож, хамтран ажиллахаар болж, хамтдаа зээл авч, бизнесийн үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Энэ асуудал нь цэвэр иргэний эрх зүйн шинжтэй, хоёр тал харилцан зөвшилцөж, хамтран хөрөнгө оруулалт хийсэн харилцаанаас үүдэлтэй. Миний үйлчлүүлэгч болон нөгөө тал хамтран компанийн үйл ажиллагаа эхлүүлсэн. Үйлчлүүлэгчийн зүгээс 3 тэрбум төгрөгийн, нөгөө талаас 8 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг тус тус гаргаж, нийт 11 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд тавьсан. Улмаар уг үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хавьгүй хямд үнээр буюу 3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Өнөөгийн байдлаар энэхүү үл хөдлөх хөрөнгө 227 хувийн үнэлгээний өсөлттэй байна. Үйлчлүүлэгчийн зүгээс хөрөнгө оруулалт хийж, тухайн газарт сэндвичэн байшин барьсан бөгөөд анх ашиглалтгүй, хоосон байсан талбайд караоке байгууламж байгуулж, бүрэн ашиглалтад оруулахаар бэлэн болгосон. Мөн үндэсний хоолны газрууд болон худалдааны төвүүдийн дотоод зохион байгуулалтад хөрөнгө оруулалт хийж, 1, 2 дугаар давхрын талбайг жижиглэнгийн худалдааны зориулалттай лангуунуудад зориулан тусгаарласан. Эдгээр ажлуудыг бүгдийг үйлчлүүлэгч өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 14, 16 дугаар зүйлд зааснаар иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй бөгөөд өмч хөрөнгөө шударгаар олж авах, хамгаалуулах эрхтэй. Энэ эрхийг хүч хэрэглэх, сүрдүүлэх зэрэг аливаа хууль бус аргаар хязгаарлах, хураахыг хориглодог. Гэвч анхан шатны шүүх дээрх үндсэн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн шийдвэр гаргасан нь тогтоогдсон. Хэргийг мөрдөн шалгах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 болон 7 дугаар зүйлд заасан мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шалгах, эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал илэрхий байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь хэрэгт холбогдсон хүнийг яллах болон цагаатгах, мөн хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал бүхий нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шалгаж цуглуулах үүрэгтэй. Гэвч энэ заалтыг ноцтойгоор зөрчиж зөвхөн миний үйлчлүүлэгчийг буруутай мэт үзэж, зөвхөн яллах чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явагдсан нь тодорхой харагдаж байна. Яагаад би үүнийг зориуд онцолж дурдаж байна вэ гэхээр миний үйлчлүүлэгчийн зүгээс гаргаж өгсөн, түүнийг цагаатгах, хөнгөрүүлэх шинжтэй баримтуудыг мөрдөн байцаагч нэгийг ч цуглуулаагүй. Харин бидний зүгээс, өмгөөлөгч нар энэ хэрэгт ажиллаж эхэлснээсээ хойш эдгээр баримтуудыг өөрсдөө цуглуулж, анхан шатны шүүхэд хүсэлт гарган, хоёр хавтаст хэрэгт дүйцэхүйц хэмжээний баримт бүрдүүлж өгсөн. Ийм нөхцөлд уг хэрэг нь мөрдөн байцаалтын шатнаасаа эхлээд хэт нэг талыг барьсан, зөвхөн яллах чиглэлд суурилсан ажиллагаа байсныг нотлон харуулж байна. Цаашлаад, анхны тохиролцоог хэн зөрчсөн бэ гэдгийг тодорхой хэлэхэд энэ бол хохирогчоор бүртгэгдсэн М юм. Хамтарсан бизнес нь урт хугацаанд ашиг олж, үр дүн өгөх зорилготой байсан ч Ж.М гэрээгээ цуцалж, “Би оролцохгүй” гэж мэдэгдсэн. Тэр даруйд мөнгөө нэхэмжилсэн боловч тухайн хөрөнгө оруулалт нь бизнесийн эргэлтэд орсон байсан тул, мөнгийг нэн даруй гаргаж өгөх боломжгүй гэдгийг манай үйлчлүүлэгч анхнаасаа мэдэгдсэн. Гэтэл энэхүү бизнесийн буюу иргэний эрх зүйн шинжтэй харилцааг гэмт хэрэгт шилжүүлж, залилан мэхэлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, цагдаагийн байгууллагад хандсан нь маш харамсалтай. Энэ тохиолдолд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг үндэслэлгүй, буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эцэст нь хоёр зүйлийг нэмж хэлье. Бусад асуудлыг өмгөөлөгч Г.Буянбадрал дэлгэрэнгүй тайлбарласан. Нэгдүгээрт: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдын итгэлийг урвуулан ашиглах, эсвэл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг зүй бусаар ашиглах, эсвэл зохиомол байдал зориудаар бий болгох зэрэг нөхцөлд үйлдэгддэг. Харин миний үйлчлүүлэгчийн хувьд дээрх нөхцөл байдал аль нь ч байхгүй. Ямар нэг зохиомол байдлыг зориудаар бий болгоогүй, мөн анхнаасаа Ж.М-тай өмнө нь холбоотой, итгэл хүлээлгэсэн харилцаа ч байгаагүй. Тиймээс энэ үйлдлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэх үндэслэл байхгүй. Миний үйлчлүүлэгч аргагүйн эрхэнд энэ хэрэгт оролцохоос өөр аргагүй болсон. Тухайн үед Ц.Мын эхнэрийн биеийн байдал хүнд байсан. Анх 128 килограмм жинтэй байсан эхнэр болох Э.О хүнд хэлбэрийн хавдраар өвчилж, зургаа, долоон удаагийн хорт хавдрын мэс засалд орсон. Үүний улмаас жин нь 60 килограмм хүртэл буурч, биеийн байдал нь туйлын хүндэрсэн байсан. Ийм хүнд нөхцөл байдал дунд, ар гэрийн хариуцлага үүрч явахын зэрэгцээ, миний үйлчлүүлэгч энэ бизнесийн ажилд ханцуй шамлан орсон. Үйл ажиллагаанд оролцох болсон нь бусдыг залилан мэхлэх ямар нэгэн субьектив санаа зорилготой байгаагүй, харин нөхцөл байдалд тулгуурласан, үнэнч, хариуцлагатай оролцоо байсан гэдгийг онцлон тэмдэглэж хэлмээр байна. Тэр үргэлж үйлдлээ үнэн зөвөөр, бодитойгоор тайлбарлаж ирсэн. Одоо бол нийтдээ 17 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө орсон тухайг бид сая дурдсан. Гэтэл ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн миний үйлчлүүлэгч өнөөдөр үүднээсээ хөөгдөж, өөрийн бий болгосон хөрөнгө дээрээ эрхгүй мэт хандагдаж байгаа нь үнэхээр хүлээн зөвшөөрөх аргагүй. Энэ бол яалт ч үгүй анхан шатны шүүхийн шүүгчийн зүгээс хуулийг буруу хэрэглэсэн, нэг талын ашиг сонирхолд нийцүүлсэн шийдвэр гаргасан илт нөхцөл байдал гэж бид үзэж байна. Ер нь бол амьдралдаа анх удаа ийм шударга бус, логик зөрчсөн шийдвэрийг харж байгаа нь энэ. Бусад зүйл дээр бол хоёр өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Ж.М-ын өмгөөлөгч Н.Болортуул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар хэлэхээс өмнө хохирогч Ж.М-аас “хохирогч Ж.М миний бие нь тус шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэргийн хохирогч бөгөөд эрүүл мэндийн улмаас, зүрхний хэм алдалт, даралт ихсэх гээд 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул хохирогч миний эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Миний бие энэхүү гэмт хэргийн улмаас маш их хохирсон бөгөөд ах дүү найз нөхдийнхөө болон өөрийн компани үйлдвэр гээд бүхий л эд хөрөнгөө барьцаанд тавьсан. Дээрх эд хөрөнгүүд нь өнөөдрийн байдлаар дуудлага худалдаанд орж зарагдаж эхэлсэн бөгөөд өнөөдөр надад өөрийн бие өв хоёроос өөр юмгүй үлдлээ. Намайг залилсан Ц.М Ү.Х нарт маш их гомдолтой байгааг цохон тэмдэглэж байна. Миний бие өнөөдөр үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь битгий хэл идэх хоол, өмсөх хувцсыг нь сольж чадахгүй өдрөөс өдөрт амьдрал доройтож өөрийн амь насыг егүүтгэхэд ч бэлэн нөхцөл байдалд багагүй хугацаа туулж байгаа бөгөөд хохирогчийн эрх ашиг сонирхлыг хамгаалах хуультай улс гэж найдаж өнөөдрийг хүртэл амьд явж байна. Хохирогч миний зөрчигдсөн эрхийг сэргээхээр гарсан анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол тогтоолыг хэвээр үлдээж, үнэн шударга шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэж Ж.Маас хүсэлт гаргасан. Шүүгдэгч Ж.М болон түүний өмгөөлөгч нар, мөн шүүгдэгч нарын хамтран гомдол гаргасан Ц.М, Ү.Х, Э.О, Б.Н нарын давж заалдах шатны гомдолд хариу тайлбар хэлье. Нэгдүгээрт, тэдний гаргасан гомдлын агуулгаар нь авч үзэхэд, уг гомдол нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалтай нийцээгүй, мөн нотлох баримтаар нотлогдоогүй, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байгаа. Түүнчлэн, шүүгдэгч нар хэзээ, ямар үйлдэл хийсэн, гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлтийг гаргах үндэслэл болсон нөхцөл байдал, баримт, үйл явдлын цаг хугацааг шүүхийн шийдвэрт тодорхой тусгаагүй. Ингэснээрээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд шаарддаг шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байх зарчмыг зөрчсөн гэж гомдолд дурдсан байна. Эдгээр үндэслэлээр гомдлыг багцлан авч үзвэл, нэгдүгээрт, уг үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжгүй байна. Хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тогтоогоогүй, шүүгдэгч Ц.М, Ү.Х нар нь гэмт хэрэг үйлдээгүй гэсэн агуулгатай гомдлыг гаргасан байна. Өмгөөлөгчийн зүгээс дээрх гомдол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг тайлбарлавал: Ц.М болон түүний эхнэр Э.О нар нь урьдын танил, итгэлцэлтэй харилцаатай болсон Б.Н, түүний нөхөр Ж.М нартай “Ремакс” гэх үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллагад хамтран ажиллаж байсан. Итгэлцэлд суурилсан энэ харилцааг ашиглан, Улаанбаатар хотын банканд байгаа 3,691 м.кв талбай бүхий объектыг маш ашигтай, зах зээлд олдоц багатай, үнэтэй үл хөдлөх хөрөнгө хэмээн танилцуулж, “энэ объектыг би ганцаараа гэрээ хийж авч байгаа, бусдад хэлж болохгүй, ховор боломж, одоо л авбал их ашигтай” гэх мэт тайлбартайгаар борлуулж, уг объектыг хамтран худалдан авч, өндөр ашиг хүртэнэ гэсэн сонирхлыг бий болгожээ. Ингэснээр Ц.М, Э.О нар нь урьдийн харилцаатай байсан Б.Н, Ж.М нарт тус объектыг худалдан авах санал тавьж, тухайн үл хөдлөх хөрөнгийг 3 тэрбум төгрөгөөр үнэлсэн хэлцэл яригдсан байна. Тухайн үед шүүгдэгч нар хохирогчид дараах байдлаар төөрөгдөл үүсгэсэн байна. Хохирогч Ж.М-ын гэр бүл уг объектыг худалдан авах сонирхолтой байсан ч “бидэнд бол мөнгө байхгүй, бас зээлийн хар түүхтэй учраас авч чадахгүй. Нөхөр бол миний нөхөр учраас хамаарал бүхий этгээд гэж үзэгдэнэ, мөн нууцын гэрээтэй учраас бид авч чадахгүй” гэх зэргээр тайлбар өгч, итгүүлсэн байдаг.  Үүний дараа зээлийг Улаанбаатар хотын банкнаас авах талаар тохиролцсон бөгөөд зээл авах асуудлыг Э.О өөрөө хариуцаад зээлийг авч өгнө гэж мэдэгдсэн байдаг. Ингээд зээл гарсан. Зээлээр авсан объектын жинхэнэ өмчлөгч Ж.М-ыг төөрөгдөлд оруулсан үйлдэл нь: Хамтран ажиллана гэж хэлээд, өмчлөх эрхийг Ү.Х-д бүртгүүлсэн. Тодруулбал, тухайн объектын шүүгдэгч Ү.Х-гийн нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байдаг. Үүнээс гадна банкнаас зээл гаргуулж өгсөн гэж тайлбарлан 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 100 сая төгрөгийг бэлнээр хохирогчоос авч өгсөн буюу авсан байдаг.  Дараа нь дахин төөрөгдөлд оруулсан. Он сар яригддаг. Энэ нь шүүхийн шийтгэх тогтоолын 20 дугаар хуудсанд тодорхой тусгагдсан байгаа, өмгөөлөгч нар тухайн хэсгийг харна биз ээ. Дахин төөрөгдөлд оруулсан хэлбэр нь: уг объектыг “заавал би өөрөө худалдаж авна”, “өөрсдөө худалдаж авна” гэх нэрийн дор шүүгдэгч нар болох Ц.М, Ү.Х, Э.О нар бүрэн мэдэлдээ авсан байдаг. Гэтэл дээрх шүүгдэгч нар нэг ч төгрөг гаргаагүй. Гэсэн ч тухайн объектыг өмчлөгч мэтээр ашиглаж, түрээслэх хэлбэрээр тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулсан бөгөөд түрээсийн орлогыг өөрсдийн дансанд өөрсдөө авсан нь баримтаар тогтоогдож байгаа. Улаанбаатар хотын банкнаас авсан 4 тэрбум 88 сая төгрөгийн зээлийн шүүхийн шийдвэр гарсан ч уг өр төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн. Ингэснээр шүүхийн шийдвэрт хохирогч Ж.М өр төлбөрт орсон байна. Тэрбээр өөрийн худалдаж авч, зээлд хамрагдан, одоо өрөнд ороод буй уг объектоо зарж, өр төлбөрөөс гарахыг хүссэн ч шүүгдэгч Ү.Хөмчлөх эрхийг нь шилжүүлэн өгөхгүй, өмчлөлтэй мэтээр байсаар байна. Уг объектын түрээсийн бүх орлогыг Ц.М өөрийн дансаар дамжуулан авч байсан нь тогтоогдсон. Одоо яриад байгаа 100 сая төгрөг ч бай, 200 сая төгрөг ч бай, банкны зээлийг төлсөн ямар ч нотлох баримт байхгүй. Ц.М банкны зээлд нэг ч удаа төлбөр төлөөгүй, мөн тийм баримт ч байхгүй. Гэсэн атлаа уг объектоос гарсан бүх орлогыг авч байсан нь бодит бөгөөд шүүгдэгч Ү.Хөмчлөх эрхийг шилжүүлэн өгөхгүйгээр хохирогч Ж.М-ын эрхийг ноцтой зөрчиж байна. Тухайн үед анхан шатны шүүх дээр энэ асуудлыг хэлэлцэх үед Э.О хилээр гарсан, улмаар Монгол Улсад ирэхгүй байгаа нь тогтоогдсон. Э.О өөрөө илүү их ярьдаг нэгэн бөгөөд тухайн харилцаа нь Иргэний хуулиар зохицуулагдах асуудал бөгөөд залилах гэмт хэрэг биш гэж тайлбарласан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.  Э.О-т холбогдох үйлдлийг тусгаарлан шалгаж байгаа асуудал бол зайлшгүй үндэслэлтэй. Харин Ц.М, Ү.Х нарт холбогдох гэмт хэргийг эцэслэн хянан шийдвэрлэснээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, зорилго хэрэгжих бөгөөд шүүгдэгч Ү.Х өмчлөх эрхийг хохирогч Ж.М-т шилжүүлж өгснөөр хохирогчийн зөрчигдсөн эрх нь сэргээгдэх болно. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг хамгаалах нь Эрүүгийн хуулийн зорилго бөгөөд энэ талаас нь харах хэрэгтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тодруулбал, Э.О нь хилийн гадна байгаагаа ашиглан эзэн биеэрээ ирэлгүй, тусгаарлагдсан байдлаа тайлбарлах замаар залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзүүлж, өмчийн жинхэнэ эзэн Ж.М-ын эрхийг ноцтойгоор хохироосоор байгаа нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан үйлдэл юм гэж үзэж байна. Иргэд хоорондын харилцааг бүгдийг хуульчилсан байдаг билээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч ярихдаа “банканд хоёр үл хөдлөх хөрөнгө барьцаанд тавьсан” гэж мэдэгдсэн. Гэтэл үнэн хэрэгтээ шүүгдэгч нарын нэр дээрх нэг ширхэг ч үл хөдлөх хөрөнгө байхгүй, зөвхөн нэг газрын асуудал яригддаг. Тэр газрын төлбөрийг бол хохирогчийн эхнэр болох Б.Н-д төлсөн. Энэ төлбөрийн баримт, Б.Н-гийн дансны хуулга хавтаст хэрэгт бүрэн байгаа.  Яг үнэндээ, хэргийн бодит байдлыг бүхэлд нь давж заалдах шатны шүүх хянаж байгаа энэ үед, өмгөөлөгч талаас амнаасаа “үл хөдлөх хөрөнгө оруулсан” гэхчлэн үндэслэлгүй, нотолгоогүй мэдэгдэл хийх нь шударга бус, хэргийг мушгин гуйвуулж байна гэж үзэж байна. Гурван тооны үл хөдлөх хөрөнгө гэсэн үү, 546 хуудас бүхий санхүүгийн баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд энэ бүх баримтыг гаргаж өгөхөөр хохирогч тал ирсэн. Хуралдаан тухайн өдөр хойшлогдсон. Хойшлогдсоны дараа улсын яллагч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, талууд энэ бүх баримттай танилцсан. Миний бие, өмгөөлөгчийн хувиар, тухайн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн тайлбарыг тухайн үед өгч байсан гэсэн ч шүүх шинжлэн судалсан. Тодруулбал, хохирогчийн гэр бүлийн гишүүн болох гэрч Б.Н-гийн нэр дээрх данснаас, шүүгдэгч Ц.М болон Э.О нарын хамтран эзэмшдэг Хаан банкны данс руу 141 сая төгрөгийн шилжүүлэг хийгдсэн баримт байна. Мөн Ц.М-ын дангаараа эзэмшдэг өөр нэг данс руу 48 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь байгаа. Үүн дээр нэмээд, “засвар хийсэн” гээд яриад байгаа ажил гүйцэтгэлийн гэрээнүүд байгаа. Гэхдээ тэр гэрээнүүд дээрх төлбөрийг хэн төлсөн гэхээр, миний үйлчлүүлэгч болох хохирогч болон түүний эхнэр төлсөн байгаа юм. Төлбөр орсон баримтууд нь бас хавтаст хэрэгт бий. Харин шүүгдэгч болон өмгөөлөгч нар “хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, үл хөдлөх хөрөнгө, байр, автомашин зарж мөнгө оруулсан” гэхчлэн ярьдаг. Гэвч үнэн хэрэгтээ энэ бүхэн мөртэй мөнгө шиг баримт дээр огт харагдахгүй. Тэр таван зуун дөчин зургаан хуудас баримт дотор ч энэ хөрөнгө оруулалтын тухайд нэг ч үндэслэл, нэг ч мөнгөн дүн байхгүй. Хэрэв өөрсдийнх нь ярьж байгаа шиг ийм хөрөнгө оруулалт үнэхээр байсан бол, түүнийгээ нотлох боломж шүүх хуралдаанд бүрэн байсан. Баримт шинжлэн судлуулах боломж байсаар атал тийм зүйл нэг ч удаа явагдаагүй. Энэ нь хөрөнгө гаргаж оруулаагүй, объектын засварт оролцоогүй гэдгийг шууд харуулж байна. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс ярьж байгаа баримтууд бол үндэслэлгүй. Одоо “ноцтой хохирол гэж яриад байна” гэдэг бол үнэн. Хохирогч болох Ж.М өнөөдөр бүх хөрөнгөө алдсан. Түүний өөрийнх нь нэр дээр байсан арван таван объект, өөрийн үндэслэсэн “Шинэ-Од” компанийнх нь арьс шир боловсруулах үйлдвэр, бүх данснууд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар хаагдсан. 4 тэрбум 800 сая төгрөгийн өрийн шүүхийн шийдвэр гарсан, тэр шийдвэр нь хавтаст хэрэгт байна.  Анхан шатны шүүхэд миний бие шүүгдэгч нараас гурван тэрбум төгрөгөөс гадна үлдэгдэл нэг тэрбум төгрөгийг хуваан төлүүлэх хүсэлт гаргасан. Харамсалтай нь энэ хүсэлт шийдвэрт тусгагдаагүй. Гэхдээ өнөөдөр хохирогч тал тухайн арван таван объектоос гурав, дөрвийг нь дуудлага худалдаанд оруулаад, зарж эхэлж байна. Гэвч энэ бүх ажиллагаа хавтаст хэрэгт ороогүй байна. Дуудлага худалдаанд өнөөдөр зарчихдаг зүйл биш. Нэмж тодруулж хэлэхэд 9.7 тэрбум гэж яриад байгаа. Түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар үнэлүүлсэн. Мөн тэр объектууд дуудлага худалдаагаар зарагдахгүй тохиолдолд  70 хувиар үнэгүйдэж, дахин дараагийн шатны дуудлага худалдаанд орох хууль зүйн зохицуулалттай. Мөн шүүгдэгч нараас хохирогчийг хохирох байтугай 4 тэрбум төгрөгийн ашигтай байгаа гэж хэлдэгт Ж.М маш их бухимддаг. Гэтэл өнөөдөр хохирогч бүх зүйлээ алдсан. Ар гэр, ах дүү, хүүхдийнхээ сургуульд ч төлбөр хийж чадахгүйд хүрсэн. Хүүхдээ энгийн сургуульд шилжүүлсэн. Үүний улмаас хүүхэд нь хүртэл гомдож, уйлж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

Хохирогч Ж.М-ын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг дээр бол хохирогч Ж.М-ын өмгөөлөгчөөр миний бие оролцож байгаа. Харин шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс ерөнхийдөө гурван үндсэн агуулгатай байр суурийг тогтмол ярьдаг. Нэгдүгээрт, энэ хэрэг бол "хамтран ажиллах гэрээ байгуулсан, хамтран ашиг олох зорилготой, зүгээр л иргэний эрх зүйн харилцаа" гэж тайлбарладаг. Эд хөрөнгө холилдож, хамтарсан ажил байсан, одоо зүгээр л буруу ойлголцлоос болоод эрүүлжүүлээд шийдвэр гаргасан байна гэдэг байдлаар өөрсдийнхөө үйлдлийг зөвтгөх гэж оролддог. Гэтэл яг үнэндээ иргэний эрх зүйн харилцаа гэдэг бол харилцан эрх тэгш, хоёр тал хоёулаа ижил түвшний эрх, үүрэг хүлээж байж л тийм харилцаа үүсдэг. Эрх үүрэг нь тэнцвэртэй байж гэмээ нь иргэний эрх зүйн харилцаа гэж үзнэ. Харин эрүүгийн эрх зүйн харилцаанд бол нэг тал бүх эрсдэлийг дангаараа үүрээд, нөгөө тал нь ашиг олох санаа зорилготой, хувьдаа ашиг хүртэхээр зориуд оролцсон, луйврын шинжтэй байвал тэр бол залилангийн гэмт хэрэг гэж үзнэ. Улсын Дээд шүүхийн 2006 оны тогтоолд ч энэ ялгааг тодорхой заасан байдаг. Тэнд залилан мэхлэх гэмт хэргийг иргэний эрх зүйн харилцаанаас ялгах гол шинж нь субьектив санаа зорилго буюу нэг тал нь бусдыг хуурч, дангаараа ашиг олох гэсэн санаархалтайгаар үйлдэл хийсэн байдал гэж тодорхойлсон. Тэгэхээр энэ хэргийн хувьд яагаад залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж байгаа юм гэхээр эхлээд банкнаас зээл авах үйл явцаас эхэлдэг. Тухайлбал, Хаан банкнаас зээл авахдаа миний үйлчлүүлэгч Ж.М, мөн түүний эхнэр болох Б.Н нарыг ганцаараа зээлдэгчээр оруулсан. Зээлдэгч нь зөвхөн миний үйлчлүүлэгчид байсан.  Гэтэл шүүгдэгч нарын зүгээс тухайн үед хэлж байсан зүйл бол “бид хугацаа хэтэрсэн зээлтэй, зээлдэгчээр орж чадахгүй” гэсэн. Ингээд зээлдэгчийн бүх эрх, үүргийг миний үйлчлүүлэгчид хариуцуулж байгаа юм. Дараа нь зээл авахад шаардлагатай бүх барьцаа хөрөнгийг мөн миний үйлчлүүлэгч гаргасан. Өөрийн нэр дээр болон хамаарал бүхий этгээдийн нэр дээр бүртгэлтэй, өөрөө үйл ажиллагаа явуулдаг компанийн бүх үл хөдлөх хөрөнгө, газар, объектуудыг бүхэлд нь барьцаанд тавьсан.  Харин эсрэгээрээ шүүгдэгч нарын зүгээс нэг ч хөрөнгө барьцаалаагүй. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр “бид хөрөнгө барьцаалсан” гэж яриад байдаг. Тэгэхээр яг ямар хөрөнгө вэ гэхээр Улаанхүүгийн нэг хөрөнгийг зааж нэрлэдэг юм. Гэтэл Улаанхүүгийн тэр хөрөнгийг миний үйлчлүүлэгч худалдаж авсан байдаг. Энэ тухай баримт нь бүр хавтаст хэрэгт байгаа. Тэгэхлээр яг бодитоор нь аваад үзэхээр шүүгдэгчийн зүгээс ямар ч хөрөнгө барьцаалаагүй гэдэг нь тодорхой байна. Гуравдугаарт, банкнаас зээл аваад, тэр зээлээ хугацаанд нь төлөхгүй, зээлийн эргэн төлөлт доголдож эхэлсэн. Тухайн үе нь 2019 оны есдүгээр сар орчим юм. Тэр үед миний үйлчлүүлэгч "энэ ажил бүтэлгүйтэж байна, одоо энэ объектоо зараад, хамаарал бүхий олон хүний үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьчихсан байгаа, ингээд зээлээ хаагаад гаръя" гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл энэ үед шүүгдэгч нар юу гэж хэлж байсан бэ гэхлээр: “Тэгвэл энэ объект чинь одоо Н нарт зараад зээлийг чинь хаалгачихъя. Тэр нь болохгүй бол би өөрөө худалдаж авчихна" гэж хэлдэг. Ингээд бүр объектын эзэмшлээс нь шууд гаргачихдаг, өөрөөр хэлбэл бүр эзэмших эрхгүй болгочихдог. Үүнийг дагаад өмнө нь бас нэг ийм үйл явдал болсон. Тухайн үед Улаанбаатар хотын банкнаас 3.4 тэрбум төгрөгийн зээл аваад, тэр гурван тэрбумаар нь нэг үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан. Илүү гарсан 400 сая төгрөгөөс 170 сая төгрөгийг нь миний үйлчлүүлэгч өөрийн өмнөх зээлийг хаахад ашигласан. Үлдсэн мөнгөний зарим хэсгийг “энэ зээлийг бүтээлцсэн” гэж үзээд Э.О-т өгсөн байдаг. Харин үлдсэн мөнгөөр нь тухайн объект дээр засвар хийгдсэн. Ингэж л энэ үйл явц эхэлсэн юм. Тэгээд энэ хамтраад засвар хийсэн гэдэг зүйл энэ үеэс эхтэй. Харин 2019 оны есдүгээр сар гэхэд зээл төлөгдөхгүй болсон. Тэгэхэд “би энэ зээлийг чинь хариуцъя, төлж өгөөд явчихъя” гэж хэлээд, эцэстээ миний үйлчлүүлэгчийг тэр үл хөдлөх хөрөнгөнөөс нь бүр гаргаж, эзэмших эрхгүй болгосон. Гэрч Б.Н-гийн мэдүүлгээр, шүүгдэгчид зээлийг төлнө хэмээн амлаж, миний үйлчлүүлэгчийн бүх үл хөдлөх хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэн авсан боловч, компанийн хувьцаа шилжсэний дараа миний үйлчлүүлэгчийг байр руу нь оруулахгүй болсон байна. Гэрч Б.Н-гийн мэдүүлгээр зээл төлнө гэж үл хөдлөх хөрөнгийг бүгдийг нь шилжүүлж авчихаад зээлийг огт төлөөгүй. Зээл төлөгдөхгүй болсны дараа Улаанбаатар хотын банкнаас мэдэгдэх хуудас хүлээн авч, банк шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон тухайгаа мэдэгдэж, тус объектод очиход шүүгдэгч тал хамгаалалтын алба байршуулж, үйлчлүүлэгчийг объект руу нэвтрүүлэхээс татгалзсан байдаг. Улмаар шүүгдэгч М 2019 оны есдүгээр сард үл хөдлөх хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэн авч, 202-2023 он хүртэлх хугацаанд уг объектыг өөрийн дангаар эзэмшин, түрээслэх замаар ашиг орлого хүртсэн нь тогтоогдсон. Ийм төрлийн тохиолдолд, эрх зүйн соёл хөгжсөн орнуудын жишгээр шүүгдэгчийн мэдүүлэг нь үнэнийг илтгэх ёстой. Хэдий шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөх үүрэггүй ч энэ нь худал мэдүүлэг өгөх үндэслэл болохгүй. Гэтэл шүүгдэгч Ц.М, Э.О нар анх мэдүүлэгтээ уг объектыг огт түрээслээгүй гэж мэдүүлсэн боловч хожим мэдүүлгээсээ буцаж, түрээсэлж байсан боловч түрээсийн орлогыг тог цахилгааны төлбөрт зарцуулсан хэмээн зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Мөрдөн байцаалтын явцад гэрч Н зэрэг хүмүүс тухайн объектыг сар бүр 1,750,000 төгрөгөөр түрээсэлж байсан гэж мэдүүлсэн бөгөөд энэ нь шүүгдэгч Ц.М тухайн эзэмшлийн хугацаанд үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэн орлого олж байсан үйл баримтыг баталж байна. Мөн шүүгдэгч Ц.М уг объектод 1.5-2 тэрбум төгрөгийн засвар хийсэн гэж мэдүүлсэн боловч, анхан шатны шүүхээс уг үйл баримтыг тодруулахаар асуутал 2020-2023 онуудад засвар хийсэн гэдэг ч шүүхийн шатанд түүний энэ мэдүүлэг баримтаар баталгаажаагүй. Хэзээ, хэдий хэмжээний мөнгөөр, ямар эх үүсвэрээр уг засварыг хийсэн нь тодорхой бус. Миний үйлчлүүлэгч 2022 онд өөрийгөө зальдуулчихлаа гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан. Тийм байхад яахаараа 2023 онд засвар хийсэн байдаг билээ. Шүүгдэгч өөрийгөө тодорхой ажил эрхэлдэггүй, татвар төлөгч биш гэж мэдүүлсэн. Тийм хэмжээний мөнгө гаргах эх үүсвэр байхгүй байхад, хэд хэдэн зуун хуудас бүхий засварын баримтыг гаргаж өгсөн байдаг. Гэвч эдгээр баримтын ихэнх нь тухайн объектыг анх худалдаж авсан үеийн буюу миний үйлчлүүлэгчийн хийсэн засварын баримтууд бөгөөд эдгээрийг шүүгдэгч өөрийн зүгээс хийсэн гэж шүүхэд мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн хуралдаанд шүүгдэгч Ц.М-ын хоёр өмгөөлөгч эдгээр баримтуудыг судлаагүй бөгөөд тэдгээр нь эх үүсвэр нь тодорхойгүй, ямар засварт хамаарах нь тодорхойгүй баримтууд байсан. Түүнчлэн эдгээрийн ихэнх нь миний үйлчлүүлэгчийн компанийн нэр дээр гарсан баримтууд байжээ. Гуравдугаарт, мөн нэг анхаарал татах зүйл бол миний үйлчлүүлэгчийн зээл 2019 оны есдүгээр сараас хойш хугацаа хэтэрсэн явдал юм. Тодруулбал, зээлийн төлбөр бүтэн жилийн турш буюу 2020 оны 11 дүгээр сар хүртэл төлөгдөөгүй тул Улаанбаатар хотын банк тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Банкны хувьд зээлийн төлөлт нэг хоёр сар хэтэрмэгц шууд шүүхэд нэхэмжлэл гаргадаггүй. Харин төлбөр удаан хугацаанд буюу бүтэн жил орчмын хугацаанд төлөгдөөгүй, аль ч арга хэмжээ үр дүнгүй болсон тохиолдолд шүүхэд ханддаг. Ийм нөхцөлд банкны гаргасан нэхэмжлэл нь бүрэн үндэслэлтэй юм. Гэтэл шүүгдэгч Ц.М өөрийгөө 1.5-2 тэрбум төгрөгийн засвар хийсэн гэж мэдүүлдэг. Хэрвээ үнэхээр ийм их хэмжээний хөрөнгө түүний мэдэлд байсан бол яагаад зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй вэ гэдэг нь логикийн хувьд асуулт дагуулж байна. Энгийн оюун ухаанаар бодоход ч энэ мэдүүлэг нь үнэмшилгүй, бодит байдлаас зөрүүтэй юм. Тийм хэмжээний санхүүгийн чадавхтай байсан этгээд зээлийн өрийг цаг тухайд нь барагдуулалгүй, банк шүүхэд хандах хэмжээнд хүрнэ гэдэг нь эргэлзээтэй. Бодит байдал дээр бол, шүүгдэгч Ц.М зөвхөн караоке үйл ажиллагаатай холбоотой бага хэмжээний тоног төхөөрөмж худалдан авсан байх магадлалтай. Үүнийг 1.5-2 тэрбум төгрөгийн засвар гэх үндэслэл байхгүй. Иймд энэ хэсэгт дурдсан засварын зардал, эх үүсвэр, гүйцэтгэл нь бүхэлдээ эргэлзээтэй бөгөөд нотолгоотой тайлбар шаардагдах асуудал юм. Үл хөдлөх хөрөнгийн үнэ 9.7 тэрбум төгрөг болсон одоо хохирогч ингээд 5, 6 тэрбум төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжөөд ингээд баяжих гээд байна шүү дээ гэдэг тайлбарыг шүүгдэгч нарын өмгөөлөгч давтан хэлдэг. Шүүгдэгчийн зүгээс мөн миний үйлчлүүлэгчийн үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн, түүгээр шүүгдэгч орлого олоогүй, харин хохирогч тал үндэслэлгүй хөрөнгөжих гэж байна гэх мэт тайлбар өгсөн. Гэвч уг үл хөдлөх хөрөнгийг 2019 онд 3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан бөгөөд өнөөгийн үнэлгээг 2023 оны аравдугаар сард хийсэн байдаг. Энэ хугацаанд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ 2–3 дахин өссөн нь нийтэд тодорхой болсон, зах зээлийн хэвийн үзэгдэл бөгөөд өсөлт нь шүүгдэгчийн үйлдэлтэй холбоогүй. Ингээд дээрх нөхцөл байдлаас дараах дүгнэлт гарах боломжтой. Шүүгдэгч Ц.М-ын зүгээс өөрийн хийсэн гэх засварыг үнэлгээний тайланд тусгуулж, нийт үнэлгээг 5.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн мэтээр тайлбарласан нь бодит байдалтай нийцэхгүй юм. Учир нь, тухайн үнэлгээний тайлан нь 2023 оны аравдугаар сард хийгдсэн бөгөөд тайланг гаргасан үнэлгээний байгууллагын дүгнэлтэд тодорхой зааснаар, үл хөдлөх хөрөнгийн 2–6 давхрын түлхүүр олдоогүй, ашиглалтын байдалтай танилцах боломж байгаагүй тул бодит үзлэг хийгдээгүй байна.  Үнэлгээ нь тухайн үл хөдлөх хөрөнгийн дотоод байдалд суурилж бус, ижил төстэй үл хөдлөх хөрөнгийн нэгж талбайн дундаж үнэ, зах зээлийн жишиг ханшаар хийгдсэн болох нь тайланд тодорхой тусгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, үнэлгээ нь зөвхөн 1 м² талбайн үнийн өсөлт дээр тулгуурласан, зах зээлийн ердийн өсөлтийн үр дүн юм. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс "засварыг капиталжуулсан учраас нийт үнэ 5.7 тэрбумаар өссөн" гэх тайлбар нь ямар ч баримтаар нотлогдоогүй, үнэ цэнэ нэмэгдсэн шалтгааныг зохиомлоор тайлбарласан, үндэслэлгүй мэдэгдэл гэж дүгнэхээс өөр аргагүй юм. Давж заалдах шатны шүүхээс магадлал гарсан ба магадлалд “эдийн засгийн шинжээч томилуулах” тухай дурдсан. Түүнийг анхан шатны шүүх хуралдаанд эдийн засгийн шинжээч томилуулах тухай захирамж гарсан боловч, Шүүхийн шинжилгээний газар "эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт байхгүй" үндэслэлээр шинжилгээ хийхээс татгалзсан. Шүүх шинжилгээний тухай хуулиар ийм тохиолдолд дүгнэлт гаргах боломжгүй гэж заасан байдаг тул шүүх хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зөвхөн 60 хоног хойшлуулах зохицуулалттай. Тиймээс анхан шатны шүүх үүнийг хуулийн дагуу шийдвэрлэсэн. Анхаарах ёстой нэг чухал асуудал бол шүүгдэгч Ц.М-ын зүгээс хийгдсэн гэх засварыг залилан мэхлэх гэмт хэрэгтэй холбон маргаж байгаа явдал юм. Миний зүгээс энэ төрлийн засварын үйл баримтыг тухайн гэмт хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл, Эрүүгийн хуулийн дагуу залилан мэхлэх гэмт хэрэг нь гэм буруутай этгээд хохирогчийн эд хөрөнгийг хуурч мэхлэх замаар өөрийн болгодог үйлдэл бөгөөд энэ хэрэг нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр үйлдэгдэж, хэрэгжиж дууссан гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн байдаг. Тухайн халдлагын зүйлийг буюу үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсны дараа шүүгдэгч Ц.М нь уг объектыг түрээслүүлэх, эдийн засгийн ашиг олох зорилгоор тодорхой хэмжээний засвар хийсэн байж болох юм. Гэвч энэ нь гэмт хэрэг үйлдэгдсэний дараах ашиглалтын үйл ажиллагаанд хамаарах асуудал бөгөөд гэмт хэргийн шинжийг өөрчилж, иргэний эрх зүйн харилцаа болгон хувиргах үндэслэл болохгүй юм. Түүнчлэн, шүүгдэгчийн зүгээс "караоке ажиллуулах зорилгоор тоног төхөөрөмж худалдан авч, засвар хийсэн" гэх тайлбар нь гэмт хэргийн нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй бөгөөд дээр дурдсанчлан залилангийн гэмт хэрэг нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр буюу дээрх засвар хийгдсэнээс өмнө өгсөн, төгссөн үйлдэл болж тогтоогдсон тул үүнийг иргэний маргаан мэт үзэх үндэс хууль зүйн хувьд байхгүй гэж үзэж байна. Учир нь үл хөдлөх хөрөнгө нь залилан мэхлэх хэргийн халдлагын зүйл байж болно. Шүүгдэгч Ц.М нь халдлагын зүйлийг өөрт шилжүүлж авсны дараа шунахайн сэдлээр уг үл хөдлөх хөрөнгийг өөрөө түрээслүүлж, ашиг орлого олох зорилгоор ашиглаж эхэлсэн явдал юм. Энэ талаар бодит үйл баримт байгаа бөгөөд энэ нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойших, өөрийн эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс хийсэн үйлдэл гэж ойлгогдож байна. Тэгвэл анхан шатны шүүх энэ асуудлыг хэрхэн дүгнэсэн бэ гэвэл, хэрэв үнэхээр шүүгдэгч тухайн үл хөдлөх хөрөнгө дээр тодорхой хэмжээний засвар хийсэн нь үнэн бол, үүнтэй холбоотой баримтаа бүрдүүлээд иргэний эрх зүйн журмаар, иргэний хэргийн шүүхэд хандаж холбогдох зардлаа гаргуулан авах боломжтой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх энэ асуудлыг зөв, хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн байна.Тиймээс энэхүү хэргийн хүрээнд гэмт хэрэг аль хэдийн төгссөн, түүнээс хойш хийгдсэн аливаа засварын хэмжээ, шинж чанар нь гэмт хэргийн нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй бөгөөд энэ төрлийн маргааныг зөвхөн иргэний эрх зүйн журмаар шийдвэрлэх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Юуны өмнө өмгөөлөгч нарын гаргасан гомдлын гол агуулга нь “өмнөх магадлалд заасан ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй” гэсэн байр суурьтай холбоотой юм. Энэ талаар тайлбарлахад, анхан шатны шүүх уг хэргийг хүлээн авснаас хойш захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж энэ хугацаанд прокурорт тодорхой ажиллагаа хийлгэхээр даалгасан бөгөөд үүнд гэмт хэрэг хэзээ, хэрхэн үйлдэгдсэн талаар бүрэн тогтоох, хохирогчоос мэдүүлэг авах, мөнгө шилжүүлсэн гэх гэрчийн мэдүүлэг авах, шилжүүлгийн баримт бичгүүдийг хавсаргах зэрэг багтсан. Эдгээр ажиллагаа бүгд хэрэгт бүрэн гүйцэт тусгагдсан. Харин шүүх шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжилгээний байгууллагыг томилсон боловч тухайн байгууллагаас татгалзсан хариу ирсэн. Гэсэн ч шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд боломжит бүх ажиллагааг хийхээр шийдвэр гаргаж ажилласан гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд өмгөөлөгч "хуулийг илт зөрчсөн, ойлгомжгүй захирамж гаргасан" гэх үндэслэлгүй гомдлыг прокурор хүлээн зөвшөөрөхгүй байна. Дараагийн асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлтэй холбоотой, яллагдагчдад холбогдох хэргийг тусгаарласан тухай асуудал юм. Энэ талаар тайлбарлахад, прокурорын зүгээс уг зүйлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу хэрэг мөрдөн шалгах явцад бүрэн нотлогдсон гэж үзэн, шүүгдэгч Ү.Х, Ц.М нарт холбогдох хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлсэн. Мөн хохирол, хор уршгийн талаар дараах тайлбарыг өгнө. Мөрдөн шалгах явцад зээлийн төлөлт анхнаасаа хийгдээгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь хохирогчийн мэдүүлгээр нэгэнт нотлогдсон. Прокурорын үзэж буйгаар, уг үл хөдлөх хөрөнгө нь залилах гэмт хэргийн улмаас хууль бусаар олж авсан хөрөнгө юм. Гэтэл өнөөдөр уг хөрөнгийг хууль ёсны дагуу эзэмшсэн мэтээр хөрөнгө оруулалт хийсэн, үнэлгээ нь өссөн гэх байдлаар тайлбар өгч, капиталжуулсан тухай яригдаж байгаа нь зөрчилтэй. Учир нь анхнаасаа уг хөрөнгийг хууль ёсоор олж аваагүй бөгөөд залилах гэмт хэргийн халдлагын зүйл байсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Хэргийг шалгах явцад тогтоогдсон нэг чухал нөхцөл байдал бол Ү.Х-г тухайн хөрөнгийн 50 хувийн эзэмшигч болгон оролцуулсан явдал юм. Зээл төлөгдөөгүйтэй холбоотойгоор 2022 онд иргэний анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн магадлалууд гарсан, хэрэв анхнаасаа үнэхээр зөв, шударга төлбөр авах бодолтой байсан бол тухайн үедээ энэ 50 хувийн оролцоотой холбоотой асуудлыг иргэний журмаар зохицуулах бүрэн боломжтой байсан. Гэвч уг маргаан иргэний журмаар шийдэгдэхгүй нөхцөлд шилжиж, хохирогч цагдаагийн байгууллагад хандаж, улмаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн. Ү.Х-гийн оролцооны хувьд, түүний өөрийн болон өмгөөлөгчдийн мэдүүлгээр “энэ нь гэмт хэрэг биш, иргэний асуудал” хэмээн тайлбарлаж байгаа. Гэвч Ү.Х-г үйл баримтад ямар ч мэдүүлэг өгч болно. Харин хохирогчийн мэдүүлэг, түүнчлэн хэрэгт авагдсан бусад баримтуудаар Ү.Х, Э.О нарт бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэж байна. Мөн Ц.М-ын хувьд ч ялгаагүй, тэрээр Э.О-тэй хуйвалдан, бусдыг үгсэн хуурч, зохиомол зөрүү бий болгосноор анхнаасаа залилангийн шинжтэй нөхцөл үүсгэсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Гэтэл өмгөөлөгчдийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй үндэслэлээр гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг үнэн зөв шийдвэрлэж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуульд нийцүүлэн гаргасан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.М, Ү.Хнарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч Ц.М, Ү.Х, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Батзаяа, М.Билгүтэй нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ү.Х-гийн өмгөөлөгч Б.Алтанзаяа, шүүгдэгч Ц.М-ын өмгөөлөгч Г.Буянбадрал, Ц.Дэлгэрням нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.М, Ү.Х нарыг бүлэглэж Э.О нь 2019 онд Улаанбаатар хотын банкны барьцаанд байсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол 13334, Нарны зам гудамж ... тоот хаягт байршилтай Ү-..............улсын бүртгэлийн дугаартай, 3691.06 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хамтарч худалдан авч, засвар хийж, цаашид үйл ажиллагаа явуулах саналыг Б.Н-д тавьж, Б.Н нь уг саналыг хүлээн зөвшөөрч худалдан авч буй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, “М Ш О” ХХК-ийн өөрийн болон өөрийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшлийн 15 үл хөдпөх хөрөнгө, газар зэргийг барьцаалж Улаанбаатар хотын банкнаас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Зг9101/190319 дугаартай зээлийн гэрээ байгуулж 3,400,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлж уг зээлээс 3,000,000,000 төгрөгийг Улаанбаатар хотын банкны дансанд тушааж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах явцад банканд хугацаа хэтэрсэн зээлтэй, мөн Улаанбаатар банктай нууцлалын гэрээтэй тул хамтран зээлдэгчээр оролцох боломжгүй гэх тайлбарыг өгч өөрийн нөхөр Ц.М-ын төрсөн дүү Ц.Д-ын эхнэр Ү.Х-г уг үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн эзэмшигчээр бүртгүүлсэн, улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсны улмаас хохирогч Ж.М-ын худалдан авсан үл хөдлөх хөрөнгө, түүний өөрийн болон хамаарал бүхий иргэдийн хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг “М Ш О” ХХК-ийн үйл ажиллагааны орлого, бусад банкаар орж буй орлого зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилж хохирогчийн амьдралын эх үүсвэрт ноцтой хохирол, хор уршиг учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг буруутган яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд “шүүгдэгч Ц.М, Ү.Х нарыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийн бүлэглэн үйлдсэний улмаас бусдад ноцтой хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.

Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байх учиртай.

Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг дутуу тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж шүүгдэгч нарын гэм бурууг тогтоосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/869 дүгээр магадлалд тусгасан ажиллагааг биелүүлээгүй байна.

Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалаар “...Э.О нь Б.Н-гээс 100.000.000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээл бүтээж өгөхтэй холбоотойгоор эсхүл өөр зорилгоор авснаар залилах гэмт хэргийг төгссөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болохыг нотлоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй. ...Д С” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой нийт гарсан зардлын тооцоо, түүнчлэн, Ц.М, Э.О нараас нийт Б.Н-д зээлийн төлбөрт мөнгө шилжүүлж байсан эсэхийг хэрэгт авагдсан санхүүгийн анхан шатны баримтад үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах замаар гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/...”, 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг”-ийг бүрэн тогтоосноор яллах дүгнэлтэд дурдсанчлан хохирогчид ноцтой хохирол учирсан эсэх, цаашлаад гэмт хэргийн шинжийг үндэслэлтэй зөв тодорхойлоход чухал ач холбогдолтой. ...” гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Шүүх хуралдааныг хойшлуулж, мөрдөн шалгах зарим ажиллагаа хийлгэх тухай” шүүгчийн захирамжаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/869 дүгээр магадлалд заасан ажиллагааг хийлгэхээр эрүүгийн 2210018211185 дугаартай хэрэгт шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргах шинжилгээний байгууллагаар Шүүхийн шинжилгэний ерөнхий газрын томилж, эдийн засгийн шинжилгээний мэргэшсэн шинжээчийг томилж, дүгнэлт гарган 2025 оны 02 дугаар сарын 20-ны дотор ирүүлэхийг мэдэгджээ.

Гэтэл Шүүх шинжилгээний ерөнхий газар 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 13/796 тоот албан бичгээр “эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт байхгүй байна” гэх  үндэслэлээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзаж анхан шатны шүүх рүү хэргийг буцаан хүргүүлснээр анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гэж үзэн  хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болж заавал биелэгдэх ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг шүүх хуралдааны явцад нотолбол зохих бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын төвшинг ихэсгэх буюу багасгах, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэх, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон байвал зохино.

Нөгөөтэйгүүр 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар “Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” прокурорын тогтоолоор эрүүгийн 2210018211185 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан Э.О-ийг 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Чингис хаан олон улсын агаар замын боомтоор хилээр гарсан үндэслэлээр эрүүгийн 2210018211185 дугаартай хэргээс тусгаарласан байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд Э.О нь Монгол Улсад ирсэн, давж заалдах шатны шүүх хуралдаанд ажиглагчаар оролцож байгаа нөхцөл байдал тогтоогдсон тул Э.О-т холбогдох хэргийг Ц.М, Ү.Х нарт холбогдох хэрэгт нэгтгэн шийдвэрлэх нь хэргийг тал бүрээс нь бодитой шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ү.Х-гийн өмгөөлөгч Б.Алтанзаяа, шүүгдэгч Ц.М, Ү.Х нарын өмгөөлөгч Ц.Батзаяа, М.Билгүтэй нарын “...шинжээчийн дүгнэлт гаргаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэх гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Ү.Х-гийн өмгөөлөгч Б.Алтанзаяа, шүүгдэгч Ц.М-ын өмгөөлөгч Г.Буянбадрал, Ц.Дэлгэрням нарын “...Ү.Х, Ц.М нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, Ц.М, Ү.Х нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/794 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

   2. Шүүгдэгч Ц.М, Ү.Х нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                         ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                      Л.ДАРЬСҮРЭН

 

                                   ШҮҮГЧ                                      Н.БАТСАЙХАН

 

                                   ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР