| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 170/2018/0043/Э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 56
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Ц.Бо- Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бо-т холбогдох 1723001090017 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, ******* боловсролтой, сантехникч мэргэжилтэй, *******, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг, ****** хэсэг -- дугаар гудамж, ** тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Ц-ийн Бо- РД:/ИЭ********/
Шүүгдэгч Ц.Бо- нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Бо- нь 2017 оны 12 дугаар сарын 09-13-ны хооронд Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн нутаг Жаргалантын ам гэх газрын шатсан ойгоос 2 метрийн урттайгаар тайрсан 52 ширхэг мод, 4 метрийн урттайгаар тайрсан 376 ширхэг мод бэлтгэж, Улиастай сум руу тээвэрлэсэн бөгөөд ийнхүү мод бэлтгэхдээ бэлтгэхээсээ өмнө зохих журмын дагуу зөвшөөрөл аваагүй, тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ аваагүй байна. Шүүгдэгчийн мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйл явц, бэлтгэсэн модны уртын хэмжээний талаар гэрчүүд тодорхой мэдүүлжээ. Тухайлбал гэрч Б.Но- мөрдөн байцаалтын шатанд “2017 оны 12-р сарын 9-ний өдөр Бо- ах намайг хамт Идэр яваад мод хийлцээд өгөөч гэсэн. Улиастайгаас Бо-, А- бид гурав Бо- ахын Зил-130 машинтай Идэр сум явсан. Бид нар Идэр сумын төвөөр дайраад шууд цаашаа Жаргалантын эх гэх газарт очиж хоносон. Бид нарыг ууланд очиход тэнд , , гэх 3 залуу мод хийж байсан. ...бид гурав тэнд 4 хоног мод бэлтгээд 12 сарын 13-ны шөнө хийсэн модоо ачаад Идэр сумын төв орж ирж гийнд хоноод маргааш өглөө нь Улиастай руу ирж яваад замд цагдаа таараад машинаа журамлуулсан. ...ойролцоогоор 300 гаруй 4 метрийн урттай шургааг, 2 метрийн урттай моднууд ч их байсан.” гэж мэдүүлсэн бөгөөд гэрч Ц.А- ч мөн дээрх мэдүүлэгтэй ижил мэдүүлэг өгчээ. Идэр сумын иргэд болох Ж.*******, Ө.*******, Ж.******* нар Ц.Бо-ыг хамт ирсэн хүмүүстэйгээ “зарим нь 4 метрийн урттай, зарим нь 2 метрийн урттай мод бэлтгэж ачиж явсан” гэж мэдүүлсэн байна. Мөн шүүгдэгчийн бэлтгэж, тээвэрлэж ирсэн мод нь 4.2-4.3 метрийн урттай мод 376 ширхэг, 2 метрийн урттай мод 52 ширхэг байсан нь үзлэгийн тэмдэглэл, хэмжилт хийсэн баримтаар тогтоогджээ. Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих ...зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заажээ. Мөн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги/байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор заажээ. Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-153 дугаартай тушаалаар баталсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 4.1, 4.2-д ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэх эрхийн бичиг олгох болон зохих журмын дагуу бэлтгэсэн мод, модон материалыг тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ олгох талаар зохицуулсан байна. Шүүгдэгч Ц.Бо- нь хууль, болон журмын дээрх заалтуудыг зөрчиж ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, түлээний болон хэрэглээний зориулалтаар мод бэлтгэн ачиж сумын төвд ирэн, ийнхүү ирснийхээ дараа эрхийг бичиг авсан, улмаар гарал үүслийн гэрчилгээгүйгээр Идэр сумаас Улиастай сум руу тээвэрлэсэн нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Түүнчлэн шүүгдэгч Ц.Бо- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний өмгөөлөгч ч шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй байна. Иймд Ц.Бо-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгчийн бэлтгэсэн түлээний мод нь 1.37 м3 хэмжээтэй шинэс, хэрэглээний мод нь 9.013 м3 хэмжээтэй шинэс бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 686283 төгрөгийн хохирол учирсан болох нь бүрэлдэхүүнтэйгээр дахин шинжилгээ хийсэн шинжээчдийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “...шинжээчийн дүгнэлт Цагдаагийн газрын хашаанд байгаа модонд хийсэн хэмжилтийг үндэслэсэн байна. Ц.Бо-ын бэлтгэсэн гэх мод өөрийнх нь хашаанд битүүмжлэгдсэн байгаа. Цагдаагийн газрын хашаанд байгаа хэний модонд хэмжилт хийгээд дүгнэлт гаргаад байгаа нь ойлгомжгүй байна.” гэжээ. Дахин шинжилгээний 01 дугаартай дүгнэлтэнд “Завхан аймгийн БОАЖГ-ын ойн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Б, байгаль хамгаалагч Ч.Б нарын Завхан аймгийн Цагдаагийн газрын хашаанд байгаа модонд хийсэн хэмжилтийг үндэслэн модны хэмжээг тогтооход...” гэж дурдсан бөгөөд Д.Б, Ч.Б нарыг хэмжилт хийх үе буюу 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүгдэгчийн бэлтгэсэн мод түүний авто машины тэвш болон чиргүүлд ачаатай чигээрээ Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байсан болох нь тээврийн хэрэгсэл болон модонд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн мод бэлтгэсэн ой нь ойн сангийн ямар мужлалд багтаж байгааг болон түүний хууль зөрчсөн үйлдлийн улмаас ойн санд учирсан экологи эдийн засгийн хохирлын хэмжээг тогтоосон байдал нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд хэмжилтийг хийсэн байрлал нь ач холбогдолтой биш байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцуулахгүй байх талаар гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ. Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ олгохоор, “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 4.3, 4.6-д гарал үүслийн гэрчилгээг эрхийн бичгийг үндэслэн, тээврийн хэрэгсэл тус бүрээр олгож, тээвэрлэх зайнаас хамаарч гэрчилгээний хүчинтэй байх хугацааг тогтоохоор тус тус заасан. Гэтэл шүүгдэгч бэлтгэсэн түлээний мод болон шургаагаа тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээг хууль, журамд заасны дагуу аваагүй учир өмгөөлөгчийн дүгнэлтийн “...Ц.Бо- хэдийгээр модоо бэлтгэснийхээ дараа авсан ч гэсэн зөвшөөрлийн бичигтэй, зөвшөөрлийн бичигт 12 дугаар сарын 14-ний өдөр тээвэрлэхээр заасан байгаа, энэ хугацаанд тээвэрлэсэн учир түүнийг зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэж үзэх үндэсгүй” гэсэн хэсгийг хүлээн авах боломжгүй. Шүүгдэгч Ц.Бо- өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас ойн санд учруулсан 686283 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Идэр сумын байгаль орчны хяналтын байцаагч Ж.*******тай төлөх хугацааны талаар гэрээ байгуулсан байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчид оногдуулсан ял дээр албадлагын арга хэмжээг нэмж хэрэглэж болох бөгөөд мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бо-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 4 метрийн урттайгаар хөрөөдсөн 376 ширхэг буюу 9.013 м3 хэмжээтэй шинэс мод/шургааг/, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэл болох хөрөө/түлшээр ажилладаг цахилгаан хөрөө гэх/-г хурааж, түүний гэр бүлийн амьжиргааны гол хэрэгсэл болох тээврийн хэрэгслийг хураахгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.9, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.******* овогт Ц-ын Бо-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бо-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000/зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бо-ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 600000/зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойших 4/дөрвөн/ сард сар тутам тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Шүүгдэгч Ц.Бо- торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч Ц.Бо-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Ц.Бо-ын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 4 метрийн урттайгаар хөрөөдсөн 9.013 м3 хэмжээтэй шинэс мод/шургааг/, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл болох хятад улсад үйлдвэрлэгдсэн хөрөө/цахилгаан гэх/-г тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
7.Ц.Бо- тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Бо-аас 686283 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын Тамгын газарт/тус газрын төрийн сангийн 100090700952 тоот дансанд/ олгосугай.
9.Шүүгдэгч Ц.Бо-ын эд хөрөнгө болох 3500000 төгрөгийн үнэлгээтэй 35-90 ЗАА улсын дугаартай ЗИЛ-1304314100 маркийн авто машин, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 4 метрийн урттайгаар хөрөөдсөн 376 ширхэг шинэс мод/шургааг/-ыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 5/27 дугаартай тогтоол, 5.0 сая төгрөгийн үнэлгээтэй, Улиастай сумын Товцог багийн Рашаантын 6-18 тоотод байршилтай, улсын бүртгэлийн ҮО918000806 дугаартай, 8х8 метрийн хэмжээтэй байшин/өвлийн сууц/-ыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5/28 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоолын 2, 3, 9 дүгээр заалтуудыг биелэгдтэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
11.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ