Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 152

 

Д.О, Ц.Э нарын

нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг

даргад холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: М.Батсуурь

Шүүгчид:               Г.Банзрагч

                               Д.Мөнхтуяа

                              П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:    Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаар захирамжийн иргэн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0836 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 71 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.А,

Гуравдагч этгээд У.У-Ө, түүний өмгөөлөгч Т.Г,

 

Гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:           

 Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0836 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5, Газрын тухай хуулийн 31.3, 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаар захирамжийн иргэн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий Д.О, Ц.Э нараас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын гомдлоор хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 71 дүгээр магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 836 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гуравдагч этгээд У.У-Ө хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 71 дүгээр магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: “...Захиргааны хэргийн шүүхээс хариуцагчид хэргийн нөхцөл байдлыг тогтоож шинэ акт гаргах хүртэл актуудыг түдгэлзүүлсэн боловч дээрх байдлаар хэргийн нөхцөл байдлыг тодруулаагүйгээс нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн маргаан тасрахгүй байх тул анхан шатны шүүх холбогдох баримтыг цуглуулж, хэргийн нөхцөл байдлыг тодруулж, маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.” хэмээн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

4. Учир нь тухайн маргаан бүхий газрын кадастрын зурагт 2006-2018 он хүртэл өөрчлөлт орж байгаагүй, тухайн газрын орчим 10-230 тоот хаяг байгаагүй, мөн иргэн Д.Од Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны А/135 дугаар захирамжийг үндэслэн олгосон нэгж талбарын 18641354220316 (ийм нэгж талбарын дугаар мэдээллийн санд байхгүй) дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан зэргийг харгалзан нийслэлийн Засаг дарга 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаар захирамжаар иргэн Д.Огийн газар өмчлөх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 548 дугаар шийдвэрийг биелүүлсэн байхад давж заалдах шатны шүүх нь “...шүүхийн шийдвэрийг биелүүлж хэргийн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр гаргасан шийдвэр гэж үзэхээргүй байна.” хэмээн дүгнэлт хийж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасанд гомдолтой байна.

5. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 71 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

7. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/655 дугаар захирамжийн 3 дахь заалтаар “газар өмчлөх эрх олгосон шийдвэр нь хүчингүй болж байгаа нэр бүхий 88 иргэний жагсаалт”-ыг 4 дүгээр хавсралтаар баталсан, уг захирамжийн үйлчлэлд иргэн Д.О хамаарч, нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжийн түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгосон; нэхэмжлэгч Д.О, Ц.Э нараас “...шүүхийн шийдвэрийн дагуу дахин шинэ акт гаргахдаа шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, шийдвэрийг мэдэгдээгүй,...өмчлөх эрхийг зөрчсөн, хууль бус” гэж, хариуцагч нь “... шүүхийн шийдвэрийг биелүүлж, шинэ акт гаргасан” гэж маргажээ.

8. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 548 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч У.Улам-Өрнөхийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ: Хариуцагч нийслэлийн Засаг дарга болон Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас шинэ акт гаргах хүртэл гуравдагч этгээд Д.Од газар өмчлүүлсэн нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 665 дугаар захирамжийн холбогдох хэсэг, 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0034226 дугаар газар өмчлүүлэх шийдвэр, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын эрхийн улсын бүртгэлийн Г-2204017220 дугаар бүртгэлийг тус тус 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн, уг шийдвэрийг биелүүлж, хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргасан үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

9. Тодруулбал, уг шийдвэрээр, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо,16 дугаар гудамжны 384 тоот хаяг дахь 668 м.кв талбайтай, нэгж талбарын 18644314184121 дугаар бүхий газрыг хэргийн оролцогч нарт давхардуулж өмчлүүлсэн үйл баримтыг тогтоосон бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргаас иргэн Ж.Сэлэнгэ /Улам-Өрнөх нь түүнээс газар шилжүүлж авсан/ болон Д.О нарт анх газар эзэмшүүлсэн байршил өнөөгийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 16 гудамж, 384 тоот хашаа мөн эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэн, маргаан бүхий газрыг Д.Од өмчлүүлсэн нийслэлийн Засаг даргын шийдвэрүүд болон газар өмчлөх эрхийг бүртгэсэн Эрхийн улсын бүртгэлийг тус тус түдгэлзүүлж, тухайн асуудлаар шинэ акт гаргуулахаар шийдвэрлэжээ.

10. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сан дахь мэдээллээр, нэгж талбарын 186944314184121 дугаар, 668 м.кв талбайтай маргаан бүхий газар нь 2006 оны 9 дүгээр сараас 2010 оны 10 дугаар сар хүртэл иргэн Ж.Сэлэнгийн нэр дээр өмчлөх эрхтэйгээр бүртгэгдэж байгаад 2011 оны 2 дугаар сараас регистрийн СЮ72051611 дугаартай иргэний буюу У.У-Өийн нэр дээр өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн, уг газрын нэгж талбарын дугаар болон талбайн хэмжээнд өөрчлөлт ороогүй, харин Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн нэгжийн зарим хороодын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор маргаан бүхий газрын байршлын “хаягжилт” өөрчлөгдсөн үйл баримт тогтоогдсон байна.

11. Эдгээр баримтуудыг анхан шатны шүүх үнэлж, Д.О-д 2012 онд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг тайлбарлан хэрэглэж, Д.О, Ц.Э нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

12. Тодруулбал, хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлж, шинэ акт гаргахдаа маргаан бүхий газрыг өмчлөх эрх түрүүлж үүссэн этгээдийн эрхийг хангаж, Д.О-д газар өмчлөх эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

13. Түүнчлэн, нэхэмжлэгчийн маргаж буй “шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй” гэх үндэслэлд холбогдуулж Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.5-д заасны дагуу “захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол” тухайн асуудлаар сонсох ажиллагаа хийхгүй байж болох, энэ тохиолдлын хувьд, хариуцагч нь шинэ акт гаргахдаа  шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан шинэ акт гаргасан байх тул хэргийн оролцогчдыг заавал оролцуулах ёстой гэж үзэхгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

14. Харин, давж заалдах шатны шүүх нь захиргаанаас шүүхийн шийдвэрийг биелүүлж, шинэ акт гаргахад, оролцогчийг сонсох ажиллагааг заавал хийх байсан мэтээр дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д нийцэхгүйн зэрэгцээ хэргийг шийдвэрлэхэд шаардлагагүй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх хэмжээнд үнэлэгдэхүйц биш баримтыг шалгуулахаар хэргийн дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу, энэ талаарх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлтэй байна.

15. Түүнчлэн, маргаан бүхий захиргааны актын 4 дүгээр хавсралтын 17 дахь заалтаар нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжийн Д.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, үндэслэл гэсэн хэсэгт “шүүхийн шийдвэр” гэж тэмдэглэсэн; маргаан бүхий уг акт нь нэхэмжлэгч Д.Огийн хувьд, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд гаргаагүй гэж хэргийн оролцогчид маргаагүй, уг захирамжийн 3 дугаар хавсралт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй баримт байхад энэ талаар дүгнэж, нотлох баримт дутуу гэж үзсэн нь буруу.

16. Мөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.7-д “энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж зааснаар захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл “маргаан бүхий захиргааны акт”-ыг түдгэлзүүлсэн хугацаанд хариуцагч нь шинэ акт гаргаагүй бол уг түдгэлзсэн актыг хүчингүй болсонд тооцдог; хариуцагч нь нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 548 дугаар шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болмогц биелүүлж, шийдвэрт заасан 6 сарын дотор шинэ акт гаргах үүрэгтэй, энэ хугацаанд гаргаагүйгээс үзвэл, тус шийдвэрт заасан “захиргааны акт”-ууд хуулийн дагуу хүчингүй болсонд тооцогдох тул шинэ акт гаргасан эсэхээс үл хамаарч Д.Огийн хувьд “сөрөг нөлөөлөл” үзүүлэх нь тодорхой байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ.

17. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, гуравдагч этгээд У.У-Өийн хяналтын журмаар гаргасан “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах” гэх гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 71 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд У.Улам-Өрнөхийн гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахад гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                     Ч.ТУНГАЛАГ