2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/09834

 

 

 2025         11          13                                     191/ШШ2025/09834

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* тоотод байрлах, “******* ******* ******* ******* *******” ХХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- Чингэлтэй дүүрэг, хороо, гудамж, 2 давхар 201 тоотод байрлах, “ ” ХХК-нд холбогдох,

гэрээний үүрэгт 88,949,300.86 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц //,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д //,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ХХК-ний туслах гүйцэтгэгчээр орж 171,898,600 төгрөгийн өртөгтэй, Гашуун сухайт өртөөний үерийн ус зайлуулах сувгийн ажлыг туслан гүйцэтгэгчээр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, хийгдэх ажлыг гэрээний хавсралтаар тохирсон. ХХК өмнө нь ХХК-тай энэ ажлын талаар гэрээ байгуулсан байгаад тухайн компани гэрээгээ цуцлахад хийгдээгүй үлдэгдэл ажлыг гүйцэтгүүлэхээр манай компанитай гэрээ байгуулсан. Тухайн үед эхлээд компанитай гэрээ байсан байсныг мэдээгүй манайх гэрээгээ байгуулсны дараа нь мэдсэн. Эхний болон дунд шатны ажлын гүйцэтгэлийн санхүүжүүлэлт 82,949,300 төгрөг хариуцагч ХХК-иас ирсэн. Манай компани гэрээнд заасан 10 нэр төрлийн ажлыг 100 хувь хийж дуусгасан боловч хариуцагч нь үлдэгдэл төлбөрөө төлөхгүй 3 жилийн хугацаа болж байна. Бодь интернэшнл компанис ирүүлсэн баримтаар манай хийгдсэн ажил харагдаж байгаа.  

Ажил дуусаныг  дурангийн инженерийн баталгаажуулсан өдөр тутмын ажлыг ХХК инженерт хүлээлгэн өгснөөр, мөн Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхэд өгсөн н.Э инженер мэдүүлэг өгснөөр Соте компаний бичиг хэргийн ажилтан Д рүү цахимаар явуулж байсан. Гэрээний 4-т заасан талуудын эрх үүргийн 4.1.9-т зааснаар захиалагч тал арматур зэрэг бусад зүйлсийг нийлүүлсэн боловч тагийг нийлүүлэхгүй удсан, буцаан дүүргэлтийн ажилд 3 хүн ажиллуулах байсан боловч ажилтанаа явуулаагүй, гэрээний 1.7-д зааснаар буцаан дүүргэлтийн зардал гэрээний дүнд орсон байгаа, эдгээр ажлыг манай компаний ажилчид өөрсдөө хийж гүйцэтгэж дууссан. Ажлын хөлсний үлдэгдэл төлүүлэхээр манай компаний нягтлан н.А бид хоёр хариуцагч компани дээр удаа дараа очиж уулзаж, мэйл хаягаар ханддаг байсан боловч огт хариу өгдөггүй байсан. Иймд ажлын хөлсний үлдэгдэл 88,949,300 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэв.  

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээгээр тохирсон ажлаа хийж гүйцэтгэсэн байгаа, гол маргаж байгаа зүйл нь үлдэгдэл ажлаа хийгээгүй гэж хариуцагч маргадаг боловч хариуцагч нь нийлүүлэх тагаа нийлүүлээгүй 2 сар хүлээлгэсэн байдаг.  Талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээрээ байгаа, Г, Г нарын ажил үүрэг хэвээрээ байгаа, энэ байгууллагад ажил үүргээ гүйцэтгэж байгаа талаараа тайлбарлаж байгаа тул гэрээгээр тохирсон ажлын хөлсийг компаний дансанд оруулаагүй атлаа ажилтантай тооцоо нийлсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв. 

 

3. Хариуцагч ХХК 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Дээрх ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тайлбарыг шүүх хурал дээр гаргах болно гэжээ /1-р хх-24/.

 

3а. Хариуцагч ХХК 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "******* ******* ******* ******* *******" ХХК-ний гаргасан "...2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн № 06/17-1 тоот гэрээний дагуу хариуцагч " " ХХК-с гэрээт ажлын үлдэгдэл санхүүжилт болох 88.949.300.86 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "******* ******* ******* ******* *******" ХХК-д олгож өгнө үү..." гэсэн нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбар нэмж гаргаж байна.

Хариуцагч " ” ХХК /Захиалагч/ нь, нэхэмжлэгч "******* ******* ******* ******* *******" ХХК /Гүйцэтгэгч/-тай харилцан тохиролцож 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Гашууншухайт өртөөний гадаргуун ус зайлуулах байгууламжийн ажил үүргийг хийж гүйцэтгүүлэхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг баримтлан "Ажил гүйцэтгэх" гэрээг байгуулсан. Гэрээнд "******* ******* ******* ******* *******" ХХК-нийг төлөөлж тус компаний менежер Ц.Г гарын үсэг зурж, тус гэрээ хүчин төгөлдөр болсон. Талууд тохиролцож гэрээний хугацааг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, гүйцэтгэсэн ажлын хөлс 171,898,600.86 төгрөг байна гэж тодорхойлсон.

Манай компани гэрээнд заасан хуваарийн дагуу ажлын хөлс болох нийт 82,949,300 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр тус компанийн нягтлан бодогч Ц.Агийн Хаан банк дахь данс руу 15,000,000 төгрөгийг ******* ******* ******* ******* *******" ХХК-ийн Төрийн банк дахь тоот төгрөгийн дансанд 67,949,300 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч "******* ******* ******* ******* *******" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, өөрөөр хэлбэл гэрээнд заасан хугацаанд ажлаа хийж гүйцэтгээгүй учраас манай компани ажлаа хурдан хийж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компанид урьдчилан удаа дараа сануулсан боловч үр дүн гараагүй учраас Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрээнээс татгалзсан. Энэ нь гэрээ цуцлах нэг үндэслэл болсон. Мөн "******* ******* ******* ******* *******" ХХК-ний менежер Ц.Г нь "...ажлыг гардан гүйцэтгэгч хүмүүс нь гомдол гаргаж, ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон..." тухай бичгээр мэдэгдсэн. Иймд гүйцэтгэгч компани цаашид уг ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон гэж дүгнэсэн учраас манай компани гэрээг цуцалж өөр этгээдээр уг ажлыг хийж гүйцэтгүүлж дууссан. "******* ******* ******* ******* *******" ХХК нь гэрээгээр хүлээсэн ажил үүргээ бүрэн гүйцэтгээгүй байж ажлын үлдэгдэл хөлс болох 88,949,300.86 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ 1-р хх-25-26/.

 

3б. Хариуцагч ХХК 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Дээрх ******* ******* ******* ******* ******* ХХК РД:-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэжээ /1-р хх-46/.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байгаа, 343.2-т зааснаар хийгдэх ажлыг үе шатаар тохирсон, ажил удаашралтай байсан тул ХХК гэрээгээ Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 352.2-т зааснаар цуцалсан. ******* ******* ******* ******* ******* ХХК-ний ажилтан ажлаа цааш үргэлжлэх боломжгүгй гэсэн бичиг хийж өгсөн тул гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй. ******* ******* ******* ******* ******* ХХК нь гэрээгээр тохиролцсон ажил үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, 8-р сарын 20-ны өдрөөс хойш огт ажилаагүй байгаа. Г, Г гэж ******* ******* ******* ******* ******* ХХК-ний ажилтан гэж сая тайлбарлаад байгаа эдгээр хүмүүст ажлын хөлсийг төлж дууссан байгаа, ажлын хөлсийг төлж дуусгаагүй байсан бол Г, Г нар шаардах эрхээ хэрэгжүүлэх байсан тул хариуцагч ХХК гэрээний үүргээ биелүүлсэн. ******* ******* ******* ******* ******* ХХК нь ажлын хөлсийг буруу хүмүүс рүү шилжүүлсэн гэж байгаа бол Г, Г нараасаа шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

5. Нотлох баримтын тухайд

 

5а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-5/, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А.Ц, Ц.А нарыг томилсон итгэмжлэл /1-р хх-6/, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ХХК, ******* ******* ******* ******* ******* ХХК нарын байгуулсан 06/17-1 дугаартай “Гашуунсухайт өртөөний гадаргуун ус зайлуулах байгууламжын ажлын” гэрээ /1-р хх-7-8/, хавсралт1, нэмэлт ажлын тоо хэмжээ ба үнийн задаргаа бүхий хүснэгт /1-р хх-9/, ЭМААБО-ны үл тохирол, зөрчилд хариу арга хэмжээ авах журам /1-р хх-10/, ******* ******* ******* ******* ******* ХХК-ний захиралын Ц.Гыг компаний менежерээр ажилд томилсон 2022-5-23-ны өдрийн 05/2022 дугаартай тушаал /1-р хх-11/, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын прокурорын 2023-11-29-ний өдрийн 2872 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /1-р хх-12/, өмгөөлөгч Ц.Цтай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1-р хх-33/, нэмэлт тайлбар /1-р хх-44-45/, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын прокурорын 2023 оны 11-р сарын 29-ний өдрийн 2872 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /1-р хх-148/, зэрэг баримтуудыг гаргасан. 

 

5б. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-19/, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Эг томилсон итгэмжлэл /1-р хх-20, 181/, хариу тайлбар /1-р хх-24, 25-26/, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 06/17-1 дугаартай “Гашуунсухайт өртөөний гадаргуун ус зайлуулах байгууламжын ажлын” гэрээ /1-р хх-27-29/, ЭМААБО-ны үл тохирол, зөрчилд хариу арга хэмжээ авах журам /1-р хх-30-31/, ХХК-ийн захиргаанд гэрээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлт ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн менежер Ц.Г гэсэн хүсэлт 1-р /хх-32/, хариу тайлбар /1-р хх-46-47/, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ХХК, констракшн ХХК нарын хооронд байгуулсан 04/26-1 дугаартай “Гашуунсухайт өртөөний гадаргуун ус зайлуулах байгууламжын ажлын гэрээ /1-р хх-48-50/, ЭМААБО-ны үл тохирол, зөрчилд хариу арга хэмжээ авах журам /1-р хх-51-52/, хавсралт1, ажлын тоо хэмжээ ба задаргаа бүхий хүснэгт /1-р хх-53/, констракшн ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-54/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /1-р хх-55/, 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн ХХК, иргэн Ц.Г нарын хооронд байгуулсан 09/02-1 дугаартай “Гашуунсухайт өртөөний гадаргуун ус зайлуулах байгууламжын ажлын гэрээ /1-р хх-56-57/, ЭМААБО-ны үл тохирол, зөрчилд хариу арга хэмжээ авах журам /1-р хх-57-58/, Сок сэйлс ХХК-с Ц.Гт 2022-9-02-ны өдөр олгосон тээврийн хэрэгслийг худалдах арилжих гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэл /1-р хх-59/, Сок сэйлс ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-60, 62/, Сок сэйлс ХХК-ний төлөөлөгч Г.Эд 2022-9-5-ны өдөр олгосон тээврийн хэрэгсэл худалдах, бэлэглэх арилжих гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэл /1-р хх-61/, Bestcar автомашины худалдааны гэсэн хүснэгт /1-р хх-63/, өмгөөлөгч Д.Дтай байгуулсан өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1-р хх-83/, ХХК-н захиргаанд ...төмөр замын лоткины ажлын гэрээний урьдчилгаанд суудлын автомашин 38,000,000 төгрөгөнд бодож авсан нь үнэн болно Ц.Г гэж бичсэн бичвэр /1-р хх-145/, Бодь интернэшнл фото тайлан /1-р хх-179/, Бодь интернэшнл бетон зуурмаг авах захиалгын хуудас /1-р хх-180/, өмгөөлөгчөөр Д.Дыг оролцуулах тухай хүсэлт /1-р хх-182/ зэрэг баримтыг шүүхэд гаргасан.

 

5в. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч О.С /1-р хх-99-100/, гэрч М.У /1-р хх-105-106/, гэрч Ш.Э /1-р хх-108-109/ нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, Бодь интернэшнл ХХК-иас Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт ХХК-ний гүйцэтгэсэн Гашуунсухайт өртөөний гадаргуун ус зайлуулах байгууламжийн ID138-141 цэгийн ажлын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс хойших хугацааны хяналтын хуудас бүхий баримтууд /1-р хх-206-250, 2-р хх-1-250, 3-р хх-1-228/ зэрэг баримтыг бүрдүүлсэн. 

 

5г. Хэргийн нэгдүгээрт хавтасны 13-14, 15-16, 64-70, 146-147 дугаарлагдсан баримтууд бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй канондсон баримтууд байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч “ ” ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 88,949,300.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

2. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ХХК-тай Гашуун сухайт өртөөний үерийн ус зайлуулах сувгийн ажлыг 171,898,600 төгрөгийн өртөгтэй хийж гүйцэтгэхээр тохирч, гэрээний хавсралтад заасан 10 нэр төрлийн ажлыг хийж гүйцэтгэсэн боловч гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байгаа гэж тайлбарласан. 

 

3. Хариуцагч талаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Гашуун сухайт өртөөний үерийн ус зайлуулах сувгийн ажлыг 171,898,600 төгрөгийн өртөгтэй хийж гүйцэтгүүлэхээр тохирч урьдчилгаа санхүүжилт олгосон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж гэрээнд заасан хугацаанд ажлаа хийж гүйцэтгээгүй, ажил удаашралтай болсон тул ажлаа хурдан хийж гүйцэтгэхийг удаа дараа сануулсан боловч үр дүн гараагүй учраас гэрээнээс татгалзсан. Мөн "******* ******* ******* ******* *******" ХХК-ний менежер Ц.Г нь "...ажлыг гардан гүйцэтгэгч хүмүүс нь гомдол гаргаж, ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон..." тухай бичгээр мэдэгдсэн тул гүйцэтгэгч компани цаашид уг ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн учраас гэрээг цуцалж өөр этгээдээр уг ажлыг хийж гүйцэтгүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч “ ” ХХК нарын хооронд 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 06/17-01 дугаартай Гашуунсухайт өртөөний гадаргуун ус зайлуулах байгууламжын ажлын гэрээ байгуулагдаж, уг гэрээний 1.1-д гүйцэтгэгч “******* ******* ******* ******* *******” ХХК нь захиалагч ХХК-ний заасан буюу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Гашуунсухайт өртөөний гадаргуун ус зайлуулах байгууламжийн ажил үүргийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам норм, стандарын шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх, захиалагч нь харилцан тохиролцсон журмын дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож, гэрээний 2.1-д гэрээний зүйл гээд гүйцэтгэгч нь захиалагчийн захиалгыг өдөр тутмын ажлын стандартын шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ гэж, 2.2-т гэрээгээр тохирсон албан ёсны хугацааг 2022 оны 6-р сарын 17-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 10 өдрийг хүртэл тооцно гэж, гэрээний 3.1-т гэрээт ажлын нийт хөлс 171,898,600.86 төгрөг байхаар тохирсон, хавсралт1 нэмэлт ажлын тоо хэмжээ ба үнийн задаргаа хүснэгтэд 1-10 хүртэл ажлын нэр бичигдсэн, гэрээний дүн 171,897,799.66 төгрөг бичигдсэн байна /1-р хх-7-9/.

 

Дээрх ажил гүйцэтгэх гэрээг захиалагч ХХК-ний захирал Б.Ш, гүйцэтгэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-ний захирал А.Ц нар баталж, эдгээр компанийг төлөөлж менежер Ё.Ундраа, Ц.Г нар гарын үсэг зурсан байна.

 

4б. “ ” ХХК-ний “ констракшн” ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан 04/26-01 дугаартай Гашуунсухайт өртөөний гадаргуун ус зайлуулах байгууламжын ажлын гэрээний 1.1-д гүйцэтгэгч нь захиалагчийн заасан буюу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Гашуунсухайт өртөөний гадаргуун ус зайлуулах байгууламжийн ажил үүргийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам норм, стандарын шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх, захиалагч нь харилцан тохиролцсон журмын дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож, гэрээний 2.1-д гүйцэтгэгч нь захиалагчийн захиалгыг өдөр тутмын ажлын стандартын шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ гэж, 2.2-т гэрээгээр тохирсон албан ёсны хугацааг 2022 оны 4-р сарын 26-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 01 өдрийг хүртэл тооцно гэж, гэрээний 3.1-т гэрээт ажлын нийт хөлс 214,873,251 төгрөг байхаар тохирч, хавсралт1 ажлын тоо хэмжээ ба задаргаа хүснэгтэд 1-10 хүртэл ажлын нэр бичигдсэн, гэрээний дүн 214,873,252.08 төгрөг бичигдсэн байна /1-р хх-48-53/.

 

4в. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал М.У, Ш.Э, О.С нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШЗ2024/19493 дугаар захирамжаар хангаж, шүүхийн даалгавараар гүйцэтгүүлснээр 

гэрч О.С ...2022-6-22-нд тогоочоор ажилд ороод 2022-8-5-ны өдөр ажлаасаа гарсан, ******* ******* ******* ******* ******* ХХК нь тухайн ажлыг гүйцэтгэж дууссан, би ажил дуусахаас 3 хоногийн өмнө ажлаасаа гарсан. Намайг ажиллаж байхад ажлууд нь дууссан байсан, ажил дууссан гээд ууж идээд наргиж цэнгэж байсан, Г нь даргаар, Г дүү нь гээд мөнгөө барьдаг ажил хийдэг байсан, би цалингаа аваагүй, сарын цалин 2,000,000 төгрөг гэж тохиролцсон боловч нэг ч төгрөг аваагүй, цалингаа авья гэхэд ХХК мөнгө өгөхгүй байна гээд цалин өгөөгүй, ер нь тэнд ажиллаж байсан хүмүүсийн цалинг өгөөгүй дээ, Өмнөговь аймгийн цагаан хад гашуун сухайт боомтод буюу Хятад улсын хилээс 10 км байрладаг гэр кемпэд байрлаж байсан, менежер гэж байгаагүй, ганц геодизийн инженер Э гэж байсан... гэх /1-р хх-99-100/,

гэрч М.У ... ******* ******* ******* ******* ******* ХХК-нд 2022-6-01-ний өдрөөс тогоочоор ажилд ороод 2022-7-11-ний өдөр ажлаа дуусгаад гэр рүүгээ явсан. Н.Г портероор хүргэж өгсөн. ******* ******* ******* ******* ******* ХХК нь тухайн ажлыг бүрэн дуусгаад хүлээлгэж өгсөн, Н.Г нь менежер, Н.Г нь бригадын даргаар ажиллаж байсан, ******* ******* ******* ******* ******* ХХК-с цалин авч байгаагүй, анх ажилд ороход 2,000,000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохирч байсан, Н.Г, Н.Г нараас нэг ч төгрөг авч байгаагүй, ХХК-н кемп дээр байрлаж байсан, Н.Г, Н.Г нар миний гэрийг сард 200,000 төгрөгөөр түрээслэхээр тохирон гэрээ барьж байрлаж байсан, кемпийн менежер нь Г байсан... гэх /1-р хх-105-106/,

гэрч Ш.Э ... ******* ******* ******* ******* ******* ХХК-д 2022-6-19-ний өдөр геодизийн түрээсийн багн гэж ирж байсан. Тэрээр төмөр замын ус зайлуулах хоолой буюу лотки гэгдэх ажлыг хийж байсан. Би 2 сар гаран ажилласан, хэзээ ажлаасаа гарснаа сайн мэдэхгүй байна, намайг явахад таг тавихаас бусдыг нь хийсэн байсан, жоохон лоткины өнгөлгөө зүсэлт хийгээд таг тавина гэж байсан. Тэгээд би явсан, цаашаа юу болсныг мэдэхгүй байна, Г нь тус бригадыг хариуцаж байсан, Г нь захирал гүйцэтгэгчээр ажиллуулна гэж байгаад менежер гэж сүүлд яригдаж байсан, яг ямар ажил гүйцэтгэж байсныг тодорхой мэдэхгүй, ******* ******* ******* ******* ******* ХХК-с цалин авч байгаагүй, Гаас 3,000,000 төгрөгийн урьдчилгаа авсан, Гоос цалин авч байгаагүй, цагаан хаднаас цааш ХХК-н хажууд гэр бариад байрлаж байсан, манай компанид менежер гэх хүн байгаагүй, ХХК-ний менежерийн зааварчилгаагаар явдаг байсан, миний хувьд лоткины таг тавиагүй, манайх невлир багажаар хэмжилтээ хийгээд өгөгдлөө шивж хэвлээд гарын үсэг зуруулдаг байсан, ХХК-н бичиг хэргийн ажилтан аваад Бодь интернэшнл ХХК-аар баталгаажуулж гарын үсэг зуруулдаг байсан, миний хувьд хийсэн ажлын мэдээгээ авч хадгалсан зүйл байхгүй... гэх /1-р хх-108-109/ мэдүүлэг тус тус өгсөн байна. 

 

4г. Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын прокурорын 2023 оны 11-р сарын 29-ний өдрийн 2872 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд ...******* ******* ******* ******* ******* ХХК нь Өмнөговь аймгийн Гашуунсухайтын далангийн ажил гүйцэтгэх гэрээг ХХК-тай байгуулсан боловч 68,759,440.35 төгрөгийн ебаримт шивээгүй хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар дээрх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол гаргасныг 2022-12-17-н өдрийн 4284 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор гэмт хэргийн талаарх гомдлыг шийдвэрлэсэн тогтоол магадлал хүчинтэй байгаа үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан талаар дурдсан /1-р хх-12/.

 

4д. ХХК-ний захиргаанд гэж хаягласан гэрээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтэд ...гадаргуун ус зайлуулах байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад ажилчдын цалин хөлс, хүнс, шатахууны зардалд шаардлагатай төлбөрийн асуудал үүссэний улмаас ХХК-ийн удирдлагуудтай холбогдож төлбөр шаардахад тэд ******* ******* ******* ******* ******* ХХК нь ажлыг өөрсдөө гүйцэтгэхгүй хувь хүмүүсээр хийлгэж, гэрээний үүргийг зөрчсөн нь гэрээг захиалагчийн хүсэлтээр цуцлах үндэслэл болно. Үүнд гэрээнд заасан хугацаа хэтэрсэн, НӨАТ төлөгч байгууллага гэж гэрээ хийсэн боловч шивсэн баримт нь НӨАТ  төлөгч болоогүйг гэрчилнэ, гэрээний үнэнд НӨАТ багтсан учир 88,949,300 төгрөгийн НӨАТ 7,540,845.45 төгрөгийг ХХК-ийн голомт банкны тоот дансанд буцаан шилжүүлэх, ажлыг гардан гүйцэтгэгч хүмүүс нь гомдол гаргаж, ажлыг үргэлжлүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн гээд ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн менежер Ц.Г гэж гарын үсэг тухайн бичвэрт огноо байхгүй, нотариатч 2024-7-31-ний өдөр хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн байна /1-р хх-32/.

 

4е. ХХК нь 2022-9-02-ны өдөр иргэн Ц.Гтай Гашуунсухайт өртөөний гадаргуун ус зайлуулах байгууламжийн ажлын 09/02-1 тоот гэрээ байгуулсан гэрээний 1.1-н ерөнхий зүйл, 2.1-н гэрээний зүйлийн талаарх тохиролцоо нь гүйцэтгэгч ******* ******* ******* ******* ******* ХХК, констракшн ХХК-тай байгуулсан гэрээний нөхцөл зүйл адил байх бөгөөд гэрээт ажлын нийт хөлсийг 88,949,300.86 төгрөг гэж тохиролцсон байх боловч хийгдэх ажлын нэрс бүхий жагсаалт үнийн задаргаа бүхий хүснэгт байхгүй байна /1-р хх-56-57/.

 

4ё. Бодь интернэшнл ХХК-иас ирүүлсэн 2025-10-17-ны өдрийн 01/248 дугаартай албан бичигт ...Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт ХХК-ийн гүйцэтгэсэн Гашуунсухайт өртөөний гадаргуун ус зайлуулах байгууламжийн ID138-141 цэгийн ажлын 2022 оны 6-р сарын 17-н өдрөөс хойших хугацааны хяналтын хуудсуудыг нотлох баримтын шаардлага хангуулан хавсралтаар хүргэж байна. Ерөнхий гүйцэтгэгчийн хувьд өдөр тутмын ажлын тайланг төслийн хүрээнд нэгдсэн байдлаар гаргадаг бөгөөд туслан гүйцэтгэгч тус бүрээр, тэр дундаа тухайлсан нэг дэд ажил, ажилбараар тусад нь өдөр тутмын ажлын тайланг гаргадаггүй байсан болно. Тиймээс тусгайлан гаргасан ХХК-ийн өдөр тутмын ажлын тайлан гэх тусдаа баримт манай компанид байхгүй... гэж дурдаж, Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл ажил шалгуулах хүсэлт бүхий баримтуудыг ирүүлсэн /1-р хх-206-250, 2-р хх-1-250, 3-р хх-1-228/.

 

5. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

6. Зохигч талуудын хооронд 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Гашуунсухайт өртөөний гадаргуун ус зайлуулах байгууламжын ажлын гэрээгээр гүйцэтгэгч нь гэрээний хавсралт1-т жагсаасан 10-н нэр төрлийн ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлсөнд 171,897,799.66 төгрөг төлөхөөр тохиролцсон байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан. Тайлбарлавал, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн эсхүл өөрийн бараа материалаар гэрээнд заасан ажил үйлчилгээг гүйцэтгэх, гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй.

 

8. Тиймээс аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг хангасан байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан шаардлагад нийцсэн, гэрээг чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ. 

 

9. Талууд дээрх гэрээний үүрэгт захиалагч ХХК-иас гүйцэтгэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-нд 2022 оны 6-р сарын 17-ны өдрөөс 2022 оны 8-р сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд 82,949,300 төгрөг шилжүүлсэн үйл баримтад маргаагүй.

 

10. Харин нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн гүйцэтгэх ёстой ажлыг хийж гүйцэтгэн, дуусгавар болгосон боловч үлдэгдэл төлбөрийг хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсонтой холбогдуулан хариуцагч нь ажлыг гэрээгээр тохирсон хугацаанд гүйцэтгээгүй, гүйцэтгэгч компаний ажилтан ажил хийх боломжгүй талаараа бичгээр мэдэгдсэн тул гэрээнээс татгалзаж өөр этгээдээр ажлыг гүйцэтгүүлсэн тул үлдэгдэл төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч эдгээр үндэслэл, татгалзлаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв. 

 

Учир нь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо ...гүйцэтгэгчээр хийгдэх ажлын жагсаалт байхгүй, манай компани компанитай 210,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч 42,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээд цааш ажиллах боломжгүй болсон талаараа мэдэгдсэн тул үлдэгдэл ажлыг ******* ******* ******* ******* ******* ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан, манай хийгдэх ажлын жагсаалт нь компанитай байгуулсан гэрээний хавсралтад байгаа. ******* ******* ******* ******* ******* ХХК-тай гэрээ байгуулахдаа компанитай адилхан санал нөхцөлөөр байгуулсан, гэрээний хавсралтад байгаа. ******* ******* ******* ******* ******* ХХК нь 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажил хийгээд 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажил тасалдсан, өдөр тутмын ажлын тайлангаа ерөнхий захиалагч руу шилжүүлдэг, ******* ******* ******* ******* ******* ХХК-ний гэрээг цуцлах саналыг тус компаний ажилтан Г бичгээр гаргасан тул хүлээн авсан. Ажлын доголтой холбоотой маргаан гарч байгаагүй... гэж тайлбарласан.

 

11. Иймд хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох “ ” ХХК-ний “ констракшн” ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан 04/26-01 дугаартай гэрээ, гэрээний хавсралт, гэрч нарын мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025-10-01-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл ******* ******* ******* ******* ******* ХХК-ний хийж гүйцэтгэхээр тохирсон ажил нь 1-р хавтаст хэргийн 9-р талд авагдсан “хавсралт1 нэмэлт ажлын тоо хэмжээ ба үнийн задаргаа” нэртэй хүснэгтэд бичигдсэн 10-н нэр төрлийн ажил гэж үзэхээр байна /1-р хх-9/. 

 

12. Талуудын байгуулсан Гашуунсухайт өртөөний гадаргуун ус зайлуулах байгууламжийн ажлын гэрээний дагуу ажлыг бүрэн, чанартай, хийж гүйцэтгэсэн гэрээний 4.1.9-т зааснаар хариуцагч нь битум, таг нийлүүлэх үүрэгтэй байсан ч хугацаандаа нийлүүлээгүйгээс ажил удааширсан, мөн буцаан дүүргэлтийн ажилд хариуцагч нь 3 ажилтанаа томилон ажиллуулах байсан боловч ажилуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй бөгөөд нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж шүүхэд хандах хүртэлх хугацаанд хариуцагч буюу захиалагч нь ажлын үр дүнгийн доголдлын талаар аливаа шаардлага гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй. 

 

13. Түүнчлэн талуудын байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар захиалагч талаас аливаа шаардлага гаргаагүй, ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Бодь интернэшнл” ХХК-иас  ирүүлсэн ажил шалгуулах хүсэлт, чанар шалгалтын тайлан, фото тайлан зэрэг баримтад туслан гүйцэтгэгчийн нэр Соте ХХК гэж бичигдсэн, ерөнхий гүйцэтгэгчийн хувьд өдөр тутмын ажлын тайланг төслийн хүрээнд нэгдсэн байдлаар гаргадаг бөгөөд туслан гүйцэтгэгч тус бүрээр тэр дундаа тухайлсан нэг дэд ажил, ажилбараар тусад нь өдөр тутмын ажлын тайланг гаргадагүй байсан, харин туслан гүйцэтгэгч тус бүр өдөр тутмын ажлын тайлангаа албаны имэйлээр ерөнхий гүйцэтгэгчид ирүүлдэг байсан тул энэхүү мэдээллийг холбогдох эх сурвалжаас гаргуулан авах боломжтой талаар дурдсан боловч зохигчид шүүхэд энэ талаар хүсэлт гаргаагүй болно.

 

14. Харин нэхэмжлэгчийг ажлаа цаг хугацаандаа хийж гүйцэтгээгүй талаар хариуцагч тайлбарлаж байх боловч талуудын харилцан тохиролцож байгуулсан гэрээний 4.1.9-д зааснаар хариуцагч нь арматур, бетон, битум, таг зэргийг нэхэмжлэгчид буюу ажил гүйцэтгэгчид хугацаанд нь нийлүүлсэн, буцаан дүүргэлтийн ажилд 3 хүн ажиллуулсан, гар компактор нийлүүлэх үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн гэх татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

15. Гэрээгээр тохирсон талуудын эрх үүрэгт гүйцэтгэгчийн хийсэн ажлыг шалгаж хүлээн авах үүргийг захиалагч буюу хариуцагч хэрэгжүүлэхээр байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг тул ерөнхий гүйцэтгэгч Бодь интернэшнл ХХК-иас ирүүлсэн баримтаар туслан гүйцэтгэгч ХХК-ний хийгдсэн ажлыг хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

 

16. Хариуцагч ХХК нь өөрийн туслан гүйцэтгэгчээр ажилласан ******* ******* ******* ******* ******* ХХК-ний хийсэн ажлыг шалгаж хүлээн авах үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэсэн ажлын талаар гомдлын шаардлага гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд талууд гэрээний 3.4-т зааснаар ажлын хөлсийг хувьчлан төлөхдөө нэхэмжлэгч компаний дансанд төлөхөөр тохирсон байх тул гэрээний талууд ажил гүйцэтгэгчид төлөх хөлс хугацааг гэрээгээр тохирсон гэж үзэхээр байна. 

 

17. Тиймээс хариуцагч нь ажлын хөлсийг гэрээний оролцогч тал болох нэхэмжлэгч компанид төлөөгүй, өөр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсанаар үлдэгдэл төлбөрийг төлсөн гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар ХХК нь иргэн Ц.Гтай 2022-9-02-ны өдөр “Гашуунсухайт өртөөний гадаргуун ус зайлуулах байгууламжийн ажлын 09/02-1 тоот” гэрээг бичгээр байгуулсан байх боловч ямар ажил үүргийг гүйцэтгүүлэхээр тохирсон болох нь тодорхойгүй, гүйцэтгэгчийн хийгдэх ажлын нэрс тодорхойгүй, хийгдсэн ажлыг хүлээн авсан, ажлын хөлс төлсөн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд Ц.Гт тээврийн хэрэгсэл худалдах арилжах эрхийг Сок сэйлс ХХК-иас олгосон /1-р хх-59-63/, Ц.Г нь урьдчилгаанд суудлын машин авсан тухай хүсэлтээ ХХК-нд гаргасан /1-р хх-145/ байна. 

 

18. Иймд захиалагч болох хариуцагч ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 88,949,300.86 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-д төлөх үүрэгтэй, уг төлбөрийг төлөөгүй, ажил гүйцэтгэгч хуулийн этгээдэд төлөх хөлсийг ажилтанд шилжүүлэхээр гэрээгээр тохиролцоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2024-7-03-ны өдөр төлсөн 602,697 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 602,697 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ХХК /РД-/-с 88,949,300.86 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК /РД-/-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 602,697 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-с улсын тэмдэгтийн хураамжид 602,697 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                          Д.ЯНЖИНДУЛАМ