| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 170/2018/0050/Э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2018-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэвдагва |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 54
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.Пүрэвдагва Шүүгдэгч Ц.Ба-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэвдагваас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.БатЭрдэнэд холбогдох 1823000000057 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл сумд 1985 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт оршин суух хаягтай, урьд өмнө Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 1.080.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Хөл аваачин овогт Ц-ийн Ба-РД:/ИГ********/
Шүүгдэгч Ц.Ба-нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Ба-нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт замын зорчих хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа мөн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Т.Бу-ийг зам дээр зогсож түгжрэл үүсгэлээ гэх шалтгаанаар өшиглөж, нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж түүний биед хөнгөн гэмтэл учруулсан байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Бу- дээрх үйл баримтын талаар “...2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчимд арлын хөлбөмбөгийн талбайгаас өөрийн эзэмшлийн Тоёота Прус маркын автомашинаа жолоодоод явж байсан чинь машины түлш дуусаад ченжийн зах өнгөрөөгөөд ослын зогсолтын гэрлийг асаагаад зогссон. Хажуугаар машинууд өнгөрөөд явж байсан. Тэгтэл нэг цагаан өнгийн Ланд круйзер маркын **-** УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан залуу хажууд ирээд чи машинаа холдуулаач гэсэн. Би болохоо байчихлаа гэж хэлтэл тэр залуу машинаа зам чөлөөлж тавьчихаад ирээд машины хаалгыг онгойлгоод эхлээд өшиглөсөн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэхэд шууд гараараа нүүр рүү 2 удаа цохьсон. Миний хамраас цус гоожоод машинаас буусан чинь тэр залуу намайг заамдаж аваад би зөрүүлээд заамдсан чинь надтай цуг явсан Га- бууж ирээд салгасан. Миний хамар хугараад бяцарсан байна гэсэн. Би тэр залууг зодож цохиогүй...” гэж мэдүүлжээ. Үйл баримт болох үед хохирогчийн машинд сууж явсан иргэн Б.Га- мөрдөн байцаалтын шатанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...түүхий эдийн зах өнгөрөөд явж байхад Бу-ийн жолоодож явсан автомашины бензин дуусаад зам дээр ослын гэрлээ асаагаад зогссон. Тэгсэн хажуугаар цагаан өнгийн Ланд круйзер 100 маркын машин өнгөрөхдөө цонхоо буулгаад явуул явчихаач гэсэн. Бу- урдаас нь машин болохгүй байна гэсэн. Тэгтэл тэр залуу тэгвэл наад сэгээ аваад наанаасаа зайлаач гэсэн. Бу- урдаас нь юу гээд байгаа пиздаа вэ машин болохгүй байхад гээд хэлтэл нөгөө жолооч бууж ирээд Бу-ийн талын хаалгыг онгойлгоод гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохьсон, хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Бу- машинаасаа бууж ирэхэд хамраас нь цус гарсан байдалтай зогсож байсан би тэр залууг салгасан. Тэр залуу машиндаа суугаад явсан. Бу- тэр залууг цохиогүй” гэжээ. Шүүгдэгч Ц.Ба-ийн үйлдлийн улмаас Т.Бу-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 201820135 дугаартай дүгнэлтэнд “...Иргэн Т.Бу-ийн биед хамрын хянга ясны зүүн талын хугарал, хамрын таславч ясны мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхинв, барунн талын чмархайн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүснэ. ...2018.05.21-нд үүссэн байх боломжтой. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэснээр нотлогдож байна. Ийнхүү бусдын биед халдан гэмтэл учруулсан үйлдэл дээрх мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогч болон гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна. Түүнчлэн шүүгдэгч Ц.Ба-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд Ц.Ба-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч Т.Бу- “...надад учирсан хохирол эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 910000 төгрөгийг миний нэхэмжилсэн дүнгээр барагдуулсан болно. Дахиж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй болно.” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэдгийг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Ц.Ба-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй байх тул улсын яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5-1.9, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөл аваачин овогт Ц-ийн Ба-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Ба-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ба-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараах 3 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ц.Ба-500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг дээрх хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелэгдэж дуустал түүний эзэмшлийн хөрөнгө гэх 370.000 төгрөгөөр үнэлэгдсэн IPhone-6 маркийн гар утасны битүүмжлэлийг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Ц.Ба-нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ