Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2025/ДШМ/712

 

 

 

 

 

 2025            06             05                                        2025/ДШМ/712

 

      Б.Б-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1104 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшиний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2406019480053 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

............................,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 467 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөсөн,

Баянгол дүүргийн 1997 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 216 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил, 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил тус тус хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 0..-ны өдрийн 368 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил, мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүнд ялд нь багтаан 3 жилийн хугацаагаар хорьж шийтгэсэн, өмнөх таслан сэргийлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас заримыг нь нэмж нэгтгэн 4 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1 жил 1 cap 26 хоногийн өмнө хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар .. жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх таслан шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас заримыг нь нэмж нэгтгэн үлдсэн 1 жил 1 cap 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 6 жил 1 cap 26 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2007 оны .. дугаар сарын 24-ний өдрийн эдлээгүй үлдсэн .. cap 23 хоногийн хорих ялаас тэнсэж сулласан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 333 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар .. сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, хөнгөн ялыг нь хүндэд нь багтаан 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, хугацаа дуусаж суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24.. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.. дугаар зүйлийн 14...4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн эдлээгүй үлдсэн .. жил 11 cap 16 хоногийг хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 8..8 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн.

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны .. тоотод үйл ажиллагаа явуулах авто засварын газрын 2 дугаар давхарт “Хаун” гэгчтэй уулзах зорилгоор нэвтэрч, Б.М-ийн шургуулгад байсан цүнхнээс 1...00.000 төгрөг, 8.000 төгрөгийн үнэ бүхий Хаан банкны ............ дугаарын дансны виза карт, 21.000 төгрөгийн үнэ бүхий түрүүвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1...29.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Б-ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийттэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ...6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 899.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-эд олгож, шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба анхан шатны шүүх хуралдааны дараа ар гэрийн зүгээс хохирлыг бүрэн барагдуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хувийн байдлын хувьд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг ба эрүүл мэндийн байдал хэвийн бус хөлний хагалгаанд орж болзошгүй хүнд өвчтэй байгаа болно.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Биеийн эрүүл мэндийн байдал маш хүнд байна. Өвдөгний ар талаас шүүс гараад байгаа. Хөлтэйгээ үлдэх гээд маш их тэмцэж байна. ...” гэв.

            Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингээс гаргасан давж заалдах гомдлыг сонслоо. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Тухайн зүйл, ангид заасан ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон хувийн байдалд нь тохирсон бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Хохирлыг төлсөн гэх боловч энэ талаарх баримтаа сая гаргаж өгсөнгүй. Үнэхээр хохирлыг төлсөн бол ялыг хөнгөрүүлэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал учраас уг асуудал дээр тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, тэдгээрийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны .. тоотод үйл ажиллагаа явуулах авто засварын газрын 2 дугаар давхарт “Хаун” гэгчтэй уулзах зорилгоор нэвтэрч, Б.М-ийн шургуулгад байсан цүнхнээс 1...00.000 төгрөг, 8.000 төгрөгийн үнэ бүхий Хаан банкны ............. дугаарын дансны виза карт, 21.000 төгрөгийн үнэ бүхий түрүүвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

хохирогч Б.М-ийн “...Би өөрийн хамтран ажиллуулдаг авто засварын гараашинд 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хулгай орж 1...00.000 төгрөг бэлнээр, Хаан банкны картаас ..0.000 төгрөгийн зарлага гарсан байна. ... миний алдсан Хаан банкны .....7123708 дугаарын данстай тухайн дансыг N V гэх вьетнам улсын иргэн эзэмшдэг байсан. Тухайн данснаас ..0.000 төгрөг гарсан. 2 давхрын амьдардаг өрөө нь дотор байх хажуугийн цүнхэнд байсан 1...00.000 төгрөг хулгайд алдагдсан байсан. ... тухайн үедээ би мэдүүлэгтээ 1...00.000 төгрөг гэж өгсөн байсан. Дараагийн мэдүүлэгт 1.600.000 гэж андуурч хэлсэн байсан. Дараа нь өөрийнхөө алдсан мөнгийг тооцоолоход 1...00.000 төгрөг байсан. Гадны хүн орохыг зөвшөөрдөггүй байсан. Авто засварын газарт засвар хийлгэж байгаа хүмүүс гарааш руу орох эрхтэй байсан. Дээд 2 давхрын амрах өрөө нь төмөр шатаар гараашнаас тусдаа хаалгаар 2 давхарт ордог байсан. Би Б.Б гэх хүнээс 1...00.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Тэр картаас гарсан мөнгөөр хамт ажиллаж байсан вьетнам залуу Хуан авсан байж магадгүй би өөрийнхөө картыг өгөөд ойр зуурын юм авдаг байсан юм. Одоо энэ хүн нэгэнт нутаг явсан болохоор дахин холбогдох боломжгүй болоод байна. ...” /хх 22-23, 28-29/ гэсэн мэдүүлэг,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №БЗД2-24-957 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 38-41/,

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 75-76/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 77-81/,

Шүүгдэгч Б.Б-ийн эзэмшлийн Хаан банкны ....., ....., .... дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /хх 86-93/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогчдын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.М-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны .. тоотод үйл ажиллагаа явуулах авто засварын газрын 2 дугаар давхарт “Хаун” гэгчтэй уулзах зорилгоор нэвтэрч шургуулгад байсан цүнхнээс 1...00.000 төгрөг, 8.000 төгрөгийн үнэ бүхий Хаан банкны ............ дугаарын дансны виза карт, 21.000 төгрөгийн үнэ бүхий түрүүвч зэргийг хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч...” үйлдсэн гэж хүндрүүлэх шинжээр зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшин “...Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба анхан шатны шүүх хуралдааны дараа ар гэрийн зүгээс хохирлыг бүрэн барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэх агуулга гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна, иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилсан.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, цонх хагалж орох зэргээс гадна эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад бүх тохиолдолд хууль бус нэвтрэлт гэж үзнэ.

Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан заалтын агуулгаас үзэхэд, тухайн зүйл хэсгүүдэд заасан шаардлагыг бүрэн хангасан шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх эрхийг шүүхэд олгосон.

Дээрх хуулийн заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй, заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш юм. 

Тодруулбал, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон үзэхээр хуульчилсан бөгөөд оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялыг биечлэн эдлүүлэх, биечлэн эдлүүлэх дэглэм зэргийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг ял хүндэдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшиний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Б-ийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 36 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 202../ШЦТ/1104 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшиний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон нийт 36 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.   

3.  Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

                            ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                            ШҮҮГЧ                                                             Т.ШИНЭБАЯР