Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2019/00653

 

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2019/00653

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00353 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц-т холбогдох,

 

Автомашин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.А-

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Батдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц- нь 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 19 890 000 төгрөгийг дансаар, 110 000 төгрөгийг бэлнээр, нийт 20 000 000 төгрөгийг Б.А-ээс зээлж, барьцаа хөрөнгө болгож Хино рэйнжер маркийн УНМ 98-26 улсын дугаартай ачааны автомашиныг Б.А-ийн өмчлөлд шилжүүлсэн.

Ц- нь автомашиныг тодорхой хугацаагаар ашиглаж байя гэсэн хүсэлт тавьсан ба Б.А- нь зөвшөөрч автомашиныг өгсөн. Гэвч Ц- нь зээлийн төлбөрөө ч төлөөгүй, автомашин ч буцааж өгөөгүй тул Ц-аас автомашиныг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би Б.А-ээс 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 20 000 000 төгрөг, 09 дүгээр сарын 05-ны өдөр 30 000 000 төгрөг зээлсэн. Б.А-ийн тулгасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, сарын 10 хувийн хүү төлөх 16 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээ хийсэний хариуд Мөнххан хаус ХХК-ийн өмчлөлийн Хино маркийн 9826 УНМ улсын дугаартай ачааны автомашиныг зээл төлөгдтөл өөрийнхөө нэр дээр шилжүүлнэ гэж дарамтлаж, шаардаж байсан тул шилжүүлсэн.

Гэтэл Б.А- нь зээлсэн мөнгө, хүүнд чиний төлсөн мөнгө хаанаа ч хүрэхгүй байна гэж дарамтлаж байгаад зээлийн барьцаанд бариулсан миний ээжийн өмчлөлийн орон сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, өөртөө шилжүүлэн авсан. Уг 2 өрөө орон сууцыг 75 795 000 төгрөгөөр тооцон, Б.А-эд өгөхөөр тохирч, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б.А- гэрээ хийж, шилжүүлэн авсан. Тийм учраас Б.А-эд өгөх өглөг байхгүй, харин би авлагатай болж байгаа юм.

Түүнчлэн бидний хооронд өмнө нь үүссэн зээл, хамтран ажиллах гэрээний дагуу би тус шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасныг тус тус зөрчсөн. Түүнчлэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ хэргийн оролцогчдын эрх, үүргийг бүрэн танилцуулаагүйгээр шүүх хурлыг хийсэн бөгөөд хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг хангаж хэргийн материалтай танилцах боломжийг олгоогүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамж гарснаас хойш нэхэмжлэгч, хариуцагчид хэргийн материал танилцуулаагүй.

Анхан шатны шүүх Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардсан байхад шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгч Б.А- нь зээлсэн мөнгө болох 20 000 000 төгрөгөө бус автомашиныг гаргуулахаар нэхэмжилж байгаа хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Түүнчлэн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын талаар шүүхийн шийдвэрт огт тусгаагүй зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Ц-т холбогдуулан автомашин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий автомашиныг Б.А-ийн өмчлөлд шилжихээс өмнө өмчлөгч байсан Мөнххан хаус ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2016/02822 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарна гэж дүгнэж, хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцээх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00353 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЗОЛЗАЯА